Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 334

 

2017 оны 06 сарын 12 өдөр

      Дугаар 156/ШШ2017/00334

Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2016/00559/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 3-11 тоотод оршин суух, Боржигон овогт Баяраагийн Арвиндалай /РД:СТ67080307/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр багт оршин суух, Боржигин овогт Сампилын Отгонбаяр /РД:СЮ76033011/-т холбогдох

“эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Арвиндалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Арвиндалай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Отгонбаяртай 2007 оноос 2009 он хүртэл хамтран амьдарч байх хугацаанд охин Золзаяа 2008 оны 10 дугаар сарын 30-нд төрсөн. Бид хоорондоо зан харьцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдрах болсон бөгөөд түүнээс хойш Отгонбаяр нь охиноо огт харж хандаагүй. Би охиноо 9 нас хүртэл нь ганцаараа өсгөсөн бөгөөд одоогоор миний биеийн эрүүл мэндийн байдал тааруу группт орох болчихоод цаашид охиноо ганцаараа харахад хэцүү байдалд хүрээд байна. Иймд С.Отгонбаяраас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

  

Нэхэмжлэгч Б.Арвиндалай нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.Отгонбаяртай 2007 оноос 2009 он хүртэл хамтран амьдарч байх хугацаанд охин Золзаяа 2008 оны 10 дугаар сарын 30-нд төрсөн. Бид хоорондоо зан харьцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдрах болсон бөгөөд түүнээс хойш Отгонбаяр нь охиноо огт харж хандаагүй. Одоогоор миний биеийн эрүүл мэндийн байдал тааруу группт орох болчихоод цаашид охиноо ганцаараа харахад хэцүү байдалд хүрээд байна. Иймд С.Отгонбаяраас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч С.Отгонбаяр нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр багт оршин суудаггүй, түүний хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байна. Иймд С.Отгонбаярыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 3-11 тоотод оршин суух иргэн Б.Арвиндалай нь хариуцагч С.Отгонбаярыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Нэхэмжлэгч Б.Арвиндалай нь хариуцагч С.Отгонбаяртай Жаргалтхаан суманд 2007 оноос 2009 он хүртэл эр эмийн харьцаатай хамтран амьдарч байх үед 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин Золзаяа төрсөн. Иймд охин Золзаяагийн эцэг нь хариуцагч С.Отгонбаяр мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хариуцагч С. Отгонбаяр нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, энэ хүсэлтийнх нь дагуу шүүхээс эцэг тогтоох ДНХ-гийн шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн боловч хариуцагч С. Отгонбаяр нь шүүхэд ирэхгүй, шинжилгээ өгөхөөс зайлсхийж, одоогоор оршин суух хаягтаа байхгүй байгаа нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Иймд С.Отгонбаяр нь Б.Арвиндалайгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байна гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                       

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 3-11 тоотод оршин суух иргэн Б.Арвиндалайгийн  нэхэмжлэлтэй, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай Боржигин овогт Сампилын Отгонбаяр /РД:СЮ76033011/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн  155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Отгонбаярыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоох, шүүхэд авчрах ажиллагааг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Отгонбаяртай холбоотой иргэний хавтаст хэрэгт байгаа баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргэхийг шүүгчийн туслах О.Дүүриймаад үүрэг болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Б.Арвиндалайг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

   5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР