Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00605

 

М гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02175 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2402 дугаар магадлалтай,

М гийн нэхэмжлэлтэй,

Д өд холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 90,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Э.Болорчулуун, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: З.Амаржаргал нь Д , Д.Ганболд нартай 2016 оны 09 сарын 14-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 60,000,000.00 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн.  2016 оны 09 сарын 14-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээний хугацаа 2017 оны 09 сарын 14-ний өдөр дууссан боловч зээлдэгч нарын зүгээс зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Гэрээний 1.3-т "Зээлдүүлэгч нь зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй", 232.4 дэх хэсэгт ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 30,000,000.00 төгрөгийн алданги нийт 90,000,000.00 төгрөгийг хариуцагч Д өөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: З.Амаржаргалтай Д , Д.Ганболд нар барьцаат зээлийн гэрээг 2016 оны 09 сарын 14-ний өдөр байгуулсан бөгөөд 2 жилийн хугацаатай гэрээ байгаа болно. Гэрээний хугацаа дуусаагүй байхад М  нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. З.Азжаргал ах нас барсан гэж дуулаад очих үед гэр бүлийн хүн нь гэх М тай анх уулзсан юм. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасан хуулийн хугацаа өнгөрөөгүй байхад М  шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д заасныг зөрчиж буй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрээний хугацаа 2018 оны 09 сарын 14-ний өдөр дуусгавар болно гэж заасан байгаа гэжээ.                                                           

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02175 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д өөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 90,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М гаас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 607,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д өөс улсын тэмдэгтийн хураамжид 607,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2402 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 183/ШШ2018/02175 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2402 тоот магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд гаргасан тайлбар, нэмэлт тайлбаруудын агуулгыг дахин давтахгүйгээр ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2-г үндэслэн шүүхийн шийдвэрт дурдагдсан үндэслэлүүдэд холбогдуулан энэхүү гомдлыг гаргав. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “талуудын шүүхэд ирүүлсэн гэрээний 1.1-д “....1/нэг/ жилийн хугацаатай” гэсэн засваргүй бичилт, нотариатчийн шүүхэд ирүүлсэн гэрээний 1.1-д 2017 оны 09 сарын 14-ний өдөр хүртэл...” гэсэн засвартай бичилт, гэрч С.Гэрэлийн “...тухайн барьцаат зээлийн гэрээг байгуулах үед гэрээний талууд хугацааг 1 жил, 2 жил гэж маргаж байгаад нэг жилийн хугацаатайгаар гэрээг гэрчлүүлсэн, бүртгэлийн дэвтэрт нэг жил гэж бүртгэгдсэн байгаа...” гэсэн мэдүүлэг зэргийг үндэслэн 2016 оны 09 сарын 14-ний өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”-ний хугацаа нэг жилийн хугацаатай буюу /2016 оны 09 сарын 14-ний өдрөөс 2017 оны 09 сарын 14-ний өдөр хүртэл/ байгуулагдсан” гэж дүгнэсэн. Зохигч талуудын шүүхэд гаргасан нотлох баримт буюу Барьцаат зээлийн гэрээний хүчин төгөлдөр хугацаа өөр өөр байдаг. Нэхэмжлэгчийн талаас гаргасан гэрээний хувь засвартай байдаг бөгөөд уг засварыг Нотариатч гэрээний нэг тал буюу нэхэмжлэгчийн хүсэлтээр засварлаж өгсөн байдаг. Энэхүү засварыг оруулахдаа гэрээний нөгөө тал буюу хариуцагчид мэдэгдэх үүрэгтэй байсан боловч мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл Нотариатч хууль зөрчиж талуудын байгуулж батлуулсан гэрээнд зөвхөн нэг талын санаачилгаар засвар оруулсан. Үүнээс үзэхэд хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэрэг нь олон талын эргэлзээ төрүүлэхүйц, нотариатч илт хууль бус үйлдэл хийж нэхэмжлэгчид давуу байдал үүсгэсэн байхад шүүх “Барьцаат зээлийн гэрээ”-ний хугацаа нэг жилийн хугацаатай байгуулагдсан гэж дүгнэсэнд гомдолтой байна. Үүнээс гадна анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлээгүй.

Хууль хэрэглээ: Энэ хэрэг бол өв залгамжлалын тухай, шаардах эрхийг өвлөсөнтэй холбоотойгоор үүссэн асуудал байсан. Гэтэл шүүх шаардах эрхийг өвлөн авах талаар үндэслэсэн хуулийн заалтыг шийдвэртэй тусгаагүй, дурдаагүй.

Гэрээний талуудыг оролцуулаагүй: Бодит гэрээ нь зээлдэгч Д  барьцаалуулагч Д.Ганболд, барьцаалан зээлдүүлэгч З.Амаржаргал зэрэг гурван хүний  дунд эрх зүйн харилцаа үүсгэсэн байх бөгөөд шүүх иргэний хэрэг үүсгэхдээ талуудыг бүгдийг оролцуулалгүйгээр иргэний хэрэг үүсгэн, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь нотлох баримтыг эргэлзээгүй, бүрэн дүүрэн шийдвэрлэх зарчмыг зөрчсөн.

Гэрээний хугацаа: Шаардах эрх үүсээгүй байхад алданги тооцох нь буруу. 2016 оны 09 сарын 14-ний өдөр хоёр жилийн хугацаатай байгуулсан гэрээг хугацаа дуусахаас нь өмнө дууссан мэтээр тооцож алданги тооцох нь буруу. Нэмэлт гэрээ байгуулагдаагүй: Батмөнх Сарантуяатай нэмэлт гэрээ байгуулаагүй. Амаржаргалын эхнэр Сарантуяагаас Батмөнх нь 60 сая төгрөг бодитой аваагүй байтал тийнхүү мөнгө авсан мэтээр шүүх дүгнэж шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон байна. Тийнхүү үндэслэсэн нь буруу. Учир нь Сарангэрэл Батмөнх хоёр гэрээ байгуулж мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Харин шаардах эрхээ өвлөсөн тул энэ хүрээндээ л асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байна.

Барьцааны талаар шийдвэрлээгүй: Талуудын маргаж байгаа гэрээ “Барьцаат зээлийн гэрээ” тул барьцааны талаар болон барьцаалбарыг хэрхэх талаар шийдвэрлэх ёстой байсан боловч энэ талаар шүүхийн шийдвэрт огт дурдсангүй. Иймд хяналтын шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан үзээд ИХШХШТ хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. М  нь хариуцагч Д өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 90,000,000.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний хугацаа дуусаагүй..., Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасан хуулийн хугацаа өнгөрөөгүй байхад нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

З.Амаржаргал болон Д , Д.Ганболд нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээгээр 60,000,000.00 төгрөгийг Д өд зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх, барьцаалуулагч Д.Ганболд нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Богдхан уул БЦГ, 512.92 м.кв талбайтай газрыг барьцаалсан байна.

2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өвлөх эрхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гэрчилгээгээр М  нь нөхөр З.Амаржаргалын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Д , Д.Ганболд нартай байгуулсан барьцаат зээлийн гэрээний авлагыг шаардах эрхийг олж авчээ.

Хариуцагч Д  нь “...З.Амаржаргалаас 60.000.000 төгрөг зээлсэн, буцаан төлөөгүй талаар” маргаагүй бөгөөд харин “...зээлийн гэрээг 2 жилийн хугацаатай буюу 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл байгуулсан” гэж маргасан ба хэрэгт хариуцагчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үйлдсэн  “...миний бие М гаас 60.000.000 төгрөг авсан 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр машин өгнө, үлдэгдлийг төлж барагдуулна” гэсэн баримт авагдсан байна.

Хэрэгт авагдсан гэрээний 1.1-д “...1 /нэг/ жилийн хугацаатай” гэсэн засваргүй бичилт, нотариатчийн шүүхэд ирүүлсэн гэрээний 1.1-д “...2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл...” гэсэн засвартай бичилт, гэрч С.Гэрэлийн “...тухайн барьцаат зээлийн гэрээг байгуулах үед гэрээний талууд хугацааг 1 жил, 2 жил гэж маргаж байгаад нэг жилийн хугацаатайгаар гэрээг гэрчлүүлсэн, бүртгэлийн дэвтэрт нэг жил гэж бүртгэгдсэн байгаа...” гэж  мэдүүлснийг  үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцсэн гэж үзнэ.

Зээлдэгч Д  нь 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зээлсэн 60,000,000.00 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дотор зээлдүүлэгч З.Амаржаргалд буцаан төлж барагдуулаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээний 1.3-т “...хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно” гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг үндэслэл бүхий хэрэглэсэн байна. Хариуцагч нь “...гэрээг 2 жилээр байгуулсан” гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотлоогүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар Д ийг татах эрхтэй тул хариуцагчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02175 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2402 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Д ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,950.00 /зургаан зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН