| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00349/И |
| Дугаар | 349 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 349
| 2017 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 156/ШШ2017/00349 | Хэнтий аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00349/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 3 дугаар багт оршин суух, Боржигон овогт Агваанпунцагийн Сарангэрэл /РД:СЖ66071809/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.
Нэхэмжлэгч А.Сарангэрэл нь миний бие шүүх хуралд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.Сарангэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд малчнаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Боржигон овогт Агваанпунцагийн Сарангэрэл нь Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч А.Сарангэрэлийн улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Боржигон овогт Агваанпунцагийн Сарангэрэл нь Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 12х/, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 4х/, гэрч Д.Бадамцэндийн ...А.Сарангэрэл нь Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд тасралтгүй мал маллаж ирсэн. Бид 1980 оноос 1992 оныг дуустал хамт ажилласан гэх мэдүүлэг /хх-ийн 15х/, гэрч Б.Эрдэнэцэцэгийн...Х.Сарангэрэл нь сургууль төгсөөд Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд мал маллаж амьдарсан гэх мэдүүлэг /хх-ийн 16х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Агваанпунцагийн Сарангэрэл /РД:СЖ66071809/-ийг Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Сарангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР