| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0201/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/221 |
| Огноо | 2021-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс,
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дгийн Дад холбогдох эрүүгийн 2138000000257 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Д.Д нь 2021 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Мийг хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирол төлсөн, улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч тохиролцсон гэжээ.
Эрүүгийн 2138000000257 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д нь 2021 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Мийг хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Н.Мийн өгсөн: “ ... Би 2021 оны 07 дугаар сарын 13-наас 14-ний шилжих шөнө найзуудтайгаа төрсөн өдөр тэмдэглэсэн. Тэгээд шөнө 02 цагийн үед Мөрөн сумын 2 дугаар багаас гэр рүүгээ харих гээд алхаад такси барих гэсэн боловч олдоогүй. Миний гар утасны цэнэг дуусч унтарсан. Миний араас нэг үл таних залуу 4 замаас Номин супермаркет хүртэл дагаад байсан. Би тухайн хүнээс айгаад гүйж, зугтаагаад нэг газар руу ороход Вайт хаус гэх нэртэй буудал руу орчихсон байсан. Би дотор нь ороход буудлын үйлчлэгч үл таних эгч байсан. Би тэр эгчид “туслаарай” гэж хэлээд гар утсаа цэнэглүүлсэн. Би өөрийнхөө гар утсыг цэнэг ороод асахаар нь Д.Дын гар утас руу 03 цагийн үед залгаж яриад “намайг ирж аваач ээ” гэж хэлсэн. Тэгээд Д.Д 03 цаг өнгөрч байхад над дээр ирээд намайг Вайт хаусын буудлын гадаанаас мотоцикл дээрээ суулгаад гэр рүүгээ авч явах замдаа нэг гараараа үснээс зулгаагаад, цохиод, толгойгоороо хойшоо мөргөөд мотоцикл дээрээ явж байгаад гэрийн гадаа ирсэн. Мотоциклоос буугаад Д.Д нь шууд намайг зодоод, гараараа миний толгойны үснээс чирээд гэртээ оруулсан. Намайг Д.Д нь гэрт оруулаад бас л цохиж, зодож, үстэж, хоолой боосон, мөн миний зүүн нүдний орчимд цохиход миний хөмсөг язарч цус их гарсан. Би ингэж эрүүл мэндээрээ хохирсон тул Цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх 12 тал/,
Гэрч Д.Эын өгсөн: “...Би гэртээ 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр байж байтал нутгийн найз Н.М гар утсаар залгаад хүрээд ирээч уулзая гэхээр нь яваад очтол Н.Мийн зүүн талын хөмсөг хавьцаа гэмтэл үүссэн, гар нь хөхөрсөн, согтууруулах ундаа бага хэмжээгээр хэрэглэсэн байсан. Би Н.Мээс юу болсон талаар асуухад Н.М надад “найз нь нөхөр Д.Дад зодуулсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/
Гэрч М.Нгийн өгсөн: “...Би ажил дээрээ 2021 оны 07 сарын 14-ний өдрийн 03 цаг өнгөрч байхад байж байтал үл таних эмэгтэй “эгчээ туслаач” гэж хэлээд их айсан байдалтай манай буудал руу гүйгээд ороод ирсэн. Би яасан юу болсон талаар тэр эмэгтэйгээс асуухад “хүнд хөөгдсөн, эгчээ та миний утсыг цэнэглээд өгөөч” гэж хэлэхээр нь би утсыг нь цэнэглэж өгж, хэсэг тайвшруулж суулгасан. Тэр эмэгтэй утсаа цэнэг орсны дараа нөхөр лүүгээ залгаад “миний ханиа намайг ирээд аваач” гэж хэлсэн, нөхөр нь элдвийн янзаар доромжлоод загнаад байх шиг байсан. Хэд хэдэн удаа залгаж дуудсаны эцэст нөхөр/мотоциклтой, монгол дээлтэй/ нь буудлын гадаа ирсэн. Тэр эмэгтэй нөхрөөсөө их айж надад “эгч ээ та хамт гараад та буудалд намайг хоноогүй, миний өрөөнд утсаа цэнэглүүлсэн гэдгийг нь үнэнээр нь манай нөхөрт хэлээд өгөөч” гэж хэлсэн. Би хамт гараад тэр залууд тайлбарлаж хэлтэл их ууртай залуу байсан, шууд тэр эмэгтэйг толгойноос нь үстээд газар унагаасан. Тэгээд мотоцикль дээрээ суулгаад давхиад явсан. Удалгүй 2-3 цагийн дараа тэр 2 мотоцикльтойгоо над дээр ирж тэр 2 хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Ирэхэд нөгөө эмэгтэйгийн зүүн хөмсөгнөөс цус гоожоод зодуулчихсан ирсэн. Тэгээд удалгүй буцаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 20 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 323 дугаартай: “Н.Мийн биед зүүн хөмсгөнд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Н.Мийн биед учирсан гэмтэл нь тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх 24 тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай /хх 8 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Дын яллагдагчаар өгсөн: “...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн хэлсэн. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмт үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх 30 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Мийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Дын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.
Шүүгдэгч Д.Дын гэр бүлийн гишүүний бие, эрх чөлөөнд удаа дараа халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл нь хохирогч Н.Мийн өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч Д.Д нь гэм буруугийн талаар маргаагүй ба дээрх нотлох баримт нь хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Д.Дын дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Д нь 2021 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Мийг хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Дын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Н.М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч хохирогч Н.М нь “2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Д.Д надаас уучлалт гуйж бид 2 эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт хавсаргаж /хх 49 тал/, ирүүлсэн байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Дын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Дыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Дын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 33-36 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 7 дугар сарын 27-ны өдрийн 1/959 дугаартай тоот, ял шийтгэлийн хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Д нь ам бүл 4, эгч, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 119 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Дын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Дгийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Дгийн Дыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дад оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН