| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2021/0056/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/103 |
| Огноо | 2021-08-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/103
2021 08 02 2021/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,
улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
хохирогч Л.Х,
шүүгдэгч Ч.О,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.О-т холбогдох эрүүгийн 2019002620057 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1973 оны 01 сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар баг ширээгийн гол гэх газарт оршин суух хаягтай, урьд нь Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 01 сарын 20-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг жил, Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Хэнтий аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 07 сарын 19-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 100.000 төгрөгөөр торгох ял, Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 05 сарын 18-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 07 сарын 18-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ял, Дорноговь аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай чадвартай, Б овогт Ч-ийн О /РД:ЕД73013194/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч Ч.О нь 2018 оны 12 сард Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр баг Баянхошуу гэх газарт иргэн Л.Х-гийн гэрт нь буюу байнга амьдрах, орон байранд нэвтэрч мөнгөн эдлэлүүд болох битүү ороосон духавчтай мөнгөн хазаар 2 ширхэг, духавчтай мөнгөн хазаар 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 8 ширхэг, 2 литрийн мөнгөн хувин 1 ширхэг, аккумлятор /80 ампертай/ 1 ширхэг, ТОЗ-8 загварын галт зэвсэг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 6.559.467 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ч.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. 2018 оны 12 сард Хүүхэнхүү гуайн гэрт орсон. Гэр нь онгорхой цоожгүй байсан. Авдраас хэрэгт авагдсан мөнгөн эдлэлүүдийг авсан. Мөнгөн эдлэлүүдээ хотод танихгүй ченжид зарсан. Би Азбаярт хулгай хийсэн талаараа хэлсэн нь үнэн. Энэ талаараа Хүүхэнхүү гуайд ч хэлж байсан. Хохирогчид 6.559.000 төгрөгийг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй гэв.
-Хохирогч Л.Х-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 12 сарын 27, 28-ны үед манайх ганцаараа байх үед манай гэрт хулгай орсон байсан. Хэрэгт авагдсан мөнгөн эдлэлүүд хулгайд алдагдсан. Буу, аккумлятор бас алдагдсан. Гэрийн хаалганы цоожийг эвдсэн байсан. Отгонтөмөр танай бууг авч яваад баригдлаа гэсэн. Нохой буудах гэж авсан гэж хэлээрэй гэж байсан. Отгонтөмөр надаас гуйсан учир цагдаад хэлээгүй. Тэгтэл 3 сарын дараа танай юмыг аваагүй гэж Отгонтөмөр хэлсэн. Цагдаагийн газар энэ өргөдлийг удаан шалгасанд гомдолтой байдаг. Хохиролд 6.559.000 төгрөг төлсөн. Мөнгөлсөн хувингийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа. Галт зэвсэг хулгай хийх чинь тусдаа зүйл анги байдаг байх гэж бодож байна. Хувинг сүүлд 300.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ хувинг 5 сая төгрөгөөр хүн авъя гэхэд өгөөгүй. 3 бүслүүртэй хээ угалзтай мөнгө их орсон хувин байсан. Одоо бараг 10 сая төгрөг болно гэж боддог. Мөнгөн эдлэлүүд цоожтой авдарт байсан. Миний хувьд гомдол санал алга, хөнгөн шийтгэл оногдуулаасай гэж бодож байна гэв.
-Гэрч Ө.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 12 сард Л.Хүүхэндүү гэх хүний гэрт хулгайч орж мөнгөн эд зүйл алдагдсан гэх хэргийн талаар сонссон. Энэ хэргийг хийсэн хүнийг нь олсон гэж сонсож байсан хэн гэдгийг нь мэдээгүй гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,
-Гэрч Б.Азбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 01 сарын дунд үеэр намайг Улаанбаатар хотод байхад Отгонтөмөр ах утсаар залгаад ах нь хойшоо сум руугаа явж байгаад цагдаад баригдчихлаа, ах нь гол нь буутай явж байгаа тэгээд цагдаа асуухаар нь чинийх гээд хэлчихлээ. Миний дүү нэг аргалаарай гэж утсаар ярьсан. Одоо ярьсан утасны дугаарыг нь санахгүй байна. Тэгээд хэсэг байж байгаад над руу залгаж ах нь машиныг чинь журамлуулчихлаа шүүхээр дөнгөж таслагдчихаад явж байна, бас буугаа хураалгасан. Одоо чам руу залгаж асуувал минийх гээд хэлчхээрэй гэж ярьсан. Тэгтэл удалгүй над руу цагдаагаас залгаад “энэ буу таны буу мөн үү” гэж асуусан. Тэгэхээр нь тиймээ миний буу гэхэд “бичиг баримт нь байгаа юу гэсэн” байгаа надад өөрт байгаа би Улаанбаатар хотод байна гэж ярьсан. Тэгтэл цагдаа намайг та тэгвэл Дорноговь аймагт ирэхээрээ ирж уулзаарай таны бууг одоо хурааж авлаа гэж ярьсан. Тэгээд дараа нь Отгонтөмөр ахтай яриад ямар учиртай юм бэ гэж асуухад зүгээрээ ахын дүү Хүүхэнхүү ахын буу байгаа юм ах нь яриад зохицуулсан байгаа, хэрвээ чам руу залгаж асуувал тэгсэн би авсан гээд хэлээрэй ах нь дөнгөж таслагдчихаад байгаа шүү. Ахыгаа бодоорой гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за гэж хэлсэн. ...Отгонтөмөр ах над руу залгаж ах нь Хүүхэнхүүгийн гэрээс буу, аккумлятор авсан юм. Шалихгүй юм болохоор миний дүү нэг удаа ахыгаа хамгаалаад тэгээд хэлчхээрэй гэхээр нь би юм бодолгүй тийм мэдүүлэг өгсөн гэсэн мэдүүлэг /хх 18, 20-21 ху/,
-Гэрч Д.Мөнгөнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Анх Отгонтөмөртэй уулзахад би танайхаас алдагдсан бүх зүйлийг чинь төлж өгнө та нар нэг удаа намайг уучлаад цагдаад битгий өгөөрэй би саяхан шүүхээр ороод гарч ирлээ би тэнссэн ялтай байгаа гэсэн. Тэгээд гуйгаад байхаар нь тэр үедээ алдсан эд зүйлсийг маань төлөөд өгье гэсэн болохоор цагдаад хэлэхээ болиод хүлээсэн боловч итгэл эвдэж алга болсон, сүүлдээ бүр би аваагүй гэх зүйл ярьсан. Азбаяр энд хамаагүй та алдсан зүйлсийнхээ үнэлгээг гаргуулаад өг би бүгдийг нь төлчихье гэж гуйж байсан юм. Тэрнээс хойш зугтаагаад утсаар ч холбоо барихгүй байсан. Тэгтэл түүнээс хойш 2019 оны 03, 04 сарын үед таарсан. Тэгэхэд би чи манайхаас авсан эд зүйлсээ төлж өгнө гэсэн яасан бэ гэхэд надад хамаагүй та нар тэр Азбаяртайгаа л учраа ол, эсвэл өгдөг газарт нь өгөөд шалгуулахгүй юу гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 28 ху/,
-Гэрч Ч.Хатантөмөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2020 оны өвөл санаж байна. Манай сумын Хүүхэнхүүгийн эхнэр Мөнгөнцэцэг 2 манайхаар орж ирээд Отгонтөмөрийг хаана байгаа талаар асууж сурч байсан. Би ямар асуудал болсон талаар нь асуухад манайхаас мөнгөн эд зүйл хулгайлсан гэж хэлж байсан. Би тухайн үедээ Отгонтөмөрөөс ямар асуудал болсон талаар асууж сураагүй. Саяхан хэрэг төвөгт холбогдсон уу юу болсон гэж асууж сурахад би хохирол төлбөрөө төлөөд барагдуулчихсан гэж хэлж байсан. Отгонтөмөр надад айлаас ямар ямар эд зүйл хэзээ авсан талаараа тодорхой зүйл хэлээгүй, тухайн үедээ асууж шалгаагүй. ...хэдэн он гэдгийн санахгүй байна 2-3 жилийн өмнө л байх цагаан сарын өмнө хот явж байсан санаж байна гэсэн мэдүүлэг /хх 66 ху/,
-Гэрч Н.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Л.Хгийн гэх айлд манай бүртгэл мэдээллийн санд ямар нэгэн эд зүйл бүртгүүлж байгаагүй. Сумын соёлын төвөөс урьд нь айлуудаар тойролтоор явахдаа айлуудад байдаг хуучны өв дамжин өвлөгдөж ирсэн эд зүйлийг бүртгэдэг байсан Хүүхэнхүү гуайнх ямар нэгэн эд зүйл бүртгүүлж байгаагүй гэсэн мэдүүлэг /хх 186 ху/,
-Гэрч Л.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Л.Хгийн гэрээс хэдэн тооны ямар ямар мөнгөн эдлэл алдсан талаар нь би хэлж мэдэхгүй байна. Миний мэдэхээс аав ээжээс минь үлдсэн 2 литрийн шахуу багтаамжтай санаж байна ёроол хэсэг, дунд хэсэг, амсар хэсгээр хээлсэн мөнгөн бүслүүртэй мөнгөн бариултай хувин байсан тэр алдагдсан гэсэн. Мөн мөнгөн аяганууд алдсан гэсэн, алдсан мөнгөн аяганаас нь 5 ширхэг нь манай аав ээжээс үлдсэн мөнгөн аяга байсан гэж хэлж байсан. Мөн манай аавын эдэлж хэрэглэж байсан ТОЗ-8 бууг алдсан гэж байсан. Өөр ямар ямар эд зүйлс алдсан талаар нь мэдэхгүй байна. Манай ээж надад мөнгөн хувин, мөнгөн аягуудыг 1955, 1956 оны орчимд малаар худалдан авч байсан гэж хэлж байсан. ...Манай дүү Л.Х өөрөө морь мал уядаг юм. Би Л.Хг мориндоо лав 2 мөнгөн хазаар зүүсэн байхыг нь харж байсан мөнгөн хазааруудаа сүүлд айл гэр болоод хүнээс худалдан авсан байх, гэрт нь хэдэн тооны мөнгөн хазаар байсан гэдгийг мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх 193 ху/,
-Гэрч Г.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 01 сард санаж байна. Иххэт сумын иргэн Л.Х надтай сумын төв дээр гадуур ажилтай явж байхад таарч манай гэрээс эд зүйл алдсан өргөдөл бичиж гомдол гаргах гэсэн юм гэж хэлж байсан. Тухайн үед би гадуур эргүүл хяналт шалгалтын ажилтай явж байсан болохоор та цагдаагийн хэсэг дээр ирээд гомдлоо гаргаж болно таны гаргасан гомдолтой холбоотой тайлбар мэдүүлэг авна гэж хэлсэн. Цагдаагийн хэсэг дээр өргөдөл бичээд ирнэ гэж хэлээд иргэж ирээгүй. Л.Х эргэж гомдол гаргаагүй гэсэн мэдүүлэг /хх 197 ху/,
-Гэрч Л.Саранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Эд зүйлийн үнэлгээ гаргуулахад зарим тохиолдолд хохирогч өөрийн алдсан эд зүйлсийг эх сурвалж, зураг, чанар байдлын талаар холбогдох бичиг баримтыг өгч судалгаа хийлгүүлэн гаргуулах тохиолдол байдаг. Мөнгөн бүслүүртэй хувингийн үнэлгээг гаргахад хохирогчоос ямар нэгэн эх сурвалж, зураг гэх мэт баримт ирүүлээгүй болохоор мөрдөгчийн тогтоолд дурьдсаны дагуу 2 литрийн багтаамжтай мөнгөн бүслүүртэй агар зандан модон хувинг тухайн үеийн зах зээлд зарагдаж байсан үнэлгээг судлан гаргасан гэсэн мэдүүлэг /хх 199 ху/,
-Хохирлын үнэлгээ /хх 32-37, 199-201 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 83 ху/,
-Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 87-112 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх181-182 ху/
-Ч.Оийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 49-57 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ч.О нь 2018 оны 12 сард Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр баг Баянхошуу гэх газарт иргэн Л.Хгийн гэрийн цоожийг эвдлэн орж мөнгөн эдлэлүүд болох битүү ороосон духавчтай мөнгөн хазаар 2 ширхэг, духавчтай мөнгөн хазаар 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 8 ширхэг, 2 литрийн мөнгөн хувин 1 ширхэг, аккумлятор /80 ампертай/ 1 ширхэг, ТОЗ-8 загварын галт зэвсэг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч 6.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “2018 оны 12 сард Хүүхэнхүү гуайн гэрт орсон. Гэр нь онгорхой цоожгүй байсан. Авдраас хэрэгт авагдсан мөнгөн эдлэлүүдийг авсан. Мөнгөн эдлэлүүдээ хотод танихгүй ченжид зарсан. Би Азбаярт хулгай хийсэн талаараа хэлсэн нь үнэн. Энэ талаараа Хүүхэнхүү гуайд хэлж байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Л.Хгийн “...Хэрэгт авагдсан мөнгөн эдлэлүүд хулгайд алдагдсан. Гэрийн хаалганы цоожийг эвдсэн байсан. Буу, аккумлятор байсан. Отгонтөмөр надаас гуйсан учир цагдаад хэлээгүй. Тэгтэл 3 сарын дараа танай юмыг аваагүй гэж Отгонтөмөр хэлсэн. Цагдаагийн газар энэ өргөдлийг удаан шалгасанд гомдолтой байдаг. Хохиролд 6.559.000 төгрөг төлсөн” гэсэн /хх 25-26 ху/ мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Мөнгөнцэцэг /хх 28 ху/, гэрч Ө.Оюунчимэг /хх 13 ху/, Б.Азбаяр /хх 18, 20-21 ху/, Н.Сарантуяа /хх 186 ху/, гэрч Л.Нэргүй /хх 193 ху/, Г.Бат-Эрдэнэ /хх 197 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ч.Оийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй болохыг дурьдав.
Энэ хэргийн улмаас хохирогчид 6.620.000 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 6.559.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд мөнгөлсөн зандан модон хувингийн үнэлгээ нь 300.000 төгрөгөөр тогтоогдсон тул хохирлын үлдэгдэл 60.533 төгрөгийг шүүгдэгч хариуцан төлөх үндэслэлтэй. Шүүгдэгч нь хохирол дээр маргаагүй, хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байх тул 60.533 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Хд олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөнгөлсөн хувингийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа. Хувинг сүүлд 300.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ хувинг 5 сая төгрөгөөр хүн авъя гэхэд өгөөгүй. 3 бүслүүртэй хээ угалзтай мөнгө их орсон хувин байсан. Одоо бараг 10 сая төгрөг болно гэж боддог” гэж тайлбарлан үнэлгээг зөвшөөрөхгүй байх боловч гэрч Л.Саранчимэгийн “...Мөнгөн бүслүүртэй хувингийн үнэлгээг гаргахад хохирогчоос ямар нэгэн эх сурвалж, зураг гэх мэт баримт ирүүлээгүй болохоор мөрдөгчийн тогтоолд дурьдсаны дагуу 2 литрийн багтаамжтай мөнгөн бүслүүртэй агар зандан модон хувинг тухайн үеийн зах зээлд зарагдаж байсан үнэлгээг судлан гаргасан” гэсэн тайлбараар Ашид билгүүн ХХК-ийн тогтоосон хохирлын үнэлгээг үндэслэлтэй гэж үзсэн болно.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 он 07 сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус заасан.
Иймд шүүгдэгч Ч.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 102162 дугаартай /гол төмөр/ ТОЗ-8 бууг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, мөн битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Ч-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.О-ийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3.2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.О-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд тус тус зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-ийн цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.О-өөс 60.533 /жаран мянга таван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорноговь аймгийн Иххэт сумын 1-р багт оршин суух Л.Хд /ЕД59041375/ олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 102162 дугаартай /гол төмөр/ ТОЗ-8 маркийн галт зэвсгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
9.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА