Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/102

 

 

 

 

                                  

    2021                    07              30                                                2021/ШЦТ/102

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар Л.Мөнхбаяр,

Шүүгдэгч Ж.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ,

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох эрүүгийн 2119000650112 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 06 сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, аав,ээж, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 8-9 тоотод оршин суух, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 сарын 01-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 02 сарын 10-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 22-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181,3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 27-ны өдөр 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 08-ны өдөр 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 09 сарын 27-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болон 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.300.000 төгрөгийн торгох ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 50 хоног буюу 1 сар, 20 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 1 сар 20 хоногийн хорих ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 21- ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 сар 20 хоногийн хорих ялыг өмнөх 42 дугаартай шийтгэх тогтоолоор ононгдуулсан 2 жил 1 сар 20 хоногийн хорих дээр нэмж нийт хорих 2 жил 7 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн, Б овогт Ж-ы Б /регистрийн дугаар ЕЮ91061618/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын гудамжны 339-12 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Б, М.М нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

-Шүүгдэгч Ж.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би архи ууснаас болж өөрийгөө удирдах чадваргүй болчихдог. Одоо энэ алдаагаа засна. Хохирогч нар хохирол нэхэмжлэхгүй гэсэн. Хэргийн хувьд маргахгүй. Хүлээн зөвшөөрнө. Буруутай үйлдлээ засаж залруулна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2021 оны 02 сарын 25-ны орой 20 цагийн орчим манай нөхөр гаднаас орж ирсэн, орж ирэхдээ согтуу ирсэн. Би нөхөр рүүгээ хэл өгөхгүй алга болчихлоо гээд уурлаад байж байтал Б нь Хүслэн гэх намхан залуугийн хамтаар гаднаас орж ирсэн. Б нь манай нөхөртэй хэрэлдэж байгаад манай нөхрийн толгой, нүүр хэсэг рүү нь 3-4 цохисон, салгах гэсэн чинь дийлээгүй. Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Баяраа эмчийн бөөний төвийн үүдэнд байсан. Би очоод манай нөхрийг хаашаа аваад явчихдаг юм гэж хэрүүл хийсэн чинь надтай хэрэлдэж автомашины хаалганд хавчаад газар түлхэж унагаад толгой руу 2-3 удаа цохиж авахаар нь би зугтаагаад гэр рүүгээ орсон. Гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 15 ху/,

 -Хохирогч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Сайншанд суманд ирээд намайг шууд гэрийн үүдэнд буулгасан. Би гэр рүүгээ ороод байж байтал араас Б орж ирээд намайг үгийн зөрүүгүй нүүр рүү цохиж авсан, мөн хамар руу цохисон. Тухайн үед манай эхнэр М нь салгах гэсэн чинь дийлдэхгүй байсан. Би зодуулж байгаад гэрээс гараад зугтаасан. Би гэртээ ороход манай эхнэр нь нүүр ам нь битүү хавдартай хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх 17 ху/, -Гэрч Д.Хүслэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Сайншанд суманд орж ирээд явж байтал Б, Б нар нь хоорондоо хэрэлдэж, цохилцож эхэлсэн. Яг хэдэн удаа цохилцсон талаар нь хараагүй. М нь чи миний нөхрийг авч явдаг хэн бэ гэж хэлээд загнаад алгадаад чимхээд байсан. Б ах чи боль гэж хэлээд түлхэж байгаа харагдсан. М нь Б ахыг өшиглөсөн чинь Б ах буугаад Мийн хаалгаар очиж автомашины хойд суудлаас чирээд буулгасан. Гадаа юу болсон талаар мэдээгүй тэгээд Б ах бид хоёр явсан гэсэн мэдүүлэг /хх 107 ху/,

-Гэрч Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...замдаа согтоод Бтай 2-3 удаа цохилцсон. Яг хаана цохисныг мэдэхгүй байна. Тэгээд унтаж байгаад Баттулгын гэрийн гадаа ирсэн. Б оруулаад өгөөч гэхээр нь оруулсан чинь агсан тавих гээд байхаар нь явсан. Удаагүй М дуудаж Баяраа эмчийн бөөний төв дээр хүрээд ир гэхээр нь очсон. ...Мандухайтай маргалдаж машины арын суудлаас жийгээд унагаасан. Хийсэн үйлдлээ санахгүй байна. Мандухай, Б нарыг зодсон үйлдлээ зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /хх93-95 ху/,

-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02/094 дугаартай дүгнэлтэд: 1.Т.Баттулгын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, хэвлийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Учирсан гэмтлүүд нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. 4.Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 32 ху/,

-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02/093 дугаартай дүгнэлтэд:

1.М.М-ийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун бугалга, баруун алганы ар хэсэг, баруун, зүүн тохой, зүүн шилбэний цус хуралт, баруун алганы ар хэсэг, нуруу, зүүн өвдөгний зулгаралт, дээд баруун 1 дүгээр эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Учирсан гэмтлүүд нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна.

4.Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 38 ху/,

-Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 сарын 01-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 27-ны өдөр 126 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 08-ны өдөр 11 дүгээр шийтгэх тогтоол,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 18-ны өдөр 90 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 21-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 48-90 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 128 ху/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 115-120 ху/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум Мааньзавын гудамжны 339-12 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Б, М.М нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би архи ууснаас болж өөрийгөө удирах чадваргүй болчихдог. Одоо энэ алдаагаа засна. Хэргийн хувьд маргахгүй. Хүлээн зөвшөөрнө. Буруутай үйлдлээ засаж залруулна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч М.Мийн “...2021 оны 02 сарын 25-ны орой 20 цагийн орчим манай нөхөр гаднаас орж ирсэн, орж ирэхдээ согтуу ирсэн. Би нөхөр рүүгээ хэл өгөхгүй алга болчихлоо гээд уурлаад байж байтал Б нь Хүслэн гэх намхан залуугийн хамтаар гаднаас орж ирсэн. Б нь манай нөхөртэй хэрэлдэж байгаад манай нөхрийн толгой, нүүр хэсэг рүү нь 3-4 цохисон мөн салгах гэсэн чинь дийлээгүй. ...манай нөхрийг хаашаа аваад явчихдаг юм гэж хэрүүл хийсэн чинь надтай хэрэлдэж автомашины хаалганд хавчаад газар түлхэж унагаад толгой руу 2-3 удаа цохиж авахаар нь би зугтаагаад гэр рүүгээ орсон” гэсэн /хх 15 ху/, хохирогч Т.Баттулгын “...Сайншанд суманд ирээд намайг шууд гэрийн үүдэнд буулгасан. Би гэр рүүгээ ороод байж байтал араас Б орж ирээд намайг үгийн зөрүүгүй нүүр рүү цохиж авсан мөн хамар руу цохисон. Тухайн үед манай эхнэр М нь салгах гэсэн чинь дийлдэхгүй байсан. Би зодуулж байгаад гэрээс гараад зугтаасан. Би гэртээ ороход манай эхнэр нь нүүр ам нь битүү хавдартай хэвтэж байсан” гэсэн /хх 17 ху/, гэрч Д.Хүслэнгийн “...Сайншанд суманд орж ирээд явж байтал Б, Б нар нь хоорондоо хэрэлдэж, цохилцож эхэлсэн яг хэдэн удаа цохилцсон талаар нь хараагүй. М нь чи миний нөхрийг авч явдаг хэн бэ гэж хэлээд загнаад алгадаад чимхээд байсан. Б ах чи боль гэж хэлээд түлхэж түлхэж байгаа харагдсан. М нь Б ахыг өшиглөсөн чинь Б ах буугаад Мийн хаалгаар очиж автомашины хойд суудлаас чирээд буулгасан. Гадаа юу болсон талаар мэдээгүй” гэсэн /хх 107 ху/ мэдүүлгүүд, хохирогч Т.Баттулгын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, хэвлийн цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон 02/094 дугаартай дүгнэлт, хохирогч М.Мийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун бугалга, баруун алганы ар хэсэг, баруун, зүүн тохой, зүүн шилбэний цус хуралт, баруун алганы ар хэсэг, нуруу, зүүн өвдөгний зулгаралт, дээд баруун 1 дүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон 02/0293 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 он 07 сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

2021 он Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж, дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

 Иймд 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч Ж.Бд Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Б урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрхи ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосон, мөн тус шүүхийн 2021 оны 05 сарын 21-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 5 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 42, 66 дугаартай шийтгэх тогтоолуудаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, 2 жил 7 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд шүүгдэгч шүүгдэгч Ж.Б өмнөх шийтгэх тогтоолоор хохирогч С.Б-д төлөх 1.671.980 төгрөгний хохирлыг төлсөн болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 07/221 дугаартай тогтоол, мөнгө шилжүүлсэн баримт зэргээр нотлогдож байх тул түүний үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргүүд нь Өршөөлийн тухай хуульд хамаарах үндэслэл тогтоогдсон гэж үзнэ. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 21-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус өршөөн хэлтрүүллээ. 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан байх тул шүүгдэгч Ж.Бд тус шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэж, энэ ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, энэ хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Ж-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3.2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 р сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, тус шүүхийн 2021 оны 05 сарын 21-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

4.2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар тус шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэж, энэ ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ы цагдан хоригдсон 126 хоногийг эдлэх ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8.Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА