| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2021/00012/Э |
| Дугаар | 154/2021/00013 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 154/2021/00013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч Б.Х , Т.Г , Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б ы Х , П овогт Т гийн Г , Ш овогт Д гийн А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2137000000014 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Алтай суманд 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай сумын Б** багт оршин суух, РД: , Б овогт Б ы Х
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Алтай суманд 19** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *, эх, дүүгийн хамт Ховд аймгийн Алтай сумын Б*** багт оршин суух, РД: , П овогт Т гийн Г
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Алтай суманд 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай сумын Барлаг багт оршин суух, РД: , Ш овогт Д гийн А
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б овогтой Х нь Т.Г , Д.А нартай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг Яст гэх газраас Eureka Gold маркийн металл эрэгч багаж ашиглан хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмал эрж хайсан,
Шүүгдэгч Тогохдаваа овогтой Г нь Д.А , Б.Х нартай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг Яст гэх газраас Eureka Gold маркийн металл эрэгч багаж ашиглан хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмал эрж хайсан,
Шүүгдэгч Д овогтой А нь Т.Г , Б.Х нартай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг Яст гэх газраас Eureka Gold маркийн металл эрэгч багаж ашиглан хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмал эрж хайсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн одоо мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Алтай сумын “Яст” гэдэг газарт алт олохоор очсон. Газрын хөрсийг хуулсан байсан. Бид нар газрын хөрсийг нь хуулсан газар дээр металл эрэгч багаж тавьж ажиллуулсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Т.Ган-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:”... 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр найз Бооёо, Хүлмээ нартай Ховд аймгийн Алтай сумын “ Яст” гэдэг газарт очсон. Хүлмээ бид хоёр металл эрэгч багажийг тэнд тавихад төмөр дуугараад алт олдоогүй...” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Д.А ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:”... “Яст гэх газар алт гарч байгааг дуулаад бүгдээрээ сонирхоод ирий гээд явсан. Тухайн газраас бид алт олоогүй. ... Eureka gold багаж миний өөрийн багаж юм. Би 10 жилийн өмнө хүнээс 300000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг
Хохирогч С.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б.Х , Д.А , Т.Г нар нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг “Яст” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэж сонссон. Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол байхгүй тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бат-эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Мандахбаяр, Мандалбаяр гэдэг хоёр залуутай Ховд аймгийн Алтай сумын Аптангадас багийн нутаг “Яст“ гэдэг газар алт олохоор очсон юм. Тэнд очоод экскаватороо буулгаад шигшүүр төмрөө байрлуулаад ажилласан. Тэнд байж байтал Алтай сумын Мардаа, Хүлмээ, Бооёоо гурав пикап маркийн саарал өнгийн машинтай ирээд алт хайсан. Бооёоо, Хүлмээ, Мардаа нар металл эрэгч багаж тавьж ажиллуулж байсан. Хүрзээр шороо хуулаад металл эрэгч багажаа гурвуулаа ээлжилж тавиад ажиллаж байсан. Бооёоо, Хүлмээ, Мардаа нар “Яст” гэх газраас алт олоогүй төмөр мэдрээд байна гээд буцацгаасан юм...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Мандахбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ах Мандалбаяр, нутгийн ах Бат-Эрдэнэ нартай 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг “Яст“ гэдэг газар экскаватортой шигшүүр төмөртэй, алт хайхаар очсон. Тэнд бид гурав алт хайгаад ажлаа хийж байтал Мардаа, Хүлмээ, Бооёоо гурав пикап маркийн саарал өнгийн машинтай ирээд бидний хажууд металл эрэгч багаж тавиад алт хайсан. Бооёоо, Хүлмээ, Мардаа нар алт олсон эсэхийг мэдэхгүй байна. Гурвуулаа эд нартаа хамт хажууд нь хүрзээр шороо яраад металл эрэгч багажаа тавиад алт хайж байсан. Алтай сумын Алтангадас багийн нутаг “Яст” гэдэг газар уртаашаа 40 орчим метр, өргөөшөө 10 орчим метр шороо хуулагдсан байгаа. Тэр газарт эд нар металл эрэгч багажаар алт хайсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... Би 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Алтай сумын төвөөс Алтангадас багийн нутаг “Яст “ гэх газар алт хайхаар очсон. Манай сумын Мандалбаяр, Мандахбаяр, Бат-Эрдэнэ нар экскаватортой шигшүүр төмрөн дээр шороо шигшээд алт хайж байсан. Тусдаа Бооёоо, Мардаа, Хүлмээ нар металл эрэгч багаж тавиад ажиллуулж байсан. Мардаа, Бооёоо, Хүлмээ нар ганц багажаар ээлжилж ажилласан. Бид нарын металл эрэгч багаж ажиллуулсан газрын хөрс хуулсан газар дээр металл эрэгч багажаа тавьж ажиллуулж байсан...” гэх мэдүүлэг
Гэрч Б.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... Би 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Алтай сумын Аптангадас багийн нутаг “Яст” гэдэг газар алт олохоор очсон. Биднийг очиход А /Бооёоо/, Х /Хүлмээ/, Г /Мардаа/ нар бас металл эрэгч багаж ажиллуулаад алт хайгаад байж байсан.Бооёоо, Хүлмээ, Мардаа нар металл эрэгч багажаар бүгдээрээ ээлжлээд экскаватороор хуссан шороон дээр алт хайгаад байж байгаад алт олдохгүй байна гээд бидний өмнө буцсан...” гэх мэдүүлэг
Эд хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтэд: “Eureka брэндийн gold металл хайгч багаж 1000000 /нэг сая/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт,
Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1/017 тоот шинжээчийн дүгнэлтэд:
2. Тухайн газар нь Ойн тухай, Усны тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан хамгаалалтын бүстэй давхцахгүй байна.
3. Тухайн газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалгүй байна.
4. Тухайн газарт үйл ажиллагаа явуулсаны улмаас газрын хөрс эвдэгдээгүй, газрын хэвлий ухагдаагүй, овоолго шороо үүсгээгүй байна.
5. Үйл ажиллагаа явуулсны улмаас булгарсан, сүйдсэн мод, ургамал байхгүй байна.
6. Тухайн газраас байгаль орчинд учруулсан экологи- эдийн засгийн хохирлын үнэлгээ байхгүй байна” гэх дүгнэлт,
- гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,
-гэрэл зургийн үзүүлэлтүүд
- эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл
- эд зүйлийн үнэлгээ
-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Х , Т.Г , Д.А нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг “Яст” гэх газраас Eureka Gold маркийн металл эрэгч багаж ашиглан хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмал эрж хайсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Долгормаа, гэрч Б.Бат-эрдэнэ, С.Мандахбаяр, Б.Н , Б.Е нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Х , Т.Г , Д.А нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг “Яст” гэх газарт Eureka Gold маркийн металл эрэгч багаж ашиглан хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилжээ. Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг шүүгдэгч Б.Х , Т.Г , Д.А нар нь санаатайгаар нэгдэж үйлдсэн тул бүлэглэж үйлдсэн гэж үзсэн болно.
Шүүгдэгч нарын дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан төрийн өмчид халдаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн, Эрүүгийн хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Х , Т.Г , Д.А нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан нь тогтоогдсон, энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч нарт дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Долгормаа нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол байхгүй тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэх мэдүүлгээр энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.Х , Т.Г , Д.А нарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Хэдийгээр шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохирсон, багаж хэрэгсэл бэлдсэн зэрэг нөхцөл байдлуудаас харахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, харин уг гэмт хэргийг бүлэглэж үйлдснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон албадлагын арга хэмжээ авахдаа харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Х , Т.Г , Д.А нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1000000 /нэг сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “Fureka Gold” металл эрэгч багжийг хурааж улсын орлого болгож, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Х , Т.Г , Д.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Б ы Х , П овогт Т гийн Г , Ш овогт Д гийн А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Х , Т.Г , Д.А нарыг тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Х , Т.Г , Д.А нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Х , Т.Г , Д.А нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
5. Шүүгдэгч Б.Х , Т.Г , Д.А нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х , Т.Г , Д.А нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1000000 /нэг сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “Fureka Gold” металл эрэгч багжийг хурааж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Х , Т.Г , Д.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ