| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0191/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/212 |
| Огноо | 2021-08-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Эн Хд холбогдох эрүүгийн 2138000000262 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Э.Хыг 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Чингис зочид буудлын гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Зтай маргаан үүсгэж, улмаар уруулан тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь дээд урууланд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирол төлсөн, улсын яллагчийн санал болгосон 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг зөвшөөрч тохиролцсон гэжээ.
Эрүүгийн 2138000000262 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э. Х нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Чингис зочид буудлын гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Зтай маргаан үүсгэж, улмаар уруулан тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь дээд урууланд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Б. Зын өгсөн: “... 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн орчим Чингис зочид буудлаас гараад гэртээ харих гээд такси авах гээд зам дээр зогсож байтал Чингис зочид буудлын урд талын автобусны зогсоол дээр такси зогсож байхаар нь буруу талаар нь очоод явах уу гэхэд жолооч нь энэ эмэгтэйг явах үгүйг нь мэдэхгүй байна гэсэн. Тэгэхээр би тэр машинд сууж байсан эмэгтэйд хандан чи явах юм уу үгүй бол би наад таксийг чинь аваад явчихъя гэхэд намайг хэл амаар доромжлоод уурлаад байсан. Тэгэхээр би нэг их тоогоогүй хаалгыг хаагаад цааш явсан. Тэгсэн тэр хүүхэн миний араас ирээд татахаар нь чи зүгээр байгаа ч ямар ядаргаатай хүүхэн бэ гээд гараа угзраад татаж авсан. Тэгээд эргээд харсан чинь миний уруул руу чулуугаар цохисон. Ийм асуудал болсон. Их л богино хугацаанд болсон асуудал...” гэх мэдүүлэг / хх 7-8 тал/,
Шүүгдэгч Э. Хын гэрчээр өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 21-ний орой байсан санагдана. Хэдэн цаг болж байсныг нь мэдэхгүй байна. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Өөрийн найзуудын хамт 16 дугаар байранд айлд байж байгаад гэртээ харихаар гарсан. Найзынхаасаа гараад такси авах гээд нилээн хэсэг зогссон боловч такси олдохгүй байхаар нь алхаад Чингис зочид буудлын урд явж байтал тэр ах, хоёр охинтой юм яриад зогсож байсан. Тэгээд удалгүй тэр ахтай хамт явсан хоёр хүүхэн нь яваад өгсөн. Тэгээд тэр ах намайг дуудахаар нь би зайл гэж хэлээд тэр ахыг алгадсан. Тэгсэн тэр ах зөрүүдлээд миний бөгс руу цохисон. Тэгээд би тэр ахтай барицаж аваад байснаа санаж байгаа. Тэгээд би тэр ахаас салаад таксинд гар өгсөн нэг таксинд сууж байснаа санаж байгаа. Намайг машинд сууж байтал тэр ах миний араас ирээд хэрүүл хийгээд байсан чинь тэр таксины ах чи одоо буучих наад залуу чинь машины цонх хагаллаа гэхээр би машинаас буугаад газарт байсан чулууг аваад шидчихсэн. Тэгээд миний шидсэн чулуу тэр ахын уруул руу оносон гээд өөрөө үзүүлж байсан. Тэгээд намайг цагдаа руу явъя гэхээр дагаад явж байтал манай найз залуу болох А ирээд намайг аваад явсан. Тэгээд би гэртээ хариад очихгүй бол болохгүй байх гэж бодоод цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг / хх 14 тал/
Гэрч Ө. Шгийн өгсөн: “Би 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 00 минутаас мөн оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 12 цаг 00 минутын хооронд “Чингис” зочид буудлын угтагч, хүлээн авагч ажилтнаар 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэж ажилласан. Ажиллаж байгаа хугацаанд буюу 23 цагийн орчим манай буудал руу үл таних нилээн согтуу бололтой, эмэгтэй хүн орж ирээд, нэг өрөөний тоо хэлээд хүнтэй уулзъя гэсэн. Тухайн үед тэр эгч нилээн согтуу байсан учир хэлсэн өрөө рүү нь оруулаагүй. Тэгээд үүдний хэсэгт, хэсэг зогсож нэг ахтай уулзчихаад гараад явсан. Үүнээс хойш 10-аад минутын дараа намайг хүнтэй уулзах гээд “Чингис” зочид буудлаас гарахад тэр эгч манай буудалд ороод гарсан өөр нэг эрэгтэй хүнтэй, буудлын урд талын “ Хайр бүхний дээд” гэсэн чиглэлтэй саравч нь дотор сууж байсан. Тэгээд байж байтал “Ану” худалдаа үйлчилгээний төв талаас үл таних нэг ах, тэр хоёрын хажуугаар гарч яваад хажуугаар нь өнгөрөхдөө хальт харчихсан чинь тэр эгч хажуугаар нь өнгөрч явсан ахад хандан “үгсэнээ хараад байгаа Пиздаа вэ” гэсэн. Тухайн үед нь хажуугаар нь өнгөрч явсан ах нэг их тоогоогүй цааш явсан. Тэгсэн тэр үл таних эгч хэрүүл хийгээд араас нь яваад байсан. Мөн нэг харахад заамдчихсан зогсож байсан. Мөн нүүр лүү нь алгадаад цохиод байсан. Тэр ах зөрүүлээд түлхэж байгаа харагдсан. Тэгсэн тэр эгч газраас чулуу аваад нүүр лүү нь чулуугаар нэг удаа цохисон. Тэгээд тэр эгч машин руу суугаад тэр ах суусан машин дээр очоод хэрүүл хийгээд байгаа бололтой байсан. Тухайн үед тэр ахын уруул нь аймар болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх 15 тал/,
Хохирогч Б. Зын гэрчээр өгсөн: “Өнөөдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн орчим би Мөрөн сумын 7 дугаар багт байрлах Тэнгис зочид буудлаас гараад зүүн тийшээ алхах гэснээ хүмүүс үймээд байхаар нь очтол нэг охин таксинд дотор агсараад байсан. Тэгэхээр нь би тэр охинд хандан ахын дүү эмэгтэй хүн ингэж болохгүй гэтэл чамд ямар хамаатай юм гээд машинаас буусан. Тухайн үед би эмэгтэй хүн юу шалив гэж бодоод эргэж хараад явж байтал миний араас нэг хүн татах шиг болсон. Тэгэхээр нь эргээд хартал машин дотор сууж байсан хүүхэн миний нүүр лүү нэг юмаар цохисон. Тухайн үед харанхуй байсан болохоор юугаар цохисон гэдгийг нь мэдээгүй. Тэгээд би тэр хүүхнийг чи яадаг гичий бэ гэж хэлээд цагдаа руу явъя гээд цагдаагийн хашааны урд иртэл улаан өнгийн пит маркийн тээврийн хэрэгсэлтэй залуу ирээд тэр эмэгтэй машиндаа суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх 17 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 329 дугаартай: “...Б.Зын биед дээд урууланд шарх, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Б.Зын биед гэмтэл үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 21 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай /хх 2 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Хын яллагдагчаар өгсөн: “...Би тэр хүний биед халдаж гэмтэл учруулсан нь үнэн. Тухайн үед юу болсон талаар өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан...” гэх мэдүүлэг /хх 32 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Зын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.Хын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Э.Хын үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Зий бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Э.Хын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э. Х нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Чингис зочид буудлын гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б. Зтай маргаан үүсгэж, улмаар уруулан тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь дээд урууланд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Хын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Б.З нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байна. Хохирогч Б.З нь “ надад одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг өгсөн. /хх 12 тал/, Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Хийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 36-39 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, жолоодох эрхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.Х нь ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 32-10 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 116 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Э.Хын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Эн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт Эн Хыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хд зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 1 /нэг/ сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглосугай
4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН