Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/91

 

 

 

 

 

 

 

2021           07          23                                         2021/ШЦТ/91

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

шүүгдэгч Ч.Д,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Д-д холбогдох эрүүгийн 2119000000092 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1976 оны 04 сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, групп-д байдаг, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Дэнжийн 10-1009 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ч-ы Д /РД:ЕЭ76040371/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч Ч.Д нь 2021 оны 03 сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гурванбаян худалдааны төвийн бэлэн мөнгөний машин буюу АТМ төхөөрөмж дээр Б.Б-ын орхиж явсан LG Q-51 маркийн гар утсыг олж бусдад зарж түүнд 310.000 төгрөгийн хохирол учруулсан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ч.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гурванбаянгийн АТМ дээр нь гар утас байхаар нь авчихсан. Тэгээд тэр гар утсаа хүргэндээ зараад өгөөч гэхэд аваагүй. Маргааш нь хүнд 60.000 төгрөгөөр зарсан. Одоо хохирлоо бүрэн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ойлгосон. Дахин ийм хэрэг хийхгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад Гурванбаянд байх бэлэн мөнгөний машинаас мөнгө авсан юм. Тэгээд би бэлэн мөнгөний төхөөрөмж дээр LG Q-51 маркийн хар өнгийн ухаалаг гар утсаа үлдээгээд мартаад явсан. Тэндээ гараад удахгүй утсаа санаад эргээд иртэл байхгүй байсан, намайг тэнд үйлчлүүлж байхад миний ард ямар нэгэн дараалалд зогсоо хүн байхгүй байсан, тэндээс гараад явахад хүртэл хүн байхгүй байсан. Би уг утсыг 2020 оны 10 сарын 20-ны өдөр 380.000 төгрөгөөр Сайншанд сумын намын хороонд байрлах утас зардаг газраас худалдан авсан гэсэн мэдүүлэг /хх 8-11ху/,

 

-Гэрч Ч.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2021 оны 03 сарын 16-ны өдөр ажилтай байсан ба 10 цагийн үед хадам ах Д ирээд хар өнгийн LG маркийн сүүлийн үеийн загварын утсыг худалдаж авах уу гэж хэлсэн, би өөрийн 96622252 дугаарын сим картыг хийгээд шалгаад аваад үлдсэн, тухайн өдөр ашигласан. Гэртээ очоод сим картаа салгаж аваад өөрийн утсанд хийгээд тэр утсыг гэртээ үлдээсэн. Д ах чамд таалагдаж байгаа бол чи авчих гэж хэлсэн, би авах гэсэн боловч кодтой байсан учир кодыг тайлж чадахгүй болохоор тухайн өдөр гаднаас дуудлага авч ашигласан. 2021 оны 03 сарын 17-ны өдөр Д ах манай гэрээс очиж авсан гэж эхнэр Соёлмаа хэлсэн. Д ахаас утсыг хаанаас авсныг огт асуугаагүй. Д ах бол надад зарна, авах хүн байвал зарчих гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 18-19 ху/,

 

-Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2021 оны 03 сарын 17-ны өдөр ажил дээрээ байж байсан, өдөр 14-15 цагийн үед Д ах ирээд утас худалдаж авах уу гэж асуусан, ямар утас вэ гэж асуухад хар өнгийн мэдрэгчтэй, кодтой утас байсан, би авна гээд Дд 50.000 төгрөг бэлэн өгсөн. Би өөрийн 96598696 дугаарыг хийж ашиглаж байсан. 2021 оны 05 сарын 04-ний өдөр Д ах ирээд нөгөө утсаа буцааж авах хэрэгтэй байна, цагдаад бүртгэлтэй байна, хүнд нь буцааж өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Би харин тэгвэл та надад миний мөнгийг буцааж өг, би код 60.000 төгрөгөөр тайлуулсан, та надад нийт 110.000 төгрөг өгч энэ утсаа ав гэж хэлсэн. Д ах надаас 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 110.000 төгрөг өгч нөгөө утсыг аваад явсан гэсэн мэдүүлэг /хх 31-32 ху/,

 

-Яллагдагч Ч.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2021 оны 03 сарын 16-ны өдөр Гурванбаян худалдааны төвийн АТМ-ээс мөнгө авахаар очиход АТМ дээр хар өнгийн гар утас байхаар нь авсан. Тэгээд дүү Нанзаддоржид утсаа 50.000 төгрөгөөр зарсан. Нанзаддорж 60.000 төгрөгөөр утасны кодыг гаргуулсан байсан. Би хохирогчид утсыг буцаагаад өгөх гээд Нанзаддоржоос утсыг авах гэхэд надаас нийт 110.000 төгрөг авсан. Тэгээд хохирогчид утсыг буцаагаад өгөхөд хуучин гар утсаа одоо буцааж авахгүй. Мөнгийг авна авна гэж хэлсэн. Би мөнгөө өгөх гээд бэлдчихээд хохирогчтой уулзаж чадаагүй тул үрчихсэн. Одоо группын мөнгө буухаар хохирлын мөнгөө өгье одоогоор бэлэн мөнгөгүй байна гэсэн мэдүүлэг /хх 50-51 ху/,

 

-Ашид билгүүн ХХК-ийн ТХҮ-421/1153 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ  /хх 35-37 ху/,

 

-Ч.Д-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 41-51 ху/

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 58 ху/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.Д нь 2021 оны 03 сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гурванбаян худалдааны төвийн бэлэн мөнгөний машин буюу АТМ төхөөрөмж дээр Б.Б-ын орхиж явсан LG Q-51 маркийн гар утсыг олж бусдад зарж түүнд 310.000 төгрөгийн хохирол учруулж гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Гурванбаянгийн АТМ дээр нь гар утас байхаар нь авчихсан. Тэгээд тэр гар утсаа хүргэндээ зараад өгөөч гэхэд аваагүй. Маргааш нь хүнд 60.000 төгрөгөөр зарсан. Одоо хохирлоо бүрэн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Б-ын “...2021 оны 03 сарын 16-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад Гурванбаянд байх бэлэн мөнгөний машинаас мөнгө авсан юм. Тэгээд би бэлэн мөнгөний төхөөрөмж дээр LG Q-51 маркийн хар өнгийн ухаалаг гар утсаа үлдээгээд мартаад явсан. Тэндээ гараад удахгүй утсаа санаад эргээд иртэл байхгүй байсан” гэсэн /хх 103 ху/, гэрч Ч.Н-ийн “...хадам ах Д ирээд хар өнгийн LG маркийн сүүлийн үеийн загварын утсыг худалдаж авах уу гэж хэлсэн, би өөрийн 96622252 дугаарын сим картыг хийгээд шалгаад аваад үлдсэн, тухайн өдөр ашигласан. Гэртээ очоод сим картаа салгаж аваад өөрийн утсанд хийгээд тэр утсыг гэртээ үлдээсэн. Д ах чамд таалагдаж байгаа бол чи авчих гэж хэлсэн” гэсэн /хх 18-19 ху/, Д.Мөнхбаатарын “...2021 оны 03 сарын 17-ны өдөр ажил дээрээ байж байсан, өдөр 14-15 цагийн үед Д ах ирээд утас худалдаж авах уу гэж асуусан, ямар утас вэ гэж асуухад хар өнгийн мэдрэгчтэй, кодтой утас байсан, би авна гээд Дд 50.000 төгрөг бэлэн өгсөн. Би өөрийн 96598696 дугаарыг хийж ашиглаж байсан. 2021 оны 05 сарын 04-ний өдөр Д ах ирээд нөгөө утсаа буцааж авах хэрэгтэй байна, цагдаад бүртгэлтэй байна, хүнд нь буцааж өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн” /хх 31-32 ху/ мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас, хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн  хүсэлт зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.Д-ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.   

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо төлөхөө илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлсэн боловч түүний холбогдсон гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна.

 

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч.Дд холбогдох эрүүгийн 2119000000092 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Б-т 310.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүхийн шатанд хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Ч-ы Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Д-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Шүүгдэгч Ч.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА