| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00247/И |
| Дугаар | 347 |
| Огноо | 2016-06-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 347
| 2017 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 156/ШШ2017/00347 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00247/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгонд оршин суух, Бямбаагийн Мөнхбаярт холбогдох
“4 650 952 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга оролцов.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гантөгс нь миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагч хурандаа Н.Мягмарцоож нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бямбаагийн Мөнхбаяр нь тус ангид мал маллаж байгаад малаа дутааж, 4 650 952 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн. Иймд Б.Мөнхбаяраас 4 650 952 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гантөгс нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгонд оршин суух, Бямбаагийн Мөнхбаярт холбогдуулж 4 650 952 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь уг хаягтаа оршин суудаггүй байх тул Б.Мөнхбаярыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ. /хх-ийн 9х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Зэвсэгт хүчний 232 дугаар анги нь Б.Мөнхбаярыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Б.Мөнхбаяр нь Зэвсэгт хүчний 232 дугаар ангид мал маллаж байхдаа 4 650 952 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн болох нь 2010 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тооцоо нийлсэн акт, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн хувь хүмүүстэй холбоотой авлагын жагсаалт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 3-4х/
Мөн хариуцагч Б.Мөнхбаяр нь Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгонд оршин суудаггүй болох нь шүүхийн мэдэгдэх хуудас /хх-ийн 8х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Б.Мөнхбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн нэхэмжлэлтэй, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгонд оршин суух хаягтай Бямбаагийн Мөнхбаяр гэгчийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Мөнхбаярыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоох, шүүхэд авчрах ажиллагааг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Мөнхбаяртай холбоотой иргэний хавтаст хэрэгт байгаа баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргэхийг шүүгчийн туслах О.Дүүриймаад үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 232 дугаар анги нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР