| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00184/И |
| Дугаар | 348 |
| Огноо | 2017-04-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 348
| 2017 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 156/ШШ2017/00348 | Хэнтий аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00184/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Нэхэмжлэгч: ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны 2 дугаар хороо, Жаран гэр 1 дүгээр гудамж 2 тоотод оршин суух, Тайж овогт Өлзийбаатарын Баттогтох /РД:СА82012416/, Бажгар овогт Гомбожавын Буянхишиг (РД:СА830430006 нарт холбогдох
“зээл, зээлийн хүүгийн 1 135 178 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөөгч С.Өлзийхутаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.
Хариуцагч Г.Буянхишиг нь миний бие барааны дэлгүүрт худалдагчаар ажилладаг тул шүүх хуралд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Буянхишиг өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын захирал Б.Алимаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ө.Баттогтох, Г.Буянхишиг нар нь 2014 оны 03 дугаар сарын 21-нийн өдөр Хэрлэн сум дахь ХААН банкны тооцооны төвөөс 4 800 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэй хуьийн хэрэгцээнд хэрэглээний зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 4 ханатай гэр, 5 ханатай гэр, зурагт 32 инч, хөргөгч, угаалгын машин зэрэг зүйлсийг барьцаалсан. Ө.Баттогтох, Г.Буянхишиг нар нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 1 038 793 төгрөг, зээлийн хүүд 88 082 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8 302 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна. Иймд банкны зээлийн гэрээг цуцлан зээлдэгч Ө.Баттогтох, Г.Буянхишиг нараас 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/341 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, үндсэн зээлийн төлбөр 1 038 793 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 88 082 57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 8 302 төгрөг, нийт 1 135 178 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөгч С.Өлзийхутаг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Баттогтох, Г.Буянхишиг нараас зээл, зээлийн хүүгийн 1 135 178 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь 2017 оны 06 дугаар сард 450 000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 685 178 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Г.Буянхишиг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие нөхөр Өлзийбаатарын Баттогтохын цалингийн зээлийн үлдэгдэл болох 1 135 178 төгрөгийн зээлийн төлбөрөөс 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 450 000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл төлбөр болох 685 178 төгрөгийг 2017 оны 08 дугаар сард багтаан төлнө гэжээ. /хх-ийн 30х/
Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч Ө.Баттогтох, Г.Буянхишиг нарт холбогдуулан зээл, зээлийн хүүгийн 1 135 178 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ө.Баттогтох, Г.Буянхишиг нь нэхэмжлэгч байгууллагаас 4 800 000 төгрөгийн зээл авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар /хх-ийн 1х/, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/341 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 8-13х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 30х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө.Баттогтох, Г.Буянхишиг нь хүлээн зөвшөөрч 685 178 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Ө.Баттогтох, Г.Буянхишиг нарт холбогдох “зээл, зээлийн хүүд 1 135 178 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Г.Буянхишиг нь 450 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 685 178 төгрөгийг 2017 оны 08 дугаар сард багтаан төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өлзийхутаг нь хариуцагчийн дээрх саналыг хүлээн зөвшөөрсөн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 31 794 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ө.Баттогтох, Г.Буянхишиг нараас 15 897 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР