| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0187/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/208 |
| Огноо | 2021-08-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бгийн Бд холбогдох эрүүгийн 2138000000247 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Бгийн Б, 2002 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2 ээжийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-32-2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: РЮ02280734/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Б.Б нь 2021 оны 07 дугаар сарын 12-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Х.Бгийн нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зүүн шанаанд шарх, сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирол төлсөн, улсын яллагчийн санал болгосон 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг зөвшөөрч тохиролцсон гэжээ.
Эрүүгийн 2138000000247 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2021 оны 07 дугаар сарын 12-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Х.Бтай үл ойлголцлын улмаас нүүр хэсэгт гараа атган цохиж эрүүл мэндэд нь зүүн шанаанд шарх, сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Х.Бгийн өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 12-ны орой найз залуу болох Быг ажлаасаа тараад гэртээ ирэхийг нь хүлээгээд 22 цаг хүртэл Бын гэрт нь ганцаараа байж байсан. Би Бын гар утас руу залгахад холбогдох боломжгүй, Быг хаана байгаа талаар ажлынх нь газрын Б эгчээс асуутал “Мөрөн сумын 10 дугаар багт байрлах Дашваанжил газын тэнд байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа Дашваанжил газ руу таксидаад очтол Б нэг үл таних охинтой цуг зам дээр зогсож байсан. Миний уур хүрээд таксинаас буугаад тэр 2 дээр очоод Быг түлхсэн. Тэгтэл Б шууд гартаа барьж байсан зүйлээрээ миний зүүн нүдний ойролцоо цохьсон. Тэгээд миний зүүн шатаа хэсгээс цус гараад байсан. Намайг Б машиндаа суулгаад Мөрөн-Нисэх буудлын зогсоол дээр очиж тухайн шөнө бид 2 цуг хоносон. Тэр үл таних охин хаашаа явсныг би мэдээгүй. Б намайг цохих хооронд алга болчихсон байсан. Миний нүүр нүд Бд цохиулсны улмаас айхтар хавдсан байсан учраас гэрийнхнээсээ санаа зовоод тухай үйл явдлаас үйл явдлаас хойш Бын гэрт бид харилцан тохиролцоод хонож байгаад өчигдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Шинэ-Мөрөн зах дотор байж байтал миний ээж О надад санаа зовоод ирж авсан. Улмаар ээж миний нүүр нүдийг хараад Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргах болсон...” гэх мэдүүлэг /хх 14,16 тал/
Гэрч Ш.Огийн өгсөн: “...Манай гэр бүл 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Х.Бгийн найз залуу Бын хамт Хатгал тосгон руу өдөр яваад орой 23 цагийн үед ирсэн. Бын гэрт манай охин хамт хонохоор тэр хоёр 2021 оны 07 дугаар сарын 11-ний орой явсан. Түүнээс хойш 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл энэ 2 манайд ирээгүй. Охин Бтайгаа гар утсаар видеокалл-оор ярих гэхээр нүүр царайгаа охин маань надад харуулахгүй байсан. Тэгээд би өчигдөр Бын ажлын газар буюу Шинэ-Мөрөн зах доторх гар утасны лангуун дээр очтол охин маань нүд нь хөхөрчихсөн байдалтай ганцаараа сууж байсан. Охиноосоо юу болсон талаар асуухад “хаалга мөргөчихсөн” гэж хэлээд байсан. Охиноо гэртээ аваачаад ээждээ үнэнээ хэлчих гэсээр байгаад асуутал охин маань надад “2021 оны 07 дугаар сарын 12-ны орой 22 цаг өнгөрч байхад Быг гэртээ ирэхгүй, утсаа авахгүй болохоор нь ажлын хүнээс байгаа газрыг нь асууж мэдээд Дашваанжил газ дээр очтол нэг үл таних эмэгтэй хүнтэй байсан, би уурлаад Быг түлхтэл намайг цохьчихсон. Тэгээд миний нүүр ам ийм байдалтай болоод гэртээ ирж чадахгүй Бын гэрт 6 хоносон” гэж хэлсэн. Миний охины эрүүл мэндэд Б гэх залуу халдсан учир би Цагдаагийн байгууллагад шалгуулж, шийдүүлэхээр өргөдөл гаргасан...охин маань надад хэлэхдээ “Б.Б минй зүүн нүдний орчим, зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон, би хальт манарсан, Б.Бтай цуг байсан охин хаашаа явсныг нь анзаарч хараагүй, тэгээд Б.Балжиням суулгаад Мөрөн-Нисэх буудлын зогсоол дээр очиж хоносон, ..” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх 17-18 тал/
Гэрч О.Мгийн өгсөн: “...Би найз охин нь ирэхэд би машин дотор сууж байсан учир найз охин нь буруугаар ойлгочихвий гэж бодоод би найз охиныг нь ирэнгүүт шууд машинаас буугаад гэрлүүгээ явсан. Би Быг ирэнгүүт явчихсан учир түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Дараа нь ийм асуудал болсон учир би бодохдоо найз охин Х.Б нь намайг өмнө харж байгаагүй учир буруугаар ойлгож тухайн өдөр би л машинаас нь буусан болохоор надтай Быг хардаж маргалдсан юм биш биз дээ гэж бодсон....” гэх мэдүүлэг /хх 22 тал/
Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Мөрөнгөөс Улаанбаатар руу гарах хөдөлгөөний постноос М /манай найзын найз охин/ гэх эмэгтэйг аваад Мөрөн сумын 10-р хороонд байрлах Дашваанжил газын зам дээр М бид хоёр Улаанбаатар хотоос ирж байгаа хүмүүсийг хүлээгээд зогсож байтал Х.Б над дээр ирээд намайг шууд түлхсэн. Энэ хооронд М машинаас буугаад яваад өгсөн байсан. Би жаахан уур хүрсэндээ зөрүүлээд Х.Бг зүүн талын нүд рүү нь гараа атгаад цохьтол Х.Б зүүн шанаагаараа машины хаалга мөргөчихсөн. Тэр үед Х.Бгийн зүүн нүдний шанаа хэсэг шалбарсан байсан. Бид хоёр хэсэг маргалдаж байгаад миний машинд суугаад Мөрөн-Нисэх буудал руу явж хамт хоносон. Маргааш өглөө нь сэрээд харахад Х.Бгийн шанааны шалбарсан хэсгийн хавдар нүд рүүгээ нүүгээд хавдчихсан байсан. Би Х.Бд гэрт чинь хамт очих уу? Гэрийхэнд чинь ийм зүйл болсон талаар хэлэх үү? гэж асуутал Х.Б “хэрэггүй ээ нэг мөсөн зүгээр болгож байгаад очъё” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай гэрт 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цуг хонож байсан. 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Х.Б миний ажлын лангуун дээр ганцаараа сууж байтал ээж Оргилмаа нь ирээд аваад явсан байна лээ...” гэх мэдүүлэг /хх 20 тал/
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 300 дугаартай: “Х.Бгийн биед зүүн шанаанд шарх, сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Х.Бгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх 25 тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай /хх 9 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын яллагдагчаар өгсөн: “...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн хэлсэн. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч энэ гэмт үйлдэлдээ гэмшиж байна. Би найз охин Х.Бгийн толгой тархийг нь уламжлалтаар бариулж, эмчлүүлж байгаа. Бид хоёр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Мөн би найз охин Х.Бгийн ээж Огийн сэтгэл санааны хохирлыг барагдуулж эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх 31 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Бгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Бын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Бын үйлдэл идэвхтэй, хохирогч Х.Бгийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б нь 2021 оны 07 дугаар сарын 12-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Х.Бтай үл ойлголцлын улмаас нүүр хэсэгт гараа атган цохиж эрүүл мэндэд нь зүүн шанаанд шарх, сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Х.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хэдий ч шүүгдэгч Б.Б, хохирогч Х.Б нар нь “2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх эвлэрлийн гэрээ байгуулан хэрэгт хавсаргаж /хх 39 тал/, гэм хорын хохирлыг арилгасан байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”- г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 34, 36-37, дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний лавлагаа, байнга, оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Б нь ам бүл 2, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 32-02 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 107 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бгийн Быг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 1 /нэг/ сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглосугай
4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН