Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 416

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээд “Т” ХХК, “М” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.М.Г.Т.Гт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: “Б” ХХК 

Хариуцагч: А.М.Г.Т.Г

Гуравдагч этгээд: “Т” ХХК 

Гуравдагч этгээд: “М” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Баянцогт, Баянчандмань сумдын нутаг 1896.24 га бүхий М******* нэртэй талбай, код СШ******* хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын шийдвэр буюу “Т” ХХК-ийг шалгаруулсан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/198 тоот тушаалыг хүчингүй болгуулах” 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь 2008 онд Төв аймгийн Баянцогт, Баянчандмань сумын нутаг дахь М******* нэртэй газар 2580 га талбайд хайгуул хийх зөвшөөрөл авч байсан ба тухайн газарт өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид өөрсдийн хөрөнгөөр жил бүр нөөц тогтоох, шинжлэх хайгуулын ажлыг явуулж ирсэн.

Төв аймгийн Баянцогт, Баянчандмань сумдын нутаг 1896.24 га бүхий М******* нэртэй талбай, код СШ ******* хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцохоор холбогдох материалыг өгсөн боловч 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн манай саналыг “маягтын дагуу боловсруулаагүй” гэх үндэслэлээр сонгон шалгаруулалтын материалыг үнэлэхгүй татгалзсан.

Уг маягт нь Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудсанд PDF файлаар байсан бөгөөд байгууллагын лого, бусад холбогдох зүйлсийг тусгах боломжгүй, мөн “маягтад сонгон шалгаруулалтад хавсаргах материалын жагсаалтыг хавсаргана уу” гэж заасан байсан тул бид тухайн маягтын үг, өгүүлбэрийн дагуу саналыг боловсруулж, сонгон шалгаруулалтад хавсаргах баримт бичиг, төсөл, төлөвлөгөөг бүрэн хавсаргаж хүргүүлсэн боловч саналын маягтын дагуу боловсруулаагүй, “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 3.4-т заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлгүй хариу ирүүлж, манай компанийн шалгаруулалтад орох эрхийг хязгаарлаж, эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу “Т” ХХК-ийг шалгаруулсан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/198 тоот тушаалыг хүчингүй болгож, манай компанийн сонгон шалгаруулалтад өгсөн холбогдох материалыг дахин хянуулж өгнө үү.

Иймд Төв аймгийн Баянцогт, Баянчандмань сумдын нутаг 1896.24 га бүхий М******* нэртэй талбай дахь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч  А.М.Г.Т.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Б” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан “Төв аймгийн Баянцогт, Баянчандмань сумдын нутаг 1896.24 га бүхий М******* нэртэй талбай код СШ ******* хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын шийдвэр буюу “Т" ХХК-ийг шалгаруулсан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/198 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.3 заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Талбайн солбицол тогтоох тухай” 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан байна.

Улмаар дээр дурдсан талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгож шийдвэрлэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Журам батлах эрх олгох тухай” 14 дүгээр тогтоолоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад олгосон бөгөөд улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Журам батлах тухай” А/28 дугаар тушаалаар тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталж Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3863 дугаарт бүртгүүлсэн.

Дээр дурдсан 243 дугаар тогтоолоор баталсан солбицол бүхий газарт багтсан Төв аймгийн Баянцогт, Баянчандмань сумдын нутаг М******* нэртэй 1896.24 гектар талбайд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр СШ******* дугаартай 10 талбайд нээлттэй сонгон шалгаруулалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Комиссын бүрэлдэхүүн батлах тухай” А/80 дугаар тушаалаар байгуулагдсан комисс зарлан явуулсан. .

Нэхэмжлэгчийн оролцсон СШ-******* дугаартай сонгон шалгаруулалтад “М” ХХК, “Т" ХХК, “Ж л” ХХК, “Б” ХХК гэсэн 4 компани оролцохоор техникийн санал ирүүлсэн бөгөөд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э т 09 цаг 14 минутад техникийн саналын битүүмжлэлийг шалгуулан задалж техникийн саналын бүрдлийг шалгахад хуудасны дугаарлалт дутуу эхний 2 хуудас нь дугаарлалтгүй байсан тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан А/28 тоот журмын 3.4 дэх заалтыг хангаагүй үндэслэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э т техникийн саналын эх болон хуулбар хувийг буцаан өгсөн. “Т” ХХК-ийн техникийн саналыг захирал Х.А д 09 цаг 15 минутад техникийн саналын битүүмжлэлийг шалгуулан задалж бүрдлийг шалгаж хүлээн авсан. ”Ж л” ХХК-ийн захирал М.О т 09 цаг 15 минутад техникийн саналын битүүмжлэлийг шалгуулан задалж техникийн саналын бүрдлийг шалгахад хуудасны дугаарлалт дутуу эхний 2 хуудас нь дугаарлалтгүй байсан тул журмын 3.4 дэх заалтыг хангаагүй үндэслэлээр захирал М.О т техникийн саналын эх болон хуулбар хувийг буцааж, “Б” ХХК-ийн захирал С.Б д 09 цаг 16 минутад техникийн саналын битүүмжлэлийг шалгуулан задалж бүрдлийг шалгахад хуудасны дугаарлалт дутуу алдаатай дугаарлалттай, төрийн захиргаанаас батлагдсан маягтын дагуу бүрдүүлээгүй байсан тул журмын 3.4, 3.3.2.1 дэх заалтыг хангаагүй үндэслэлээр захирал Б.Б д техникийн саналын эх болон хуулбар хувийг буцаан өгсөн болно.

Комисс нь СШ******* дугаартай нээлттэй сонгон шалгаруулалтад оролцсон нийт 14 аж ахуй нэгжээс 15 санал техникийн саналыг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Журам батлах тухай” А/28 дугаар тушаалаар тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу үнэлсэн. 

Ингэхэд СШ-******* дугаарт оролцсон “Т” ХХК техникийн оноо 23.63, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үнийн саналыг нээхэд 168.533.080 төгрөгийн буюу хамгийн өндөр үнийн санал ирүүлж 45 оноо авч нийт техникийн болон үнийн саналын нийлбэрээр 68.63 оноо авч СШ-******* дугаартай сонгон шалгаруулалтад шалгарсан байна.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.6.4, 4.6.5, 4.6.8, 4.7 дахь заалтыг тус тус үндэслэн Агентлагийн даргын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” А/198 дугаар тушаалыг гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дахь хэсэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/198 дугаар тушаалыг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 871 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Баянцогт, Баянчандмань сумдын нутаг М******* нэртэй 1896.24 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-02******* тоот тусгай зөвшөөрлийг “Т" ХХК-д олгож шийдвэрлэсэн.

“Т” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хайгуулын ХV-02******* тоот тусгай зөвшөөрлийг бүхэлд нь “М” ХХК-д шилжүүлэх өргөдлийг гаргаж кадастрын өргөдлийн бүртгэлийн ТР-0089.. дугаарт бүртгүүлсэн байна.

Төрийн захиргааны байгууллага өргөдлийг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалтыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 8 дугаар шийдвэрээр хайгуулын ХV-02******* тоот тусгай зөвшөөрлийг бүхэлд нь “Т” ХХК-иас “М” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэлд ... Манай компани нь 2008 онд Төв аймгийн Баянцогт, Баянчандмань сумдын нутаг дахь М******* нэртэй 2580 га талбайд хайгуул хийх зөвшөөрөл авч байсан ба тухайн газарт өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид өөрсдийн хөрөнгөөр жил бүр нөөц тогтоох, шинжлэх хайгуул явуулж ирсэн тухай дурдсан байна.

Төв аймгийн Баянцогт, Баянчандмань сумдын нутаг дахь М******* нэртэй 2580 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын XV-0126.. тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаад хугацаа сунгуулах өргөдөл гаргаагүйн улмаас 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болж төрийн мэдлийн талбайд бүртгэлтэй болсон. Гэтэл нэхэмжлэгч компани нь захиргааны байгууллагын дуусгавар болгосон үйлдлийг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 49 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0219 дүгээр магадлалаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж улмаар шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч компани нь өмнө эзэмшиж байсан гэдгээр давуу эрх эдлэх, олгох зохицуулалт хууль, болон журамд байхгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн “Төв аймгийн Баянцогт, Баянчандмань сумдын нутаг 1896.24 га бүхий М******* нэртэй талбай СШ-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын шийдвэр буюу “Т” ХХК-ийг шалгаруулсан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/198 тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.М.Г.Т.Гт холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд “Т” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчээс “Төв аймгийн Баянцогт, Баянчандмань сумын нутаг 1896.24 га бүхий М******* нэртэй тэлбай код СШ-******* хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын шийдвэр буюу “Т” ХХК-ийг шалгаруулсан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/198 тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд тухайн лиценз нь одоогоор өөр компанийн ашиглалтад шилжсэн болно.

Манай компани нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Журам батлах тухай” А/28 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглах эрхийг авсан ба нэхэмжлэгч “Б” ХХК нь дээрх журмыг зөрчиж, сонгон шалгаруулалтаас журмын дагуу хасагдсан болох нь хариуцагчийн тайлбар бусад баримтуудаас тодорхой харагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

Гуравдагч этгээд “М” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.М.Г.Т.Гт холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд “М" ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчээс “Төв аймгийн Баянцогт, Баянчандмань сумын нутаг 1896.24 га бүхий М******* нэртэй талбай код СШ-******* хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын шийдвэр буюу “Т” ХХК-ийг шалгаруулсан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/198 тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд тухайн “Т” ХХК-ийг сонгон шалгаруулсан А/198 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан болохоос “Т” ХХК-аас “М” ХХК-руу шилжүүлсэн актуудтай маргаагүй байна.

Хамгийн гол нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Журам батлах тухай” А/28 дугаар тушаалаар батлагдсан журмыг зөрчсөн үйл баримт нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-иас “Төв аймгийн Баянцогт, Баянчандмань сумдын нутаг 1896.24 га бүхий М******* нэртэй талбай, код СШ******* хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын шийдвэр буюу “Т” ХХК-ийг шалгаруулсан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/198 тоот тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. 

Маргаан бүхий А/198 тоот тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.6.4, 4.6.5, 4.6.8, 4.7 дахь заалтыг тус тус үндэслэн СШ******* дугаар сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг хавсралтаар баталгаажуулж, хавсралтаар СШ-******* дугаартай сонгон шалгаруулалтад “Т” ХХК-ийг шалгаруулсан байна. 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  “... хэрэгт цугларсан баримтыг харахад нэхэмжлэгч байгууллага баримт бичгийг боловсруулахдаа алдаа гаргасан байна. Надад олгосон итгэмжлэлд эвлэрэх эрх олгоогүй тул эвлэрэх боломж байхгүй байна. Нэхэмжлэлээсээ татгалзах бодолтой байгаа боловч С.Б захирал шүүгчийн захирамжаар шийдүүлье гэсэн. Манай компани алдаа гаргасан байна. Бид хүлээн зөвшөөрч байна” гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Маргаан бүхий тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шүүхэд бичгээр тайлбар гаргасан. Уг хариу тайлбараа дэмжиж байна. Сонгон шалгаруулалт явуулах процесс, тэмдэглэлд тухайн нэхэмжлэгч компанийн захирал н.Б гэх хүн өөрөө манай үйлдэл буруутай байна гэж гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэхэмжлэгч өөрөө хуульд заасан журам зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйл, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт зааснаар Газрын даргын 20158 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/198 дугаар шийдвэр нь хуулийн үндэслэлтэй захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Т” ХХК нь СШ-******* дугаар бүхий сонгон шалгаруулалтад 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар журмыг хангаж нийт техникийн болон үнийн саналын нийлбэрээр 68,63 оноо авч шалгарсан. Улмаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/198 тугаар тушаал гарч уг газрыг эзэмших эрхтэй болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна” гэх тайлбарыг тус тус хийсэн. 

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.1.2-т “энэ хуулийн 20.1, 24.2, 26.9, 60.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ энэ хуулийн 10.1.2-т заасан журмын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 18.1.7-д “Энэ хуулийн 10.1.2-д заасан журамд заасан бусад шаардлагатай баримт бичиг.”, 20 дугаар зүйлийн 20.1.3-д “хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 18.1-д заасан шаардлага хангаагүй бол сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй үндэслэл, шалтгааныг хүсэлтэд хавсаргасан баримт бичгийн хамт хүсэлт гаргасан хуулийн этгээдэд хүргүүлнэ.” гэж тус тус заажээ. 

Нэхэмжлэгч “Б” ХХК-иас тус тендерт ирүүлсэн техникийн саналын бүрдлийг шалгахад хуудасны дугаарлалт дутуу, алдаатай дугаарлалттай, төрийн захиргааны байгууллагаас батлагдсан маягтын дагуу бүрдүүлээгүй буюу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 3.4, 3.3.2.1 дэх заалтыг хангаагүй тул тус компанийн захирал С.Б д техникийн саналын эх болон хуулбар хувийг буцаан олгосон, тэрээр хүлээн зөвшөөрч гардан авсан болох нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Сонгон шалгаруулалтын комиссын хуралдааны нэгдсэн санал нээсэн тэмдэглэл, тус сонгон шалгаруулалтад саналаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн хамт саналыг задлахдаа үйлдсэн баримт зэргээр нотлогдож байна. 

“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 4.6.4 дэх хэсэгт “Төрийн захиргааны байгууллагын дарга сонгон шалгаруулалтын комиссын нэгдсэн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 /хоёр/ өдөрт багтаан холбогдох тушаалыг гаргана” гэж заасны дагуу хариуцагч төрийн захиргааны байгууллагын дарга сонгон шалгаруулалтын нэгдсэн дүнг үндэслэн “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” А/198 дугаар тушаалыг гаргасан нь холбогдох хууль журмыг зөрчөөгүй байх тул уг актын улмаас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэхээр байна. 

Түүнчлэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх үйл баримтыг үгүйсгэж мэтгэлцээгүй, нэхэмжлэгч байгууллага баримт бичгийг боловсруулахдаа алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч нэгэнт эвлэрэн хэлэлцэх итгэмжлэл олгогдоогүй тул шүүхийн шийдвэр гаргуулах байдлаар тус хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. 

Иймд шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн, хэргийн оролцогчдын шүүхэд бичгээр болон амаар гаргасан тайлбар зэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.7, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Б” ХХК-ийн А.М.Г.Т.Гт холбогдуулан гаргасан “Төв аймгийн Баянцогт, Баянчандмань сумдын нутаг 1896.24 га бүхий М******* нэртэй талбай, код СШ******* хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын шийдвэр буюу “Т” ХХК-ийг шалгаруулсан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/198 тоот тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Н.Д