Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 365

 

 

 

 

 

 

2017 оны 06  сарын 20                                         № 365                                                  Хэнтий аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 156/2017/00300/

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

 Хариуцагч: Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг, Бэлийн 4-6 тоотод оршин суух, Өлзийхутагийн Мөнхзаяад холбогдох, (РД: СП-80010802)

 Нэхэмжлэгч: “Гол-Хошуу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

“зээлээр худалдах, худалдан авсан гэрээний эд зүйлсийн үнэ 370 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Гол-Хошуу” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ганчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... Ө.Мөнхзаяа нь 2013 онд Хурх тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа өнгөт хэвлэлийн “Гол-Хошуу” ХХК-иас тус бүр нь 15 000 төгрөгийн үнэтэй 14 ширхэг сурагчийн медаль, бүгд 210 000 төгрөг, тус бүр нь 7000 төгрөгийн үнэтэй дотуур байрны тасаг бүрт мэдээллийн самбар 16 ширхэг, бүгд 112 000 төгрөг, ном хөтөлбөрийн самбар 48 000 төгрөгөөр тус тус хийлгэсэн юм. Тухайн үед нь захирал нь аймаг явлаа. Самбаруудын мөнгийг Ганаа эгчид бэлнээр нь аваачаад өгчихье гэж хэлээд няраваасаа бэлэн мөнгө аваад авчирч өгөөгүй өнөөг хүрч байна.

       Уг асуудлыг 2014 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гарган шалгуулахад санхүүгийн улсын ахлах байцаагч Х.Гонгорын шалгалтаар дээрх асуудал нь нотлогдож Ө.Мөнхзаяа нь удалгүй Хурх тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас чөлөөлөгдөн хэсэг хугацаанд ор сураггүй байсан учраас холбоо барьж чадахгүй холбогдох газарт хандаж чадахгүй байсан болно. 2016 оны 11 дүгээр сард Ө.Мөнхзаяатай “Эрдэнэ” төвийн гадна таарч энэ тухай ярихад таны мөнгийг удахгүй өгнө, дүү нь Норовлин сумандаа ажиллаж байгаа гэсэн. Өмнөх өр зээлийн асуудал гайгүй болж байгаа гээд явсан боловч одоог хүртэл холбоогүй байна. Саяхан 2017 оны 4 дүгээр сарын 15-нд Норовлин сумын сургуулийн ойн уулзалт зохион байгуулахаар ирэх үед нь холбоо барьсан боловч тань руу эргээд залгъя гээд холбоо барилгүй буцсан. Компани харилцах дансандаа бэлэн бусаар төлбөрөө хийлгэх тухай нэхэмжлэх падаан өгсөөр байтал үйлчилгээний төлбөрийг байгууллагаасаа бэлнээр авч хувьдаа ашиглан хохироож байгаа байдлыг хянан үзэж Ө.Мөнхзаяагаас 370 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1-2 тал) 

Хариуцагч Ө.Мөнхзаяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би “Гол-хошуу” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ миний бие цалингийн зээл өндөртэй, сардаа гар дээрээ мөнгө авдаггүй бөгөөд “Гол-Хошуу” ХХК-иас нэхэмжилсэн 370 000 төгрөгийн 2017 оны 7 дугаар сарын 25, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрүүдэд 2 хувааж төлж барагдуулах болно. Энэ хэрэгт шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй. Өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 21 тал) 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэгч “Гол-Хошуу” ХХК нь хариуцагч  Ө.Мөнхзаяагаас “зээлээр худалдах, худалдан авсан гэрээний эд зүйлсийн үнэ 370 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ө.Мөнхзаяа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч “Гол-Хошуу” ХХК-ийн нэхэмжилсэн “зээлээр худалдах, худалдан авсан гэрээний эд зүйлсийн үнэ 370 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч  Ө.Мөнхзаяад холбогдох, “Гол-Хошуу” ХХК-ийн “зээлээр худалдах, худалдан авсан гэрээний эд зүйлсийн үнэ 370 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч  “Гол-Хошуу” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11 750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 5 875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5 875 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Ө.Мөнхзаяагаас 5 875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Гол-Хошуу” ХХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ө.Мөнхзаяа нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.   

 

 

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ