| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0186/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/207 |
| Огноо | 2021-08-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Эт холбогдох эрүүгийн 2138000000219 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эын өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Бидэн” төв дэлгүүрээс Самсунг А-51 маркийн гар утас хулгайлсан. Үүнийг буцаан өгч хохиролгүй болгосон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Э.Э нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бидэн” төв дотроос иргэн Ч.Гын өмчлөлийн самсунг А-51 загварын гар утас, Хаан банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 665000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “..оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх..” үүрэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох..” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирол төлсөн, улсын яллагчийн санал болгосон ялын саналыг зөвшөөрч тохиролцсон гэжээ.
Эрүүгийн 2138000000219 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Э.Э нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бидэн” төв дотроос хохирогч Ч.Гын өмчлөлийн Самсунг А-51 маркийн гар утас, Хаан банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, 665.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Ч.Гын өгсөн: “...Би өнөөөдөр 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах “Бидэн” төвийн зоогийн газар хөгжмийн дадлага ганцаараа хийгээд сууж байтал нэг танихгүй залуу орж ирээд оёдлын машины том утас бариад хямд аваач гэсэн. Би тэр залууд ахад нь мөнгө байхгүй гэсэн чинь миний гар утас байсан ширээний хажуу талд 1-2 минут орчим сууж байгаад гарсан. Би зоогийн газрын хажуу талд байрлах өөрийн дэлгүүртээ орж охин Г.Бн хажуу талд очоод гэр рүүгээ явах уу гэж хэлэхдээ гар утсаа үгүйлсэн. Тэгээд хамгийн сүүлд тавьсан ширээн дээр буцаж зоогийн газарт орж харсан чинь миний утас байхгүй болсон байсан. Охин маань залгаж үзсэн чинь нэг эрэгтэй хүн юм ярих шиг болоод цаад талд нь эмэгтэй хүний дуу гараад хариу өгөөгүй гар утсыг маань унтраасан. Дахин залгахад холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд зоогийн газрынхаа хяналтын камер шүүж үзсэн чинь намайг хөгжим дарж байхад орж ирсэн 30-35 орчим настай залуугийн дүрс зоогийн газарт орж ирээд гарсан дүрс бичигдсэн байсан. Манай дэлгүүр, зоогийн газрын хяналтын камер нэг дор бичигдсэн байдаг. Тэгээд нөгөө хүний хайж яваад олоогүй...” гэх мэдүүлэг /хх 16-17 тал/,
Гэрч Г.Бн өгсөн: “2021 оны 06 дугаар сарын 23-ны 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн урд талын Бидэн төвөөс Г нь утсаа алга болгочихлоо олохгүй байна гэсэн. Тэгэхээр нь би өөрийн 99060058 дугаарын утаснаас аав Гын эзэмшдэг 99382244 гэсэн дугаар руу хэд хэдэн удаа залгасан боловч дуудаад авахгүй байснаа нэг удаа тухайн дугаарын утсыг эрэгтэй хүн авсан. Мөн цаана нь эмэгтэй дуугарч байсан. Тэгэхээр нь би тухайн хүнээс байна уу? гэж асуухад ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр гар утсаа тасалсан. Тэгэхэд манай Г намайг хоолны газартаа байж байхад архи уусан ямар ч зүс танихгүй хүн орж ирээд юм оёдог утас үзүүлээд та энийг 2000 төгрөгөөр худалдаад аваач гэхэд нь манай аав Г үгүй гэж хэлээд гаргасан байсан. Тухайн үед нь гар утас нь ширээн дээр байж байсан. Тэр хүнээс гарцаагүй гэсэн. Тэгэхээр нь би дэлгүүрийн камерыг шүүхэд хоёр эрэгтэй хүн гарч явсан ба эхний хүн нь шар логотой саарал өнгийн малгайтай, урдаа цагаан өнгийн бичиглэлтэй хар подволктой, хар хөх өнгийн өмдтэй, цэнхэр өнгийн маскаар нүүрээ хаасан дунд зэргийн настай эрэгтэй хүн байсан нөгөө хүн нь хар бараан өнгийн куртиктэй, хар цамцтай, хар өнгийн өмдтэй, цэнхэр өнгийн маск эрүүгээрээ зүүсэн халимаган үстэй, баруун гартаа хөх өнгийн тортой эд зүйл барьсан дунд зэргийн настай эрэгтэй хүн байсан. Тухайн 2 эрэгтэй хүмүүсийг манай аав Г хараад эхний хүнийг хараад манай хоолны газар орж ирсэн хүн мөн байна гэсэн. Тэгээд бид нар цагдаад хандсан...”гэх мэдүүлэг /хх 22-23 тал/,
Гэрч Б.Бгийн өгсөн: “... 2021 оны 6 дугаар сарын 23-ны 15-16 цагийн үед Э ахтай таарсан тэгэхэд Э ахтай танихгүй залуу архи авч өгөхөөр нь захын ойролцоо уусан. Э ах намайг манай гэрт очьё гээд дөрвөн зам руу уруудаж явж байсанаа Нэгдсэн эмнэлэгийн тэр хавьд шиг санагдаж байна нэг гуанз байсан чинь Э ах тэр гуайнз руу ороод ирье чи наанаа байж бай гэхээр нь би Э ахын орсон гуанзны гадаа хүлээж байсан чинь нэг их удалгүй Э ах гарч ирээд манайд очьё гээд уруудаж явсанаа Э ах өмднийхөө зүүн талын кармаанаасаа хар өнгийн утас хальт гаргаж ирээд зарна гэсэн. Тэгээд Э ах бид хоёр такси бариад 7 дугаар хороонд эгчийндээ ороод гараад ирье чи байж байгаарай гэхээр нь би таксиндаа хүлээгээд байж байсан чинь удалгүй Э ах гарч ирээд манайх руу явна замаараа дэлгүүр орно гээд гэрийнхээ наад талын үзүүрийн дэлгүүр дээр зогсоод нэг шил архи, нэг хайрцаг тамхи 2 авч гарч ирээд бид хоёр гэр лүү нь явсан. Тэгээд гэрт нь очоод Э ах ын авсан архийг хувааж ууж байхдаа чамайг гадаа нь үлдээгээд орсон гуанзнаас чинь нэг утас шаачлаа гэж байсан. Тэгээд би Э ахтай авсан архийг хувааж ууж дуусгаад гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх 29-30 тал/,
Гэрч Б.Бгийн өгсөн: “...Би 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн орой цагийн нь санахгүй байна. Гэртээ байж байтал гаднаас Э ганцаараа орж ирээд та гар утас авах уу, надад бүүр мөнгө хэрэг болоод өөрийн гар утсаа зарах гээд явж байна гэсэн. Би юун гар утас бэ гэсэн чинь миний гар утас юмаа. 100,000 төгрөгөөр аваач гэсэн. Тэр үед манай дүүгийн хүүхэд Н Хатгал тосгонд ажил хийж байгаад ирсэн байсан болохоор гар утсыг нь сонирхоод 100,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр үед Э манай гэрт ганцаараа ирсэн. Архи бага зэрэг үнэртүүлсэн байсан. Ингээд удалгүй цагдаагаас залгаад наад утас чинь хулгайн гар утас юм шүү гэхээр нь би Нгаас аваад цагдаа дээр утсыг нь аваачиж өгсөн. Би тэр Э гэдэг хүнийг хулгай хийдэг гэж мэдсэн бол юу гэж дүүдээ хулгайн гар утас авч өгөх билээ. Эын өөрийн гар утас юм байх гэж бодсон. Би гар утас сайн мэдэхгүй болохоор тэр утсыг нь анзаарч хараагүй” гэх мэдүүлэг /хх 33-34 тал/,
Гэрч Б.Нгийн өгсөн: “ 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Мөрөн сумын төвд нагац эгч Бгийн гэрт байж байтал нэг таних ах орж ирээд энэ гар утсыг 100,000 төгрөгөөр аваач, надад мөнгө хэрэг болоод байна гэсэн. Тэгсэн чинь Б эгч хэний утас юм гэхэд миний өөрийн гар утас юмаа гээд байхаар нь би 100,000 төгрөгөөр худалдаж авсан. Самсунг маркийн гар утас байсан. Тэгж байтал орой нь нэг цагдаа залгаад тэр гар утсыг хулгайн гар утас гэж мэдсэн. Ингээд би Б эгчид гэр утсаа цагдаа өг гээд өгсөн. Тэгсэн чинь тэр гар утас зарсан хүн хулгайлсан юм шиг байна лээ. Б эгч бид 2-т хэлэхдээ хулгайлаагүй. Өөрийн гар утас гэж хэлсэн. Хулгайн гар утас байсан бол цагдаад хэлэх байсан. Би тэр Э гэдэг хүнээс 100,000 төгрөгөө авсан...” гэх мэдүүлэг /хх 36-37 тал/,
Шүүгдэгч Э. Эын гэрчээр өгсөн: “... 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зах дээр Б.Бтэй хамт 2 шил 0,5 граммын монгол стандарт гэдэг архи уусан орой 20 цагийн орчимд байх цагийг нь сайн санахгүй байна. Би Бгийн хамт өөрийн гэр болох 7 дугаар баг Геологийн хашаанд байдаг гэр лүүгээ явж байхдаа Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийн замын эсрэг талд байдаг нэрийг нь сайн мэдэхгүй дэлгүүр болон хоолны газар ажиллуулдаг газар луу орсон дэлгүүр болон хоолны газрын аль руу нь орсоноо сайн санахгүй байна би тухайн үед маш их согтсон байсан. Би тухайн газар луу ороход бараан өнгийн хувцастай хүн хөгжим тоглосон сууж байсан, би яах гэж тэр газар луу орсоноо сайн мэдэхгүй байна. Тэгээд нөгөө хүнээс цаг асуусан санагдаж байна тэгэхэд тэр хүний сууж байсан ширээн дээр том хар өнгийн гар утас байхаар нь би тэр утсыг авсан намайг тухайн утсыг авч байхад тэнд байсан хүн хөгжим тоглоод намайг анзаараагүй. Би тухайн гар утасыг авч дээрх газраас гарахад Б гадаа намайг хүлээж байсан. Тэгэхээр нь би Бг манай эгчийнд очьё гээд дагуулаад 7 дугаар хороо руу явсан. Тэгээд Б гэдэг эгчийнд очсон чинь дүү нь гээд 20 орчим насны залуу байсан, би тэр залуугийн нэрийг сайн мэдэхгүй харах юм бол танина. Би тэр залууд хулгайлсан гар утсаа бэлэн 100,000 төгрөгөөр зараад Бг дагуулаад гэр лүүгээ явах замдаа Зөөлөн гэх хүнсний дэлгүүр орж нэг шил 0,75 граммын архи 8,500 төгрөгөөр худалдаж аваад 50,000 төгрөгний барьцаанд гар утсаа өгсөн байсан тэрний мөнгийг төлж гар утсаа аваад Бд 20,000 төгрөг өгөөд гэртээ харьсан. Гэрт ирэхэд манай эхнэр Ганцэцэг айлд очоод ирсэн гээд согтуу байсан. Б бид хоёр дэлгүүрээс авсан архи хувааж уугаад унтсан...” гэх мэдүүлэг /хх 25-27 тал/,
Шүүгдэгч Э. Эын яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үдээс хойш Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах “Бидэн” үйлчилгээний газрын зоогийн газарт орсон чинь нэг ах гар утсаа ширээн тавьсан өөрөө хөгжим тоглоод сууж байсан. Тэр хөгжим тоглож байсан хүнээс би оёдлын машины утас авах уу гэж асуусан чинь үгүй гэхээр нь ширээн дээр байсан хар өнгийн гар утас байхаар нь хулгайлж аваад гарсан. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байдаг танил Б гэдэг эгчийн гэрт орой очоод гэрт нь байсан танихгүй залууд 100.000 төгрөгөөр нөгөө хулгайлсан гар утсаа зарсан. Би тухайн үед тэр хулгайлсан гар утсаа өөрийн гар утас гэж хэлсэн. Тэгэхгүй бол худалдаж авах шинжгүй байсан. Гар утас зарсан мөнгөөрөө өөрийн гар утсаа барьцаанд тавьсан байснаа авсан. Би тухайн өдөр гар утас хулгай хийхдээ ганцаараа зоогийн газарт ганцаараа орсон. Бтэй хамт явж байгаад зоогийн газар, айлд орж гар утас хулгайлахдаа болон зарахдаа Бг гадаа нь үлдээж хамт ороогүй. Намайг гар утас хулгайлсан талаар Б мэдээгүй. Гар утасны хавтсан дотор 1 ширхэг банкны карт байсан. Би уул нь эхлээд зоогийн газар орохдоо гар утас, эд зүйл хулгай хийх гэж ороогүй. Би хохирлыг бүрэн барагдуулсан. Гар утас, картаа эзэн нь хүлээж авсан. Гар утас зарсан хүндээ 100.000 төгрөгийг нь буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 52-53 тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9 тал/,
Ихэр мөрөн-Аудит ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчний 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №2145617200272 дугаартай хөрөнгийн үнэлгээний“иргэн Ч.Гын самсунг А-51 гар утас, Хаан банкны энгийн виза картны үнэлгээг 665000 төгрөг” гэх дүгнэлт /хх 38-39/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн байх бөгөөд хохирогч Ч.Г гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлснээр шүүгдэгч Э.Эын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Э.Эын үйлдэл идэвхтэй, хөөрөгний шүрэн толгой нь бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууц далд аргаар өөрийн эзэмшлэлд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Эын гэм буруутай үйлдлийн улмаас Ч.Гт 665000 төгрөгний хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон “Ихэр мөрөн-Аудит” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчний 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №2145617200380 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.Э нь хохирогч Ч.Гт биет байдлаар самсунг А-51 загварын гар утас, Хаан банкны энгийн виза зэргийг өгсөн, Э.Э, Ч.Г нар нь хохиролыг бүрэн төлж барагдуулсан тухай эвлэрсэн эвлэрлийн гэрээ байгуулан хэрэгт хавсаргаж /хх 72 тал/ ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Э нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Эын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Эын үйлдсэн гэмт хэрэг нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байгаа хэдий ч мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт заасан “... 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэсэн заалтад хамаарч байна.
Учир нь шүүгдэгч Э.Э нь урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 187 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялд багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлсэн ялтан Урианхай овогт Эын Эын эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 25 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 57-67 тал/ зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлыг арилгасан нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “..оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх..” үүрэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох..” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Эын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж, шүүгдэгч Э.Эт хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Эт оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэгсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.Эт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Э.Э энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН