Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дансрангийн Бавуу |
Хэргийн индекс | 108/2016/0039/Э |
Дугаар | 35 |
Огноо | 2016-07-18 |
Зүйл хэсэг | 091.1., |
Улсын яллагч | Б.Тогтох |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Ц.Цэлмэг, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Ө.*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам,
улсын яллагч Б.Тогтох,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмандах,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******,
шүүгдэгч Р.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2016 0108 0094 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр гэх газарт оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч *******, тоотод түр оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* нь 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр *******, тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 13 цагийн орчим хамтран амьдрагч О.ийг “1600 төгрөг авсан юм уу” гэж хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж улмаар О.ийг газар түлхэн унагааж, биед тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа /6х5 см, 80 мл/ толгойн зулай болон дагз хэсгийн хуйхны доторх цус хуралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл учруулж, санаатайгаар амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.******* нь 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрсдийн түр оршин сууж байсан *******, тоот хашаандах гэртээ насанд хүрээгүй Э., бага насны охин Э. нарын эх хамтран амьдрагч О.тэй согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа “1600 төгрөгийн талаар 13 цагийн орчим хоорондоо маргалдаж” хувийн таарамжгүй харилцааны улмаас О.ийг баруун гараараа өөр лүүгээ татаад газар түлхэн унагааж, түүний тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа /6х5 см, 80 мл/ толгойн зулай болон дагз хэсгийн хуйхны доторх цус хуралт зэрэг амь биед аюултай гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Р.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед талийгаач бид 2-ыг хэрүүл хийгээд, намайг талийгаачийг түлхэж унаган босгож ирээд цусыг арчиж, толгойд нь хүйтэн алчуур тавьж байхад Д. манай гэрт орж ирээгүй. Би цагдаад баригдаад байцаалт өгчихөөд гарахдаа Д.тай тааралдсан. Талийгаач амьд байхдаа нүүр ам нь хавдсан талаараа хүмүүс асуувал газар унасан гэж хэлнэ гэж амьд байхдаа надад ярьж байсан. Д. намайг цагдаад байцаалт өгөөд гарч ирэхэд таараахаар нь би талийгаачийн ярьсныг нь Д.т хэлсэн. Гэтэл Д. гэрчээр мэдүүлэхдээ “гэрт нь ороход талийгаач цус нөжтэйгөө холилдоод хэвтэж байсан” гэж хэлсэн. Үүнийгээ миний насанд хүрээгүй бага охинд бараг зааж өгсөн байсан. Энэ бол маш сонин. Би Д.тай цагдаагийн байгууллагын гадна таараад, болсон явдлын талаар би өөрөө хэлсэн. Д. манай гэрт ерөөсөө орж ирээгүй байж худлаа мэдүүлэг өгсөн байна. Би талийгаачийг өөр лүүгээ татаад түлхэхэд газар унасан. Тухайн үед миний охин гэрт орж гараад, гадаа айлын хүүхэдтэй тоглож байсан. Би хэргийн талаар болсон байдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Д. хэргийн талаар шал худлаа мэдүүлэг өгсөнд гомдолтой байна. Бусдаар би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Бүтэн өнчин хоцорч байгаа хүүхдүүдийг хуулийн дагуу асарч хамгаалж өгнө үү. Хохирогчийг түлхэн унагааж биед нь гэмтэл учруулж санамсаргүй алсан гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.
Яллагдагч Р.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 03-р сарын 12-ны өдөр буюу хагас сайны өглөө унтаж байгаад 9-10 цагийн үед байх боссон, босоход манай эхнэр, охин хоёр унтаж байгаад боссон, том хүү байхгүй байсан, өөр хүн байхгүй байсан. Би тэгээд гэрээс гараад 0.75 граммын “Сайхан” нэртэй 1 шил архи аваад гэртээ ирээд эхнэр ийн хамт хувааж уусан. Энэ үед манай бага охин орж, гараад тоглоод байсан. Том хүү байхгүй байсан. Архи ууж дуусаад би өдөр цагийг нь санахгүй байна гараад гадуур жаахан явж байгаад гэртээ ирсэн цагаа мөн санахгүй байна. Өдөр 13 цагийн үед байх гэж л бодож байна. Гэртээ ирэхэд манай эхнэр ганцаараа байсан. Тэгээд надаас “чи өчигдөр байсан 1600 төгрөгөө яасан бэ?” гэсэн би өглөө нь 18-р дэлгүүрт хүн “1000 төгрөгийн цувдаа зарж байна лээ” гэж эхнэртээ хэлсэн тэгээд надаас мөнгө асуусан. Би тэгээд өөрийн өмсөж байсан хувцасны халаасанд мөнгөө үзэхэд байхгүй байсан. Тэгээд би эхнэрээ “чи авсан юм биш үү” гээд л хэлсэн тэгээд тэрнээс болоод эхнэр бид 2 хэрэлдээд манай эхнэр гэрийнхээ хоймор хэсэгт зогсож байгаад үсээ янзалж байсан. Тэгээд намайг миний хоолой цээж рүү гараараа маажсан би тэгээд гарыг нь баруун гараараа бариад салгаад эхнэрээ өөр лүүгээ татаад цааш нь газар луу түлхсэн талийгаач орилоод босоод ирсэн. Тэр үед талийгаачийн хамраас цус гоожсон. Тэгээд би шалны алчуураар цусыг нь арчсан талийгаач толгой хавдаад байна ш дээ гэхээр нь би нүүр гарын алчуур норгоод толгой дээр нь жин тавьсан тэр үед талийгаач чи намайг зодчихлоо ш дээ гээд орилоод намайг янз бүрээр хэлээд байсан. Би тэгээд гэрээс гараад явсан гэрт талийгаач хойд орон дээрээ хэвтээд үлдсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 142 дугаар тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Талийгаач нас бардаг өдрийн урд орой би уурхайд ажиллаж байгаад өглөө гэртээ ирээд унтаад сэрэхэд эгч ирсэн байсан. Эгч согтуу, архи барьсан, нүүр ам нь хавдсан, цээжээ бариад явж байсан. Хүнд зодуулсан юм шиг байсан. Юу болсон талаар асуухад хэлээгүй. Орой нь уурхайд ажиллаж байгаад гэртээ ирэхэд эгч газар унтаж байсан. Би эхнэр хүүхдүүдийн хамт унтсан. Шөнө манай эхнэр сэрээд харахад эгч нас барсан юм шиг байна гээд намайг сэрээсэн. Намайг очоод үзэхэд эгч нас барсан байсан. Яаж гэмтэл авсныг мэдэхгүй байна. Р.******* нь манай том хүргэн ах юм. Гэхдээ бид нарт гомдол байхгүй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 03 дугаар сарын 12-ны шөнө ажлаад 13-ны өглөө буугаад гэртээ 09 цагийн үед ирээд унтсан өдөр 15 цаг өнгөрөөгөөд манай эхнэр намайг хоол ид гээд дуудсан тэгэхэд манай эгч манайд согтуу ганцаараа ирсэн гэсэн эгч ер нь байнга ганцаараа ирдэг юм, ер хүнтэй хамт ирдэггүй. Эгчийг ирэхэд нь би унтаж байсан манай эхнэр байсан гэсэн эгч ирэхдээ тийм ч их согтуу байгаагүй гэсэн. Тэгээд удалгүй байж байгаад буцаад гараад явсан тэгээд эргэж орж ирэхдээ эгчийг 0.33 граммын ерөөл архи авч ирсэн гэсэн тэгээд намайг босоход эгч манай гэрт сэрсэн сууж байсан тэгээд гэрээс гараад орж гараад байсан тэгтэл энгэрт нь жижиг шилтэй архи байсан түүнийгээ л уух гээд л орж гараад байсан тэгтэл энгэрт нь жижиг шилтэй архи байсан түүнийгээ уух гээд л орж гараад байсан юм байна лээ тэгээд гадаа сууж байхаар нь би араас нь гарахад талийгаач эгч цээжээ тэвэрсэн бие нь өвдсөн бололтой сууж байхаар асуухад та яасан бэ гэж асуухад талийгаач эгч “аниагийнхан бие өвдөөд байна гэсэн мөн тэр үед эгчийн зүүн нүд, зүүн хацар хавьцаа тэр чигээрээ хавдсан байсан. Би таныг хэн зодсон юм бэ нөхөр чинь зодсон юм уу гэж асуусан тэгэхэд эгч ямар ч хүн намайг цохиогүй гэж хэлээд өвдөөд байна гэсэн. Тэгээд эгч манай руу ороод гэрийн хойно зассан байсан дахан дээр очоод газар хажуу талаараа хараад унтсан би тэгээд 19 цаг өнгөрөөгөөд ажилдаа явсан ажил дээр очоод ажил байхгүй байсан болохоор буцаад машинтайгаа гэртээ 20 цаг өнгөрч байхад ирсэн ирэхэд эгч уг газраа хэвтэж байсан тэгээд наашаа цаашаа эргэж хараад хөдлөөд байсан. Би тэгээд эгч та шингэн юм цай уух юм уу гэж асуухад толгойгоо сэгсрээд үгүй гээд байсан тэгээд би унтаад өгсөн. 22 цаг өнгөрч байсан байх тэгээд манай эхнэр шөнө 02 цагийн үед намайг дуудаад эгч чинь хөдлөхгүй байна гээд очоод харсан чинь эгч маань нас барсан байсан. ...манай зүгээс *******аас нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн баримтаар мөнгө нэхэмжлэхгүй. ...манай зүгээс манай эгч нар болон бид нар ярилцаад *******д ямар нэгэн гомдол саналгүй, байхгүй учир *******д бага ял оноож өгнө үү гэсэн хүсэлтийг бичиж прокурор, шүүхийн шатанд гаргаж өгөхөөр болсон.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 32-33 дугаар тал/
Гэрч Д.ын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр буюу хагас сайн өдөр байсан би ер нь өглөө 10 цаг гээд л босдог юм. Тэгээд босоод үнсээ аваад галаа түлээд хогоо шүүрдээд цайгаа чанаж уучихаад манай хашаанд байдаг баруун хойд гэрт байдаг *******ынд 12 цаг өнгөрөөгөөд байх ороход ******* гэрийнхээ хойд орон дээр согтуу сууж байсан эхнэр нь гэрийнхээ зүүн талд хоолны ширээнийхээ урд үүд рүүгээ толгойгоо харуулсан доошоо харсан байрлалтай хэвтэж байсан ийн хөл хэсэгт газарт цус гоожиж тунасан байдалтай байсан би тэгээд *******д энэ цус нөж болсон юм бэ? Авгай чинь яасан юм бэ гэж хэлэхэд ******* гаднаас ийм болсон орж ирсэн юм гэж надад хэлсэн би тэгээд наад авгайгаа ор луу нь хэвтүүл цус нөжийг нь цэвэрлэ өөр хүн харвал юу гэж бодох юм гэж хэлээд гарсан. ...Намайг өдөр тэднийд ороход талийгаач үүд рүүгээ харсан доошоо хараад хэвтсэн цус нь гоожсон хэвтэж байхаар нь би айгаад энэ юу болж байгаан юм бэ гэж хэлээд гарсан тэгэхэд талийгаач хөдлөхгүй дуугарахгүй байсан согтуу хэвтэж байсан хар өнгийн пальтотой, хөх бэлтгэлийн өмдтэй, үс нь задгай хэвтэж байсан. ******* согтуу байсан ******* бор сааралдуу ноосон цамцтай, кемпкен малгайтай байсан гэрт нь тэр 2-оос өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 66 дугаар тал/
Насанд хүрээгүй гэрч Э.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Өчигдөр гэртээ хамт байсан. Өчигдөр өглөө 10 цагийн орчим ээж намайг усанд яваад ир гэхээр нь би усанд явчихаад иртэл ээж эмийн сан орж толгойны эм аваад ирж байсан. Ер нь өөрөө толгой нь өвдөөд байна гэсэн юм. Тэгээд би айлд оччихоод 13 цагийн орчим гэртээ иртэл манай аав, манай дүү аавын найзууд /Пүрэвсүрэн, / нь хамт архи уугаад байж байсан. Тэгээд намайг ирээд удаагүй байхад эмнэлэгт явж үзүүллээ гээд ээж гараад явсан. Гарч яваад эргэж орж ирээгүй. ...Толгой нь өвдөөд байна гээд байсан. Тэгээд тэсэлгүй эмнэлэг орж ирчихээд ирье гэж яваад эргэж ирээгүй. Толгойгоо хэзээ цохисныг мэдэхгүй байна. Өчигдөр харахад л ямар ч байсан дух нь хавдчихсан байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 46-47 дугаар тал/
Насанд хүрээгүй гэрч Э.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Хагас сайн өдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 12-н ыөдөр цагийг нь санахгүй байна. Өглөө 10 цагийн орчим санагдаж байна. Би эгчийнд орчихоод буцаад гэртээ орж ирэхэд орны хажууд цус гоожчихсон, ээжийн үс нь задгай арзайсан, хамраас нь цус гарсан, баруун нүдний дээд талд хавдсан газар хэвтэж байсан. Ухаантай ухаангүй байсныг нь мэдэхгүй байна. Тэгэхээр нь би ааваас ээж яагаад ийм болчихсон юм бэ гэсэн чинь орж ирэхдээ ийм болчихсон байсан гэж аав хэлсэн. Тэгэхээр нь би буцаж гараад гадаа тоглож байгаад 16 цагийн орчим гэртээ ороход ээж газар хэвтэж л байсан. Тэгээд намайг гэртээ орж ирэхийн өмнө ээжийн найз гэдэг эгч орж ирчихээд найзуудтайгаа эргэж ирнэ гэж хэлээд явсан байсан. эгчийг орж ирэхэд аав ээжийг газраас босгоод ор руу хэвтүүлчихсэн байсан. эгчийг гарсны дараа нойтон алчуураар нүүрийг арчсан. Нойтон алчуураар нүүрийг нь арчиж байхад ээж ёолоод байсан. Үүр нь их хүндүүртэй байх шиг байсан. Ээжийн нүүрний нэг тал нь битүү хавдартай байсан. Ээжийг ор руу хэвтүүлээд ээж унтаад өгсөн. Тэр өдрөө ээж орноос босоогүй. Ээжийг ор руу хэвтүүлчихээд байж байхад эгч манайд хоноод явсан. Тэгээд маргааш нь ээж нүдэн дээрээ нойтон алчуураар жин тавиад яваад байсан. ...13 цагийн орчим ээж гэрээс гараад явсан. Аав хаачих гэж байгаа юм бэ гэхэд нь толгой өвдөөд байна, эмнэлэг явлаа гээд явсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 82 дугаар тал/
Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 14-16 цагийн үед манай нөхөр *******ийн төрсөн эгч манай гэрт орж ирсэн. Тэгээд эгч хашаанд сууж байхдаа архи уугаад байх шиг байсан. Тэгээд манайд 30 минут орчим сууж байгаад гадагшаа гараад 1 цаг орчим байхгүй байж байгаад эргэж орж ирсэн. Тэгээд гаднаас орж ирэхдээ тамхи, толгойны эм авсан байсан. Тэгээд надаар ус хийлгээд толгойны эмээ уугаад унтаад өгсөн. Тэгээд би шөнө 02:50 минутын үед гэрийн гал асаад эхлэхээр нь эгчийг хувцсаа тайлаад унт гэж хэлэх гээд сэрээх гэтэл хөдлөхгүй байсан. Тэгээд нөхрөө дуудсан эгч нас барсан байсан. Нэг нүд нь хөхөрсөн жижиг даавуугаар жин тавьсан орж байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 34-35 дугаар тал/
Гэрч Ш.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг өчигдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр уулзахад зүгээр байсан. ...гараараа толгойгоо бариад доошоо хараад суугаад байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 41 дүгээр тал/
Гэрч Ж.ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед Батбаяр гээд найзынхаа хамт ******* Уурхайчдын 2-342 тоотод *******ын гэрт нь орсон. Бид 2 гэрт нь орох үед *******ын гэрт *******, түүний талийгаач эхнэр, охин, хүү 2 нь байсан. *******, талийгаач 2 согтуу байсан. Талийгаачийн зүүн талын дух нь их том хэмжээтэй хөхөрсөн алчуураар жин тавиад орон дээрээ буруу хараад хэвтэж байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 58 дугаар тал/
Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед манай ач охин Энхжин ийн бага охин тэй тоглохоор ийн гэрт байсан учир ач охиноо харахаар 11 цагийн үед ороход ******* талийгаач нар гэртээ байсан ба ийн царай цонхийгоод цайсан байдалтай шкафнаасаа хувцсаа аваад сольж өмсөөд сууж байсан. Тэгтэл ******* чи хайчих гэж байгаан гээд ээс асуухад би эмнэлэгт үзүүлнэ гээд өмдөө өмсөөд суухаар нь би юм дуугаралгүй гараад яваад өгсөн. Тэгээд 15 цагийн үед *******ын гэрт ийг эмнэлэгтээ үзүүлсэн эсэхийг асуухаар гэрт нь ороход ******* ганцаараа гэртээ хойморынхоо орон дээр сууж байхаар нь танай эхнэр чинь ирээгүй юм уу гэхэд ирээгүй урд ах дүү нарындаа байгаа биздээ гэхээр нь би буцаад гараад яваад өгсөн би ахиж гэрт нь ороогүй. ...ийн гэрт ороход царай нь цонхийгоод нүд нь хөхөрсөн дуу муутай байхаар нь би нөхөр *******аас нь яагаад нүд нь хөхөрсөн юм гэж асуухад ******* наадах чинь согтуу явж байгаад чулуун дээр ойчсон юм гэж хариулсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 71 дүгээр тал/
Гэрч Р.ы мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн үед *******ын гэрээр ганцаараа орсон гэртээ *******, эхнэр бага хүүхдийнхээ хамт байсан. Тухайн үед хоёулаа эрүүл байсан ба талийгаач өрхийн эмнэлэг орно гээд надтай зөрөөд гарсан. Би хэсэг байж байгаад гараад явсан. Эргэж дахиж гэрээр нь очоогүй утсаар холбогдож яриагүй. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр намайг гэртээ байхад 10 цагийн үед *******ын хашааны айл утсаар яриад *******ын эхнэр Нисэхийн хороонд дүүгийндээ өнгөрчихсөн байна гэхээр нь шууд гэрт нь яваад очиход гэрт нь хүнгүй *******ыг аваад явчихсан байсан. Ингээд юу болсон талаар нь асуухад талийгаачид задлан шинжилгээ хийж байна гэхээр нь дүү Янжаатай нь уулзахад урьд шөнө талийгаачийг дүүгийндээ өнгөрсөн гэсэн янз бүрийн юм яриагүй.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 60-61 дүгээр тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 08шэ/11 дүгээр:
“1. Талийгаачийн биед тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа /6х5см 80мл/, толгойн зулай болон дагз хэсгийн хуйхны доторх цус хуралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,
3. Талийгаачийн дээрх гэмтлүүд нь үхэлд хүргэсэн байна.
4. Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас төвийн гаралтай амьсгал-зүрх судас зогсож нас баржээ.
5. Талийгаачийн цусанд 0.9 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтонд хамаарна.
6. Талийгаач нь архины шалтгаант элэгний өөхөн хувирал өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй болно.
7. Талийгаачийн нас барсан хугацааг анхны үзлэгээр тогтооно.
8. Шинээр үүсэн нөхцөл: Талийгаачийн цус нь О /I/ бүлгийн харьяалалтай байна.
9. Талийгаачаас авсан арчдас болон наалдацын шинжилгээнд эр бэлгийн эс болон үрийн шингэн илрээгүй байна.
10. Талийгаач нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.” гэсэн акт,
/хх-ийн 93 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08шэ/126 дугаар:
“1. *******ын биед хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн 1 болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,
/хх-ийн 105 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2566 дугаар:
“1. Хэргийн газраас хураан авсан сэжигтэн Р.*******ын өмсөж байсан гэх хар өнгийн куртик дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь О /I/ бүлгийн харьяалалтай цус байна.
2. Сэжигтэн Р.******* гэж хаягласан цус нь ABO системээр O /I/ бүлгийн харьяалалтай байна.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 109 дүгээр тал/
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 385 дугаар:
“1. Р.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Р.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байна.
3. Р.******* нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Р.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт,
/хх-ийн 124 дүгээр тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 148 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 149 дугаар тал/
*******ны Засаг даргын тодорхойлолт,
/хх-ийн 150 дугаар тал/
Зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэл,
/хх-ийн 151-157 дугаар тал/ зэрэг хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Р.*******д Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.*******ыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн том хүргэн ахдаа гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэснийг тус тус харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин шүүгдэгч Р.*******ын үйлдлээс хохирогч О.ийн амь нас хохирсон хор уршиг гэм хор арилаагүй байх тул шүүгдэгч Р.*******ын өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн ял оногдуулж өгнө үү гэсэн өмгөөллийн үгийг хүлээн авах боломжгүй ба шүүгдэгч Р.******* нь шүүх хуралдаанд эцсийн мэдүүлэг болгон Бүтэн өнчин хоцорч байгаа хүүхдүүдийг хуулийн дагуу асарч хамгаалж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч хэрэв бага насны охин Э.ийн асран хамгаалагчийн талаар маргаан гарвал Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 63, 66 дугаар зүйлийн 63.1.3 66.1 дэх хэсэгт зааснаар асран хамгаалах асуудлыг шийдвэрлүүлэхийг дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Р.*******д 10 жил 01 хоног хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Р.*******д оногдуулсан 10 жил 01 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Р.*******ын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 126 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 63, 66 дугаар зүйлийн 63.1.3, 66.1 дэх хэсэгт зааснаар 10 настай охин Х.т асран хамгаалагч томилохыг Налайх дүүргийн Засаг даргад даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн өвлийн куртик 1 ширхэг, хөх өнгийн өвлийн куртик 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, барьцааны мөнгө үгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.******* нь нэхэмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ
ШҮҮГЧИД Ц.ЦЭЛМЭГ
Д.ЧИНЗОРИГ