| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00245/И |
| Дугаар | 345 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 345
| 2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 156/ШШ2017/00345 | Хэнтий аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00245/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, С-43а тоотод оршин суух, Боржигон овогт Төмөртогоогийн Энхцолмон (РД:СЭ-79021465), Боржигон овогт Дашдаваагийн Мөнхзориг (РД:СЭ-75061274)-т холбогдох,
ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүүгийн 57 476 48874 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын захирал Б.Алимаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Т.Энхцолмон, Д.Мөнхзориг нар нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хэрлэн суман дахь ХААН банкны төв тооцооны төвөөс 85 000 000 (наян таван сая) төгрөгийг зээлийг 6 сарын хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэй нийтийн түрээсийн байр барих зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Хэнтий аймаг Хэрлэн сум 3 дугаар баг Баатаруудын гудамж С-43а тоот, хувийн сууц, Хэнтий аймаг Хэрлэн сум 3 дугаар баг нутгийн дэлгүүрийн хойд талд худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмших газар, Хэрлэн сумын 4 дүгээр баг, сариг эрчмийн байр, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх газар, суудлын машин Toyota spacio 9899 ХЭА зэрэг зүйлсийг барьцаалсан юм. Т.Энхцолмон, Д.Мөнхзориг нар нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 56 827 53338 төгрөг, зээлийн хүүд 644 86033 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 409503 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заагдсан үүргээ зөрчин гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд Т.Энхцолмон, Д.Мөнхзориг нараас үндсэн зээлийн төлбөр 56 827 55338 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 644 86033 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 409503 төгрөг, нийт 57 476 48874 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1-2 тал )
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Т.Энхцолмон, Д.Мөнхзориг нарт холбогдох, зээл, зээлийн хүүгийн 57 476 48874 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нартай тохиролцож, зээлийн төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулахаар болсон. Иймд Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Энэ хэрэгт шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 30 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч Т.Энхцолмон, Д.Мөнхзориг нараас “зээл, зээлийн хүүгийн 57 476 48874 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа татгалзаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. (хх-ийн 30 тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Т.Энхцолмон, Д.Мөнхзориг нарт холбогдох, ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүүгийн 57 476 48874 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 445 332 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 222 666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 222 666 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ