Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 127/2023/0013/З |
Дугаар | 221/МА2023/0512 |
Огноо | 2023-08-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2023/0512
Ц.Б-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г
Нэхэмжлэгч Ц.Б
Хариуцагч Хэнтий аймгийн Батноров сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Н, гуравдагч этгээд Э.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна
Хэргийн индекс: 127/2023/0013/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б-гээс Хэнтий аймгийн Батноров сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Батноров сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.5, 35 дугаар зүйлийн 35.1.17, 35.2, 46 дугаар зүйлийн 46.9, 48 дугаар зүйлийн 48.1, 52 дугаар зүйлийн 52.1.2, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хэнтий аймгийн Батноров сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ц.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх шийдвэртээ ямар хууль тогтоомжийг, яаж зөрчсөн асуудал тодорхой бус гэх үндэслэлээр заасан байна. Гэтэл сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал нь хурлынхаа дэгийг зөрчиж, 50%-аас дээш санал болох 27 хүний саналаар гарсан 5 хүн тэнцсэн байтал хурал тарсны дараа 25 хүний саналтай 2 хүн /Д.Б, Н.О/ нарыг, мөн 23 хүний санал авсан С.Б нарын 3 хүнийг нэмж 8 хүн болгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шийдвэрлүүлэхээр уламжилсан болно.
3.2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нийт 8 хүн орсон, эдгээр 8 хүнээс С.Б, Р.П нар хасагдаж О.М, Д.Т, Г.Г, Э.Э, Д.Б, Н.О гэсэн 6 хүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан. Эдгээр хүмүүс бол Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дахь заалтыг зөрчин 2 жил тариалалт эрхэлсэн.
3.3. Мөн сумын газрын даамал Э.З нь Газрын тухай хуулийг ард иргэдэд ойлгуулаагүй. Мөн өөрөө дур мэдэн Г.Г болон бусад иргэдэд газар эзэмшүүлэн координатжуулж, 100 га газар тариалалт хийлгэсэн нь Г.Г-ын мэдүүлэгт байгаа. Энэ үйлдлийг ашиг сонирхлын зөрчилтэй, хүмүүсийг оруулж дараалал тогтоосон.
3.4. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын хууль бус хурлын дарааллыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, энэ хуралдаанд намайг оруулаагүй. Энэ талаар Засаг даргад гомдол гаргасан байгаа. Энэ асуудлыг сайн судлаагүй, Баянбулаг багийн сумын Хурлын гаргасан газар эзэмшихээр дараалсан хүмүүсээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хоёр нь хасагдаж 6 хүнээр тогтоол шийдвэр гарсан.
3.5. Ямар нотлох баримтаар, хэр үндэслэлтэй шийдвэрлэсэн нь тодорхой бус, энэ нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүх тэмдэглэлүүд, протоколууд нь хэрэгт байгаа бөгөөд ямар баримтуудыг үндэслэж байгаа нь тодорхой бус, өөр өөрийн таньдаг хүмүүсийн талаар ярилцаж, шийдвэрлэж байгаа мэтээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болох Н.Н, Д.Б, Н.Э, н.Х, Б нар нь тариаланчдын эрх ашиг болон давуу эрх зөрчигдсөн учир энэ асуудлыг шийдвэрлэхэд саналаа өгөхгүй гэж иргэдийн Хурлаа орхин гарсан байгаа.
3.6. Эдгээр хүмүүсийн 3 жил тасралтгүй ажилласан шалгуурыг, яаж авсан нь тодорхой бус нотлох баримтгүйгээр шийдвэрлэж, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Засгийн газрын 2023 оны 28 дугаар тогтоолоор баталсан журмыг зөрчин давуу эрхээр газар эзэмших миний эрх зөрчигдсөн гэж үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Хэргийг бүхэлд нь хянахад, анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдсонгүй.
2. Нэхэмжлэгчээс “Хэнтий аймгийн Батноров сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргаж маргасан.
3. Маргаан бүхий актыг нэхэмжлэгч эс зөвшөөрч “... багийн иргэдийн Нийтийн Хурал дэгээ зөрчсөн, ногоон тэжээл хандивласан хүмүүст дэмжлэг үзүүлж, давуу байдлаар газар олгосон, ... олонхийн санал авсан ашиг сонирхлыг зөрчилтэй, ... Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг зөрчсөн, ... намайг хурлын зааланд оруулаагүй” гэх зэрэг үндэслэлийг зааж маргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
4. Учир нь хуульд зааснаар бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлан, тариалан, бэлчээр, уст цэгийн хамгаалалт, ашиглалт, зохицуулах нь багийн чиг үүрэгт хамаарах бөгөөд тус сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал нь Д.Т, О.М, Г.Г, Г.З, Э.Э, Д.Б, Н.О, С.Б гэсэн иргэдэд “Төмстийн ар” нэртэй газарт тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэхээр дэмжиж, холбогдох баримтын хамт сумын Засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна” гэж заасныг зөрчөөгүй байна.
5. Тодруулбал, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, бэлчээр, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулж Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар Засаг даргаас бүрэн эрхийн хүрээнд тариалангийн газрыг давуу эрхээр эзэмших хүсэлттэй иргэдийн асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.
6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тус нэр бүхий 8 иргэдийн нэрсэд багтаагүй нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, тэрээр Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам”-ын дагуу тариалангийн газар давуу эрхээр эзэмших хүсэлтээ дахин гаргах эрх нь нээлттэй, энэхүү маргаан бүхий тогтоолоор дахин хүсэлт гаргахыг хязгаарлаагүй байна.
7. Түүнчлэн тухайн тариалангийн газар олгох асуудалд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцохоор ирсэн иргэдийн санал хүсэлтийг сонсоогүй, нэг ч иргэнийг оролцуулаагүй нь хэрэгт авагдсан тайлбаруудаар тогтоогдсон байхад нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд дурдсанаар хариуцагч захиргааны байгууллагыг ашиг сонирхлын зөрчил гаргаж, бусдад ашиг сонирхлын зөрчлөөр тариалангийн газрыг олгосон гэж үзэхгүй.
8. Дээрхээс нөхцөл байдлаас үзвэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох шийдвэрээ гаргахдаа тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална гэсэн ерөнхий дэгийг зөрчсөн гэж үзэхээргүй юм.
9. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахад төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН