Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/121

 

 

 

 

 

                                     

  2021        09            13                                    2021/ШЦТ/121

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                          

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

         Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2119000000149 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 2 дугаар баг, Ухаа-Овоо гэх оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Э.Б

         Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         Шүүгдэгч Э.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Их бууц гэх газар хохирогч Г.Мөнх-Одын нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Эхлээд шөнийн 02 цагийн үед Амгаланхүүгийн гэрт очоод пиво уух зуураа муушиг тоглосон. Тэгээд тамхи татах гээд машин дотор тамхи байгаа байх гэж бодоод хайж үзтэл олдоогүй. Буцаж гэр лүү нь ороод дахин пиво уугаад сууж байхад Г.Мөнх-Од үг хаяад байсан. Тэгэхээр нь би адилхан пиво уусан гэж бодоод тоогоогүй. Тэгтэл Амгаланхүү 0,75 литрийн хэмжээтэй архи задалсан. Би нэг адуу бэлэглэсэн. Дараа нь намайг машины хажууд сууж байхад Г.Мөнх-Од ирээд хэд хэдэн удаа өшиглөхөөр нь би яаж байгаа юм гээд цааш нь түлхэхэд миний толгой руу цохисон. Тэгээд бид хоёр нэг нэгнээ цохисон. Гэтэл Г.Мөнх-Од нүд сохолчихлоо гэсэн” гэв.          

          Хохирогч Г.Мөнх-Одын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон хохирогчоор өгсөн: “... Би 2021 оны 07 дугаар сарын 12-ны орой ... найз Буянхишигийг аваад Амгаланхүүгийнд ирэхэд Базарсүрэн, эхнэр Отгончимэгийн хамт араас машинтайгаа ирсэн ба бид хэд суугаад ярилцаж байхад Амгаланхүү 2,5 литрийн 1 ширхэг том пиво гаргаж ирэхээр нь бид хэд тойруулж уунгаа муушиг тоглож байгаад, нөгөө пиво дуусахад Базарсүрэн дахиад гэрийн гаднаас өөрийн машинаасаа 2,5 литрийн 1 ширхэг том пиво оруулж ирээд тойруулаад дундаа орж байхад Базарсүрэнгийн эхнэр архи уухгүй, пиво ууна гэхээр нь Амгаланхүү 0,75 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж ирээд мөн тойруулж ууж дуусгасан. Базарсүрэн гадаа машинд тамхи байгаа гээд бид хоёр гэрээс хамт гараад машинаас нь тамхи олоогүй ярилцаж байхад Базарсүрэн надад “хонгор халзан гүүний хонгор сарвааг чи аваарай” гэхээр нь би “эрүүл дээрээ болоо” гээд би аваагүй. Тэгэхэд Базарсүрэн надад жаахан гоморхоод байх шиг байсан. Бид хоёр буцаад гэрт ороход Базарсүрэн надад голоод байгаа юм уу гээд үг хаяад байсан. Би тэрийг нь тоогоогүй ба Базарсүрэн гэрээс гараад машинаасаа дахиад нэг 2,5 литрийн 1 ширхэг том пиво оруулж ирээд задлаад хамгийн эхэнд надад аягалаад өгөхөөр нь би уучихаад гэрээс гарч бие засчихаад эргээд явж байтал Базарсүрэн машин дотроо сууж байхаар нь тамхиа хайж байгаа юм уу, наад тамхи чинь олдохгүй байх, гэрт оръё” гэхэд Базарсүрэн машиныхаа гэрлийг унтраагаад машиныхаа түлхүүрийг сугалж байгаа харагдсан. Базарсүрэн машинаас бууж ирээд, миний нүүрэн тус газарт зүүн нүдэнд цохихоор нь арагшаа ухраад цохисон газар нь гараараа дарж байгаад, гараа харахад цус болсон байсан. Би Базарсүрэнд “чи нүд сохолчихлоо ш дээ” гэж уурлахад Базарсүрэн “битгий баашлаад бай” гээд байж байтал гэрээс хүмүүс гарч ирсэн ... 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчим Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт миний зүүн нүдний цөцгий хагарсан байна, шуурхайгаар хагалгаанд орно гэхээр нь би Улаанбаатар хотод очиж хараа орох найдвар байна уу гэхэд найдвар байхгүй, цус их алдсан учир хурдан хагалгаанд орох хэрэгтэй гэхээр нь нүдний хагалгаанд орсон. Базарсүрэн эмнэлэгт хэвтэж байхад 550,000 төгрөгийг миний дансанд хийсэн. Өнөөдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр миний дансанд 3,000,000 төгрөг хийсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12, 14 дугаар хуудас/,

         Гэрч Э.Шинэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... өглөө гэгээ орж байхад хүмүүс шуугилдаад байхаар нь би сэрээд машины цонхоор харахад Базарсүрэн, Мөнх-Од хоёр Базарсүрэнгийн машины жолооч талын хаалган дээр дээгүүрээ хоёулаа шалдан, машинаас юм хайж байгаа бололтой харагдаж байсан. Тэгтэл гэнэт хоёулаа бие биенээ цохиж эхэлсэн. Тэгтэл Мөнх-Од газарт унасан. Тэр үед Базарсүрэн Мөнх-Одын нүүр хэсэг рүү 1 удаа хөлөөрөө дэвссэн. Тэгтэл гэрээс хүмүүс гарч ирээд салгасан  ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

          Гэрч Б.Амгаланхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Базарсүрэн машинаас тамхи аваад ирье гээд гарсан. Мөнх-Од бас хамт гараад явсан. Тэгтэл удалгүй гадаа хүн зодолдож байгаа чимээ гарахаар нь Буянхишиг бид хоёр хамт гэрээс гарахад Мөнх-Од машины жолооч талын хаалганы хажууд нүдээ дараад сууж байсан. Базарсүрэн наана нь зогсож байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

          Гэрч А.Буянхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Базарсүрэн, Мөнх-Од хоёр гадаа машинаас тамхи хайна гээд гэрээс хамт гарсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа хоорондоо муудалцаад зодолдоод дуу нь чангараад ирэхээр нь гэрээс Амгаланхүү, Отгоо бид 3 гараад очиход Мөнх-Од миний нүд рүү түлхүүрээр шаачихлаа гээд нүдээ дараад сууж байсан  ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

       Гэрч О.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Базарсүрэн, Мөнх-Од хоёр гадаа маргалдаад зогсож байсан. Тэгээд би гараад “та хоёр юунаас болж маргалдаад байгаа юм” гэхэд Мөнх-Од “зүгээрээ зүгээр” гэхээр нь би явж хонио гаргалаа гээд машинаа асаагаад хүүхдээ аваад явсан. Тэгтэл араас Шинэцэцэг над руу залгаад “гялс хүрээд ир” гэхээр нь шууд яваад очиход Мөнх-Од нэг нүдэн дээрээ хөвөн тавьсан байдалтай хэвтээд байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26дугаар хуудас/,

         Шүүгдэгч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... машины жолооч талын хойд хэсгийн хажууд суугаад юм ярьсан ба тэгэхэд Мөнх-Од намайг “худлаа хэлээд шөнөжин тамхи хайлгууллаа” гэх зэргээр хэрүүл өдөж байгаад намайг заамдаж аваад зүүн чих рүү гараараа 1 удаа цохиод бие засах гээд босоод явсан. Бие засчихаад буцаж ирээд, миний цээж хэсэг рүү 1 удаа өшиглөсөн ба дахиад өшиглөх гэхээр нь хөлийг нь авсан чинь хойшоо унаад өгсөн. Энэ үед манай эхнэр Отгончимэг гэрээс гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би Отгончимэгийг “чамд хамаагүй, чи одоо хониндоо яв” гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр хүүхдүүдтэйгээ машинтай явсан. Эхнэрийгээ явуулаад 00 орж бие засчихаад эргээд гэрийн гадаа ирэхэд Мөнх-Од намайг өшиглөсөн. Би Мөнх-Одын толгой, нүүрэн тус газар руу хэд хэдэн удаа цохисон. Мөнх-Од ч намайг хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл Мөнх-Од арагшлаад “нүд яачихваа” гээд нүдээ дарсан ба нүднээс нь бага зэргийн цус гарсан байсан. Би зодолдож байхдаа нүдийг нь цохисон байх, архи ууж байхад нүд нь зүгээр байсан  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24, 69-70 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 02/0229 дугаартай “... Г.Мөнх-Одын биед зүүн нүдний эвэрлэгийн нэвтэрсэн шарх, нүдний алим авах мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.31.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 65 хувь нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шинээр илэрсэн зүйлгүй ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,

          Хохирогч Г.Мөнх-Одын өвчний түүх /хх-ийн 40-56 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Их бууц гэх газар хохирогч Г.Мөнх-Одын нүүрэн тус газар цохиж, зүүн нүдний эвэрлэгийн нэвтэрсэн шарх, нүдний алим авах мэс засал хийлгэх хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар олж авсан нотлох баримт байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

           Эдгээр нотлох баримтаар шүүгдэгч Э.Б, Г.Мөнх-Од нар нь согтуу байсан ба Э.Б нь хонгор халзан гүүний хонгор сарваа даагыг Г.Мөнх-Одод бэлэгллэх тухай ярихад хохирогч Г.Мөнх-Од нь “... хулгайн адуу өгч байгаа биш биз дээ, дараа эрүүлдээ ярь ...” гэснээс үүдэн хоорондоо муудалцаж бие биенээ цохиж улмаар Э.Б нь хохирогчийн зүүн нүдэнд гараараа цохиж зүүн нүдийг хараагүй болгож хүнд гэмтэл учруулсан үйл явдал болсон нь тогтоогдож байна гэж үзлээ.

           Шүүгдэгч Э.Бгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

            Шүүгдэгч Э.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь 691,046 төгрөгийн хохирлын баримт гаргасан ба түүнд 5,000,000 төгрөгийг эмчилгээнд зориулж өгснийг хохирогч авсан болохоо хүлээн зөвшөөрч “... Бид хоорондоо эвлэрсэн. Одоогоор эмчилгээний зардалд 5,000,000 төгрөг авсан, цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэсэн. Гомдол саналгүй ...” гэсэн хүсэлт ирүүлсэн, шүүх хуралдааны өмнө хохирогч Г.Мөнх-Одын Хаан банк дахь 5085224346 тоот дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн, гэмт хэрэг гарахад хохирогч Г.Мөнх-Од нь бэлэг өгсний хариуд “...хулгайн адуу өгч байгаа биш биз дээ, дараа эрүүлдээ ярь...” гэсэн олхиогүй үг хэлж, түүний зүй бус үйлдлээс маргалдах шалтгаан үүссэн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

           Хохирогч Г.Мөнх-Од нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй.

           Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

           Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгчийн хүсэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд 12,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

          4.Шүүгдэгч Э.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Мөнх-Од нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

          6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ба битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

        7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА