Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/213

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Нийн Дид холбогдох эрүүгийн 2138000000254 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                     

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Дийг хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа  хүлээн  зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Н.Дийг 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Дтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний гуянд хутгаар шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирол төлсөн, улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч тохиролцсон гэжээ.

Эрүүгийн 2138000000254 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Д нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Дтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хутгаар түүний  зүүн гуян тус газар хутгалж, зүүн гуянд шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Хохирогч Ц.Дгийн өгсөн: “Би 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Д эхнэртэйгээ Тариалан сумын төв орчоод ирсэн тэгээд ирэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Д 1 шил архи гаргаж ирээд Чын хамт хувааж уусан. Би архинаас нь нууцаар уучихсан юм. Тэгээд Д Чтай барилдах болоод боссон тэгээд Д ах Ч ахад унахаар нь би инээсэн чинь юундаа инээгээд байгаа юм бэ тийм овоо юм бол босоод ир гэхээр нь би босоод барилдсан тэгэх үед Ч ах яваад өгсөн. Тэгээд би Д ахад унсан. Тэгээд байж байсан чинь яах гээд томроод байгаан гээд ирэхээр нь би Д ахыг цааш нь түлхсэн чинь унаж босч ирээд гэрт ороод бор иштэй хутга гаргаж ирээд миний зүүн гуян тус газар хутгалах болсон. Тэгээд би сумын эрүүл мэндийн газар ирэх болсон...” гэх мэдүүлэг /хх 16 тал/,

Гэрч Ц. Бын өгсөн: “Би 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Д ах Тариалан сумын төв эхнэрийн хамт орсон. Тэгээд буцаад гарж ирэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн. .. Ч ах Д ахтай барилдаад Д ах газар унасан чинь Д ах газар унасан. Тэгтэл Д ах Д ах руу уурлах болсон. Тэгээд Д ах Д ахыг чи тийм овоо юм бол хоёулаа барилдья босоод ир гэж хэлээд хоорондоо барилдаж Д ах газар унасан. Д ах уурлах үед Д ах түлхсэн чинь Д ах газар унаад босч ирээд гэрлүү гүйж ороод бор иштэй хутга гаргаж ирээд зүүн гуян тус газар нь хутгалж  бид нар Д ахыг эмнэлэгт хүргэх болсон...” гэх мэдүүлэг /хх 21-22 тал/,

Шүүгдэгч Н. Дийн гэрчээр өгсөн...” 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр би Тариалан сумын төв ороод буцаад гэртээ ирсэн. Би төвөөс авч ирсэн архи О Ч бид нар хамт уусан. Би Чтай хамт барилдах болоод би газар унасан чинь Д намайг унасан гэж шоолж инээхээр нь би уурлаж босоод ир барилдах уу гэхэд Д тэгье гэж хэлээд бид хоёр барилдаж би Дийг газар унагаасан. Би Дг зодолдох уу гэхэд үгүй гэж хэлсэн. Тэгээд би барилцаад авсан чинь би дийлэхгүй болохоор Огийн гэр лүү гүйж ороод модон иштэй хутга байсан... Зүүн гуян тус газар нь хутгалсан.” гэх мэдүүлэг /хх 25-26 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 317 дугаартай: “Ц.Дгийн биед зүүн гуянд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Ц.Дгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 30 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай /хх 10 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Дийн яллагдагчаар өгсөн: “...Тэгээд би уурлаад очсон чинь Д нь намайг түлхэж унагаахаар нь би уурлаж гэр рүү ороод гарч ирээд Дг хутгалах болсон...” гэх мэдүүлэг /хх 38 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Дий биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Дийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.Дийн үйлдэл идэвхтэй, хохирогч Ц.Дий бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Н.Дийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Д нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Дтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хутгаар түүний  зүүн гуян тус газар хутгалж, зүүн гуянд шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Дийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ц.Д нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Н.Д, хохирогч Ц.Д нар нь “2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “гомдол саналгүй” гэх эвлэрлийн гэрээ байгуулан хэрэгт хавсаргаж /хх 46 тал/ ирүүлсэн байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Н.Дийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 41-45 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг  дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 141 дугаартай  шийтгэх тогтоол, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.Д нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.  

Шүүгдэгч Н.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 114 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Дийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Н.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Нийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Нийн Дийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дид оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН