| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00246/И |
| Дугаар | 346 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 346
| 2017 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 156/ШШ2017/00346 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00246/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 21-04 тоотод оршин суух хаягтай Баатарнамсрайн Гантулга, Хэнтий аймгийн Өлзийт тосгонд оршин суух хаягтай Ишжамцын Жавзандолгор нарт холбогдох
“6 123 720 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга оролцов.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гантөгс нь миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагч хурандаа Н.Мягмарцоож нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баатарнамсрайн Гантулга нь тус ангид мал маллаж байгаад малаа дутааж, 4 965 070 төгрөгийн өр төлбөр үүсгэн ажлаа орхиж явсан. Түүний ээж Ишжамцын Жавзандолгор нь мал, мах нийлүүлэх гэрээ байгуулж, мөнгө аваад гэрээгээ биелүүлээгүй 1 158 650 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн. Иймд дээрх нэр бүхий 2 хүнээс нийт 6 123 720 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гантөгс нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 21-04 тоотод оршин суух хаягтай Баатарнамсрайн Гантулга, Хэнтий аймгийн Өлзийт тосгонд оршин суух хаягтай Ишжамцын Жавзандолгор нарт холбогдуулж 6 123 720 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь уг хаягтаа оршин суудаггүй байх тул Б.Гантулга, И.Жавзандолгор нарыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ. /хх-ийн 14х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төвтэй Зэвсэгт хүчний 232 дугаар анги нь Б.Гантулга, И.Жавзандолгор нарыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Б.Гантулга нь Зэвсэгт хүчний 232 дугаар ангид мал маллаж 4965070 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн, түүний ээж И.Жавзандолгор тус ангитай мал, мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, мөнгө авч 1 158 650 төгрөгийн өр төлбөрийг тус тус үүсгэсэн болох нь 2010 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тооцоо нийлсэн акт, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн хувь хүмүүстэй холбоотой авлагын жагсаалт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 3-4х/
Мөн хариуцагч Б.Гантулга нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 21-04 тоотод хаягт оршин суудаггүй болох нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг дарга Б.Хүрэлзүрхийн тодорхойлолт /хх-ийн 8х/, хариуцагч И.Жавзандолгор нь Хэнтий аймгийн Өлзийт тосгонд оршин суудаггүй болох нь шүүхийн мэдэгдэх хуудас /хх-ийн 10х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Баатарнамсрайн Гантулга, Ишжамцын Жавзандолгор нарыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд мөн байна гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн нэхэмжлэлтэй, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 21-04 тоотод оршин суух хаягтай Баатарнамсрайн Гантулга, Хэнтий аймгийн Өлзийт тосгонд оршин суух хаягтай Ишжамцын Жавзандолгор нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох Б.Гантулга, И.Жавзандолгор нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоох, шүүхэд авчрах ажиллагааг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох Б.Гантулга, И.Жавзандолгор нартай холбоотой иргэний хавтаст хэрэгт байгаа баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргэхийг шүүгчийн туслах О.Дүүриймаад үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 232 дугаар анги нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР