Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 202/МА2017/00020

 

 

 

 

 

 

 

М.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Н.Батимэг даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 136/ШШ2017/00193 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЗДд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин 3951639 төгрөг, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч,  шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Баярмаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗГар 2012-2016 оны 7 сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Аймгийн ЗГ Т.Э 2016.07.20-ны өдрийн б/28 дугаар захирамж гаргаж намайг үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн. Үүнийг эс зөвшөөрч Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Захиргааны хэргийн шүүх 2016.11.22-ны өдрийн 115/ШШ2016/0020 дугаартай шийдвэрээрээ миний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Аймгийн Засаг даргын б/28 дугаар захирамжийг хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны цалингаа иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн тул 2016.07.20-ны өдрөөс 2016.10.31-ний өдрийг хүртэлх цалин болох 3951639 төгрөг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар ... улс төрийн албан тушаалтан ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол түүнд урьд авч байсан албан тушаалын 6 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно гэж заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэгийг аймгийн ЗГас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг: ... нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 2619729 төгрөг, 6 сарын тэтгэмж 7517484 төгрөг, нийт 10137213 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж өөрчилжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилгүй байсан хугацааны цалин болон 6 сарын тэтгэлэг нэхэмжлэх хэмжээний нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Тухайлбал Засгийн газрын 2014.10.11-ний өдрийн 333 дугаар тогтоол, уг тогтоолоор баталсан сумын Засаг даргын цалинг шинэчлэн тогтоох тухай 2014.10.22-ны өдрийн А/538 дугаар захирамж зэрэг хэрэгт авагдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар ажилтныг ажлаа хүлээлцэн өгсөн сүүлийн өдрийг ажлаас халсан өдөр гэж үзнэ гэж заасныг анхаараагүй. Ажилтныг буруу халсан буюу шилжүүлсэн, зөрүү олгох дундаж цалин хөлсийг тогтоохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэсний дагуу дундаж цалин хөлсийг бодох хэрэгтэй. Цалингийн тодорхойлолтыг Аймгийн Засаг даргын тамгын газар тодорхойлсон бол энэ нь нотлох баримтын шаардлага хангах байсан. Цалингийн цэс нь 2016 оны 07 дугаар сард 7 хоног ажилласан 663 118 төгрөгийн цалин бодогдсон байхад 2016 оны 07 дугаар сард 1 494 072 төгрөг, 08 дугаар сард 1 140 427 төгрөгийн цалингийн баримт хийгдсэн. Нэхэмжлэгч нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажилласан хоногийн цалин 1 494 072, ажилласан хугацааны ээлжийн амралтын нөхөн олговор 1 140 427 төгрөгөөр тооцож олгосон. Цалин нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд тусгахдаа ажилласан хугацааны цалинг 7 сард, ээлжийн амралтын цалинг 08 дугаар сард тус тус оруулж тайлагнасан мэт зөрүүтэй байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн цалинд хоол унааны зардлыг оруулж тооцсон учир ээлжийн амралт эдэлсэн хугацааг ажилгүй байсан хугацаа, унаа хоолны зардлыг тус тус хасч тооцож мөн ээлжийн амралтын болон нэмэгдэл хугацааг тооцож олгосон шийдвэр хэрэгт байхгүй. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ...албан тушаалаас чөлөөлөгдсөн бол урьд нь авч байсан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгоно гэж заасан. Гэтэл албан тушаалаасаа хууль бусаар халагдсанаар ажилгүй байсан хугацааны цалин дээр нэмж тэтгэмж нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Хуульд заасан бүрэн эрх нь дуусаад ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгогдох юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ЗД Т.Эгээс 2619729 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бөд олгож, 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ЗДас 7517484 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Бөд олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78176 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЗДас 177145 төгрөг гаргуулж, 78176 төгрөгийг нэхэмжлэгч М.Бөд олгож, үлдсэн 98969 төгрөгийг улсын төсөвт оруулж, ... шийдвэрийг гардан авах журам болон гомдол гаргах эрхийг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагыг хангахуйц хэмжээнд үнэлэгдэх, үндэслэл болох нотлох баримтууд буюу Засгийн газрын 2014.10.11-ний өдрийн 333-р тогтоол, Дорноговь аймгийн Засаг даргын 2014.10.22-ны өдрийн А/538 дугаар захирамж, Замын-Үүд сумын Засаг даргын ажил хүлээлцсэн акт, М.Бийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсний тодорхойлолт, цалингийн цэс, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт 8-р сард ээлжийн амралтын олговорыг олгосон гэж тодорхойлсон тул ээлжийн амралт олгосон захирамж, амралтын үндсэн болон нэмэгдэл хугацааг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй, эдгээр баримтууд зайлгүй шаардлагатай. Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчийн тодорхойлолт, огноогүй тодорхойлолт зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Бийн албан тушаалын цалингаар бус албан ажлын онцгой нөхцлийн болон хотын захирагчаар хавсран ажилласны нэмэгдлүүдийг оруулж тооцсон нийт цалингаар нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг бодож олгохоор шийдвэрлэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй, бүрэн эрхийн хугацаанаас өмнө халагдсан тул албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг дараах үндэслэлээр өөрчилж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 Нэхэмжлэгч М.Б нь “...2016.07.20-ны өдрөөс 2016.10.31-ний өдрийг хүртэлх цалин болох 3951639 төгрөг, урьд авч байсан албан тушаалын 6 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэгийг ЗДас гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ...ажилгүй байсан хугацааны цалин 2 619 729 төгрөг, 6 сарын тэтгэмж 7 517 484 төгрөг, нийт 10 137 213 төгрөгийг гаргуулах” гэж тодруулж, өөрчилжээ.  

Нэхэмжлэгч талаас дээрх шаардлагаа Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016-11-22-ны өдрийн “М.Бийг Замын-Үүд сумын Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах тухай” Б/28 тоот Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийг  хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэрт үндэслэсэн байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /хх-25/-өөс хэрэгт цугларсан нотлох баримт хуулийн шаардлага хангахгүй, хэргийг хянан шийдвэрлэх хангалттай баримт хэрэгт авагдаагүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ. 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу хариуцагчаас буруу халсан үеийн олговорт 2 619 729 төгрөгийг, урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 7 517 484 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. 

Давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016-11-22-ны өдрийн “М.Бийг Замын-Үүд сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсан, Дорноговь аймгийн Засаг даргын 2016-07-20-ны өдрийн  Б/28 тоот захирамжийг хүчингүй болгосон” шийдвэр /хх4-10/ хуулийн хүчин төгөлдөр болж, дээрх хууль бус шийдвэрийн улмаас ээлжит сонгуулиас өмнө албан тушаалаас чөлөөлөгдсөн нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан “Буруу халсан...үеийн олговор болон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан тэтгэмжийг олгох хууль зүйн үндэслэлтэй болно. 

Харин анхан шатны шүүх, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэгийг 7517484 төгрөг гэж,  2016.07.20-ны өдрөөс 2016.10.31-ний өдрийг хүртэлх цалинг 2619729  төгрөг гэж тооцож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй ба энэхүү тооцоо нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтанд тулгуурласан нь тодорхойгүй, шийдвэрт дурдсан дүгнэлттэй нь нийцээгүйн гадна Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан тэтгэмжийг бодохдоо хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн алдаа гаргажээ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-13/, ЗГ М.Бийн 2016 оны 8-11 сарын цалинг тооцсон баримт /хх-29/, гэрч Б.Ч, Б.Б нарын мэдүүлэг /хх38-40/ болон бусад нотлох баримтаар нэхэмжлэгч М.Б 835276 төгрөгийн үндсэн цалинтай нь тогтоогдсон байх ба энэ цалин нь Монгол Улсын Засгийн газрын 2014-10-11-ний өдрийн 333 дугаар “Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох” тухай тогтоолд нийцсэн байх тул хариуцагчийн гомдолд дурдсанаар “Сумдын ЗГ нарын цалинг шинэчлэн тогтоох тухай” Дорноговь аймгийн Засаг даргын 2014-10-22-ны өдрийн А/538 дугаар захирамжийг  хэрэгт заавал хавсаргах шаардлагагүй юм. 

Түүнчлэн Дорноговь аймгийн Засаг даргын 2016-07-20-ны өдрийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах тухай Б/28 дугаар захирамж /хх-85/-д Замын-Үүд сумын ЗГ М.Бтэй ээлжийн амралт болон бусад холбогдох тооцоог хийж дуусгахыг Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчид даалгаж, ажлыг зохих журмын дагуу 2016-07-20-ны дотор хүлээлцүүлэхийг аймгийн Засаг даргын тамгын газрын даргад үүрэг болгосон байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийг, Аймгийн Засаг даргын захирамжид заасан хугацаанд ажлаа хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй. 

Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл...”гэж, мөн журмын 7. а/-д “...дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр...” тодорхойлохоор заажээ.  

Журмын дээрх зохицуулалт болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 7 сарын цалинг бүрэн авсан, амралтын мөнгө 1140427 төгрөгийг 8 сард авсан учир нэхэмжлэхгүй гэсэн тайлбар, М.Бийн 2016 оны 8-11 сарын цалинг тооцсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчийн бичсэн баримтад тус тус үндэслэж үндсэн цалин 835276 төгрөг, онцгой нэмэгдэл 250583 төгрөг, ЗАА-ны нэмэгдэл 167055 төгрөгөөр тооцож, дундаж цалин хөлсийг тодорхойлоход 1 сарын цалин хөлс нь 1 252 914 төгрөг, 1 өдрийн цалин нь 58275 төгрөг /1252914:21,5/, ажилгүй байсан нийт хугацаа 63 хоног /7 сард цалингаа бүтэн авсан гэсэн тул оруулаагүй, 8 сард 21 хоног, 9 сард 22, 10 сард....  20 хоног/-оор тооцоход 58275х63=3 671 325 төгрөг, үүнээс амралтын мөнгө 1 140 427 төгрөгийг хасаж тооцоход ажлаас буруу халсан үеийн олговор нь 2 530 898 төгрөг байна. 

Мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “...бүх шатны ЗГ ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж зааснаас үзэхэд энэхүү тэтгэмжийн хэмжээг албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцохоор байгааг анхан шатны шүүх анхаараагүй цалин хөлсний дундаж хэмжээгээр тооцсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 28.2.1-т зааснаар “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдлээс” цалин хөлс нь бүрдэх бөгөөд энэ нь албан тушаалын цалин гэдэгт бусад нэмэгдлүүд хамаарахгүй гэж ойлгогдоно.

Иймд нэхэмжлэгч М.Бөд урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжид 5 011 656 төгрөг /835276 х 6/-ийг,  нэхэмжлэгчийн ажлаас буруу халсан үеийн олговор нь 2 530 898 төгрөг, нийт 7 542 554 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй болно. 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эын давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 136/ШШ2017/00193 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг  “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ЗДас буруу халсан үеийн олговорт 2530898 /хоёр сая таван зуун гучин мянга найман зуун ерэн найм/ төгрөг, албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжид 5011656 /таван сая арван нэгэн мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөг,  нийт 7542554 /долоон сая таван зуун дөчин хоёр мянга таван зуун тавин дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Бөд олгож, нэхэмжлэлээс үлдэх нийт 2594659 /хоёр сая таван зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун тавин ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 

 

3 дугаар заалтыг 2 гэж дугаарлан заалтыг “Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 135631 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78176 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Бөд олгосугай.”  гэж тус тус өөрчилж,

 

4, 5 дугаар заалтыг 3, 4 гэж дугаарлан заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЗД нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                             ШҮҮГЧИД                                 Х.БАЙГАЛМАА 

                                                                                                   Н.БОЛОРМАА