Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 353

 

 

 2017 оны 06 сарын 16 өдөр

     Дугаар 156/ШШ2017/00353

                      Хэнтий аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          156/2017/00259/И

     Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

     Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн, “Ундарга” дэлгүүрийн байранд оршин суух, Хатиган овгт Ваанчиграгчаагийн Баасанжав (РД:СЭ-76012310)-д холбогдох,

     Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүү, алдангийн 8 009 146 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: В.Баасанжав нь 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, 0.25 хувийн хүүтэйгээр 05 тоот гэрээ байгуулж авсан юм. Тухайн зээлийг зээлийн гэрээнд зааснаар сар бүр төлж 2016 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээл, 459 000 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас графикт хугацаанд төлөхгүй 7 505 600 төгрөгийн зээл, 503 546 төгрөгийн алдангийн хугацаа хэтрүүлээд байна.

Иймд иргэн В.Баасанжаваас төрийн мөнгө болох 7 505 600 төгрөгийн зээл, 503 546 төгрөгийн хүү, 300 224 төгрөгийн алданги, нийт 8 009 146 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал )     

Хариуцагч В.Баасанжав нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би “Сум хөгжүүлэх сан”-гаас нэхэмжилсэн 8 009 146 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэгт шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 19 тал) 

 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Нэхэмжлэгч  Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан” нь хариуцагч В.Баасанжаваас “зээл, зээлийн хүү, алдангийн 8 009 146 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч В.Баасанжав нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн “зээл, зээлийн хүү, алдангийн нийт 8 009 146 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч  В.Баасанжавд  холбогдох, Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүү, алдангийн 8 009 146 төгрөгийг гаргуулах”  тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч В.Баасанжаваас 71 548 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

 

 

ШҮҮГЧ                                    Л.ЦЭРЭНДУЛАМ