Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/206

 

 

                             

 

                                                М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ө.Цэрэнпагма,                     

              Улсын яллагч Г.Чанцалдулам,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

             Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Нын Бд холбогдох эрүүгийн 2138000000225 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             

              Шүүгдэгч Н.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б өгсөн: мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

              Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтаар яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгч Н.Бийг 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг  дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч  Г.Ог зодож улмаар талын 7 ширхэг хавирганд хугарал, цээжний хөндийд шингэн хуралт, баруун ухархайн хананд хугарал, баруун зовхи, зүүн чихний  дэлбээнд шарх, дээд уруул, зүүн чихэнд зулгаралт цээж хэвлийн  зөөлөн эдэд  цус хуралт бүхий  хүнд хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Н.Бийг  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  6.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Н.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т хамаарч байгаа бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар оногдуулсан ялыг өршөөн хасах ялын санал, дүгнэлтийг гаргажээ.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судалж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд нөхөн төлж, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлж, улсын яллагчийн санал болгосон 1 жил 1 сарын  хугацаагаар хорих ялыг хүлээн зөвшөөрч, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялаас 1 жил 1 сарыг хасч  тооцуулах саналыг гаргасан байна.

              Эрүүгийн 2138000000225 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг  дэвсгэрт машины түлхүүр өгсөнгүй гэх шалтгааны улмаас Г.Он бие эрх чөлөөнд халдан нүүр, нуруу, цээж рүү  нь цохисны улмаас зүүн талын 7 ширхэг хавирганд хугарал, цээжний хөндийд шингэн хуралт, баруун ухархайн хананд хугарал, баруун зовхи, зүүн чихний дэлбээнд шарх, дээд уруул, зүүн чихэнд зулгаралт, цээж хэвлийн зөөлөн эдэд цус хуралттай бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

              Хохирогч Г.Он өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр би Рашаант сумын салхитын дэнж постод гарсан. Тэгээд орой нь найз Мийн гэрт очиж Б, Мтой уулзсан. Тэгээд бид гурав 1 шил архи хувааж ууж дуусгаад морь барианы тийшээ дэнж гарах болсон. Тэгээд дахин 1 шил архи гаргаж ирээд түүнийгээ уух болсон. Архи дуусаад М бид хоёр төв орж 1 шил архи авахаар явсан. Төв орж ирээд М дэлгүүрийн хаалга нүдэж байх хооронд би машин дотроо хүлээгээд байж байсан. Намайг машин дотор байж байсан чинь Б хүрч ирээд намайг юу хийж байгаа юм бэ гэхээр нь би архи авах гэж байна. М дэлгүүрийн үүд нүдэж байна гэсэн чинь миний түлхүүрийг булаах гэхээр нь би цааш нь түлхсэн чинь намайг машинаас буулгаад нүүр рүү цохиод авахаар нь би доошоо тонгойсон чинь намайг өмсөж явсан бакалаар нүүр, нуруу, цээж хэсэг рүү өшиглөх болсон. Тэгээд Б намайг зодож байх хооронд М ирж салгасан. Тэгээд М манай эхнэр Ат утсаар хэлж дуудсан. Удалгүй манай эхнэр А ирж намайг эмнэлэг хүргэх болсон...” гэх мэдүүлэг /хх 15-17 тал/,

              Гэрч Б.Аийн өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр надад М.орой танай нөхрийг Б зодчихлоо гэж утсаар хэлсэн. Тэгэхээр нь би юу болсон юм бэ? Яасан юм хаана байгаа юм гэж асуусан чинь М төв гудамжинд байна гэхээр нь би яваад очсон чинь манай нөхөр Ог зодоод хаясан байсан. Тэгээд би шууд эмнэлэг авч яваад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Түүнээс өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх 20-22 тал/

              Гэрч С.Мийн өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 21-ны орой 21 цаг болж байхад намайг гэртээ Б манай гэрт ирээд 1 шил архи хуваагаад уугаад сууж байтал О ирсэн. Тэгээд бид гурав нийлж нөгөө архи дуусгаад морь барианы газар очиж дахин 2 шил архи хувааж уусан. Тэгээд архи уугаад Б мотоцикль дээр нь үлдээгээд О бид хоёр сумын төв рүү орж ирээд би Тулгаагийн дэлгүүрийн гадаа буусан. Орой болсон байсан учир дэлгүүр ажиллахгүй байсан. Тэгээд буцаад ирсэн чинь Ог Б газар унагаагаад өшиглөж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод салгаж машин руу нь Ог хийгээд явах гэсэн чинь машин асахгүй байсан. Тэгэхээр нь би О зодуулсан талаар ар гэрийнхэнд нь хэлсэн. Удалгүй Он ар гэр ирсэн байсан. Эмнэлэг дээр ирэхэд чих нь урагдаж салсан байдалтай, нүүрнээс нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх 24-26 тал/

              Шүүгдэгч Н.Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой нэг бүрчлэн уншиж танилцууллаа. Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 06 сарын 20-нд би Рашаант сумын 2-р баг Хадад гэх газарт морь уяж байгаад морины шингэн авах гээд Рашаант сумын төв рүү оройны 18 цагийн үед орсон. Тэгээд морины шингэнээ аваад өөрийн найз болох Мийн гэрт нь очсон. Би Мийн гэрт нь очоод Мтой нэг шил архи хувааж уугаад сууж байсан чинь гаднаас О ороод ирсэн. Тэгээд О ирээд нэг шил архи авахаар М, О бид гурав морь барианы тийшээ явж архи уусан. Тэгээд тухайн үед архиа уугаад байж байгаад намайг тасрахаас өмнө О нь намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би маргалдаж байснаа санаж байна. Би тухайн үедээ харья гэж бодоод мотоцикл дээрээ сууж байснаа санаж байна тэгээд юу болсон гэдгийг би санахгүй байна. Харин сүүлд мэдэхдээ би Ог Рашаантын сумын эмнэлэгт хүргэж өгсөн гэдгээ мэдсэн. Тэгээд тэр өдрийн орой нь Ог зодсон гэдгээ хүмүүсээс мэдсэн. Би Отай 30 гаруй жил найзалж нөхөрлөсөн. Би Ог морь малгүй байхад нь мал өгч байсан Отай ойр дотно харилцаа холбоотой. Архи хэтрүүлэн хэрэглэж тасарч унаад найзыгаа гэмтээсэнд гэмшиж байна. Найзынхаа хохирлыг барагдуулж эмнэлэгт хэвтүүлж найзаасаа уучлалт гуйсан. Би уг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаг хүн биш...” гэх мэдүүлэг /хх 43-44 тал/,

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 282 дугаартай “Г.Он биед зүүн талын 7 ширхэг хавирганд хугарал, цээжний хөндийд шингэн хуралт, баруун ухархайн хананд хугарал, баруун зовхи, зүүн чихний дэлбээнд шарх, дээд уруул, зүүн чихэнд зулгаралт, цээж хэвлийн зөөлөн эдэд цус хуралттай бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Г.Он биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10,3.1.12-д тус тус зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх  дүгнэлт /хх 35-36 тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Бийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон бөгөөд хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх ба энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Бийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

              Шүүгдэгч Н.Бийн үйлдэл нь бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд түүнийг цохих явцад бие, эрхтэнийг гэмтээж хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд “санаатай” Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

              Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Бийг  нь 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг  дэвсгэрт машины түлхүүр өгсөнгүй гэх шалтгааны улмаас Г.Он бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

              Шүүгдэгч Н.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Г.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Н.Б, Г.О нар нь “2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөгийг Н.Б төлсөн нь үнэн” гэх хохирогч Г.Он хүсэлт, эвлэрлийн гэрээ зэргийг хэрэгт хавсаргаж /хх-ийн 52, 68-р тал/,  гэм хорын хохирлыг арилгасан байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

              Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Н.Бийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Н.Бийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

              Хавтаст хэргийн 49 дугаар талуудад авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Н.Б нь ам бүл 2, хүүгийн хамт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, мал маллан амьдардаг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

              Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 106 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

              Шүүгдэгч Н.Б үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  6.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

                   Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн) хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялаас 1 жил 1 сарын хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй байна.

              Энэ хэрэгт шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч н гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч М овогт Нын Бийг "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3- заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нын Б 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.Бийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялаас 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг өршөөн хассугай.

              5. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч н гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

              6. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН