| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0192/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/217 |
| Огноо | 2021-08-26 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бгийн Гд холбогдох эрүүгийн 2138000230126 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Гийг бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулсан гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Б.Г нь 2020 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дунджаргалант” гэх газраас хохирогч С.Гын 68 тооны адууг хулгайлан авч бусдад зарж борлуулан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох 200000 төгрөгийг улсын орлого болгохыг шийдвэрт тусгуулах санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны шатнаас хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан 2 жилийн хорих ялыг улсын яллагчтай тохиролцсон, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэжээ.
Эрүүгийн 2138000230126 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүгдэгч Б.Г нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 дугаар багийн нутаг “Дунд жаргалант” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бэлчээрт байсан буурал зүсмийн 2 азаргатай адуу буюу бүгд чандмань тамгатай жороо 1 тооны морь, 36 тооны нас бие гүйцсэн гүү, 17 тооны нас бие гүйцсэн морь, 2 тооны хязаалан насны морь, 5 тооны соёолон хавчиг насны морь, 5 тооны унагыг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч бусдад зарж борлуулсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч С.Гын өгсөн: “..Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 дугаар багийн нутаг Дунд жаргалант гэх газраас 68 тооны хоёр буурал азаргатай адуугаа алдсан. Би 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр адуугаа эргүүлж харахад 3 дугаар багийн нутаг Ар цагаан нуур гэх газар манай өвөлжөөнөөс 4-5 км зайтай газар байсан. Харин маргааш нь адуундаа өмнөх өдөр адуу байсан газар луугаа явсан тэр үед адуунууд байхгүй болсон. Тэр хугацаанаас хойш 3 дугаар багийн нутаг манай адуунууд бэлчих боломжтой, байдаг газруудаар яваад олоогүй. Би тэгээд түүний дараагаар Цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн...2 буурал азаргатай, 6 тооны цайвар өнгийн бусад нь бараан адуунууд байгаа. Бүгд чандмань тамгатай” гэх мэдүүлэг /хх-ийн 15-20 тал/,
Гэрч Г.Бгийн өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Нөмрөг сумын төвд 15 цагийн үед очсон. Тэгэхэд Г Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харъяа залуу байдаг. ... 2020 оны 10 дугаар сарын 09-ний үед яриад аав өнгөрсөн, одоо адуу малаа зарах гэж байгаа манай ээж маань сумын төв бараадаж байгаа. Одоо яг сумандаа адуугаа зарах гэхээр сумын ард иргэд аав нь өнгөрчлөө адуу малаа зарчихлаа гэж хүмүүс муу ярих байх гэж хэлсэн. Адуу малаа бас олохгүй байна гэж 98982814 гэсэн дугаараар ярьсан. Түүний дараагаар 2 хоногийн дараа чи энэ 2 азарга адуу байгаа чи сумаасаа гарал үүсэл бичүүлж аваад ачаад хот руу явах уу гэж асуухад нь би явж чадахгүй ээ гэж хэлсэн. Тэр өдрийн маргааш 2020 оны 10 сарын 12-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сум Нөмрөг сум 2-ийн залгаа Их хужирт гэх газар адуунуудаа ачна. Чи тэр газар надад бичиг авчирч өг гэсэн. Тэгээд би Мал эмнэлгийн Г гэх хүнтэй уулзаад Их хужиртаас адуу ачуулах гэж байгаа та гарал үүслийн бичиг хийж өгөөч гэхэд Г гуай зургаа явуул гээд дараа нь би Их хужирт луу гарлаа гэж Г лүү ярьсан тэгтэл би Нөмрөг суманд очихоор боллоо гэхэд би яваад очсон. Тэгтэл 2 буурал азаргатай нийт 59 тооны адуунууд байсан. Тэгээд 2 ачааны машинд 1 машинд нь 30 адуу, нөгөө машинд 20 адууг ачиж Завхан аймгийн Тэлмэн суманд гарал үүслийг Мал эмнэлгийн Г гэдэг хүнд Нуур багаас 50 тооны адууг ачиж Улаанбаатар хотруу явах гэж байна, та гарал үүслийн бичиг гаргаад өгөөч би тань луу зургийг явуулъя гэж яриад Б үеэлээрээ авахуулаад Батцогт гэдэг айлд хүргүүлж өгсөн. Тэгээд машинтай Батцогт ахынд би машинтай ирээд бичгээ аваад адуунууд ачсан машинд аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,
Гэрч М.Агийн өгсөн: “...Цаг хугацааг нь санахгүй Намар цагт л юм. Манай Нөмрөг сумын урд талын малын үзлэгийн хашаан дээр мал ачаад байхад нь ямар хүмүүс мал ачаад байгаан бол гээд очсон. Тэгтэл манай дүү Б байсан. Бгээс асуухад манай найз тууж ирсэн гэж хэлсэн...Намайг очиход нэлээн олон хүн байсан. Тэгээд ачилцаж өгсөн. Тэр тууж ирсэн гэх залуу мэндгүй л өнгөрсөн. Тэгээд Тэлмэн сумын Бодь хочтой хүний цагаан портер дээр мотоциклио ачаад явсан. Би бас тэр олон тооны адууг хаашаа ачиж байгаа юм гэхэд Улаанбаатар хотруу ачиж байгаа л гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
Гэрч Ж.Ггийн өгсөн: “... Б 2020 оны 10 сарын 10-ны өдөр байхаа надтай ирж малын гарал үүсэл авахаар ирж уулзсан, адууны гарал үүсэл байсан. Тэрний дараагаар уулзаад цахим гэрчилгээнд тавигдах шаардлагыг тавьсан. Би ямар адуу ачих гэж байгаа вэ гэж асуутал Нуур 3 дугаар багийн М.Б, М.Б нарын адуунаас худалдаж авсан гэж ярьсан. Тэгвэл миний дүү тодорхой зураг болон эм, тамгыг нь дараад Фэссбүүк хаягаар явуулчих гэсэн. Маргааш Фэссбүүк хаяг руу орж ирсэн. Тэр адуунууд голдуу Чандмань тамгатай байсан шиг санагдаж байна. Манай Хоршооноос мал нь эрүүл ахуйн шаардлага хангасан, хүнсэнд тохирсон малын гарал үүсэл гаргаж өгдөг...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,
Гэрч Г.Өийн өгсөн: “.. Би Гын ахын адууг алдагдсан талаар 2,3 хоногийн дараагаар л мэдсэн. Манайд Г ах ирээд манай адууг харсан уу? гэж хэлэхэд нь 2,3 хоногийн өмнө мотоциколтой хүн туугаад явж байсан шүү гэж хэлсэн. Түүний дараагаар хэд хоногийн дараа ирээд хөх мотоцикльтой улаан дээлтэй хүн туугаад явсан байна гэж төлөөлөгчөөс сонссон гэж хэлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 тал/,
Гэрч Б.Цын өгсөн: “... Талийгаач Бгийн адуу мал, Гын адуу мал нийлээд 100 гаруй тооны адуу мал байдаг байсан. Эдгээр адуу малнаас хэдэн тооны адуу мал нь Гынх, хэд нь талийгаач Бгийнх байсан болохыг нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Талийгаач Б, Гын хоёр адуу малаа нийлүүлж мапладаг байсан. Талийгаач Б, Гын хоёрын адуу малууд нэг хариулганд байсан гэдгийг нутгийн хүмүүс мэдэх байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,
Гэрч Б.Цийн өгсөн: “.. Г нь миний талийгаач аав Бгийн төрсөн дүү нь байгаа юм. Түүнтэй ойрын төрөл садангийн холбоотой...Г ах маань эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг байсан боловч эхнэр нь түүнээс салаад хүүхдүүдээ аваад явсан. Г ах маань эхнэрээсээ салснаасаа хойш миний талийгаач аав Бг түшиж, тулж амьдарч ирсэн. Миний мэдэхээр намайг 2007 онд сургуулиа төгсөөд нутагтаа ирэхэд л Г ах ганцаараа амьдарч, адуу малаа аав, ээжийн маань туслалцаа дэмжлэгээр мапладаг байсан. Сүүлийн 3 жилийн хувьд Г ахын бие нь өвдөх болсон. Түүнийг өвдсөн үед харж хандах гэр бүлийн гишүүд байхгүй байсан учраас манай гэр бүлийнхэн л асарч, эмчилгээ сувилгааг нь хийлгэдэг байсан. Эмнэлгээр үзүүлэх үед миний талийгаач аав Б, миний дүү Г нар л мал ахуйг хардаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/,
Гэрч Г.Сий өгсөн: “....Гий аав Б нь миний аав Гын төрсөн ах нь байгаа юм. Гтэй ойрын төрөл садангийн холбоотой учир сайн танина... Талийгаач Б ахынх манай аав Гынхтой нэг багт хоорондоо амьдардаг байсан. Миний аав Г бие муутай хүн байдаг. 2018 онд аавын биеийн муудаж Улаанбаатар хот руу явсан. Тэр үед Б ахынх мал ахуйг нь 1 сар орчим харж өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/
Гэрч Ж. Бын өгсөн: “...2019 оны мал тооллогоор Г ахын нэр дээр 107 тооны адуу мал тоологдсон байсан. Г ах малаа өөрөө хариулдаг байсан. Гэхдээ Г ах хааяа хааяа өвдчихдөг, бие муутай хүн байдаг. Түүний бие хаа нь өвдөх үед ах дүү нар болон хүүхдүүд нь тус дэм болж малыг нь хардаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 тал/,
Гэрч Б.Сий өгсөн: “...Г ах маань эхнэрээсээ салснаасаа хойш миний талийгаач аав Бг түшиж, тулж амьдарч ирсэн. Миний мэдэхээр намайг 2007 онд сургуулиа төгсөөд нутагтаа ирэхэд л Г ах ганцаараа амьдарч, адуу малаа аав, ээжийн маань туслалцаа дэмжлэгээр малладаг байсан. Сүүлийн 3 жилийн хувьд Г ахын бие нь өвдөх болсон. Түүнийг өвдсөн үед харж хандах гэр бүлийн гишүүд байхгүй байсан учраас манай гэр бүлийнхэн л асарч, эмчилгээ сувилгааг нь хийлгэдэг байсан. Эмнэлгээр үзүүлэх үед миний талийгаач аав Б, миний дүү Г нар л мал ахуйг хардаг байсан... Миний талийгаач аав Бг бурхан болохоос 7 хоногийн өмнө байхаа Г ах манай аавын гэрт хүнээр хүргүүлж ирээд хоноод явсан. Тэгж хонох үөдээ миний талийгаач аавтай олон зүйлийн талаар ярилцсан гэсэн. Энэ үед миний төрсөн дүү хамт байсан, өөр хүн байгаагүй. Тийм болохоор энэ хоёрыг яг юуны талаар ярьсан гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна... 2019 онд байхаа талийгаач аав Б маань Г ахын адуу малнаас өөрийнхөө адуу малыг салгаж авах талаар ярьж байсан. Тухайн үед Г ахын нүд нь өвдөөд Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан. Түүнийг Улаанбаатар хот руу явсан хойгуур миний аав, ээж, дүү нар маань бүх малаа харж байсан. Тухайн үед Г ахад өвчин зовлон тохиолдсон учир малаа салгаж авах асуудлыг дахин яриагүй өнгөрч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,
Алдагдсан малын үнэлгээ тогтоосон “Ашид Билгүүн” ХХК-ний 2021 оны 07 дугаар дүгээр сарын 01-ний өдрийн ТХҮ-821/1483 дугаартай “...зах зээлийн бодит үнэ цэнийг 2020 оны 10 дугаар сарын байдлаар 52930000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /хх-ийн 153-159 тал/,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2021 оны 07 дугаар дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-921/1520 дугаартай Мустанг 5 маркийн 2010 онд үйлдвэрлэгдсэн мотоциклийн нийт бодит үнэ цэнийг 200000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /хх-ийн 164-166 тал/,
Шүүгдэгч Б.Гий мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: Би тухайн үед өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн хөх өнгийн улсын дугааргүй мотоцикльтой явж байсан. Уг мотоциклийг 2012 онд 500000 төгрөганд худалдаж авч байсан бөгөөд мотоцикль маань нилээн хуучирсан байсан. Мотоцикльны маань дийлэнх эд ангиуд хуучирч арай гэж явдаг байсан тул тухайн мотоциклийг 200.000 төгрөгөөр үнэлнэ. Уг мотоцикль одоо надад байхгүй, эвдэрч дууссан, одоо төмөр рам нь л байвал байгаа байх. Хаан байгааг нь мэдэхгүй байна. Би Г анхын данс руу бэлнээр 20 сая төгрөг шилжүүлсэн. Г ахад адуу үхэр өгөхөөр тохиролцсон байгаа. гэх мэдүүлэг /хх-ийн 169 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Г нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.
Хуульд тайлбарласнаар “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Б.Гий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Гийг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 дугаар багийн нутаг “Дунд жаргалант” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бэлчээрт байсан буурал зүсмийн 2 азаргатай адуу буюу бүгд чандмань тамгатай жороо 1 тооны морь, 36 тооны нас бие гүйцсэн гүү, 17 тооны нас бие гүйцсэн морь, 2 тооны хязаалан насны морь, 5 тооны соёолон хавчиг насны морь, 5 тооны унага буюу нийт 68 тооны адууг хулгайлж 52,930,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Гий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Год жороо 1 тооны морь, 36 тооны нас бие гүйцсэн гүү, 17 тооны нас бие гүйцсэн морь, 2 тооны хязаалан насны морь, 5 тооны соёолон хавчиг насны морь, 5 тооны унага буюу 52,930,000 төгрөгийн шууд хохирол тус тус учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 20.000.000 сая төгрөгийг бэлнээр, 21 бодыг хүлээлгэж өгсөн бөгөөд хохирогч С.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул гомдолгүй гэх хүсэлт /хх-ийн 175 тал/, хохирогч С.Год шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч Б.Гийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Гийг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 109-121 дүгээр талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөд аймгийн Цэцэрлэг сумын Ренчинжугнай багийн Засаг даргын тодорхойлолт, байнга оршин суух хаягийн тодорохойлолт, Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогын хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь ам бүл 3 ээж, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ренчинжугнай багт оршин суух хаягтай, одоо Нийслэл Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны арцат 9б байрны 17 тоотод түр оршин суудаг, хувираа мал маллаж, ажил хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 08 дугаар сарын 13-ны 112 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Гий үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээ 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монгол Улсын их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргажээ. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг заасан бөгөөд энэ зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байна.
Шүүгдэгч Б.Гий үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамаарч байгаа ба энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.
Шүүгдэгч Б.Гий үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан...17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино ... мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1-д ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчилэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...гэсэнд нийцэж байх тул шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Гийг өөрийн оршин суух Улаанбаатар хотоос гадагш явахыг хориглох хязгаарлалтыг 2/ хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тайлбарлаж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрхийг хязгаарласан 2 жилийн хугацаанд шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасны шүүгдэгч Б.Гий эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж хэрэглэсэн мотоциклийн үнэ 200.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй ба шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Бгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Гийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Нийслэл Улаанбаатар хотын хилийн дээсээр тогтоож, 2 /хоёр/ жилийн хугацаанд Нийслэл Улаанбаатар хотоос гадагш явахыг хориглосугай
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.Гд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Гэс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийн үнэ болох 200.000 / хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүйг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН