| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0188/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/209 |
| Огноо | 2021-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Шүүгдэгч З.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Зын Мид холбогдох эрүүгийн 2138000000250 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Мийн өгсөн мэдүүлэгтээ: Манай найз О 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр манайд Мөрөн сумаас очсон. Хөдөө эмийн ургамал, гишүүн түүнэ гээ ирсэн. Хөдөө 4 лааз пиво аваад Тосонцэнгэл сумаас 10 км газар яваад орой ирээд гэрийн хашаанд 1 пиво уусан. Манай хүн гэр рүүгээ явна гэхээр нь би пиво уусан юм чинь явах хэрэггүй гэхэд над руу уурлаад байхаар нь би өшиглөсөн. Тэгээд шөнө 3 цагийн үед гэртээ ирлээ гэж над руу ярьж байсан. Би хохирлоо бүрэн барагдуулсан. Хохирогч одоо санал гомдолгүй байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч ч З.Мийг 2021 оны 07 дугаар сарын 11-ний шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд архидан согтуурсан үедээ Я.Отэй үл ойлголцлын улмаас Я.Оийг зодож эрүүл мэндэд нь зүүн талын 9 дүгээр хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, яллагдагчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан зэргийг харгалзан үзэж оногдуулсан торгуулийн ялаас чөлөөлөх санал дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирол төлсөн, улсын яллагчийн санал болгосон ялын саналыг зөвшөөрч тохиролцсон гэжээ.
Эрүүгийн 2138000000250 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч З.М нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд архидан согтуурсан үедээ Я.Отэй үл ойлголцлын улмаас Я.Оийг зодож эрүүл мэндэд нь зүүн талын 9 дүгээр хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Я.Оийн өгсөн: “ ... 2021 оны 07 дугаар 11-ний орой 16 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт байдаг найз Мийн хамт Тосонцэнгэл сумын төвөөс хойшоо 10 орчим километр явж салхинд гараад орой 23 цаг 30 минутын орчимд сумын төвд байрлах эзэнгүй айлын хашаанд орж 0,5 граммын пиво хоёр хоёрыг ууж байгаад би гэртээ харина намайг Мөрөн хүргээд өг гэхэд М би пиво ууцан машин барьж болохгүй гээд маргалдсан. Маргалдаж байгаад би машинаас буугаад гадаа газар сууж байтал М машинаас бууж ирээд миний зүүн талын хавирга руу хөлөө нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд нь би газраас шороо авч нүүр лүү нь цацаад тэндээс алхаад Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд Мөрөн орж зураг авахуулаарай гээд 13-н А маягт хийж өгсөн. Би маягтаа аваад засмал зам руу алхаж замын унаанд сууж гэртээ ирж амарсан. Бүх нийтийн амралт таараад би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр эмнэлэгт цээжний зураг авахуулхад хавирга хугарсан гэж эмч надад хэлэхээр нь би гэртээ гам барьж хэсэг гэртээ байсан. Манай найз надруу ярихгүй уучлалт гуйхгүй болохоор нь би 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр цагдаад өргөдөл өгсөн....” гэх мэдүүлэг /хх 15-17 тал/,
Шүүгдэгч З.Мийн гэрчээр өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэртээ амарч байхад Мөрөн суманд амьдардаг найз О 15 цаг 30 минутын орчимд манай гэрт ирсэн. 16 цагийн үед найз Оийн хамт сумын төвөөс хойшоо 12 километр явж шар хөндий гэх газар салхинд гараад орой 23 цаг 40 минутын орчимд сумын төвд орж ирсэн. Агаарт гарахдаа 0,5 литрийн Сэнгүр нэртэй пиво 4 ширхэгийг аваад уухаа мартаад сумын төврүү орж ирсэн. Сумын төвд орж ирээд найз болох Лхагвасүрэнгийн эзэнгүй хашаанд орж уугаагүй үлдсэн 4-н ширхэг пиво уугаад дуусаж байтал найз О гэнэт би гэртээ харина Мөрөн хүргэж өг гэхэд нь би пиво ууцан машин барьж болохгүй гэж хэлтэл дахин хүргэж өг гээд машинаас буусан. Гэнэт миний уур хүрээд машинаас буугаад урдуур нь тойроод найз Оийн хажууд очиход газар сууж байсан. Тэгэхэд намайг хараад Мөрөн лүү хүргэж өг гээд уурлаад байхаар нь би зүүн талын хавирга орчим луу нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь газраас шороо аваад нүүр рүү цацсан. Тэр үед нүд рүү шороо ороод юм харж чадахгүй нүдээ нухаад хэсэг байж байгаад өндийсөн чинь найз О байхгүй байсан. Би машиндаа суугаад найз Оийн гар утас руу нь залгатал би эмнэлэг дээр явж байна чи гэртээ харьж амар гээд уурлаад утсаа тасалсан. Тэгээд би гэртээ ирээд амарсан...” гэх мэдүүлэг /хх 20-21 тал/
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 314 дугаартай: “Я.Оийн биед зүүн талын 9 дүгээр хавирганд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Я.Оийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх 24 тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай /хх 6 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд З.Мийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 07 сарын 11-нд манай найз О нь Тосонцэнгэл суманд байх манай гэрт ирсэн. О нь өөрөө Мөрөнд амьдардаг хүн юм. Тэгээд би Оийг ирэхээр нь Тосонцэнгэл сумаас 10-аад км ийн зайтай салхинд гарангаа гишүүн, эмийн ургамал түүх гэж хамтдаа гарсан. Тухайн үед бид хоёр салхинд гарах гэж байхдаа дэлгүүрээс 4 лаазтай Сэнгүр нэртэй пиво авсан. О бид хоёр тэгэхдээ салхинд гарахдаа ерөөсөө уугаагүй. Тэгээд орой 23 цагийн үед Тосонцэнгэлийн төв рүү орж ирээд таньдаг айлынхаа эзгүй хашаан дотор О бид хоёр өдрийн авсан 4 лаазтай пивоо хувааж уусан. Тэгээд ууж сууж байгаад О нь надад намайг аймаг хүргэж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би пиво үнэртэж байгаа машин барьж болохгүй гэж хэлтэл О нь заавал хүргэж өг гээд байсан. Тэгэхээр нь миний гэнэт уур хүрээд босож ирээд Оийн зүүн талын хавирга хэсэг рүү нэг удаа л өшиглөсөн. Үүний дараа О нь над руу шороо цацсан. Тэгж байснаа О нь яваад өгсөн. Тэгээд яваад өгсний дараа 3-4 цагийн дараа би О рүү залгатал би гэртээ ирсэн байна чи унтаж амраач гэж хэлсэн. Тэгээд л би унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 31 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Я.Оийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч З.Мийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч З.Мийн үйлдэл идэвхтэй, хохирогч Я.Оийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч З.Мийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч З.М нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд архидан согтуурсан үедээ Я.Отэй үл ойлголцлын улмаас Я.Оийг зодож эрүүл мэндэд нь зүүн талын 9 дүгээр хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч З.Мийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Я.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч З.М, Я.О нар нь “2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх эвлэрлийн гэрээ байгуулан хэрэгт хавсаргаж /хх 40 тал/, гэм хорын хохирлыг арилгасан байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч З.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч З.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч З.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Мийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч З.Мид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”- г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 35-39, 41 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний лавлагаа, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Цэнгэл багийн Засаг даргын тодорхойлолт, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, ял шийтгэлийн хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч З.М нь ам бүл 2, хүүгийн хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Цэнгэл багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч З.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 110 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч З.Мийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч З.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар оногдуулж, уг ялаас чөлөөлөх нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирно гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч З.М нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Зын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Зын Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, шүүгдэгч З.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Мид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч З.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН