| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2021/0136/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/99 |
| Огноо | 2021-07-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/99
2021 07 29 2021/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,
улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
шүүгдэгч Д.Э,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эт холбогдох эрүүгийн 2119000000100 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 11 сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг Ганзамын гудамж 34-8 тоотод оршин суух хаягтай, урьд нь Дорноговь аймгийн сум дундын 1 шүүхийн 1999 оны 09 сарын 27-ны өдрийн 247 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 06 сарын 08-ны өдрийн 72 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 200.000 төгрөгөөр торгох ял, Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 09 сарын 25-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 06 сарын 10-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан ба Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 сарын 01-ний өдрийн 2020/ХМШЗ/119 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил 02 /хоёр/ сар 11 /арван нэг/ хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д Э /РД:ЕС74112811/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч Д.Э нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг Найрамдалын гудамж 2-6 тоотод 2021 оны 05 сарын 08-ны өдөр иргэн Д.Б-ийн гэрт нь түүний толгойн тус газарт заазуураар нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа ойлгож байгаа. Болорцэнгэл нь 5 литр бараашиг байна хүрээд ир гэж дуудсан. Тэгээд очсон. Бид согтож маргалдсан. Заазуур булаалдаж байгаад толгойн тус газарт нь цохисон. Одоо Болорцэнгэлтэй уулзахад биеийн байдал нь эдгэрсэн байдалтай байсан. Бид хэд хэдэн удаа уулзсан. Надаас хохирол нэхэмжлээгүй. Эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн орчимд уулздаг эмэгтэй Уянгатай хамт гэртээ унтаж байтал Улаанаа буюу Энхбаяр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэнэт гаднаас орж ирээд үгийн зөрөөгүй шууд миний толгойн тус газарт заазуураар цохисон. Тэгээд би гэрээсээ зугтаж гараад урд талынхаа айлын Азбаатарын гэрт очиж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Улаанаа буюу Энхбаяртай маргалдаж муудалцсан зүйл байхгүй, гэрт хүрээд ир гэж дуудаж барьсан зүйл байхгүй. Ёстой мэдэхгүй байна. Бид хоёрын хооронд муудалцаж маргалдах болсон шалтгаан байхгүй. Бид хоёр хар багаасаа 1 байранд өссөн хүмүүс. Д.Э миний толгой руу заазуураар цохисноос болж би толгойдоо 2 оёдол тавиулсан. Надад Д.Эаас нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр найз нөхдийн холбоотой болохоор гомдол санал байхгүй ээ гэсэн мэдүүлэг /хх 15 ху/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С-Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2021 оны 05 сарын 08-ны өдрийн 23 цагийн орчимд манай ээж Ганчимэг 89190714 дугаарын утсаар миний 95790714 дугаарын утас руу залгаад “аавыг чинь хүн заазуурдсан байна, дүү рүүгээ залга” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн төрсөн дүү Баяржаргал /жоохноо/-руу залгаад юу болсон талаар асуухад “аавын толгой руу хүн заазуурдаад, цус болчихсон байна, цагдаа эмнэлэг дуудчихсан байгаа” гэж хэлсэн. Би дүүтэйгээ ярьчхаад удалгүй аавынхаа Дорноговь аймаг Сайншанд сум 7 дугаар баг Найрамдлын гудамж 2-6 тоотод байдаг гэрт очтол манай аав өөрөө архи уусан, толгойных нь зүүн тал нь цус болсон байдалтай байсан. Аавын урд айлынх нь хүмүүс болох Азбаатар, Азжаргал нар гэрт байсан. Би аавыгаа дагуулаад аймгийн нэгдсэн эмнэлэг орж үзүүлэн толгойд нь 2 оёдол тавиулсан гэсэн мэдүүлэг /хх 17 ху/,
-Гэрч Ч.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... гэрийнхээ хаалгыг нээтэл толгой нүүр нь цус болчихсон хүн гэрт орох гэхээр нь хартал Болорцэнгэл ах “ахыг нь хүн заазуурдчихлаа” гэж хэлэхээр нь нялх хүүхэдтэй айлд цус нөж болчхоод орох гэлээ гээд гэртээ оруулаагүй. Тэгээд би 2-3 минутын дараа хойд айлд юу болоод байгааг мэдье гээд явж байтал өөдөөс гартаа заазуур барьчихсан, зүүн гартаа 5 литрийн хуванцар савтай зүйл барьчихсан ирж байсан. Тэгэхээр нь та Болорцэнгэл ахыг заазуурдсан юм уу гэхэд чи цагдаа юм уу гэж хэлсэн. ...Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан гэсэн мэдүүлэг /хх 21 ху/,
-Гэрч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б намайг дуудаад хэдэн литр бараашиг байна хамт ууя хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би удалгүй Б-ийн гэрт очоод хамт ууж байгаад орой 22-23 цагийн орчимд Б орон дээрээ хэвтээд би хоол хийх гээд сууж байхад гаднаас Улаанаа ах буюу Энхбаяр орж ирсэн чинь Болорцэнгэл уурлаад “чамайг хэн дуудсан юм, гар чи” гээд хоорондоо маргалдаж байгаад гэнэт л заазуураар цохиод Б-ийн толгойноос нь цус гарчихсан байсан. Би тухайн үед бас нэлээд согтчихсон байсан юм. Тэгтэл Болорцэнгэл гэрээсээ гарч гүйгээд урд айлынхаа хүнд хэлээд цагдаа дуудуулсан байсан гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,
-Яллагдагч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2021 оны 05 сарын 08-ны орой 22 цагийн орчимд манай хамаатны дүү охин Уянгын /86884005/ дугаарын утас руу өөрийнхөө /96411128/ утаснаас залгаж ярьтал “Б-ийн гэрт байна, ирж бараашиг уу” гэж хэлсэн. ...Намайг очиход Б, У нар согтуу байсан, би гэрт нь ороод бараашгаас нь 2 аягыг уучхаад байж байтал Б гэнэт согтчихсон над руу гэнэт агсам тавиад “чи муу энэ янхан дүүгээ аваад манайхаас зайл” гээд хөөгөөд эхэлсэн. Тэгээд Болорцэнгэл гэнэт заазуур бариад дайрахаар нь би булаацалдаж байгаад гэнэт л толгойноос нь цус гарчихсан байсан. ...Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явчихсан. Би өөрийгөө Болорцэнгэлийн толгойг заазуурдсан гэж бодохгүй байна, эсвэл Болорцэнгэлтэй заазуур булаацалдаж байх үедээ л санаандгүй зүсчихсэн байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг /хх 19 ху/,
-Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 02/0154 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1.Д.Болорцэнгэлийн биед толгойн шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Учирсан гэмтэл нь 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна.
6.Шинээр илэрсэн зүйл үгүй гэсэн дүгнэлт /хх 25 ху/,
- Дорноговь аймгийн сум дундын 1 шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 247 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх 33 ху/,
-Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоол /хх 34-41 ху/,
-Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоол /хх 42-44 ху/,
-Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоол /хх 45-62 ху/,
-Д.Э-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 86-92 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 28-29 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Э нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг Найрамдалын гудамж 2-6 тоотод 2021 оны 05 сарын 08-ны өдөр иргэн Д.Болорцэнгэлийн гэрт нь түүний толгойн тус газарт заазуураар нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Болорцэнгэл нь 5 литр бараашиг байна хүрээд ир гэж дуудсан. Тэгээд очсон. Бид согтож маргалдсан. Заазуур булаалдаж байгаад толгойн тус газарт нь цохисон” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Болорцэнгэлийн “...2021 оны 05 сарын 08-ны өдрийн 22 цагийн орчимд уулздаг эмэгтэй Уянгатай хамт гэртээ унтаж байтал Улаанаа буюу Энхбаяр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэнэт гаднаас орж ирээд үгийн зөрөөгүй шууд миний толгойн тус газарт заазуураар цохисон. Тэгээд би гэрээсээ зугтаж гараад урд талынхаа айлын Азбаатарын гэрт очиж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Бид хоёрын хооронд муудалцаж маргалдах болсон шалтгаан байхгүй. Бид хоёр хар багаасаа 1 байранд өссөн хүмүүс. Д.Э миний толгой руу заазуураар цохисноос болж би толгойдоо 2 оёдол тавиулсан. Надад Д.Э-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр найз нөхдийн холбоотой болохоор гомдол санал байхгүй” гэсэн /хх 15 ху/, гэрч Ч.Азбаатарын “...гэрийнхээ хаалгыг нээтэл толгой нүүр нь цус болчихсон хүн гэрт орох гэхээр нь хартал Болорцэнгэл ах ахыг нь хүн заазуурдчихлаа гэж хэлэхээр нь нялх хүүхэдтэй айлд цус нөж болчихоод орох гэлээ гээд гэртээ оруулаагүй. Тэгээд би 2-3 минутын дараа хойд айлд юу болоод байгааг мэдье гээд явж байтал өөдөөс гартаа заазуур барьчихсан, зүүн гартаа 5 литрийн хуванцар савтай зүйл барьчихсан ирж байсан” гэсэн /хх 21 ху/, гэрч Э.Уянгын “...Болорцэнгэл намайг дуудаад хэдэн литр бараашиг байна хамт ууя хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би удалгүй Болорцэнгэлийн гэрт очоод хамт ууж байгаад орой 22-23 цагийн орчимд Болорцэнгэл орон дээрээ хэвтээд би хоол хийх гээд сууж байхад гаднаас Улаанаа ах буюу Энхбаяр орж ирсэн чинь Болорцэнгэл уурлаад чамайг хэн дуудсан юм гар чи гээд хоорондоо маргалдаж байгаад гэнэт л заазуураар цохиод Болорцэнгэлийн толгойноос нь цус гарчихсан байсан” гэсэн /хх 23 ху/ мэдүүлгүүд, хохирогчийн биед толгойн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл болохыг тогтоосон шинжээчийн 02/0154 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Э-ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 он 07 сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилж, тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1991 оны 6 сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 8 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлт хамруулахгүй” гэж заасан байна.
Шүүгдэгч Д.Э нь Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 06 сарын 10-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2011 оны 04 сарын 28-ны өдөр суллагдаж, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар ялгүй болох хугацаа дуусаагүй байсан ба 2015 оны 8 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа хэрэгсэхгүй болж түүнийг урьд ял шийтгэлгүй гэж үзэх үндэслэл болж байгаа талаар Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт дурьдагдсан байна.
Иймд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсанаас хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн болох нь тогтоогдож тул Д.Э-ыг дахин өршөөлд хамруулах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Э нь Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдэж 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 01-ний өдрийн 119 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллаж, 2 жил 2 сар 11 хоногийн хяналтын хугацаа тогтоосон байх боловч энэ хугацаанд буюу 2021 оны 05 сарын 08-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан 17 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 11 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 жил 3 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогч Д.Б-д энэ хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн бариултай, 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Д Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Э-т Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 11 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 3 сар 11 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Э-т оногдуулсан 2 жил 3 сар 11 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн бариултай, 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА