Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 402

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч Р.М, хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нарыг оролцуулан “С******* Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Е.Г, Г.Е.Г Р.С нарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “С******* Т” ХХК, 

Хариуцагч: Г.Е.Г

Хариуцагч: Г.Е.Г Р.С

Нэхэмжлэлийн шаардлага: “Г.Е.Г Р.С-ийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “С******* Т” ХХК-ийн улсын хилээр импортоор оруулж байгаа дөрвөн чингэлэг шилэн аягыг оруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, дөрвөн чингэлэг шилэн аягыг гаалийн хилээр нэвтрүүлэхийг даалгах, Гаалийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 01-3/517 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С******* Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ “С******* Т” ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот, Техник импорт дахь гаалийн талбайгаар 4 чингэлэг, 89,536 еврогийн үнэ бүхий С, Т брендийн нэртэй задгай шар айрагны шилэн аягыг оруулж ирсэн.

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаалийн хяналтын бүсэд ажиллаж байсан Г.Е.Г Р.Сшилэн аягыг гаалийн хилээр оруулахаас татгалзсан шийдвэрийг манай компанид мэдэгдсэн. Шийдвэр гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу манай компанид тайлбар, санал гаргах боломж олгоогүй.

Бид уг хариуг эс зөвшөөрч, дээд шатны албан тушаалтан болох Гаалийн ерөнхий газрын даргад 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн AD-cd-07/17 дугаар албан бичгээр хандаж, бидний захиалж хийлгэн авч ирсэн бүтээгдэхүүнийг Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн ба Гаалийн ерөнхий газраас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 01-3/517 дугаар албан бичгээр “... улсын хилээр бараа импортоор оруулж ирсэн шилэн аягыг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Согтууруулах ундааны зар сурталчилгааны материалыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно” гэж заасны дагуу улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй болно ...” гэсэн хариуг өгсөн.

Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасны дагуу дээд шатны байгууллага болох Гаалийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01-3/517 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Хариуцагчийг тодорхойлох тухайд, манай компанийн хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж буй шийдвэрийг Г.Е.Г Р.С гаргасан ч бид шийдвэрийг эс зөвшөөрч Гаалийн ерөнхий газрын даргад хандаж, хариу авахад мөн адил улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзсан.

Түүнчлэн гаалийн улсын байцаагч нь захиргааны албан тушаалтан ч Гаалийн ерөнхий газрыг төлөөлөн шийдвэр гаргаж байгаа тул бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасны дагуу Гаалийн ерөнхий газрыг хариуцагчаар тодорхойлж байгаа болно.

Гаалийн ерөнхий газрын тус шийдвэрийг манай “С******* Т” ХХК дараах үндэслэлээр бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэгдүгээрт, “С******* Т” ХХК нь тухайн шилэн аягыг нэр бүхий компаниудын нэгдлийн аянд зориулан дотоодын хэрэгцээнд ашиглах зорилгоор импортоор нэвтрүүлж байгаа.

“А” ХХК болон “Э И” ХХК нь 2017 оноос нэгдэх ажлыг эхлүүлж, албан ёсоор Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “А” ХХК-д “Э И” ХХК-ийг нэгтгэхийг зөвшөөрөх тухай 224 дүгээр тогтоолоор нэгдсэн билээ.

Тус нэгдлийн дараа “С*******” ХХК, “С******* Т” ХХК, “М Б С” ХХК, “У с” ХХК, “Н а” ХХК-иуд нь “А” ХХК-ийн охин компани болж өргөжсөн ба тус тусдаа бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг компаниуд нэгдсэнтэй холбогдуулан борлуулалт, түгээлтийн зардлаа хэмнэх, түгээлтийн нэгдсэн системд оруулах зайлшгүй шаардлага гарч “А” ХХК-ийн борлуулалт, маркетинг хариуцсан “С******* Т” ХХК болон “А т” ХХК-ийн хоёр талын гүйцэтгэх захирлын хамтарсан тушаалаар шинэ тогтолцоонд шилжүүлэх төлөвлөгөөг баталж, дээрх компаниудыг хамтран ажиллах гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэхийг даалгасан байдаг.

Уг тушаалын дагуу “С******* Т” ХХК, “А т” ХХК-иуд нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр С*******Т-18/52 дугаартай Дахин төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, нэгдлийн оролцогчдын бүтээгдэхүүний борлуулалтын түгээлтийн тогтолцоог шинэчлэх, бид дотоодын үйл ажиллагаандаа өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг зоогийн газар, ресторандаа зориулж төслийг хэрэгжүүлэх зэрэг 1-1.5 жилийн хугацаанд хэрэгжих цогц үйл ажиллагааг зохион байгуулж байгаа ба энэхүү аяны хүрээнд импортоор оруулж ирсэн шилэн аягуудыг хүлээн авалт /хүндэтгэлийн ёслол/, арга хэмжээнд ашиглах зорилгоор оруулж ирж байгаа болно.

Өөрөөр хэлбэл бусдад худалдах, зарж борлуулах, түгээх, зар сурталчилгаа хийх зорилгогүй, зөвхөн компанийн дотоод хүрээнд ашиглахаар оруулж ирж байгаа.

Гэтэл гаалийн байгууллага шилэн аягыг гаалийн хилээр оруулахаас татгалзсантай холбогдуулан энэхүү аян нь цаг хугацаандаа хэрэгжиж эхлээгүй, “С******* Т” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд хүндрэл учруулж байна.

Хоёрдугаарт, Гаалийн ерөнхий газраас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан. Бид шилэн аягуудыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах, таниулах, уриалан дуудах үйл ажиллагаанд огт ашиглахгүй гэдгээ шаардлагатай бол компанийн албан тоотоор баталгаа гаргаж өгнө. Тиймээс бид шилэн аягуудыг зар сурталчилгааны материал биш гэж үзэж байгаа.

Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг хэлэхээр заажээ.

Зар сурталчилгааны зорилго нь тухайн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх байдаг. Шилэн аяга нь шингэн хүнс хэрэглэхэд зориулагдсан бүтээгдэхүүн ба тухайн шилэн аяганы гадаргууд лого байрласнаар доторх шингэн хүнсний зах зээлийн эрэлт нэмэгдэх ямар ч үндэслэл байхгүй.

Гаалийн байгууллага нь зар сурталчилгааны зорилгогүй, дотоодын үйл ажиллагаанд зориулан импортоор оруулж ирж байгаа бүтээгдэхүүнийг гаалийн хилээр нэвтрүүлэхээс татгалзсан нь Гаалийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Гаалийн тухай хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр чөлөөтэй нэвтрүүлэх манай компанийн эрхийг зөрчиж байна.

Иймд Гаалийн ерөнхий газраас манай компанийн гаалийн хилээр нэвтрүүлж буй 4 чингэлэг шилэн аягыг гаалийн хилээр нэвтрүүлэхээс татгалзсан шийдвэр нь үндэслэлгүй бөгөөд манай компанийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, 4 чингэлэг шилэн аягыг гаалийн хилээр нэвтрүүлэхийг Г.Е.Гт даалгаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч “С******* Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “... иймд Гаалийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01-3/517 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ “С******* Т” ХХК нь тус компанийн улсын хилээр импортоор улсын хилээр оруулж ирсэн 4 чингэлэг шилэн аягыг оруулж ирэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, 4 чингэлэг шилэн аягыг гаалийн хилээр нэвтрүүлэхийг даалгах талаар нэхэмжлэлд дурдсан байна.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Согтууруулах ундааны зар сурталчилгааны материалыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.”, Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “зар сурталчилгаа гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид “бүтээгдэхүүн” гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг” гэж тус тус заажээ.

Дээрх хуулиудыг үндэслэн Гаалийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01-3/517 дугаартай албан бичгээр “4 чингэлэг шилэн аягыг улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй” гэсэн хариуг хүргүүлж байсан.

Иймээс “С******* Т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн авах боломжгүйг илэрхийлэхийн хамт 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдөр өгсөн хариу тайлбараа дэмжиж байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.Е.Г Р.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус компани нь 2018 оны 02 дугаар сард нийт 4 чингэлэг шилэн аяга гэх барааг гаалийн хилээр оруулж ирэн Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналтад оруулсан. Тус бүтээгдэхүүнд гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр хандахад тухайн бараа нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан бараа байх тул гаалийн хилээр нэвтрүүлэх боломжгүй гэсэн хариуг өгч байсан. 

Гаалийн байгууллагын зүгээс тухайн барааг согтууруулах ундааг сурталчилсан бүтээгдэхүүн гэж үзэж байгаа болно.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С******* Т” ХХК-иас “Г.Е.Г Р.Сийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “С******* Т” ХХК-ийн улсын хилээр импортоор оруулж байгаа дөрвөн чингэлэг шилэн аягыг оруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, дөрвөн чингэлэг шилэн аягыг гаалийн хилээр нэвтрүүлэхийг даалгах, Гаалийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 01-3/517 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсны хүрээнд шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт болон бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хүлээн авахаас татгалзаж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 “Гаалийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 01-3/517  дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан. Ийнхүү захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу  дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлсний дараагаар гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн зохицуулалттай. 

Гаалийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 01-3/517 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг нь нэхэмжлэгчээс Г.Е.Г Р.С ийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “С******* Т” ХХК-ийн улсын хилээр импортоор оруулж байгаа дөрвөн чингэлэг шилэн аягыг оруулахаас татгалзсан шийдвэрт дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргасны дагуу Гаалийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга С.О ээс өгсөн хариу байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Р.С ийн өөрт хуулиар тусгайлан олгогдсон эрх үүргийнхээ хувьд “С******* Т” ХХК-ийн улсын хилээр импортоор оруулж байгаа дөрвөн чингэлэг шилэн аягыг оруулахаас татгалзсан шийдвэрт нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх журмаар дээд шатны байгууллагад гомдол гаргасан байна. 

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд хандахаас өмнө Г.Е.Г Р.С ийн гаргасан шийдвэрт тухайн дээд шатны захиргааны  байгууллагад хандсанаар авсан Гаалийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 01-3/517 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг нь захиргааны актын эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинжийг агуулаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”  үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

“Г.Е.Г Р.С ийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “С******* Т” ХХК-ийн улсын хилээр импортоор оруулж байгаа дөрвөн чингэлэг шилэн аягыг оруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, дөрвөн чингэлэг шилэн аягыг гаалийн хилээр нэвтрүүлэхийг даалгах” шаардлагын тухайд. 

Нэхэмжлэгчээс “С******* Т” ХХК, “А т” ХХК-иуд нь “Дахин төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ” байгуулж, бүтээгдэхүүний борлуулалтын түгээлтийн тогтолцоог шинэчлэх, дотоодын үйл ажиллагаандаа өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг зоогийн газар, ресторандаа зориулж төслийг хэрэгжүүлэх цогц үйл ажиллагааны хүрээнд импортоор оруулж ирсэн шилэн аягуудыг хүлээн авалт /хүндэтгэлийн ёслол/, арга хэмжээнд ашиглах зорилгоор оруулах гэж байгаа нь эдгээр шилэн аягыг бусдад худалдах, зарж борлуулах, түгээх, зар сурталчилгаа хийх зорилгогүй гэж, хариуцагч Г.Е.Г Р.С ээс “...тус бүтээгдэхүүнд гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр хандахад тухайн бараа нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан бараа байх тул гаалийн хилээр нэвтрүүлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн, ... тухайн барааг согтууруулах ундааг сурталчилсан бүтээгдэхүүн гэж үзэж байгаа болно” гэх хариу тайлбарыг хийсэн. 

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т  “Согтууруулах ундааны зар сурталчилгааны материалыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно” гэж,  Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг” гэж тус тус заасан ч  “согтууруулах ундааны зар сурталчилгааны материал”, “бусад хэлбэрээр түгээсэн мэдээлэл” гэдэгт чухам юуг хамааруулж ойлгох талаар нарийвчлан зохицуулаагүй байна. Харин Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Дараахь хэлбэрээр согтууруулах ундаа сурталчлахыг хориглоно”, 9.2.1-д “согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернет, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах”, 9.2.5-д “Эд бараа, хувцас, хэрэглээний зүйлд согтууруулах ундаа болон согтууруулах ундааны зураг, нэр, тэмдэг хэрэглэх” гэж заасан нь согтууруулах ундааг сурталчлахыг хориглосон заалт байна. Мөн энэхүү хуулийн заалт нь хариуцагч Г.Е.Г Р.С ийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “С******* Т” ХХК-ийн улсын хилээр импортоор оруулж байгаа дөрвөн чингэлэг шилэн аягыг оруулахаас татгалзсан шийдвэрийн хууль зүйн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.    

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд согтууруулах ундааны зар сурталчилгааны материалыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон боловч  тухайн дөрвөн чингэлэг шилэн аяга нь согтууруулах ундааны зар сурталчилгааны материал мөн эсэх, хэрэв мөн гэж үзвэл дөрвөн чингэлэг шилэн аяга бүгд юм уу,  эсхүл зарим нь юм уу гэсэн маргааны үйл баримтыг хариуцагчаас сайтар нягталж тогтоолгүйгээр дөрвөн чингэлэг шилэн аягыг нийтэд нь оруулахаас татгалзсан нь  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ гэж шүүх дүгнэв. Учир нь  барааг дагалдсан төлбөрийн нэхэмжлэлд дээрх дөрвөн чингэлэгт ачигдаж ирсэн нийт 8 төрлийн шилэн аяганы нэр төрөл, тоо хэмжээ, нэгжийн үнэ, мөнгөн дүнг тодорхой заасан байх бөгөөд нийт 8.086 ширхэг /барааны дугаар 10*******, бали 300 мл/0/4-с Марк /АО/ 10.430,94 евро үнэ бүхий шилэн аяга нь ямар нэгэн согтууруулах ундааны лого бичиглэлгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ний өдөр Улаанбаатар хотын Гаалийн хяналтын талбайд байх “С******* Т” ХХК-ийн дөрвөн чингэлэг шилэн аяганы төрөл тус бүрээс авсан шилэн аяганы дээжээр нотлогдож байна. 

Дээрх дөрвөн чингэлгийг дагалдсан төлбөрийн нэхэмжлэлд нийт 8 төрлийн шилэн аяганы 1 төрөл нь ямар нэгэн согтууруулах ундааны лого бичиггүй, 2 төрөл нь “С *******” бичигтэй  О,33 мл, 0.5 мл хэмжээтэй, 4 төрөл нь “С” бичигтэй 0.3 мл, 0.33 мл, 0.5 мл хэмжээтэй, үлдсэн 1 төрөл нь “Т” бичигтэй 0.5 мл хэмжээтэй НӨАТ ороогүй дүнгээр нийт 89.535,61 евро үнэ бүхий бараа байна. 

Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “...тус компани нь өөрийнх нь бүтээгдэхүүнийг борлуулдаг ресторан, бар үйлчилгээний газруудад олон улсын үйлчилгээний соёл, жишигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой, өмнө нь дотооддоо захиалж хийлгэсэн шилэн аяганууд нь чанар муутай, бичиг нь хурдан арилдаг учраас гадаадад захиалгаар хийлгэсэн, дотооддоо захиалсан үлдэгдэл аягануудыг одоо ч хэрэглэж байгаа, ...”С *******” бичигтэй шилэн аяга нь согтууруулах ундаанд хамаарахгүй ”С р” ундааг хийж хэрэглэгчиддээ үйлчлэх зорилгоор захиалсан, ... аль ч улс оронд шар айргийг тухайн шар айрагны лого бүхий аяганд хийж үйлчилдэг, жишээ нь нэг ширээнд үйлчлүүлж буй хүмүүс янз бүрийн төрлийн шар айраг захиалахад бүгд ижилхэн шар өнгөтэй учраас тухайн захиалсан шар айрагны лого, нэр бүхий бичигтэй аяганд хийж үйлчлэх нь хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн үйлчилгээний соёл ...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч  шар айрагны лого, нэр бүхий бичигтэй дотооддоо захиалж хийлгэсэн аяганд одоо ч шар айраг хийж үйлчилж байгаа бол яагаад гадаадад захиалсан аяганд өөрсдийн бүтээгдэхүүн болох шар айргаа хийж үйлчлэхийг согтууруулах ундааны зар сурталчилгаа гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад хуулиар нарийвчлан зохицуулаагүйгээс ойлголтын асуудал гарч байгааг үгүйсгэхгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд хийсэн. 

Мөн  Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна” гэж заасан бөгөөд “С р” шар айраг нь 1,9% хувийн спиртийн агууламжтай болох нь тус компанийн бараа бүтээгдэхүүнийг үзүүлсэн цахим хуудас болон худалдаанд ямар нэгэн насны хязгаарлалтгүй борлуулагддаг тул  энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагчаас тухайн дөрвөн чингэлгийг нэвтрүүлэхээс татгалзсан шийдвэр гаргахдаа төлбөрийн нэхэмжлэлд хэдэн төрлийн ямар барааг ямар зориулалттай оруулах гэж байгааг нягталж тогтоогоогүй байна. 

 Энэ нь Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд энэ хуульд заасан журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ”, 24.2-т “Бараа илгээх, хүлээн авах болон барааны гарал үүслийн улсаас үл хамааран гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн бүрдүүлэлт хийнэ” гэж заасныг зөрчжээ гэж шүүх дүгнэв.

Иймд Г.Е.Г Р.С ийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “С******* Т” ХХК-ийн улсын хилээр импортоор оруулж байгаа дөрвөн чингэлэг шилэн аягыг нийтэд нь оруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн дөрвөн чингэлэг барааны төрөл, ангиллыг түүнийг дагалдсан барааны нэхэмжлэлд заагдсаны дагуу сайтар нягталж, улсын хилээр нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх ажиллагааг холбогдох хууль журмын дагуу хяналт тавьж хэрэгжүүлэхийг хариуцагчид даалган шийдвэрлэв.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2,    Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт  заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “С******* Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Г.Е.Г Р.С-ийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “С******* Т” ХХК-ийн улсын хилээр импортоор оруулж байгаа дөрвөн чингэлэг шилэн аягыг нийтэд нь оруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, дөрвөн чингэлэг шилэн аяганы төрөл, ангиллыг түүнийг дагалдсан барааны нэхэмжлэлд заагдсаны дагуу сайтар нягталж, улсын хилээр нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх ажиллагааг холбогдох хууль журмын дагуу хяналт тавьж хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн үлдэх “Гаалийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 01-3/517 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Е.Г Р.С ээс 70.200 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч “С******* Т” ХХК-д олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Н.Д