Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1046

 

 

 

 

 

 

 

 

    2021       10          13                                   2021/ШЦТ/1046

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Ц.Батболд,

Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Д У ад холбогдох эрүүгийн 2106 02654 1818 дугаартай хэргийг шүүх 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1981 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар тод төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, нярав, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хэсэг, Сургуулийн 00 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай регистрийн дугаар ХХ0000000, Б овогт Д У .

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Д.У нь 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дүүхээ” дэлгүүрт үйлчлүүлж байхдаа кассын ширээн дээр тавьсан байсан, хохирогч Ж.Д-ийн 654,128.00 төгрөгийн үнэ бүхий “Libero 5G” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй... Хувийн байдлыг харгалзан тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Д-ийн өгсөн мэдүүлэг /хх-12/, Д.У-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-42-43/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-31/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-19-20/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-28-29/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-30/, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-49/, Д.У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.У нь 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дүүхээ” дэлгүүрт үйлчлүүлж байхдаа кассын ширээн дээр тавьсан байсан, хохирогч Ж.Д-ийн 654.128 төгрөгийн үнэ бүхий “Libero 5G” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Д-ийн өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дүүхээ” дэлгүүрт үйлчлүүлж байсан юм. Тухайн үед би өөрийн “Libero 5G” загварын цагаан өнгийн гадаргуутай, ягаан өнгийн хавтсан гэртэй, 88016575 дугаарын сим карттай гар утсаараа Хас банкны интернет банк оруулж, өөрийн Хаан банкны карт бүхий данс руу мөнгө шилжүүлээд кассын ширээн дээр гар утсаа тавьсан. Кассын ширээний ар талд нь гар нүүрний алчуурууд өлгөөтэй байхаар нь гараар тэмтэрч үзэж байгаад 3 ширхэг алчуур аваад кассын дээр ирж картаараа тооцоо хийгээд гарсан. Би дэлгүүрээс гарч яваад утсаа үзтэл байхгүй байсан. Тэгээд дэлгүүрийн худалдагчид болсон зүйлийн талаар хэлээд, хяналтын камерыг нь шүүж үзэхэд миний урд талд зогсож байсан хар өнгийн богино үсээ ардаа боосон, цагаан өнгийн фудволктой, шорттой үл таних эмэгтэй хүн миний гар утсыг авч унтраагаад. rap цүнхэндээ хийгээд авч гарсныг нь хараад Цагдаагийн байгууллагад хандсан. Миний гар утсыг авсан хүний бичлэг нь “Дүүхээ” дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн байгаа. Тухайн үйлчлүүлэгч нь 0005001890283 гэх дансыг ашиглаж 72.000 төгрөгийн тооцоо хийсэн байсан.” мэдүүлэг /хх-12/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.У-ын өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 14 цагаас 15 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” нэртэй худалдааны төв дотор эмнэлэгт хэвтэж магадгүй гэж бодоод ор хөнжлийн даавуу, хүүхдүүдийн сургуулийн хэрэгцээтэй зүйлсийг бэлдэх гэж явж байгаад 1 давхарт байрлах зассан дээр авсан эд зүйлсээ уншуулж тооцоогоо хийх гэж очоод гар цүнхээ тавиад тооцоогоо хийх гэж очоод гар цүнхээ тавиад тооцоогоо хийж дуусчихаад цүнхээ авсан чинь доод талд нь гар утас байсан юм. Тэгэхээр нь гар утсыг нь авч гараад унтраагаад цүнхэндээ хийгээд гэр рүүгээ явсан юм. Тухайн гар утсыг бусад зарж борлуулаагүй, маргааш өглөө нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр авчирч албан ёсоор хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-42-43/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-19-20/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-28-29/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-30/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-31/ зэрэг болно.

 

 Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Д.У нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, Ж.Д-ийн мэдүүлэг, яллагдагч Д.У-ын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Д.У-ын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дүүхээ” дэлгүүрт үйлчлүүлж байхдаа кассын ширээн дээр тавьсан байсан, хохирогч Ж.Д-ийн “Libero 5G” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 654,128.00 төгрөгийн үнэ бүхий хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Д.У-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн хохирогч Ж.Д-д учруулсан хохирлоо биет байдлаар буцаан өгч, төлбөрийг төлж барагдуулсан мөн хохирогч гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

            Шүүх хялбаршуулсан журмаар Д.У-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэлээ. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Шүүгдэгч Б овогт Д У-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Даваадоржийн Уранмандах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                                                                                                                                                      

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Д.У нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ажилладаггүй 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.У нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

           

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.У-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.У-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС