Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/211

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х Ад холбогдох эрүүгийн 2138000000245 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Аг хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Х.Аг нь 2021 оны 07 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Гахайн хонхорын 14-12 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Мтай маргалдаж нүүрэн тус хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, няцралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирол төлсөн, улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч тохиролцсон гэжээ.

Эрүүгийн 2138000000245 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.А нь 2021 оны 07 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Гахайн хонхорын 14-12 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр хохирогч Г.Мийг “араас чинь дуудаад байхад намайг хаяад явлаа” гэх шалтгаанаар  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсоны улмаас  биед нь  зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, няцралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Хохирогч Г.Мийн өгсөн:  “ ... 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Тариалан сумын Сэлэнгийн гол орж найзуудтайгаа уулзсан. Тэгээд манай нөхөр А найзуудтайгаа архи согтууруулах ундаа хэрэглэх болсон. Тэгэхээр нь би машинаа бариад гэртээ ирсэн. Тэгтэл гэртээ ирээд унтах гээд байж байсан чинь манай нөхөр би загас барьсан байна хүрээд ир шарж идье гэхээр нь би машинаа унаад очих болсон. Тэгээд намайг очсон чинь архи согтууруулах ундаа уу гэхээр нь би хоёр эмэгтэй хүнтэй 2 том пиво хувааж уух болсон. Тэгээд би харилаа гэсэн чинь архи ууя гээд дахиад айлаас очиж архи авч уугаад түүнээс нь би 1 хундага уучхаад яваад өгсөн. Тэгээд манай охин Х аавыгаа архи уухаар айгаад байдаг болохоор бид хоёр нэг айлын хашааны гадаа очиж унтах болсон. А архи ууж ирэх болгондоо цохиж зодно эсвэл хэл амаар доромжлоод нойргүй унтуулдаг болохоор нь охин бид хоёр айгаад гадуур машиндаа хонох болсон юм. Унтаад сэрсэн чинь үүр цайчихсан 5 цаг өнгөрсөн болов уу гэж бодож байна. Би гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалга цоожтой байхаар нь А гэртээ ирээгүй юм байна гэж бодоод гэртээ орж унтах болсон. 6 цаг болж байхад манай гэрийн хаалга аймар нүдээд байхаар нь манай охин очиж хаалга онгойлгосон чинь манай нөхөр А байсан. тэгээд А чи машин унаж зугтаалаа шөнөжин хойноос чинь хөөлөө гэж хэлээд миний нүүр хэсэг рүү гараа атгаад цохиод авсан. Дараа над руу оёдлын машин аваад шидсэн боловч намайг оноогүй...2020 онд намайг зодож шүүхээр баривчлуулсан. Өмнө нь цохиж зодож байсан боловч цагдаад өгч байгаагүй” гэх мэдүүлэг /хх 14-15 тал/,

Шүүгдэгч Х.Агийн гэрчээр өгсөн: “...Тэгээд байж байснаа М харьлаа гээд яваад өгсөн. Тэгэхээр нь би гэртээ ирсэн чинь байхгүй байхаар нь би гадуур хайсан. Тэгээд үүрээр 06 цагийн үед гэртээ ирсэн чинь гэрт унтаж байсан. Би хаалга нүдэхэд охин Х онгойлгож өгсөн. Тэгээд би гэртээ ороод эхнэр Мтай намайг араас чинь дуудаад байхад намайг хаяад явлаа аваад явахгүй гэх зэргээр маргалдаж байгаад би 1 удаа гараа атгаад зүүн талын нүүрэн тус газар цохих болсон. Тэгээд М гараад яваад өгсөн... Би М намайг айлд хаяад явчхаар нь уурлаад мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор уур хүрээд цохих болсон. Өөр надад ямар нэгэн шалтгаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх 18-19 тал/

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 318 дугаартай: “Г.Мийн биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, няцралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Г.Мийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх 24 тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай /хх 6 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Агийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 07 сарын 05-нд оройны 16 цагийн үед Сэлэнгэ гол руу найзуудтайгаа гарж салхилж байгаад оройны 21 цагийн үед Тариалан сумын төв рүү орсон. Тэгээд найз Үынд пиво уусан. Тухайн үед манай эхнэр М нь Үынд цугтаа пиво ууж байсан. Тэгээд манай эхнэр шөнийн 00 цаг өнгөрч байхад гэр лүүгээ харих гээд явсан. Би араас нь шөнийн 04 цагийн үед гэртээ очсон. Тухайн үед намайг гэртээ очиход манай эхнэр гэртээ байхгүй болохоор нь би гадуур хайж байгаад шөнийн 05 цаг болж байхад гэртээ очиход манай эхнэр гэртээ ирсэн байсан. Тэгээд би эхнэртээ хандаж чи хаачаад ирж байгаа юм чамайг зөндөө хайлаа гэж хэлээд зүүн талын нүүрэн хэсэгт нь гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгээд цохиулсныхаа дараа манай эхнэр гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 30 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Мийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Х.Агийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Шүүгдэгч Х.Агийн гэр бүлийн гишүүний бие, эрх чөлөөнд удаа дараа халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл нь хохирогч Г.Мийн өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч Х.А нь гэм буруугийн талаар маргаагүй ба дээрх нотлох баримт нь хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байна.

 Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 Шүүгдэгч Х.Агийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.А нь 2021 оны 07 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Гахайн хонхорын 14-12 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр хохирогч Г.Мийг “араас чинь дуудаад байхад намайг хаяад явлаа” гэх шалтгаанаар  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсоны улмаас  биед нь  зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, няцралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.  

Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Г.М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Х.А, Г.М нар нь “2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “харилцан тохиролцож эвлэрсэн, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэх эвлэрлийн гэрээ байгуулан хэрэгт хавсаргаж /хх 38 тал/,  ирүүлсэн байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Агийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Х.Аг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Х.Агийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 34-37, 40 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлт бүртгэлийн лавлагаа,  хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэлийн хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Х.А нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.  

Шүүгдэгч Х.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 111 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Х.Агийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Х.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Х.А нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хд овогт Х Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х Аг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН