Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 202/МА2017/00019

 

 

***ЗДын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 136/ШШ2017/00184 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: ***ЗДын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А, 

Хариуцагч: Г,

Хариуцагч: Д нарт холбогдох,

Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөрт үндсэн зээл 3772800 төгрөг, алданги 743124 төгрөг, нийт 4515924 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэ, хариуцагч Ч.Г, прокурор С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Баярмаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн ***ЗДа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***ЗДын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/226 дугаар захирамжийн дагуу жижиг дунд үйлдвэрлэл болон ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Сум хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр Д.Аид 4480000 төгрөгийн зээлийг такси үйлчилгээ эрхлэхэд зориулан олгохоор №2014/20 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Зээлдэгч нийт 780 000 төгрөг төлснөөс 707200 төгрөг нь үндсэн төлбөр, 72800 төгрөг нь хүүгийн төлбөр байна. Зээлдэгч нь зээлийн санхүүжилтийг авснаас хойш хуваарийн дагуу төлөөгүй нь зээлийн гэрээний 2.2-т заасныг зөрчиж байна.  Иймд зээлийн үлдэгдэл төлбөрийг хүү, алданги болон эвлэрүүлэн зуучлалд хандсан төлбөрийн хамт нийт 4515924 төгрөгийг хамтран зээлдэгч Д.А, Ч.Г, Б.Д нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэ шүүхэд гаргасан тайлбартаа “ ... Х ХХК-ийг төлөөлж Д.А, хамтран зээлдэгч Ч.Г, Б.Д нар нь такси үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар 4480000 төгрөгийг сарын 0,25 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 2017.09.17-ны өдөр байгуулсан талууд харилцан тохиролцож гарын үсэг зурсан зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч Д.А нь 2014.12.30-ны өдөр 400000, 2015.02.03-ны өдөр 380000 төгрөг тус тус 2 сар зээлийн эргэн төлөлт хийснээр, Сум хөгжүүлэх сангаас зээл авсан нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан тайлбартаа: Сайншанд сумаас эргэн төлөх нөхцөлтэйгээр олгогдсон зээл нь иргэн А надад хамааралгүй юм. Уг зээл нь ***удирдлага тээвэр автозамын газрын удирдлагын удаа дараагийн шахалт шаардлагын дагуу такси тээврийн үйлчилгээг жигдрүүлэх, стандарт хангуулах гэсэн удирдлагуудын үүрэг чиглэлийн дагуу сумаас олгосон /тендерийн дагуу зөвхөн симпор нийлүүлэгдсэн, симпорын үнэ/ зээл байгаа юм. Уг зээлийн мөнгөөр сум өөрөө тендер зарлаж, өндөр үнэтэй симпор нийлүүлсэн. Тэр тендерийн зээлэн дээр компанийн жолооч нараа төлөөлж гарын үсэг зурж авсан нь үнэн. Эцэст нь хэлэхэд бид бэлэн мөнгө аваагүй, тендер нэртэй гэрлэн тэмдэг, симпор хүлээн авсан. Одоогоор тус компанийн жолооч нар ашиглаж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Би Сум хөгжүүлэх сангаас зээл аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

 

Хариуцагч Ч.Г шүүхэд гаргасан тайлбартаа:  Дурдсан мөнгийг Х ХХК буюу дээрх 3 хүн нэг ч төгрөгийг гаргуулж аваагүй. Тухайн үед компанийн зүгээс Сайншанд сумтай такси үйлчилгээг сайжруулах зорилгоор аман болон бичгэн гэрээ хийгдсэн гэж ойлгосон. Энэ дагуу Сайншанд сум симпор оруулж ирсэн. Нэхэмжилсэн дээрх мөнгө тэр симпор оруулж ирсэн компани буюу хувь хүнд шилжсэн мөнгө байх. Симпорыг нэг бүрийг нь зуу гаруй мянган төгрөгөөр төлөх нөхцөлтэй манай компанид тулгаж өгсөн гэж ойлгож байна. Нийтийн тээвэр болон такси үйлчилгээг таних тэмдэг, симпоржуулах нь ***үүрэг. Энэ зардлыг сум хариуцах ёстой. Иймд дээрх аваагүй мөнгийг би төлөх ёсгүй, симпорыг буцааж өгч болно гэжээ.

 

Прокурор С.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх ба хариуцагч Д.А нь 2014.09.17-ны өдөр Сум хөгжүүлэх сантай зээлийн гэрээ байгуулан Х ХХК-нд симпор хүлээн авсан болох нь Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, симпор нийлүүлэх ажлын гэрээ, симпор хүлээн авсан ажлын акт зэргээр тогтоогдож байх тул хариуцагч Д.А, хамтран зээлдэгч Ч.Г, Б.Д нар нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ. 

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Д.А, Ч.Г, Б.Д нараас Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөрт үндсэн зээл 3772800 төгрөг, алданги 743124 төгрөг, нийт 4515924 төгрөг гаргуулах тухай ***ЗДын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ***ЗДа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ... шийдвэрийг гардан авах журам болон гомдол гаргах эрхийг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэ давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчдын хооронд зээлийн гэрээ хийгдэж зээлийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хариуцагч нар гарын үсгээ зурсан, улмаар зээлийн эргэн төлөлтийн дагуу төлөлт хийж байснаар нотлогдож байгаа юм. Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нар өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зээлийн мөнгийг хаана, хэрхэн шилжүүлэхээ зээлийн гэрээгээр тохиролцсоны дагуу 4800000 төгрөг шилжүүлэгдсэн, симпор дээр бичигдэх зүйлийг хэлж бичүүлж байсан, симпорыг одоо такси үйлчилгээндээ ашиглаж байгаа, зээлийг 2 удаа төлж байсан, симпорыг хүлээж авсан акт дээр гарын үсэг зурсан зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлээгүй. Хариуцагч нар нь Сум хөгжүүлэх сангаас огт мөнгө аваагүй, Сайншанд сумаас такси үйлчилгээ эрхлэхэд зориулж гэрлэн тэмдэгт буюу симпортыг хүчээр шийдүүлж өгсөн гэж маргаж байгаа боловч үүнийгээ нотлоогүй юм. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанаар тооцно” гэсний дагуу ***ЗДа нь хариуцагч Ч.Г, Б.Д, Д.А нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй тул 184 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх ”...хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх” тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40  дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчжээ.

Тодруулбал шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг үнэлдэг. Ийнхүү нотлох баримтыг үнэлэхдээ түүнийг нэг бүрчлэн бодитойгоор шинжлэн судалж, хооронд нь харьцуулан үзэх, хэргийн нөхцөл байдал тухайн баримтын нотлох, батлах эсхүл үгүйсгэх үндэслэл нөхцөлийн талаар хэрэгт цугларсан баримтад бүхэлд нь үнэлэлт, дүгнэлт өгөх учиртай. 

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судалж үзэхэд анхан шатны шүүхээс дараах зөрүүтэй гэрээнүүдийг маргааны үйл баримттай хэрхэн яаж холбогдож байгааг, тэдгээрийн нотолгооны шинж, зориулалтыг нь тодорхойлж тогтоогоогүй,  эдгээр баримтыг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлтийг шийдвэрт тусгаагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Үүнд:

1. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Дорноговь аймгийн ***ЗДаас шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-1/-дээ “...зээлийн үлдэгдэл төлбөрийг хүү, алданги болон эвлэрүүлэн зуучлалд хандсан төлбөрийн хамт, 4 515 924 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. Шүүгчээс хэрэг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс, нэхэмжлэлд дурдсан шаардлагыг дэмжиж байгаа эсхүл түүнийг хэрхэн өөрчилж байгаа талаар тодруулаагүй байх ба эвлэрүүлэн зуучлалд хандсан төлбөрийн хамт нэхэмжилсэн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь шийдвэрт тусгагдаагүй байна.

 2. Хэрэгт авагдсан гэрээнүүд болон бусад нотлох баримтын талаар:

а/ 2014-06-16-ны өдөр ***ЗДын тамгын газар болон Ф ХХК-ны хооронд ***Х ХХК-нд ашиглагдах гэрэл бүхий хаяг /симпор/ нийлүүлэх ажлыг “Байгаль хамгаалах сан”-аас санхүүжүүлэн, 4 480 000 төгрөгөөр гүйцэтгүүлэх, захиалагч буюу ***ЗДын тамгын газраас гүйцэтгэгч компани Ф ХХК-нд  санхүүжилтийг 100 хувь олгохоор тусгагджээ.

Дээрх гэрээний санхүүжилтийг 2014-09-17-ны өдрийн  “Х” ХХК-ийг төлөөлж, иргэн Д.А, Ч.Г, Б.Д нарын хооронд “такси үйлчилгээний үйл ажиллагаа” эрхлэх зориулалтаар, санхүүжилтийг Сум хөгжүүлэх сангаас олгох тухай зээлийн гэрээ /хх-5/-г  үндэслэж, 4 480 000 төгрөгийг Ф ХХК хүлээн авсан байна. 

б/ Такси үйлчилгээнд ашиглагдах зориулалтаар нийлүүлсэн дээрх гэрэл бүхий тэмдэгт /симпор/ 40 ширхэгийг, 2014-09-08-ны өдөр ***“Х” ХХК /хх-11/ хүлээн авсан талаар талууд маргаагүй байна.  

в/ Харин 2014-06-30-ны өдрийн А/226 дугаар ***ЗДын  “Хөнгөлөлттэй зээл олгох” тухай захирамж /хх-14/-д “Х” ХХК-нд “...гэрэлт мэдээллийн самбар суурилуулахад зориулж, эргэн төлөх нөхцөлтэйгээр 4 480 000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Сум хөгжүүлэх сангаас санхүүжүүлж олгохоор шийдвэрлэсэн. 

 г/ 2014-09-17-ны өдөр ***ЗДа болон “Х” ХХК-ийг төлөөлж, иргэн Д.А, Ч.Г, Б.Д нарын хооронд “такси үйлчилгээний үйл ажиллагаа” эрхлэх зориулалтаар, санхүүжилтийг Сум хөгжүүлэх сангаас олгохоор гэрээ /хх-5/ байгуулагдсан байна. 

Гэхдээ  энэхүү 4 480 000 төгрөгийг зээлдэгч нар хүлээн авч захиран зарцуулаагүй байх ба Ф ХХК-ийн данс руу уг мөнгийг шилжүүлсэн, гэрээний Гурав. 3.2-т заасан Капитрон банкин дахь 3021000727 дугаар данс нь Ф ХХК-ийн дансны дугаар гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гаргажээ.

Эдгээр дурдсан зөрүүтэй нотлох баримтуудын аль нь үнэн зөв, эргэлзээгүй болох, хэргийн үйл баримт, оролцогч нарын хэн нь аль гэрээний дагуу ямар үүрэг хариуцлага хүлээхийг, гэм буруу байгаа эсэх, хэргийн нотлох гэж байгаа үйл баримт, бодит байдалтай яаж холбогдож байгааг шүүгчээс тус тус тодруулж, тогтоогоогүй нь шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг зөрчсөн төдийгүй шийдвэр үндэслэл бүхий байх гол нөхцөлийг бүрдүүлээгүй байна.     

Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ /хх-5/-ний дагуу 4 480 000 төгрөгийг зээлдэгчийн буюу  “Х”  ХХК болон Д.А, Ч.Г, Б.Д нарт нэхэмжлэгчээс шилжүүлээгүй, энэ мөнгийг хариуцагч нар хүлээн авч захиран зарцуулаагүй, харин Х ХХК, гэрэлт мэдээллийн самбар /симпор/-ыг хүлээн авсан акт /хх-11/ болон самбарын нэг бүрийн үнэ 112 000 төгрөг болох талаар талууд маргаагүй. 

Гэхдээ  хариуцагч Д.А, Ч.Г, Б.Д нар ***“Х”  ХХК-ийг төлөөлж, ЗДатай зээлийн гэрээ/хх-5/ байгуулагдсанаас үзэхэд нэр бүхий хүмүүс, компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болохыг  нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх ба  “Х” ХХК,  “Х” ХХК, иргэн Д.А, Ч.Г, Б.Д нарын аль нь дээр дурдсан гэрээнүүдэд ямар нөхцлөөр үүрэг хүлээж оролцсоныг тодорхой болгох нь хэргийн бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдолтой болно. 

 Иймд шийдвэрийг хүчингүй болгож,  дахин шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа учир давж заалдах гомдолд дурдсан хэргийн үйл баримт, шүүхийн хууль хэрэглээний талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдах нь Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дүгээр сарын 09-ний өдрийн 136/ШШ2017/00184 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***ЗДа нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                                     ШҮҮГЧИД                                 Х.БАЙГАЛМАА 

                                                                                                          Н.БОЛОРМАА