| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0194/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/214 |
| Огноо | 2021-08-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уянга,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Шүүгдэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Ч, Б.П нарт холбогдох эрүүгийн 2138000000242 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.П нь архидан согтуурсан үедээ 2021 оны 07 дугаар сарын 04-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 18-18 тоотод оршин суух хаягтай Б.Жын гэрийн гадна С.Мийг үл ялих зүйлээр шаптаглан нүүр лүү нь удаа дараа гараараа цохиж, улмаар С.Мийг Ц.Чтай бүлэглэн С.Мийг машинаар авч явж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үл ялиг зүйлээр шалтаглан машинаас буулгаж нүүрэн тус газарт нь 2-3 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пгийн өгсөн: 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Ц.Чын төрсөн өдөр байсан ба бид хоёр манайд пиво уугаад сууж байтал н.Ж залгаад хүрээд ир гэхээр нь очтол н.Ж н.Мийн хамт уугаад сууж байсан. Гэрт байхдаа Ц.Ч н.Мийн хөл рүү санамсаргүй хоёр гурван удаа өшиглөсөн гэсэн.Түүнийг нь харсан н.Ж хөл муутай хүн шүү дээ яах гэж өшиглөөд байгаа юм бэ? гээд н.Ж Ц.Ч хоёр муудалцаж эхэлсэн. Миний буруу. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Чын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг болон эрүүгийн 2138000000242 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Ц.Ч нь архидан согтуурсан үедээ 2021 оны 07 дугаар сарын 04-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 18-18 тоотод Б.Жын гэрт хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар Зийг цохих үед урдуур нь орсон Б.Жын баруун нүдэнд гараараа 1 удаа, мөн Б.Жыг хүн өмөөрлөө гэх шалтгаанаар модон сандлаар нуруун тус газар 1 удаа тус тус цохиж, гэрт байсан тогоог Б.Ж руу шидэж дух хэсэгт нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч Б.Птэй бүлэглэн хохирогч Б.Жын гэрийн гаднаас хохирогч С.Мийг машинд суулган авч явахдаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн буруутай үйлдлээс машиныхаа купер гэрлийг хагалсандаа С.Мийг буруутгаж машинаас чирж буулган нүүр рүү нь удаа дараа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.П нь архидан согтуурсан үедээ 2021 оны 07 дугаар сарын 04-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 18-18 тоотод оршин суух хаягтай Б.Жын гэрийн гадна С.Мийг “намайг сая таягаар цохидог хэн бэ? чи юу ” гэж үл ялих зүйлээр шаптаглан нүүр лүү нь удаа дараа гараараа цохиж, улмаар С.Мийг Ц.Чтай бүлэглэн С.Мийг машинаар авч явж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үл ялиг зүйлээр шалтаглан машинаас буулгаж үснээс нь зулгаан нүүрэн тус газарт нь 3-4 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч С.Мий өгсөн: ”...2021 оны 07 дугаар сарын 04-нд хамаатны ах болох Жтай цуг гэрт нь пиво уугаад сууж байхад гаднаас миний танихгүй 2 залуу орж ирсэн. Ж ахын он жавууд гэсэн. Тэгээд Ч гэдэг залуу миний өвчтэй хөл рүү санамсаргүй 2 удаа өшиглөсөн. Би тэр Ч гэдэг залууд миний хөл бэртэлтэй гээд үзүүлтэл Ч нь Ж ах дээр очоод худпаа жүжиглээд байна гэсэн. ... Удалгүй манай дүү ирээд намайг авсан. ... Манай дүү Ж ахын гэрт ороод буцаж гарж ирэхдээ Ч гэдэг жижигхэн залууд нь цохиулсан юм шиг байсан. Тэгээд зөрүүлээд таягаар цохичихлоо гэж хэлсээр гарж ирсэн. .. Би тухайн үед Ж ахын гадаа ирээд дүүдээ хандаж таягтай хүнийг арай зодохгүй байх гэж хэлээд дүүгээ машиндаа үлдээгээд Ж ахын гэрт нь орох гэтэл миний урдаас Ч, Пүүскээ хоёр хоёулаа гараад ирсэн. Тухайн үед Ж ахын гэрийн гадаа ирэхэд Ж ахын гэрт дотор хүмүүс маргалдаж байгаа чимээ сонсогдож байсан. Тэгээд Ч нь дүүгийн машин луу тоосго шидэх гээд гүйхэд нь манай дүү машинаа унаад зугтсан. Харин Пүүскээ нь саяны таягаар цохидог хэн бэ чи юу гээд намайг газар унгааж байгаад миний нүүр хэсэг рүү 5-6 удаа цохисон. Намайг цохиж дууссаны дараа Ч нь надад цагдаа дээр очъё надаа цагдаа дээр танил байгаа бас шүүх дээр хүртэл танил байгаа чи л гай болно шүү машинд суу явъя гэж хэлээд Ч, Пүүскээ хоёр намайг сугадаад машиныхаа арын суудал дээр суулгасан. Ч нь машин барьсан байхаа Ж ахын гэрээс нэг гудамж хэрээтэй явж байснаа замын ховил руу ороод купер их гэрлээ хагалсан. Тэгснээ намайг машинаас буулгаад Ч нь чи миний машиныг эвдчихлээ чамаар төлүүлнэ гээд миний нүүр лүү 2-3 удаа өшиглөсөн. Чыг өшиглөсний дараа Пүүскээ нь намайг үсдэжаваад мишлй нүүр лүү гараа атгаж байгаад 3-4 удаа цохисон. Тухайн үед би тэр хоёроос битгий зодооч гэж гуйж байсан. Тэгж байснаа нөгөө хагарсан купер их гэрлээ машиндаа хийгээд намайг бас машиндаа суулгаад буцаад Ж ахын гадаа ирсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 20-21 тал/,
Хохирогч Б.Жын өгсөн: “... 2021 оны 07 сарын 04-нд оройны 22 цаг болж байхад манай хамаатны дүү Мэ манай гэрт ирээд тэгээд бид хоёр манай гэрт байсан Сэнгүр нэртэй том савлагаатай 1 том пиво уугаад 2 дахь пивыг нь талд нь оруулсан. ... Удалгүй манай найз П нь надтай цуг цэрэгт алба хааж байсан Ч гэх залуутай хүрээд ирсэн. Тэгээд би Ч, П нартай ойр зуурын юм ярьж сууж байхад Ч нь Мийн өвчтэй хөл рүү нь 2 удаа өшиглөх шиг болсон. ... Мэ нь Чад өшиглүүлсний дараа өвчтэй хөл шүү гэж хэлэхэд нь Ч нь битгий худпаа яриад бай гэхээр нь Мэ нь өвчтэй хөлийнхөө боолтыг аваад Чад харуулсан. Тэгээд жоохон маргаан болох маягтай болох гээд байхаар нь Мэ нь дүү Зийг дуудсан. ...хашааны гадаа гарахад Зэ нь Мийг машинд суулгах гэж байхад Ч нь Зийн зүүн нүдний тушаа нь 1 удаа гараараа цохисон. ... Тэгэхээр нь Чыг Зээс салгаад байж байтал Ч нь буцаад Зэ лүү гараа далайгаад гүйгээд ирсэн. Тэгэхэд нь би Зийн урдуур нь ороход Ч миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Чыг түлхээд байж байтал Зэ нь Пгийн араас нуруу нь таягаар нэг удаа цохисон. Цохиулсныхаа дараа П нь ах нь танай ахыг яаагаачгүй гэхэд Зэ нь өө заа уучлаарай андуураад цохичихлоо гээд гар бариад салсан. Тэгээд Зэ, Мэ яваад өгсөн. Би ч П, Ч хоёрыг аваад гэр лүүгээ орсон. Гэрт орсны дараа Ч нь саяны тагтай залууг чи өмөөрлөө тэр чинь хэн юм гээд гэрт байсан модон сандал аваад миний нуруу хэсэг рүү нэг удаа цохисон. ...Чаас салаад байж байхад П нь саяны таягтай залуу танай хамаатан юм уу гэхэд тийн гээд хариулаад байж байтал Ч нь манай гэрт байсан тогоо аваад над руу шидсэн. Тэр тогоо нь миний зүүн талын дух хэсгийг оносон. Тэгэхэд П нь Чыг аваад манай гэрээс аваад гарсан. ...Тэгээд би урд талынхаа айл руу ороод цагдаа дуудсан. Цагдаа ирээд Чыг аваад явсан. Тэгээд Мэ, Зэ бид гурав манай гэрт ороод унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,
Хохирогч С.Мэ гэрчээр өгсөн: “... 2021 оны 07 сарын 04-ний оройны 21 цагийн үед 10-18-18 тоотод байх үеэл ах Ж ахындаа очсон. Тэгээд очоод Ж ахтай цуг хөргөгчид нь байсан 2 том пиво уухаар болоод суусан. ..Тухайн үед би сандал дээр өвчтэй хөлөө жийгээд сууж байтал жижигхэн биетэй залуу хажуугаар явахдаа миний өвчтэй хөл рүү өшиглөсөн. Би тэр ирсэн 2 залууг танихгүй. Харин манай ах Ж л танина. Анх тэр жижигхэн залуу өшиглөхөд нь би санамсаргүй өшиглөх шиг боллоо гэж бодоод хөлийнхөө шархыг үзүүлтэл аан за за гээд жоохон цаашаа явж байснаа нөгөө цуг ирсэн найз дээрээ очоод наад чинь худлаа жүжиглээд байна наад чинь зүгээр хөлтэй хүн байна гэж хоорондоо ярьцгаагаад байсан. ... манай дүү Зэ хүрээд ирэхээр нь би Ж ахынхаасаа гараад машиндаа суугаад ахынх нь хөл гар луу өшиглөөд байна яриа нийлэхгүй юм байна 13-р хороонд байдаг эгчийндээ очъё гэж хэлтэл манай дүү би Ж ахтай очоод уулзаад ирье гээд машинаас миний өрөөсөн таягийг аваад буусан. . явъя гээд машиндаа суугаад явж байхад миний өрөөсөн таяг байхгүй байсан. Тэгэхээр нь би дүүдээ хандаж миний таягийг авахад яадаг юм бэ буцаж очиж таягаа авъя гэж хэлээд буцаад Ж ахындаа очсон. ...Ж ахын гэр лүү нь орох гээд хашаа руу нь орох гэж байхад урдаас нөгөө 2 залуу гараад ирсэн. Тэр 2 залуу гарч ирснээ миний машин руу чулуу шидэх гээд байхаар нь манай дүү миний машиныг унаад зугтаад яваад өгсөн. Тэгээд арай ч намайг зодохгүй байх гээд хашааны гадаа сууж байхад тэр хоёр залуугийн арай махлаг нь намайг үсдэж аваад миний нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад нэлээн олон удаа цохисон. Яг хэдэн удаа цохисон гэдгийг нь би санахгүй байна. Харин нөгөө жижиг биетэй залуу нь миний нүүр лүү гүйж ирээд өшиглөөд байсан. Бас хэдэн удаа өшиглөсөн гэдгийг нь би санахгүй байна. Тэгээд би Ж ахыг гараад ирэхгүй юм байхдаа гэж бодоод байж байхад нөгөө 2 залуу намайг машиндаа суулгаад цагдаа дээр очно гээд яваад өгсөн юм. Нэг гудамж гараад явж байгаад замын ховил мөргөөд машиныхаа куперийг салгаад унгаачих шиг болсон. Тэгснээ нөгөө 2 залуу машинаасаа бууж куперээ харж байснаа намайг машинаасаа чирээд буулгаснаа махлаг залуу нь би цагдаад танилтай шүүхэд танилтай би чамайг зодсон ч гэсэн чи хэн ч биш гэсэн. Тухайн үед махлаг залуугийн зүүн гар нь шалбарсан байсан. Тэгээд тэр махлаг залуу намайг мэсээр зүссэн байна гээд миний нүүр хэсэг хүү дахиад гараа атгаж байгаад цохиод байсан. Бас хэдэн удаа цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд байж байтал нөгөө жижипхэн залуу нь машины купер эвдэлсэн байна чамаар төлүүлнэ гээд миний нүүр хэсэг рүү нэлээн хэдэн удаа өшиглөсөн. Намайг тэр 2 залуу нэлээн зодож байснаа машиндаа буцаж суулгаад буцаад Ж ахын гадаа ирсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
Хохирогч Б.Жын гэрчээр өгсөн: “...би Мэтэй ойр зуурын юм ярьж сууж байгаад хөргөгчид байсан Сэнгүр нэртэй том савлагаатай пиво гаргаж ирээд Мэтэй хувааж уусан. ...П нь манай цэрэгт цуг алба хааж байсан Ч гэх залуутай цуг хүрээд ирсэн. ... Тухайн үед пиво ууж байхад Ч нь Мийн урдаас нь хараад сууж байсан. Тэгж байснаа Ч нь Мийн хөл рүү 2 удаа өшиглөсөн. Тэгэхэд Мэ нь битгий намайг өшиглөөрэй би хөл муутай гэхэд Ч нь худлаа баашлаад байгаарай гэж хэлсэн. Тэгж хэлэхэд нь Мэ нь Чад хөлийнхөө шархыг үзүүлсэн.. Зэ нь Мийг машинд суулгах гээд түшээд оруулж байсан. Яг Мийг оруулж байх үед Ч нь Зийн зүүн талын нүдний орчимд гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд нь би хөөе боль хөл муутай хүн харих гэж байна гэхэд Ч нь надад чи байж бай юунд нь өмөөрөөд байгаа юм гэж хэлж байсан. Тэгэхэд нь би наад чинь хөл муутай хүн гэсэн чинь Ч дахиад Зийг цохих гээд далайгаад гүйсэн. Тэгэх үед би Зийн урдуур нь ороход Ч нь миний баруун талын нүд рүү гараараа цохисон. ... Тэгээд П, Ч бид гурав манайд орсны дараа Ч нь надад саяны таягтай хүн чиний юу юм чи яагаад өмөөрөөд байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай хамаатны хүүхэд байгаа юм манайд уг нь хонох гэж ирсэн юм гэж хариулсан. Тэгэхэд Ч нь чи битгий өмөөрөөд бай гэж хэлээд шалан дээр ягаан өнгийн модон сандал аваад миний нуруу луу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Чыг түлхээд хоорондоо барьцалдаж аваад байж байхад П нь бид хоёрыг салгасан. ... Ч нь манай гэрийн тогоог аваад миний толгой руу шидсэн. Тэр тогой нь миний дух хэсгийг оносон...” гэх мэдүүлэг / хх-ийн 33-34 тал/,
Гэрч Б.Зий өгсөн: “... Ж ахындаа гэрийн гадаа ирэхэд Мэ ах шууд машин луу орж ирээд суусан. Тэгэхэд нь би Мэ ахад хандан та энд хононо гээ биз дээ яасан юм бэ? гэхэд Мэ ах надад Жын найзууд нь ирсэн хөл гар луу өшиглөөд байна гэсэн. Тэгэхээр нь би Ж ах болон найз нартай уулзах гээд Ж ахын гэр лүү нь ороод та нар яагаад хөл гар муутай хүн дээрэлхээд байна гэхэд том махлаг биетэй Пүүскэ гэж дууддаг нэг залуу нь чи хэн юм ац минь гэж босож ирээд надтай зөрөөд гэрээс гарсан. Тэгэхээр нь араас нь гараад чи одоо манай хөл муутай ахыг яагаад цохиж байгаа юм гээд маргалдаад зогсож байтал цаанаас нь найз нь гээд жижигхэн залуу гарж ирснээ миний зүүн талын шанаа руу гараа атгаж байгаад 2 удаа цохисон. ..би Мэ ахыг машиндаа суулгаад явж байтал Мэ ах надад таяг байхгүй байна ах нь таяггүй бол явж чадахгүй гэсэн. Тэгэхээр нь Мэ ах бид хоёр буцаад Ж ахындаа очсон. Тухайн үед би Ж ахын гэрийн гадаа ирэхдээ жоохон зайтай зогссон юм Тэгээд намайг харж байхад Мэ ах Ж ахын хашаа руу орох гэж байхад урдаас нь Ж ахын 2 найз нь гараад ирсэн. Тэгсэн чинь том биетэй залуу нь намайг хараад Мэ ахын таягийг аваад над руу гүйгээд ирж байсан. Харин нөгөө жижиг биетэй залуу нь чулуу шидээд байсан. Тэгэхээр нь би машинтайгаа ухраад эргээд зогсоод машиныхаа толинд харсан чинь нөгөө 2 залуу машиндаа суугаад над руу хурдтай ирж байх шиг байсан. Тэгэхээр нь би машинаа асаагаад зугтсан. Намайг нэлээн хөөж байгаад больсон. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд буцаад Ж ахынхаа гэрт нь очиход манай 2 ах байдаггүй нөгөө 2 залуу ч байхгүй байсан. ... очоод ахыгаа буулгах гэтэл нүүр ам нь дүүрэн цус болсон аймар зодуулсан байдалтай бууж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,
Хохирогч Б.Жын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 294 дугаартай: “...Б.Жын биед баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, цээж, хэвлий, баруун ташаа, зүүн мөр, шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Б.Жын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хедөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 47 тал/,
Хохирогч С.Мийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 293 дугаартай: “...С.Мий биед баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, няцралт, зүүн шагайн үенд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. С.Мий биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 53 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Пгийн яллагдагчаар өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 07 сарын 04-нд манай найз Чын төрсөн өдөр болоод Ч бид хоёр 3 том пиво хувааж уусан. Тэгээд пиво ууж дуусаад бас өөрийн найз болох Ж руу залгаад ярихад Ж нь пиво ууж байна хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үед оройны 22 цаг өнгөрч байсан байх. Тэгээд Ч бид хоёр Жын гэрт нь очсон. Жынд очиход Ж нь Мэ гэх залуутай пиво уугаад сууж байсан. Би тэгээд Жтай ойр зуурын юм ярьж байхад Ч нь Мийн хөл рүү өшиглөх шиг болсон. Тэгэхэд Ж нь Чад хандаж наад чинь хөл муутай хүн шүү гэж хэлэхэд худлаа яриад бай гээд Ч нь Жтай барьцалдаад авсан. Ж, Ч хоёр ноцолдож байх хооронд Мэ нь харьлаа гээд Жын гэрээс гараад яваад өгсөн юм. Үүний дараа удалгүй Ч бид хоёр бас харья гэж бодоод Жын гэрээс гарч байхад Мэ нь таягаа хаячихлаа гээд дүүтэйгээ ирсэн. Тэгсэн чинь Мийн дүү миний ахыг дээрэлхлээ гээд таягаар миний нуруу хавьцаа руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тэр дүүгийнх нь аль талын шанаа гэдгийг нь би сайн санахгүй байна гараараа 1 билүү 2 удаа цохисон. Тэгэхэд Ч нь бас Мийн дүүтэй бас барьцалдаад авахаар би тэр хоёрыг хаяад Жт явлаа гэж хэлэх гээд гэрт нь яваад ороход Ж байхгүй байсан. Тэгээд Жын гэрээс гараад хашааныхан гадаа гараад ирэхэд Ч, Мэ хоёр хоёулхнаа байсан. Тэгээд Ч бид хоёр Мийг Чын машинд суулгаад Жын үзүүрт явж байхад Чын машин нь замын ховил руу ороод эвдэрсэн. Тэгэхэд Ч нь Мийг машинаасаа буулгаж ирээд машин эвдээд хаячихлаа төлж өгөөрэй гээд Мийн нүүр хэсэг рүү 2 билүү 3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би бас Мийн нүүр лүү нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Үүний дараа Мийг аваад Жын гадаа буцаж ирээд би өөрийн эхнэрээ дуудаад Чтай цуг гэр лүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг / хх-ийн 78 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Чын яллагдагчаар өгсөн: “....Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 07 сарын 04-нд миний төрсөн өдөр байсан юм. Тэгээд орой 19 цагийн үед өөрийн найз болох Птэй уулзаад 2 том пиво хувааж уусан. ...Тэгээд П бид хоёр Жын гэрт нь ороход Ж нэг хөл муутай найзтайгаа пиво хувааж уугаад сууж байсан. ..Тэгэхээр нь П бид хоёр Ж, Мэтэй хоёртой юм ярьж сууцгаасан юм. Юм ярихдаа П, Ж хоёр тусдаа би болохоороо Мэтэй цуг өөдөөс нь харсан сууж байсан. Тэгээд би хөлөө зөрүүлээд сууж байхдаа санамсаргүй хөлөө саваад Мийн муу хөлийг нь очоод цохисон. Тэгэхэд Ж нь хөөе хөөе наад чинь хөл муутай шүү хөл нь хугарсан шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь яасан юм бэ гэж Жаас асуухад хөл нь хадаастай гэж хэлсэн. Би тэгэхээр нь харья гэхэд Мэ нь нөгөө өвчтэй хөлөө надад үзүүлсэн. Би хөлийг нь хараад уучлалт гуйсан. Үүний дараа П, Ж хоёр хоорондоо жоохон маргах шинжтэй байхаар нь би Жын гэрээс гараад бие засаад буцаад гэрт ороход Ж, П хоёр хоорондоо барьцалдсан зогсож байсан. Тэгэхээр нь би Пг хойш нь татаад Жыг болохоор би зүүн талын гар хэсэг рүү өшиглөөд унагаасан. Өшиглүүлснийхээ дараа Ж нь яаж байна аа гэж босож ирээд надтай барьцалдаад аваад бид хоёр хоорондоо цохилцсон. Тэгэхэд П бид хоёрыг салгасан. Ж надаас салсныхаа дараа намайг хэл амаар доромжпоод байхаар нь би газарт байсан тогоо аваад Ж руу шидсэн юм. Миний шидсэн тогоо Жын дух хэсгийг очоод оносон. .. би Жын гэрээс гараад хашааныхан гадаа гарахад нэг хүрэн машин ирсэн П нэг хүнтэй маргалдаад байгаа бололтой зогсож байсан. . Тэгэхээр нь би нэг хүнийг нь очоод цохисон. Харанхуй байсан болохоор хэнийг хаашаа нь цохисон гэдгийг би мэдэхгүй байна. ... Тэгээд П бид хоёр харий гээд хашааны гадаа гараад ирэхэд нөгөө Мэ чинь миний машины хажууд зогсож байсан. П нь Мийг харснаа очиж заамдаж унагаагаад саяны хэд чинь хэн бэ гээд 2 удаа гараараа цохисон. Би тэгэхэд нь бас хэн юм бэ гээд нуруу хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхэд Мэ нь Жын дүү нь байгаа юм машины дугаар нь 8654 гэж хэлсэн. Тэгээд П бид хоёр Мийг миний машинд суулгаад Жын гудамжыг гараад яг засмал руу гарах гэж байхад нэг ховил руу ороод зогссон. Тэгээд би буугаад харахад миний машины купер, их гэрэл хоёр салаад унасан байсан. Тэгэхээр нь би хагарсан куперээ машиндаа хийх гээд арын суудлаасаа Мийг буулгасан. Тэгээд би купер, их гэрлээ машиныхаа арын суудалд хийгээд байж байхад П нь Мийн нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би бас Мийн нуруу хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Үүний дараа би Пд хандаж явъя гэж хэлээд Мийг машиндаа суулгаад Жын гэрээ гадаа очсон. Тэгэхэд нөгөө Мийн хэлээд байсан 8654 гэсэн дугаартай машин ирсэн зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Мэ, Б.Ж нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.Ч, Б.П нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр шүүгдэгч нар нь хоорондоо санаатай нэгдэж, үйлдлээрээ хамтран оролцсон болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Ч, Б.П нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Ч нь архидан согтуурсан үедээ 2021 оны 07 дугаар сарын 04-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 18-18 тоотод Б.Жын гэрт хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар Зийг цохих үед урдуур нь орсон Б.Жын баруун нүдэнд гараараа 1 удаа, мөн Б.Жыг хүн өмөөрлөө гэх шалтгаанаар модон сандлаар нуруун тус газар 1 удаа тус тус цохиж, гэрт байсан тогоог Б.Ж руу шидэж дух хэсэгт нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч Б.Птэй бүлэглэн хохирогч Б.Жын гэрийн гаднаас хохирогч С.Мийг машинд суулган авч явахдаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн буруутай үйлдлээс машиныхаа купер гэрлийг хагалсандаа С.Мийг буруутгаж машинаас чирж буулган нүүр рүү нь удаа дараа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.П нь архидан согтуурсан үедээ 2021 оны 07 дугаар сарын 04-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 18-18 тоотод оршин суух хаягтай Б.Жын гэрийн гадна С.Мийг “намайг сая таягаар цохидог хэн бэ? чи юу ” гэж үл ялих зүйлээр шаптаглан нүүр лүү нь удаа дараа гараараа цохиж, улмаар С.Мийг Ц.Чтай бүлэглэн С.Мийг машинаар авч явж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үл ялиг зүйлээр шалтаглан машинаас буулгаж үснээс нь зулгаан нүүрэн тус газарт нь 3-4 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Ч, Б.П нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Мий эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн шүүгдэгч Ц.Чын гэм буруутай үйлдлийн улмаас Б.Жын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Ц.Ч нь хохирогч С.Мэтэй 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ч, П нараас эмчилгээний зардал авсан тул гомдолгүй гэх, эвлэрлийн гэрээ байгуулан /хх-ийн 98 тал/, хавсаргаж ирүүлсэн, хохирогч Б.Ж нь гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/ өгсөн, хохирогч С.Мэ, Б.Ж нарт шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч .Ч, Б.П нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Ч, Б.П нарыг бүлэглэж С.Мий эрүүл мэндэд, шүүгдэгч Ц.Чыг ганцаараа Б.Жын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Ч, Б.П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг.
Эрүүгийн хуулиар тогтоосон хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл тус бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” гэж хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгч Ц.Чын 2 удаагийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж” гэсэн шинжээр нь хүндрүүлэн зүйлчилж тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчид нэг удаа ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Чын ганцаараа хохирогч Б.Жын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр заажээ.
Харин шүүгдэгч Ц.Ч нь Б.Птэй бүлэглэж хохирогч С.Мий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой бөгөөд тухайн гэмт хэрэгт аль хүнд ялтай зүйл, хэсэг, заалтад багтаан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцэж байна.
Шүүгдэгч Ц.Ч, Б.П нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Ч, Б.П нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”- г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 87-91, 95-97 дугаар талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт зэрэг тэдний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.П нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 25-10 тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч Ц.Ч нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 24-17 тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Ч, Б.П нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Ц.Ч, Б.П нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Ц.Ч, Б.П нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Ч, Б.П нар нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Бийн П, Ш овогт Цгийн Ч нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ч, Б.П нарыг тус бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч, Б.П нарт оногдуулсан бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч, Б.П нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч, Б.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Ч, Б.П нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН