Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0576

 

 

 

 

 

 

 

           И.Ц-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч И.Ц

Хариуцагч Хил хамгаалах ерөнхий газар, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 540 дугаартай тушаалыг илт хууль бусад тооцуулж, ...дахин тушаал гарган огноог 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр болгон засвар оруулахыг хариуцагчид даалгах, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 000119 дүгээр Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох, 2015 оны 3 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийн мөнгийг хариуцагчаас гаргуулахыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 406 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б

Хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М

Хариуцагчийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2022/0648/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч И.Ц Хил хамгаалах ерөнхий газар, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдуулан “Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 540 дугаартай тушаалыг илт хууль бусад тооцуулж, ...дахин тушаал гарган огноог 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр болгон засвар оруулахыг хариуцагчид даалгах, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 000119 дүгээр Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох, 2015 оны 3 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийн мөнгийг хариуцагчаас гаргуулахыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 406 дугаар шийдвэрээр: 

“Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 1З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 3-д заасныг тус тус баримтлан Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 540 дугаартай тушаалыг илт хууль бусад тооцуулж, ... дахин тушаал гарган огноог 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдөр болгон засвар оруулахыг хариуцагчид даалгах, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 000119 дүгээр “Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох, 2015 оны 3 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийн мөнгийг хариуцагчаас гаргуулахыг даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч И.Ц*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 540 дүгээр тушаалаар нэхэмжлэгч И.Ц-г цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэх үндэслэлээр цэргийн албанаас чөлөөлөх үед нэхэмжлэгч 39 нас 9 сартай байсан байх ба цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байсан байна. Дээрхээс үзэхэд, маргаан бүхий 540 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг цэргийн алба хаах нас хэтрээгүй байхад нь цэргийн жинхэнэ алба хаах нас хэтэрсэн буюу цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэсэн үндэслэлээр цэргийн албанаас халсан нь хууль зөрчсөн байна. Гэвч дээрх 540 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг 45 нас хүрээгүй байхад нь нас хэтэрсэн гэж ажлаас чөлөөлсөн нь хууль бус байх хэдий ч энэ тушаал нь тухайн үедээ нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл, эерэг үр дагаврыг үүсгэсэн байх бөгөөд тус эерэг нөлөөлөл бүхий 540 дүгээр тушаалыг нэхэмжлэгч тухайн үедээ мэдээгүй гэж үзэх боломжгүй, уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол тухайн үед зөрчигдөөгүй байна гэж шүүх үзлээ" гэсэн нь хоорондоо зөрчилдсөн шинжтэй үндэслэлгүй дүгнэлт болжээ. Учир нь уг тушаал нь тухайн үед нэхэмжлэгч И.Ц-ийн хүсэл зоригоос өөр байдлаар түүний хууль ёсны эрх ашгийг зөрчиж гаргасан байдаг. Энэхүү илт хууль бус захиргааны актын улмаас түүний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдсөн. Гэтэл шүүхээс ямар нэг нотлох баримтад үндэслэлгүй И.Ц тухайн үедээ мэдээгүй байх боломжгүй гэж хэт таамаглалд үндэслэж дүгнэлт хийж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэснийг зөрчиж байна. 2006 онд гарсан энэхүү илт хууль бус акт /хариуцагч Хил хамгаалах ерөнхий газар ч илт хууль бус акт гэдгийг хүлээн зөвшөөрдөг/-ын улмаас нэхэмжлэгч И.Ц нь 17 жил 6 сар хилийн цэрэгт ажиллаж, тэтгэвэр авах эрхтэй хэдий ч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх"-ээ эдэлж чадахгүй хуулиар хамгаалагдсан эрх нь зөрчигдсөөр өнөөдрийг хүрсэн.

3.2.Мөн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн №000119 тоот актад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны акт тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй байна" гэсэн дүгнэлт нь хэт нэг талыг барьсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", мөн хуулийн 34.3-т "Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэж заасныг зөрчиж байна. Шүүхээс хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн ямар нэг хууль зүйн үндэслэлгүй "боломжгүй" байна гэсэн тайлбарыг үндэслэж шийдвэр гаргаж байгаа нь урьдчилсан дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Шүүхээс дүгнэлт хийхдээ зөвхөн нэхэмжлэгч И.Ц цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй гэх үндэслэлийг гол болгож уг захиргааны акт гаргах үед 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр нэхэмжлэгч 48 настай, цэргийн алба хаах нас хэтэрсэн буюу Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэвэр авах эрхтэй байсан гэдгийг огт анхаарч харгалзаж үзээгүй хэт нэг талын баримтыг үндэслэсэн байдаг.

Учир нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн энэхүү үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэж заасныг зөрчсөн үйлдэл байсан. Дээр дурдсан нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс анхаарч шүүхийн шийдвэрийн үндэслэлд тусгалгүй орхигдуулсанд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэгч И.Ц нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй" гэсэн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан хэдий ч Хил хамгаалах ерөнхий газар болон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хууль бус үйл ажиллагааны улмаас хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөөр байгаа тул түүний хууль ёсны эрхийг сэргээн эдлэх боломжийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангасангүй.

1.И.Ц*******гийн 2006 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст гаргасан “…1960 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, цаашид биеийн байдалдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай тул хувь тэнцүүлэн цэргийн албанаас чөлөөлж өгнө үү…” гэсэн хүсэлтийг үндэслэн Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 540 дүгээр тушаалын 1 дэх заалтаар цэргийн жинхэнэ алба хаах нас хэтэрсэн гэсэн үндэслэлээр мөн оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс ажлаас чөлөөлж, цэргийн албанаас халсан, 2 дахь заалтаар Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу түүний улсын хилд алба хаасны нэмэгдэл 3 жил, 4 сарыг тооцож, нийт 17 жил 6 сар цэргийн алба хаасан тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлж тогтоолгохоор материалыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн, 3 дахь заалтаар И.Ц-д Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу 15 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохыг 0151 дүгээр ангийн захирагчид зөвшөөрчээ.

Өөрөөр хэлбэл дээрх тушаалыг ажил олгогчийн санаачилгаар бус нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж гаргасан, харин нэхэмжлэгч 1967 онд төрсөн атлаа 1960 онд төрсөн мэтээр ажил олгогчийг төөрөгдүүлж, улмаар Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /1992 оны/ 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “дунд офицер 45 нас хүртэл цэргийн алба хааж болно” гэсэн болзлыг хангасан, цаашлаад Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т “цэргийн алба хаах нас хэтэрсэн” гэсэн үндэслэлээр хувь тэнцүүлэн тэтгэвэр авах эрх үүссэн мэт нөхцөлийг бий болгожээ. Иймд бодит байдалд 39 нас 9 сартай байхдаа ийнхүү хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон нь улсын байцаагчийн 2016 оны 119 дүгээр актаар тогтоогдож, илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг илт хууль бус үзэхгүй.

Мөн дээрх тушаалыг ч илт хууль бус гэж дүгнэхгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт үндэслэлтэй дүгнэсэн төдийгүй холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

2.Давж заалдах гомдолд “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн албан хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй:” гэсэн шаардлагыг хангасан гэх боловч хуулийн энэхүү зохицуулалтыг “тасалж” өөрт ашигтай байдлаар тайлбарлаж буйг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч 17 жил 6 сар цэргийн алба хааснаараа дээрх хуулийн “10-аас доошгүй жил” гэдгийг хугацааны хувьд хангаж байгаа боловч хуулийн “дор дурдсан шалтгаанаар” гэдэгт хамаарах 1/-т “орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр”, 2/-т “биеийн эрүүл мэндээр”, 3/-т “цэргийн алба хаах нас хэтэрч” гэсний чухам алинд нь нэхэмжлэгч хамаарч байгаа талаар тодорхой үндэслэл гаргаж маргадаггүй, гэтэл 2006 онд И.Ц*******г цэргийн албанаас халах үед орон тоо, бүтцэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байсан, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид үүрэгт ажлаа хийх боломжгүй талаар эмнэлгийн дүгнэлт гараагүй байх тул хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж үзэхгүй.

Тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-т заасан “Цэргийн жинхэнэ албанд биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй тухай цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гарсан байх” шаардлага хангагдаагүй, иймд хуульд заасны дагуу хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байхад хариуцагчийг төөрөгдүүлэн маргаан бүхий тушаалыг гаргуулснаар нэхэмжлэгчид харин ч нэг удаагийн тэтгэмж олгогдсон, мөн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3-т “Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно” гэж зааснаар түүний цэргийн алба хаасан нэг жилийг 1.6 жилээр тооцоход нийт 28.1 жил ажилласанд тооцогдох боломжтой бөгөөд 2027 онд 60 нас хүрснээр тэтгэвэр тогтоолгох эрх нээлттэй болно. Түүнээс маргаан бүхий тушаалын улмаас Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгох эрх зөрчигдөөгүй, цэргийн алба хаах нас хэтрээгүй байхад нь хэтэрсэн мэтээр тушаал гаргасныг илт хууль бус гэж үзэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 406 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.    

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                 ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

      ШҮҮГЧ                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН

                 ШҮҮГЧ                                                     Э.ЛХАГВАСҮРЭН