| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2021/0089/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/83 |
| Огноо | 2021-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/83
-
2021 06 25 2021/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,
улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
шүүгдэгч Б.Т,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн 2119000970119 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 06 сарын 23-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бөхийн багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Дорноговь аймаг Сайншанд сум 5 дугаар баг Зүүнбаян 91-1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д м овгийн Б-ын Т, /РД:ЕП96062318/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаян багийн нутаг дэвсгэрт “Алтайгийн дэлгүүр”-ийн гэх газрын урд Д.А-тай маргалдаж толгойгоороо нүүрэн тус газар нь 3-4 удаа мөргөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Би тухайн үед согтуу байсан. 2.5 литрийн пивоноос уусан байсан. Ар бид хоёр гэмгүй ах дүү нар. Тухайн үед жаахан маргаад толгойгоороо мөргөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй. Хохирогчид эмчилгээний зардал 1.700.000 төгрөг өгсөн. Буруу зүйл хийсэндээ гэмшиж ойлгож байгаа гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тухайн үед бид гурав юм ярьж зогсож байтал Түвшинтулга уурлаж намайг нүүрэн тус газар 3 удаа мөргөж миний хамар гэмтсэн. Би хамрын эмчилгээний зардал гаргуулах хүсэлтэй байна. Би Түвшинтулгаас мөнгө төгрөг авсан зүйл огт байхгүй 2021 оны 05 дугаар сарын 23-өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн эмнэлэгт хамраа эмчлүүлж байхад Түвшинтулга эмнэлэгт тооцоо зардлын хийсэн тиймээс надад Б.Тас авсан мөнгө төгрөг огт байхгүй. Үгүй би хэргийн материалтай танилцах шаардлага байхгүй. Үгүй би шүүх хуралд суухгүй гэсэн мэдүүлэг /хх 10-11 ху/,
-Гэрч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Т бид 2 Анхбаяртай мэндлэхэд А чи ууж идчихээд машин бариад яваад байгаа юм биш биз дээ гэхэд би үгүй ээ найзыгаа хүргэж өгөх гээд явж байна гэсэн. Тэгээд А ах машинаасаа бууж ирэхэд бас Т машинаасаа буусан. Тэгээд Т, А-т хэлэхдээ намайг архи уугаагүй талаар хэлэхэд А би ажлынхаа хүнтэй ярьж байна чамд хамаагүй гэсэн. Тэгээд Т, А-ыг энгэрээс нь заамдаж аваад А-рын нүүрэн тус газар нь Т толгойгоороо 1 удаа мөргөхийг нь харсан. Тэгээд цагдаа ирээд Т-г аваад явсан гэсэн мэдүүлэг /хх 20-21 ху/,
-Гэрч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2021 оны 05 сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд “Тостын Батууд ХХК-ийн 8 нэрийн хүнсний дэлгүүрийн гадна хүмүүс зодолдоод байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очиход үл таних 2 залуу хоорондоо зодолдоод салчихсан хэрэлдээд зогсож байсан. Анхбаяр гэгчийн өмсөж байсан фудволк нь урагдсан, мөн хамраас нь цус гарсан байдалтай байсан гэсэн мэдүүлэг /хх 23-24 ху/,
-Яллагдагч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Анхбаяр ах машинаасаа бууж ирээд жолоо бариад явж байсан А-ийг чи бас архи уучихаад машин бариад яваад байгаа юм уу гэхээр нь би пиво уусан болохоор машинаа бариулаад явж байгаа гэхэд А ах би ажлынхаа хүнтэй ярьж байна чи чимээгүй байж бай гэсэн. Тэгээд би А ахыг баруун гараараа түлхсэн. Тэгтэл буцаагаад намайг Анхбаяр ах цээжин тус газар гараараа түлэхээр нь би Анхбаяр ахыг баруун гараараа энгэрээс нь заамдаад авсан. Тэгэхэд Анхбаяр ах намайг ямар том болцон юм бэ гэхээр нь Анхбаяр ахын энгэрээс баруун гараараа зуурч татаад нүүрэн тус газар хамар луу нь 4 удаа мөргөсөн. Тухайн өдөр 12 цагийн үед 2 танилтайгаа 3 ширхэг 2.5 литрийн пиво хувааж уусан. Надад Анхбаяр ах хэлэхдээ хамраа тэгшлүүлмээр байна өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэж надад хэлэхээр нь би бэлнээр 480.000 төгрөгийг Анхбаяр ахын эхнэрт өгсөн, дараа нь 1.220.000 төгрөгийг А ахын 5720390878 гэсэн Хаан банкны данс руу шилжүүлсэн гэх мэдүүлэг гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/,
-Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 02/0157 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Д.Аын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дээд уруулын дотор салстын цус цус хуралт, зулгаралт, хүзүү, цээжний цус хуралт, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 34 ху/,
-Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 45-52 ху/
-Б.Т-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 65-74 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 38 ху/
-Яллагдагч болон хохирогч нараас Цагдаагийн газарт гаргасан хүсэлтүүд /хх 79-80 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаян багийн нутаг дэвсгэрт “Алтайгийн дэлгүүр”-ийн гэх газрын урд Д.Анхбаяртай маргалдаж толгойгоороо нүүрэн тус газар нь 3-4 удаа мөргөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хохирогчид эмчилгээний зардал 1.700.000 төгрөг өгсөн. Буруу зүйл хийсэндээ гэмшиж ойлгож байгаа” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.А-ын “...Тухайн үед бид гурав юм ярьж зогсож байтал Түвшинтулга уурлаж намайг нүүрэн тус газар 3 удаа мөргөж миний хамар гэмтсэн. Би хамрын эмчилгээний зардал гаргуулах хүсэлтэй байна” гэсэн /хх 10-11 ху/, гэрч Ж.Адилбекийн “...Тулгаа, Анхбаярыг энгэрээс нь заамдаж аваад А-ын нүүрэн тус газар нь Тулгаа толгойгоороо 1 удаа мөргөхийг нь харсан. Тэгээд цагдаа ирээд Тулгааг аваад явсан” гэсэн /хх 20-21 ху/, гэрч М.Т-ын “...2021 оны 05 сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд Тостын Батууд ХХК-ийн 8 нэрийн хүнсний дэлгүүрийн гадна хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиход үл таних 2 залуу хоорондоо зодолдоод салчихсан хэрэлдээд зогсож байсан. Анхбаяр гэгчийн өмсөж байсан фудволк нь урагдсан, мөн хамраас нь цус гарсан байдалтай байсан” /хх 23-24 ху/ гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дээд уруулын дотор салстын цус цус хуралт, зулгаралт, хүзүү, цээжний цус хуралт, нурууны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл болохыг тогтоосон шинжээчийн 02/0157 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Т-ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Т-ын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирлын хувьд хохирогч Д.А-т хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид гэм хорын хохиролд 1.700.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 47, 80 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Т-ыг хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д м овогт Б-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд сард 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА