Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/220

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг

Шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,

хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мийн Хд холбогдох эрүүгийн 2138000000248 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Хыг хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Хы өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар хорооны гахай, тахианы хонхор гэх газар ахтайгаа хамт хөрөө, раам ажиллуулдаг. Б.Нын дүү нь надаас мод авна гээд ачилцах 4 хүнтэй цуг ирсэн. Б.Наас дүү нь ямархуу мод байна гэж асуухад өнгөтэй мод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь наад модоо өөр модоор солиод авчих гэж хэлсэн. Тэгтэл мөн дахиад 1 модыг муу байна гэхээр нь чамтай наймаа хийж байгаа юм уу? дүүтэй чинь наймаа хийж байгаа юм уу? үл ялиг өнгөтэй мод байна гэж хэлсэн. Тэгээд уур хүрээд Б.Нтай маргалдаад, барилцаж авсан. Гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байна. 2.841.350 төгрөгийн хохирлоо энэ  сардаа  багтаагаад төлнө” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч М.Х нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Ныг зодож эрүүл мэндэд нь зүүн ухархайн хананд хугарал, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохиролоо төлөхөө илэрхийлсэн, улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч тохиролцсон гэжээ.

Эрүүгийн 2138000000248 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Х нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт худалдан зарж борлуулж байсан палкийг “өмхтэй муу мод байна” гэж  хэллээ гэх шалтгаанаар хохирогч Б.Ныг зодож эрүүл мэндэд нь зүүн ухархайн хананд хугарал, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Хохирогч Б.Нын өгсөн: “...Өнөөдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би Мөрөн сумын 10 дугаар багт байрлах хөрөө раманд очиж найз Бийн палк модыг ачилцах зорилготой очсон, намайг хөрөө рам дээр очиход Б, Бийн эхнэр Энхжаргал мөн Болдоо, Х гэх хүмүүс байсан. Тэгээд би найз Бийн модноос зөөлцөж байхдаа Б надаас наад мод чинь ямар хуу мод байна гэж асуухаар би жижигхэн өмхтэй муу мод байна гэж хэлсэн чинь Х гэх хүн надруу гэнэт уурлаад намайг шууд хоолой боож байгаад миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Намайг цохисон учир нь бол тухайн модыг Х манай найз Бт зарж байсан юм байна лээ. Тэгээд зарж байгаа модыг нь муу гэж хэллээ гэж л намайг цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/,

Гэрч Б.Бийн өгсөн: “...Тухайн өдөр би Х гэх хүний хөрөө раман дээрээс мод авахаар очоод байж байтал манай найз Н надад туслахаар ирээд миний худалдаж авсан палк модноос өргөлцөж байхдаа хоёр модны үзүүр нь жоохон өмхтэй юм байна гэж хоорондоо ярьж байхыг Х сонсчихоод чи яахаараа миний модыг муулж ярьдаг юм гээд гэнэт Ныг барьж аваад зүүн нүд рүү нь цохисон. Тэгээд тэнд байсан Билгээ бид хоёр салгасан юм. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх- ийн 45-р тал/,

Гэрч Ж.Өын өгсөн: “...Би Хы рам дээр хөрөөчин хийдэг хүн юм. Тухайн өдөр орой 21 цагийн үед хэдэн танихгүй хүмүүс ирж Хаас мод авахаар болсон. Тэгээд модоо ялгаж байхдаа нэг залуу муу өмхтэй балкан мод байна гээд модыг ялгаад байхаар нь Х гэнэт уур нь хүрсэн бололтой “чи яахаараа миний модыг муулдаг юм гээд “ шууд нүүр рүү нь цохиод авсан. Тэгсэн тэнд хамт байсан хүмүүс салгасан. Миний харсан зүйл энэ л юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 301 дугаартай: “Б.Нын биед зүүн ухархайн хананд хугарал, зүүн зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Б.Нын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх 51 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай /хх 2 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Хийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би Б гэх хүнд би мод зарсан юм. Тэгтэл Бийн найз гэх Нацгаа гэдэг залуу миний зарж байгаа модыг өмхтэй муу мод байна. Энэ мод салбараад уначихсан мод байна гэж хэлэхээр нь за тэгвэл наад модоо орхичих гэсэн. Тэгснээ миний модыг үзээд өөлөөд байхаар нь би тэр Нацгаа гэдэг хүнийг чи мод авч байгаа юм уу, нэг бол наад хүн чинь мод авч байгаа юм уу гэж хэлсэн. Тэгсэн чинь Нацгаа гэдэг энэ чинь салбарсан муу мод л байна шүү дээ гэхээр нь би Нацгаа заамдаж авсан. Тэгсэн Нацгаа намайг цохих гэхээр нь би гараараа хаагаад зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа л цохисон. Тэгээд тавьсан чинь Нацгаа над руу төмөр шидэхээр нь би бултчихсан юм. Тэгээд намайг ална гээд заналхийлээд орилоод байсан. Тэгсэн над руу малтуур бариад дайрах үед тэнд байсан хүмүүс малтуурыг нь салгаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Нын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч М.Хы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.Хы үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Нын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч М.Хы гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Х нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт худалдан зарж борлуулж байсан палкийг “өмхтэй муу мод байна” гэж  хэллээ гэх шалтгаанаар хохирогч Б.Ныг зодож эрүүл мэндэд нь зүүн ухархайн хананд хугарал, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.  

Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Хы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба түүний эмчилгээ, оношилгоотой холбоотой гарсан зардалд 3201355 төгрөг, гэмтлийн улмаас ажилгүй байсан үеийн олох ёстой байсан орлого 16.098.500 төгрөг, нийт 19.299.855  төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжилж баримтыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотолгооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад хохирогчийн эмчилгээ оношилгоотой холбоотой зардалд хх-ийн 7 дугаар талд авагдсан Содмонгол группын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А92 бензиний үнэ 57000 төгрөг, хх-ийн 8 дугаар талд авагдсан Содмонгол группын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А92 бензиний үнэ 61000 төгрөг,  хх-ийн 9 дүгээр талд авагдсан Петростар ХХК-ийн  2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А92 бензиний үнэ 61005 төгрөг, хх-ийн 10 дугаар талд авагдсан Эн Ар Би  ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн эрүүл мэндийн үйлчилгээ 100.000 төгрөг,  хх-ийн 11 дүгээр талд авагдсан Солонго эмнэлэгийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн үзлэг оношлогоо 30.000 төгрөг, хх-ийн 12 дугаар талд авагдсан Гялс анагаах ухааны төвийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн үзлэг, үйлчилгээний 142600 төгрөг, хх-ийн 14 дүгээр дугаар авагдсан Амухүү эмнэлгийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн бэлэн мөнгөний  орлогын баримт 15000 төгрөг, хх-ийн 15 дугаар талд авагдсан  Нэвттуяа 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн и-баримт 36.000 төгрөг, хх-ийн 16 дугаар талд авагдсан Солонго эмнэлэгийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн нүд ухархайн гэмтэл 2.000.000 төгрөг, хх-ийн 17 дугаар талд авагдсан Солонго эмнэлэгийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ерөнхий унтуулга 300.000 төгрөг, хх-ийн 20 дугаар талд авагдсан Солонго эмийн сангийн  2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн и-баримт 26500 төгрөг, хх-ийн 21 дүгээр  талд авагдсан Бишрэлт Манал эмийн сангийн  2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн и-баримт 5000 төгрөг, хх-ийн 22 дугаар талд авагдсан Сэргэг эмийн сангийн  2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн и-баримт 3500 төгрөгийн  зарлагын баримтуудыг нотлох баримтаар үнэлж нийт 2841355 төгрөгийг шүүгдэгч М.Хаас гаргуулан хохирогч Б.Нд олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан 13, 18, 19 дүгээр талд  авагдсан баримтууд нь хэрэгт авагдсан бусад баримтуудтай давхардаж  байх тул нотлох баримтаас хасч тооцов.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хохирогчийн орон сууц хөлсөлж суусан нэхэмжлэлийн шаардлага  дээрх зүйл заалтад байхгүй байх тул орон сууц хөлсөлсөн зардал 360000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй байна. Түүнчлэн орон сууц хөлслөх гэрээнд дурьдагдсан цаг хугацаа болон  гэрээний гол нөхцлүүд зөрүүтэй  байсныг дурьдах нь зүйтэй.

          Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох олох ёстой байсан орлого 16.098.500 төгрөг гаргуулахаар шүүхэд баримтыг ирүүлсэн боловч хохирогч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн Хаан банкны орлого зарлагын деспозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. 

Өөрөөр хэлбэл Хаан банкны орлого зарлагын деспозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хөдөлмөрийн чадвар алдсан үед олох ёстой байсан орлого тодорхойгүй,  дээрх хугацаанд олох ёстой байсан орлогыг давхар нотлох баримт буюу хувь хүний орлогын албан татвар төлж байсан баримт хавсаргагдаагүй, хохирогч Б.Нын хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

Хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотойгоор цалин хөлс, орлогогүй болсон бол хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг нэхэмжлэх эрхтэй тул хохирогч цаашид гарах эмчигээний зардал болон хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийддвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг хохирогч  Б.Нд нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч М.Хы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 66-69 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч М.Х нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 41-08 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.  

Шүүгдэгч М.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч М.Хы үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч М.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Х нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Мийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Мийн Хыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 360.000 төгрөг /гурван зуун жаран мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Хаас гэм хорын хохиролд нийт 2.841.355  / хоёр сая найман зуун дөчин нэг мянга гурван зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 15-07 тоотод  оршин суух хохирогч, иргэний нэхэмжлэгч Бямбаагийн Н /РД: РУ81102614/-д олгож, шүүхийн хэлэлцээгүй орхисон 16.098.500 /арван зургаан сая ерэн найман мянга таван зуу/ төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН