| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0196/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/216 |
| Огноо | 2021-08-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гийн Гт холбогдох эрүүгийн 2138000000255 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Г.Г нь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Мтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний амны тус газар гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирол төлсөн, улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч тохиролцсон гэжээ.
Эрүүгийн 2138000000255 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Мтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний ам хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь 2 ширхэг шүдэнд булгаралт, 1 ширхэг шүдэнд эмтрэлт, 1 ширхэг шүдэнд сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Н.Мын өгсөн: “Би 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байхад 18 цагийн үед манай найз С, Г, Х нар манай гэрт ирсэн. Бид 4 морь барианы тэнд очиход Н, Л нар машинтай сууж байсан. Бид нар 3 том пиво хувааж уусан. 20 цаг болохоос өмнө төв орж дэлгүүрээс пиво авий гээд С, Х бид гурав 2 том пиво, 0,75гр архи аваад морь барианы тэнд очих гээд явж байхад С Нтай ярихад Згийн гэрт байна хүрээд ир гэхээр нь бид гурав очиж 1 шил архи талд нь оруулсан. Тэгээд байж байтал Г, Х, Л, С нар согтсон болохоор нь машиндаа орж амар гэсэн чинь Г, Х, Л, С нар машиндаа орж унтсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Н маргалдаад босоод ирсэн чинь З намайг миний шүд рүү цохих болсон. Тэгтэл миний 2 шүд унаж 1 шүд эмтэрсэн байсан. Тэгээд би Г намайг ямар учраас цохиж байгаа юм бэ? гэхэд Г би эмчилгээний зардал төлнө гэж хэлсэн. Тэгээд Г хот яваад өгсөн. Тэгэхээр нь би Цагдаагийн байгууллагад хандах болсон...гэх мэдүүлэг /хх 13-14 тал/,
Гэрч П.Нын өгсөн: “Би Лтай хамт морь барианы тэнд пиво уугаад сууж байтал М хэдэн найзуудын хамт ирэх болсон. Бид нар нийлж 2 том пиво уух болсон. Тэгээд М дэлгүүр хаахаас өмнө төв орж пиво авий гээд хоёр найзын хамт явсан. Тэгээд тэр хооронд би Лгийн гэрт очоод Стай ярьж Лгийн гэрт хүрээд ир гэж хэлээд бид хэд байж байхад Г гаднаас орж ирээд бид нар нийлж архи уух болсон. Тэгтэл Мын найзууд согтохоор нь М машинд орж унт гэж хэлсэн чинь найзууд нь гараад яваад өгсөн. Тэгээд удалгүй М бид хоёр бөхийн тухай ярилцаж байгаад хоорондоо маргалдах болоод босоод ирсэн чинь Мыг Г юундаа хэрэлдээд байгаа юм бэ? битгий хэрэлдээд бай гээд 1 удаа ам хэсэг рүү нь цохисон чинь М Гийг чи ямар учраас цохиж байгаа юм бэ? миний шүд хугалчихлаа гэж хэлсэн чинь Г би чиний шүдийг янзалж өгнө гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг/хх 18-19 тал/,
Шүүгдэгч Г.Гийн гэрчээр өгсөн: “Би 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Тариалан сумын төвд орж ирээп Лгийн гэрт очисон чинь М, Н, Л, Г, Х, С нар архи ууж байсан. Тэгээд би хамт тэдгээр хүмүүстэй уух болсон. Тэгээд сууж байтал Л, Г, Х, С согтохоор нь машинд орж унт гээд унтуулсан. Н, М хоёртой уугаад сууж байтал Н, М хоёр бөхийн тухай ярилцаж байгаад маргалдаад босоод ирэхээр нь би та хоёр яах гэж хэрэлдээд байгаан гээд Мын шүд хэсэг рүү цохисон чинь М доош тонгойгоод босч ирээд чи миний шүд хугалчихлаа гэхэээр нь би төлж өгнө гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотод очиж ажил хийгээд мөнгө олж байх үед мөнгө нэхэхээр нь би өгнө гэж хэлсэн. Тэгтэл Цагдаагийн байгууллагад хандсан байсан. Намайг цохиж байх үед хажууд Н байсан.” гэх мэдүүлэг /хх 22-23 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 319 дугаартай: “Н.Мын биед 2 ширхэг шүдэнд булгаралт, 1 ширхэг шүдэнд эмтрэлт, 1 ширхэг шүдэнд сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Н.Мын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын 10% тогтонги байдлаар алдагдуулна.” гэх дүгнэлт /хх 31 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай /хх 8 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Гийн яллагдагчаар өгсөн: “ 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр намайг Лгийн гэрт очиход М найзуудтайгаа архи уугаад сууж байсан. Тэгээд би хамт архинаас ууж байтал М Нтой маргалдаад босоод ирэхээр нь та хоёр битгий маргалд гээд Мын ам рууцохисон чинь М доош тонгойгоод босч ирээд чи миний шүд хугалчихлаа гэхэээр нь би эмчилгээний зардал төлж өгнө гэж хэлсэн. Цохисон нь миний буруу өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Мын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.Гийн үйлдэл идэвхтэй, хохирогч Н.Мын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Г.Гийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Г нь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Мтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний ам хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь 2 ширхэг шүдэнд булгаралт, 1 ширхэг шүдэнд эмтрэлт, 1 ширхэг шүдэнд сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Н.М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Г.Г, хохирогч Н.М нар нь “3.000.000 төгрөгийг бүрэн хүлээж авсан, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл 1.000.000 төгрөгийг төлж барагдуулна.” гэх эвлэрлийн гэрээ байгуулан хэрэгт хавсаргаж /хх 42 тал/, гэм хорын хохирлыг арилгасан байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 39-41, 44 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Г нь ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт Хөвсгөл аймаг Тариалан сумын Мандал 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Гийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Гийн Гийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН