| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0198/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/218 |
| Огноо | 2021-08-27 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч М.Берикбол,
Хохирогч А.Э,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мгийн Бэд холбогдох эрүүгийн 2138000000216 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан
хэлэлцэв.
Шүүгдэгч М.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б өгсөн мэдүүлэгтээ: .. Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтаар яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгч М.Б нь 2021 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Этай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний зүүн нүд хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны шалчийлт гэмтэл, эвэрлэгийн гүн урагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бэд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь 2021 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Эг хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар түүний зүүн нүд хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны шалчийлт гэмтэл, эвэрлэгийн гүн урагдал бүхий хүнд хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11-р тал/
Хохирогч А.Эгийн өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 12-ны орой Арбулаг сумын 3 дугаар баг Жаргант гэх газар төрсөн дүү Эрдэнэдалайгийнд байж байгаад нутгийн залуу Т, Б нартай хамт машинаар сумын төв рүү ирээд хамт явсан хоёр залуу маань Майдар гуайн гадаа зогсоод бид гурав Майдар гэх айлд ороход Б гэж залуу Майдар гуайн эхнэр Бтай нэг шил хараа нэртэй архи уугаад сууж байсан. Тэгээд надтай хамт явж байсан хоёр залуу тэр архинаас уугаад сууж байтал Б гэх залуу үгийн зөрүү байхгүй хоовон Шг алаад хаячихая гээд намайг сууж байхад зүүн талын нүд рүү цохисон. Нүдээ гараараа дартал гар норж байсан. Тэгээд би ухаан балартаад тэрнээс хойш юу болсныг сайн мэдээгүй. Цусаа арчаад байж байхад Б намайг хүргэж өгнө гэж хэлж байсан. Тэгээд гэрээс гараад юу болсныг мэдэхгүй болсон. Тэгээд нэг хүн дуугарах шиг болсон. Тэгээд би ухаан орсон. Тэгсэн чинь Н гэдэг нутгийн эгч чиний нүүр ам чинь яачихсан бэ гэж байсан. Тэгээд манай дүү Лд Ш ах чинь Дэнс зоогийн газрын энд нүд нь аймаар болсон хэвтэж байна гэж утсаар хэлсэн тэгээд дүү ирж намайг авсан... Би нүд рүүгээ цохиулсныхаа маргааш нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд нүдний эмчид үзүүлтэл хот руу явж өнөө маргаашгүй явж үзүүл гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 21 тал/,
Гэрч Бгийн өгсөн: “...Би тэр өдөр хөдөө Арбулаг сумын 3 дугаар баг Доной гэх газар гэртээ байж байхад Э ах Т ах нар манайд машинтай ирээд Э ах сумын төв орж вакцин хийлгэнэ гээд явж байсан. Тэр үед би сум явж бензин авч гэрээ нүүлгэх ажилтай байсан болохоор тэр хоёртой хамт сумын төв рүү орой 22 цагийн үед орж ирээд бид гурав Майдар гэх айлд ороход тэдний гэрт Б гэх залуу халамцуу сууж байсан. Мөн Б эгч гэртээ жоохон хүүхдүүдтэйгээ сууж байсан. Тэгээд бид хэд юм яриад сууж байгаад би орон дээр утсаа цэнэглээд утасныхаа тоглоом тоглоод сууж байсан. Бид нар тэднийд унтахаар болоод Б эгч бид нарт ор засаж өгч байх зуур Б Э ах хоёр архи олдохгүй байна гэх мэтээр юм ярьж байсан. Тэр үед би орон дээр утсаараа тоглож байгаад унтсан. Тэгтэл Б эгч хөөе сэрээрээ Б, Э хоёр зодолдоод болохоо байлаа гээд намайг Б эгч татаж сэрээсэн. Би сэрээд хартал Э ах нүд юм харахаа байчихлаа гэсэн нүдээ дарсан сууж байсан. Би нүд рүү нь хартал нүднээс нь цус гарсан, гар нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
Гэрч Г.Тын өгсөн: “.... Тэгээд бид хэд цай уугаад тэр айлд унтаж амрахаар болоод ор засуулаад байж байх үед Б Э ах хоёр юм яриад сууж байсан. Тэгээд би орондоо ороод хэвтэж байгаад унтсан байсан. Тэгтэл хүн орилох шиг болохоор би сэрээд хартал Э ахын нүднээс цус гарсан, гараараа дарсан нүд юм харахаа байчихлаа гэсэн сууж байсан тэр үед Боролмаа гэх хүн Б чи хүний цохичихлоо гэж ярьж байсан. Тэгээд Э ахыг Б эмнэлэгт аваачиж үзүүлнэ гээд аваад гарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/,
Гэрч Г.Лгийн өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 13-ны өглөө 08 цаг 54 минут болж байхад миний танил эгч Н гэдэг хүн 89945919 дугаарын утсаар надруу залгаад Ш ах чинь Дэнс зоогийн газрын үүдэнд нүд нь аймаар болсон хэвтэж байна гэж утсаар хэлэхээр нь би гэртээ байж байгаад гараад очтол Ш буюу Э ах маань Дэнс зоогийн газрын довжоон дээр хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр би зүгээр үү ах босоорой гээд татсан чинь ахынхан нүд юм харахгүй болчихлоо танайд очмоор байна гэхээр нь би аваад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
Гэрч Б.Бгийн өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 12-нд сумын төвд гэртээ байж байхад 22 цаг өнгөрч байхад манай нутгийн залуучууд болох Т, Б, Ш буюу Э нар орж ирсэн. Тэр Ш буюу Э орж ирэхдээ согтуу байсан. Би гэртээ харьж унт эсвэл Г ахындаа оч гэж хэлэхэд би Гынд очихгүй гээд байсан юм. Тэр үед манайд нутгийн залуу болох Б гэх залуу манайд унтаж байхад нь Ш буюу Э Бээ чи босоод ирээч архи ууя гээд татаж чангааж дуудсаар байгаад сэрээгээд босгож ирсэн. Б босож ирэх зуураа чамтай би юу ярих юм гээд цааш нь түлхэх шиг болсон. Би цохисон үгүйг нь би сайн мэдэхгүй. Тэгсэн чинь Э гэх хүн нүд өвдөөд байна гээд орилоод эхэлсэн. Тэгээд би харсан чинь нүднээс нь цус гарсан байсан. Тэгэхээр нь би та нар яах гэж манайд ирсэн юм бэ одоо хурдан эмнэлэг яв гэж хэлсэн чинь Э би зүгээр байна эмнэлэг явахгүй гээд байсан. Тэгсэн чинь Б би таныг эмнэлэгт аваачиж үзүүлнэ гээд гэрээс дагуулаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,
Гэрч Г.Гомбосүрэнгийн өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 13-ны өглөө гэрээсээ гараад эмнэлэг орж хүнд цай, хоол аваачиж өгөөд буцаад явж байхад 08 цагийн үед сумын төвд дэнс зоогийн газрын үүдэнд яагаад дээлтэй хүн хэвтэж байхаар нь очиж явтал босож ирээд суусан. Тэгсэн чинь Ш буюу Э гэх манай нутгийн хүний нүд тагларсан нүднээс цус гарсан бололтой байсан. Тэгэхээр би нэг их дөхөөгүй дүү Г.Лд 99388242 дугаарын утсаар залгаад Ш ах чинь дэнс зоогийн газрын үүдэнд нүд нь тагларсан сууж байна ирж аваач гэж хэлэхэд за гэсэн тэхээр би гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,
Гэрч М.Жын өгсөн: “...Надад 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үзүүлэхэд бол зүүн нүдний хараа гэрэл мэдрэх төдий л байсан. Тэгэхээр ер нь харах чадвараа алдсан гэж үзэхээр байсан. Гэрэл мэдрэх төдий гэдэг бол бараг 1% хүрэхгүй л харах чадвар үлдсэн байна гэсэн үг юм. Тухайн хүнийг Улаанбаатар хот руу дараагийн шатлал руу яаралтай явахыг зөвлөөд явуулсан. Амбулаторийн картнаас үзэхэд Улаанбаатар хотод Улсын 1-р төв эмнэлгийн нүдний мэс заслын эмчид яаралтайгаар үзүүлсэн байна. Тус үзлэгт баруун нүдгүй, Зүүн нүдний хүнд хэлбэрийн нэвт гэмтэл гэсэн онош тавиад шарх цэгцлэх мэс засал хийсэн гэсэн байна. Энэ мэс засал нь хараа оруулах мэс засал биш бөгөөд эрхтэн /нүд/ хадгалж үлдэх мэс засал юм. Уг оношийг харахад энэ хүний нүдний хараа сэргэх боломжгүй гэж үзэхээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,
Гэрч Ч.Мгийн өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 13-нд Эг Арбулагаас Мөрөн рүү оруулж ирэхэд машины жолоочид 40,000 төгрөг өгсөн. Тэгээд Эг Мөрөн рүү оруулж ирээд амбулатори үзүүлээд нэгдсэн эмнэлгийн нүдний эход үзүүлсэн. Тухайн үед нүдний эмч хот явж үзүүл гэж хэлж байсан. Тэгэхээр нь Эг хот авах явах гэсэн чинь Э хот явахгүй Арбулаг руугаа явна гээд байхаар нь би явуулахгүй гээд өөрийн гэртээ аваачаад хоол унд хийгээд унтуулсан. Тэгээд тэр өдрийнхөө орой нь буюу 05 дугаар сарын 13-нд хот явах унаа хөлслөөд Эг Сайнзаяа, Дагваа гэх хүнтэй цуг авч явсан. Сайнзаяа, Дагваа гэх хоёр хүн нь Эгийн төрлийн хүмүүс байгаа юм. Тэгээд маргааш нь буюу 05 дугаар сарын 14-нд бид нарын хот явсан унаа нь 22 товчоон дээр ирээд бид нарыг буулгаад буцсан. Тэгээд би хотоос машин дуудаад 22 товчоон дээрээс өөр машинаар Эг аваад нэгдүгээр эмнэлэг дээр аваачаад нүдний тасагт аваачаад эмчид үзүүлээд шинжилгээ өгүүлсэн. Шинжилгээ өгснийхөн дараа Эг хагалгааны тасагт үзүүлэх гэтэл ганц л хүн Эг дагуулж орно гэсэн. Тэгээд Эг бид нарыг 22 товчооноос тосож авсан хүн нь дагуулж орсон. Бид нарыг тосож авсан хүн нь Эгийн холын хамаатны хүн юм шиг байсан. Тухайн үед би худ болох Ж, Жын нөхөр Цогтбаатар нартай хамт явж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 255 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “А.Эгийн биед зүүн нүдний алимны шалчийлт гэмтэл, эвэрлэгийн урагдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэл үүссэн гэмтэл байх боломжтой. А.Эгийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги алдагдах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги 65%-аар алдагдана...” гэх дүгнэлт /хх 52 тал/,
Шүүгдэгч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 05 дугаар сарын 12-нд санагдаж байна нутгийн хүн Майдар гэдэг айлынд унтаж байсан юм. Яагаад Майдар гэх айлынд унтах болсон бэ гэхээр маргааш өглөө нь Майдарын эхнэртэй хөдөө цуг гарах гээд гэрт нь унтаж байсан. Тэгээд намайг унтаж байхад нэг хүн намайг татаад, өшиглөөд, цохиод хэзээ чи ийм болсон юм бэ? гөлөг минь гэж хэлж байсан. Тэгэхээр нь би босож ирээд яагаад байгаа юм бэ? гэж хэлээд түлхсэн. Миний түлхсэн гар Эгийн нүдэнд нь таарсан юм шиг байсан. Тухайн үед намайг босоод ирэхэд Майдар зуухныхаа хажууд тамхи татсан сууж байсан. Тэгээд хэсэг байж байснаа гэрт байсан хүмүүс Эгийн нүднээс цус гараад байна гэж яриад байсан. Тэгэхээр нь би Эгийн нүдийг нь очоод үзтэл зүүн нүднийхэн зовхины хажуу хэсэгт нь цус шүүрсэн байдалтай байж байсан. Би тэгэхээр нь Эг эмнэлэг аваад явъя гэж хэлтэл Э сумын эмнэлэг юугаа мэдхэв Г ахындаа очно гэж хэлж байсан. Тэгээд би Эг Г ахын гэр рүү нь дагуулаад явж байхад Э нь би өөрөө явъя чи маргааш ирээрэй гэж хэлэхээр нь би гэртээ харих гээд явсан юм...” гэх мэдүүлэг /хх 64 тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Эгийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон бөгөөд хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх ба энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч М.Бийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.Б нь бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд түүнийг цохих явцад бие, эрхтэнийг гэмтээж хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Б нь 2021 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Эг хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар түүний зүүн нүд хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны шалчийлт гэмтэл, эвэрлэгийн гүн урагдал бүхий хүнд хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба түүний эмчилгээ, оношилгоотой холбоотой зардалд 684946 төгрөгийг баримтаар гаргаж өгчээ. Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шүүгдэгч М.Б нь хохирогч А.Эгийн 200200112425 тоот дансанд 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг ирүүлсэн, ял оногдуулах шүүх хуралдаанаас завсарлага авч эрүүл мэндэд учирсан хохиролыг 18.000.000 төгрөгөөр харилцан тохиролцож, үлдэгдэл 13 сая төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор авахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн, шүүгдэгч М.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Бын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн”, “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 69-76 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн Засаг даргын тодорхойлолт, М.Бийн 2020 оны жилийн эцсийн малын А данс гэх баримт, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого гэх баримт, хүүхэд Бийн Буянзаяагийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч М.Б нь ам бүл 2, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багт амьдардаг, өрх толгойлсон эцэг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч М.Бийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хор уршиг шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монгол Улсын их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргажээ. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг заасан бөгөөд энэ зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байна.
Шүүгдэгч М.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамаарч байгаа ба энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл/, ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” хэмээн заажээ.
Иймд шүүгдэгч М.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялаас 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Мгийн Бийг "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мгийн Бийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хассугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН