Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/82

 

 

 

 

 

 

2021           06          25                                         2021/ШЦТ/82

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

шүүгдэгч Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 2119000000120 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 28 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар баг Шар худаг гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Б /РД:ЕА93112914/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Борын ус гэх газарт урьдын таарамжгүй харьцааны улмаас маргалдан Т.С-ын цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 05 сарын 29-ний өдөр хонь эргүүлээд явж байхад С хүрээд ирсэн. Мал сурахаас болж маргасан. Би мал сурж байгаа бол аятайхан сур гэсэн юм. Энэ өдрөөс 2 хоногийн дараа 2 шил архи аваад явж байхаар нь 1 шилийг нь зарчих гэтэл С үгүй гэсэн. Тэгээд маргалдаж цээж хэсэг рүү нь өшиглөсөн. Би тэр үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй. Хохиролд 1.500.000 төгрөгийг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Т.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би мотоциклоосоо буугаад мэнд мэдээд явах гэтэл миний мотоциклын түлхүүрийг Б булааж аваад чамтай тооцоо байна, чи ингээд явна гэж байхгүй. Чи эртээд адуугаа сураад явахдаа их томроод байсан. Чамайг зүгээр явуулна гэж байхгүй гээд мотоциклын түлхүүрийг булааж аваад Б-ын найз миний хойноос ирээд гараараа багалзуурдаад хоолойноос боогоод мотоциклоос унагасан. Миний амьсгаа давчдаад ухаан алдах шахаж байхад Б гүйж ирээд миний элэг рүү хөлөөрөө өшиглөөд, үснээс зулгаагаад гараараа нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд Б-ын найз намайг боохоо болиход нь би хажуу тал руугаа хараад хэвтэхэд Б миний баруун талын хавирга руу хөлөөрөө өшиглөсөн, би үхлээ шүү дээ болиоч дээ гэхэд Б чамайг нэг мөсөн гүйцээгээд алчихъя гээд архины шил авч над руу дайраад цохиход нь би бултсан. Хэрвээ би бултаагүй бол архины шил авч миний толгой хэсэг рүү онох байсан. Би одоо болно шүү дээ аллаа шүү дээ би гэртээ харимаар байна гэхэд Б чи явах болоогүй манайд очоод пиво ууна гээд намайг гэр рүүгээ дагуулаад явсан гэсэн мэдүүлэг /хх 7-8 ху/,

 

-Гэрч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2021 оны 05 сарын 31-ний өдөр би хонио хариулж яваад саахалт айлын Б-ынд очсон. Б-ынд очиход Б, Сосорбурам, Баасан нар пиво уугаад сууж байсан. Би пивоноос нь хэд татаад байж байтал тэд нар хоорондоо муудсан бололтой ярианы өнгө аястай байсан. Тэд нар хоорондоо хөдөө муудсан юм шиг байна лээ гэсэн мэдүүлэг /хх 11-12 ху/,

 

-Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэгээд Б бид хоёрт архиа өгөхгүй гээд байхаар С-тай юун сүртэй юм ганц архи өгчихөд яадгийн гээд муудалцаад би С-ын хоолойг нь гараараа араас нь боогоод унагаасан. С газар унангуут Б ирээд С-ын цээж рүү нь өшиглөсөн ба би Быг татаад салгасан. Тэгээд тэд хоёрыг салгасны дараа Сосорбурам хэсэг тонгойж байгаад би харилаа гээд явах гэхэд Б, С-ын мотоциклыг унаад гэр рүүгээ явсан гэсэн мэдүүлэг /хх 15-16 ху/,

 

-Яллагдагч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2021 оны 05 сарын 31-ний өдөр өөрийн найз Б.Б-тай хамт гэртээ нэг шил 0.75 литрийн архи уучихаад хониндоо явсан. Тэгээд Айраг сумын Нүдэн багийн Борын ус гэх газар хониныхоо хажууд найз Баасантай сууж байхад Сосорбурам мотоциклтой бид хоёр дээр ирсэн. Сосорбурам ирээд мэнд мэдэлцээд байж байхад С-ын мотоцикл дээр 2 шил архи тавьсан харагдсан. Тэгэхээр нь би архиа зарчих гэсэн чинь үгүй чамд зарахгүй чи эртээд манай адууг хөөгөөд байсан манай 2 адуу хаана байна гэхээр нь би С-ыг чи хүнээс хоёр адуугаа сураглаж байгаа юм бол аятайхан сурч чадахгүй байна уу хүнтэй аятайхан харьц за юу писда минь чи надтай зодолдох уу гээд С-тай муудалцаад байж байхад Баасан ирээд С-ыг чи надтай зодолдох уу гээд хоолойноос нь багалзуурдаж унагаасан. С-ын амьсгал нь давхцах хооронд би хажуугаас нь С-ын цээж рүү нэг удаа өшиглөсөн, цээж рүү өшиглөхөд миний хөлийн шилбэ хэсэг С-ын нүүр хэсэгт таарч цохисон. Тэгээд Сосорбурам хэсэг юм дуугарахгүй хэвтэж байгаад босож ирсэн. Тэгээд би С-ыг манайд очиж пиво ууя гээд дагуулаад явсан. Би Сосорбурамд эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг өгсөн. Одоо Сосорбурам ямар нэгэн гомдол саналгүй байхгүй гэсэн мэдүүлэг /хх 53-54 ху/,

 

-Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 02/0184 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.С-ын биед баруун 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 23 ху/,

 

-Б.Б-ын яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 46-54 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33 ху/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Борын ус гэх газарт урьдын таарамжгүй харьцааны улмаас маргалдан Т.С-ын цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Үйлдсэн хэргийнхээ талаар маргахгүй. Зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.С-ын “... мотоциклын түлхүүрийг булааж аваад Б-ын найз миний хойноос ирээд гараараа багалзуурдаад хоолойноос боогоод мотоциклоос унагасан. Миний амьсгаа давчдаад ухаан алдах шахаж байхад Б гүйж ирээд миний элэг рүү хөлөөрөө өшиглөөд, үснээс зулгаагаад гараараа нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд Б-ын найз намайг боохоо болиход нь би хажуу тал руугаа хараад хэвтэхэд Б миний баруун талын хавирга руу хөлөөрөө өшиглөсөн” гэсэн /хх 7-8 ху/, гэрч С.Т-ийн “...Б-ынд очиход Б, С, Б нар пиво уугаад сууж байсан. Би пивоноос нь хэд татаад байж байтал тэд нар хоорондоо муудсан бололтой ярианы өнгө аястай байсан. Тэд нар хоорондоо хөдөө муудсан юм шиг байна лээ” гэсэн /хх 11-12 ху/, гэрч Б.Б-ийн “...Б бид хоёрт архиа өгөхгүй гээд байхаар С-тай юун сүртэй юм ганц архи өгчихөд яадгийн гээд муудалцаад би С-ын хоолойг нь гараараа араас нь боогоод унагаасан. С газар унангуут Б ирээд С-ын цээж рүү нь өшиглөсөн” гэсэн /хх 15-16 ху/, яллагдагч Б.Б-ын “...С-ын мотоцикл дээр 2 шил архи тавьсан харагдсан. Тэгэхээр нь би архиа зарчих гэсэн чинь үгүй чамд зарахгүй чи эртээд манай адууг хөөгөөд байсан манай 2 адуу хаана байна гэхээр нь би С-ыг чи хүнээс хоёр адуугаа сураглаж байгаа юм бол аятайхан сурч чадахгүй байна уу хүнтэй аятайхан харьц за юу писда минь чи надтай зодолдох уу гээд С-тай муудалцаад байж байхад Баасан ирээд С-ыг чи надтай зодолдох уу гээд хоолойноос нь багалзуурдаж унагаасан. С-ын амьсгал нь давхцах хооронд би хажуугаас нь С-ын цээж рүү нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл болохыг тогтоосон шинжээчийн 02/0184 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б-ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.   

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б-ын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирлын хувьд хохирогч Т.С-д хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид гэм хорын хохиролд 1.500.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б-ыг хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 166.667 /нэг зуун жаран зургаа зургаан зуун жаран долоо/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА