Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 415

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нарыг оролцуулан Д.Д-ийн нэхэмжлэлтэй, У.У.Х.Ү.Я Т.Н.Б.Д-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: Д.Д 

Хариуцагч: У.У.Х.Ү.Я Т.Н.Б.Д 

Нэхэмжлэлийн шаардлага: “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Д.Д-ийг “Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар” /шинэ нэрээр/-ын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилоогүй үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг У.У.Х.Ү.Я Т.Н.Б.Д-д даалгаж, мөн даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/163 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Д.Д миний бие 2016 оны 08 дугаар сараас эхлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар, 2017 оны 11 дүгээр сараас тус яамны Хүнд Үйлдвэрийн бодлогын газрын даргаар тус тус томилогдон ажилласан.

Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 370 дугаар тогтоолоор тус яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийг шинэчлэн баталсны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Яамны зохион байгуулалтын нэгжүүдийн орон тоо, ажлын байрны жагсаалт батлах тухай” Б /145 дугаар тушаалаар тус яамны “Хүнд үйлдвэрийн бодлогын газар”-ыг “Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар” болгон өөрчилж, “... газрын дарга 1, хэлтсийн дарга 2, ахлах мэргэжилтэн 4, мэргэжилтэн 8, нийт 15 орон тоотой байхаар баталсан.

Яамны зохион байгуулалтын бүтэц шинэчлэгдсэн шалтгаанаар Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын дээрх 370 дугаар тогтоолыг үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/144 дугаар тушаалаар яамны нийт албан тушаалтнуудыг чөлөөлсөн.

Нэхэмжлэгч Д.Д миний эрхэлж байсан ажил үүрэг хэвээр хадгалагдсаар байхад ямар ч ажил албан тушаалд буцаан томилохгүйгээр орхисон.

Түүгээр ч барахгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж, зохих шаардлага хангаагүй гэх Б.А ыг тус яамны “Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”-ын даргын албан тушаалд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр томилсныг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “ажлаа өг” гэж дуудах үед мэдсэн. Мөн газрын “Хүнд үйлдвэрийн хэлтэс”-ийн даргын албан тушаалд хаанаас ирсэн нь үл мэдэгдэх н.С гэгчийг томилсон байсныг мөн өдөр мэдсэн.

Миний эрхэлж байсан албан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдсаар байхад тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан “...албан тушаалд үргэлжлүүлэх ажиллуулах” баталгааг хангахгүйгээр орхиж, нэхэмжлэгч иргэн миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Учир нь уг газрын үндсэн чиг үүрэг нэмэгдсэн хэдий ч миний эрхэлж байсан ажил үүрэг хэвээр хадгалагдаж байгаа, мэргэжил, мэргэшил, туршлагын хувьд дээрх албан тушаалуудын алинд нь ч тавигдах ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж байгааг анхаарч үзэхгүйгээр хохироож байгаа хариуцагч албан тушаалтны үйлдэл хууль, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

Би Хүнд үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, Үр дүнгийн гэрээгээ жил бүр дунджаас дээш буюу 90-ээс дээш хувьтай үнэлүүлж, ажил үүргээ хангалттай түвшинд гүйцэтгэж байсан төдийгүй яамнаас “ажилдаа сайн” гэж тодорхойлж, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Алтангадас” одонгоор шагнуулж байсан.

Намайг албан тушаалд дахин томилоогүй үйлдлийнхээ талаар хариуцагч албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсгох үйл ажиллагааг хийгээгүй, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга н.Б ааг өрөөндөө дуудахад нь орж уулзахад “таныг дахин томилоогүй, таны оронд газрын даргаар Б.А ыг томилсон, ажлаа хүлээлгэж өг” гэснээр ажилгүй хоцорсноо энэ өдөр мэдсэн.

Дээрх байдлаар хариуцагч албан тушаалтны зүгээс иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн албаны салбар зөвлөл болон Төрийн албан зөвлөлд гомдол гаргасан ба 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс “таны гомдлыг салбар зөвлөлд шилжүүлсэн” гэсэн хариуг амаар өгсөн ч салбар зөвлөлөөс одоог хүртэл ямар ч хариуг өгөхгүй хохироож байна.

Миний бие тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 24 дүгээр зүйлд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлд заасан төрийн албанаас халах, чөлөөлөх нөхцөл бий болоогүй байхад ажлын байр, албан тушаалыг чиг үүрэг хэвээр байсаар атал учир шалтгааныг огт мэдэгдэхгүйгээр албан тушаалд дахин томилохгүйгээр орхиж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчлөө.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 370 дугаар тогтоолоор “Хүнд үйлдвэрийн бодлогын газар”-ыг, “Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар” болгосныг ашиглан, ажлын байр, албан тушаалыг чиг үүрэг хэвээр байсаар байхад ямар ч ажил албан тушаалд буцаан томилохгүйгээр орхисон хариуцагч албан тушаалтны үйлдлийг хууль бус гэж үзэж байгаа тул эрх хууль ёсны ашгаа хамгаалуулахаар дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан гаргаж байна.

Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “ Д.Д ийг Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар” /шинэ нэрээр/-ын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилоогүй үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг У.У.Х.Ү.Я Т.Н.Б.Дд даалгаж, мөн даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/163 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Д.Д нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн "Үүрэг гүйцэтгэгч нарыг томилох тухай" 03 дугаар тушаалаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг түр гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад, Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн "Ажилд томилох тухай" Б/13 дугаар тушаалаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд томилсон. Мөн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/69 дүгээр тушаалаар Д.Д нь өөр ажилд шилжин ажиллахаар болсон тул Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөн, тус өдрийн Б/70 дугаар тушаалаар түүнийг Хүнд үйлдвэрийн бодлогын газрын даргын албан тушаалд томилсон.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн "Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлах тухай" 370 дугаар тогтоолоор тус яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газар нь "Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар" гэсэн бүтцийн нэгж болж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, Хүнд үйлдвэрийн бодлогын газар болон Газрын тосны бодлогын газруудыг нэгтгэж, "Хүнд үйлдвэрийн бодлогын газар" гэсэн статусгүй болсон.

Засгийн газрын "Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлах тухай" 2018 оны 370 дугаар тогтоолыг үндэслэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай" Б/144, "Ажил, албан тушаалд томилох тухай" Б/145 дугаар тушаал тус тус батлагдаж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-д заасны дагуу нийт албан хаагчдад сонсгох ажиллагааг зохион байгуулсан.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан "Төрийн албан тухай /хүчингүйд тооцсон/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэсэн зохицуулалттай.

Ийнхүү Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу Хүнд үйлдвэрийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Д ийг ажлаас чөлөөлсөн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн "Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлах тухай" 370 дугаар тогтоолоор тус яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газар нь "Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар" гэсэн бүтцийн нэгж болж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл Хүнд үйлдвэрийн бодлогын газар болон Газрын тосны бодлогын газруудыг нэгтгэж, "Хүнд үйлдвэрийн бодлогын газар" гэсэн статусгүй болсон.

Засгийн газрын "Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлах тухай" 2018 оны 370 дугаар тогтоолыг үндэслэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай" Б/144, "Ажил, албан тушаалд томилох тухай" Б/145 дугаар тушаал тус тус батлагдаж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-д заасны дагуу нийт албан хаагчдад сонсгох ажиллагааг зохион байгуулсан.

Ийнхүү Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу Хүнд үйлдвэрийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан нэхэмжлэл гаргагч Д.Д ийг ажлаас чөлөөлсөн байна.

Харин Б.А миний бие тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ажил, албан тушаалд томилох тухай” Б/146 дугаар тушаалаар Хүнд үйлдвэрийн хэлтсийн даргаар, мөн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” Б/149 тоот тушаалаар Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/163 дугаар тушаалаар Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу томилогдон ажиллаж байгаа билээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Д.Д ийг “Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар” /шинэ нэрээр/-ын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилоогүй үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг У.У.Х.Ү.Я Т.Н.Б.Дд даалгаж, мөн даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/163 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах шаардлагаа тодруулж, хэдийгээр 2019 он гараад нэхэмжлэгчийн авч байсан үндсэн цалингийн хэмжээ 1.044.602 төгрөг болсон ч өмнө нь авч байсан 921.067 төгрөгийн үндсэн цалингаар бодож шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нөхөн олговрыг нэхэмжилсэн бөгөөд тул уг шаардлагад дурдсаны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсанаар хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй актын хууль зүйн үндэслэл болсон хуулийн зүйл заалт үндэслэлтэй эсэх талаар үйл баримтад дүгнэлт өгч, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Д нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар Хүнд үйлдвэрийн бодлогын газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байжээ. 

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн "Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлах тухай" 370 дугаар тогтоолоор тус яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газар нь "Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар" гэсэн бүтцийн нэгж болж өөрчлөгдөж, Хүнд үйлдвэрийн бодлогын газар болон Газрын тосны бодлогын газруудыг нэгтгэсэн байна. 

Дээрх 370 дугаар тогтоолыг үндэслэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай" Б/144, "Ажил, албан тушаалд томилох тухай" Б/145 дугаар тушаал тус тус батлагдаж, Төрийн албаны тухай /хүчингүйд тооцсон/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг баримтлан Хүнд үйлдвэрийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Дийг албан тушаалаас нь чөлөөлөн дахин томилоогүй байна. 

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасан. Тухайн хэргийн үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд бодит нөхцөл байдалд нэхэмжлэгч Д.Д ийн ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлд бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдах нөхцөл байдал үүсээгүй байх тул дээрх үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна. 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 113 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан /хуучин/ болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/19 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан /шинэ/ Ажлын байрны тодорхойлолтууд болон бусад холбогдох баримтуудаас үзэхэд Хүнд үйлдвэрийн бодлогын газар болон Газрын тосны бодлогын газруудыг нэгтгэж, "Хүнд үйлдвэрийн бодлогын газар" гэсэн статусгүй болсон хэдий ч үүгээр ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг байхгүй болсон гэж үзэх үндэслэлгүй байна. 

Төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан сөрөг нөлөөлөл бүхий, төрийн албанаас халах, чөлөөлөх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж гаргасан захиргааны акт нь заавал эрх зүйн үндэслэлтэй байх ёстой бөгөөд уг үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл, заалтад нийцсэн, гаргасан зөрчил бүр нь нотлох баримтаар, хангалттай, бүрэн дүүрэн тогтоогдсон байхыг шаарддаг. 

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх тухай, 24 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх тухай тус тус хуульчилсан бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэх хуулийн шаардлагыг хангаж ажиллалгүй нэхэмжлэгчийг зөвхөн төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнөөс хамааран эрхэлж байсан ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн нь төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчиж, түүний эрх зүйн байдлыг дордуулсан нь нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар баталгаажсан хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ гэж шүүх дүгнэв. 

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зааснаар сонсох ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл зэргийг зааж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.”, “27.6-д “сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулах”, 27.7-д “сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй” гэж хуульчилсан. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-д заасны дагуу нийт албан хаагчдад сонсгох ажиллагааг зохион байгуулсан” гэж тайлбарлах хэдий ч хариуцагчаас ирүүлсэн баримтаар бүрэн нотлогдохгүй, тодруулбал, нэхэмжлэгч уг ажиллагаанд оролцоогүй болох нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны албан хаагчдад тушаал танилцуулах хурлын товч тэмдэглэлээр нотлогдож байна. 

Харин “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/163 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд, уг тушаалаар холбогдох хууль тогтоомж, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 201 дүгээр тогтоол, Авлигатай тэмцэх газрын 2018 оны 05/11233 тоот дүгнэлтийг тус тус үндэслэн Б.А ыг Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилсон байна. 

Нэгэнт шүүхээс нэхэмжлэгч Д.Д ийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй гэж үзсэн, мөн Авлигатай тэмцэх газрын 2018 оны 05/11233 тоот дүгнэлтэд ... түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах боломжгүй байна ... гэсэн байгаагаас үзэхэд Б.А нь уг ажилд томилогдон ажиллах боломжтой эсэх нь бүрэн тогтоогдоогүй байхад түүнийг томилсон байх тул мөн тушаалыг хүчингүй болгож, уг албан тушаалд Д.Д ийг томилохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Мөн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар гэж 2 өөр нэгж байсан. Тэр хоёрыг нэгтгээд нэг газар болсон. Тэгвэл тухайн үед Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга байсан хүн дахин тухайн тушаалыг хүчингүй болгож энэ албан тушаалд би томилогдох байсан гэж үзвэл энэ хоёр газрын дарга байсан хүмүүсийн аль нь энэ газрын даргын албан тушаалд томилогдох боломжтой вэ гэх асуудал гарч ирнэ. Тиймээс ойлгомжгүй байдал үүсэж байна.” гэж тайлбарлах бөгөөд нэгэнт тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн энэ тохиолдолд Хүнд үйлдвэрийн бодлогын газрын даргын албан тушаалыг хашиж байсан Д.Дийг бус Металл бус шатах ашигт малтмалын үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/144 дүгээр тушаалаар чөлөөлөгдөн, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ажил, албан тушаалд томилох тухай” Б/146 дугаар тушаалаар Хүнд үйлдвэрийн хэлтсийн даргаар, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай”  Б/149 дүгээр тушаалаар Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/163 дугаар тушаалаар Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар тус тус томилогдон алба хашиж байсан этгээдийг томилсон нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийн Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх болон Төрийн албаны тухай хуулиар олгогдсон нэмэлт баталгаа болон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хариуцагчийн маргаан бүхий Б/163 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Дийг тус яамны шинэ бүтцийн дагуу Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилохыг хариуцагчид даалган шийдвэрлэв. 

Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаал нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан. Гэвч шүүх нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан албан тушаалд нь тус яамны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор шууд эгүүлэн тогтоох боломжгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зохицуулалтыг баримтлах үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгч Д.Дийг Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон шийдвэрлэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, ..”, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрдэнэ” гэж тус тус заасны дагуу Д.Дийн ажилгүй байсан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг түүний өмнө нь авч байсан ТЗ-12 зэрэглэлийн 3 дугаар шатлалын 921.067 төгрөгөөр тооцон олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэлээ. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын нэхэмжлэгч Д.Дийг Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар” /шинэ нэрээр/-ын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилоогүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хариуцагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/163 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийг тус яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилж, ажилгүй байсан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг түүний өмнө нь авч байсан ТЗ-12 зэрэглэлийн 3 дугаар шатлалын үндсэн цалин болох 921.067 төгрөгөөр тооцон олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Н.Д