Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/123

 

 

 

 

 

 

                                     

  2021         09            15                                   2021/ШЦТ/123

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                          

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,

Хохирогч Ч.Батзаан /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

   Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 1819002620143 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Яллагдагчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.Д

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Зүүнбаян-Хамарын хийд явах замын пост дээр 85-38 УБВ улсын дугаартай Тоёота Истима маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад албан үүргээ гүйцэтгэж байсан Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Ч.Батзаан зөрчлийг таслан зогсоох, тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодуулахгүй гэсэн шаардлага тавихад түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаян чиглэлээс Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 багийн нутаг дэвсгэрт машинтай орж ирсэн. Энэ үед цагдаагийн ажилтан зогсох дохио өгсөн ба зогсоод нэлээн хүлээсэн. Дараа нь бичиг баримтаа авч очиж уулзсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн ихтэй байсан болохоор хүлээж байгаад “ах нь явлаа” гэхэд байж байж драгер багажаар үлээлгэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгана гэсэн. Тэгээд драгер багажаар үлээлгэж, шалгуулсны дараа мөн нэлээн удаан хүлээгээд явлаа шүү гэж хэлсэн. Машин харуулын байрнаас нэлээн зайтай байсан. Харуулын байрны баруун хойно сүүдэрт сууж байгаад Эрдэнэбилэг гэж харуултай ярьж байгаад машин руугаа алхсан чинь хэзээ гэдгийг нь мэдэхгүй намайг араас татаад, боож унагаасан, би ухаан алдсан. Тэгээд босоод ирэхэд толгой хагарсан, өмсөж явсан цамц урагдсан байсан бөгөөд Ч.Батзаан цаашаа алхаж байсан. Энэ үйл явдал машинд хүрэхээс өмнө болсон. Би тухайн үед ногоон өнгийн Истима маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Ч.Батзаанд хандаж “тархи, толгой хагалчихлаа, намайг зодчихлоо” гэж уурлаад цустай гараараа хацарт 2-3 удаа хүрсэн үйлдэл байгаа. Дараа нь Ч.Батзаан “2 машин журамлачихлаа, хүн хүч хэрэгтэй байна” гэж утсаар ярьсан. Миний машины арын машинд миний өмгөөлж байгаа хэргийн холбогдогч Мөнхнасан, нэг эмэгтэй хүн, 2 хүүхэдтэйгээ хамт явж байсан. Цагдаагийн албан хаагчид нэмж ирэх хооронд миний даралт ихсээд, толгой эргээд “эмнэлэгт үзүүлмээр байна” гэж хэлээд очиж үзүүлээд 5-6 цаг хэвтээд, толгойн хагарсан хэсэгтээ 3 удаа оёдол хийлгэсэн. Үүнээс хойш 2 хоногийн дараа байх цагдаагаас дуудаад “Ч.Батзаан гэх хүн гомдол гаргасан” гээд Зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчлийн хэрэг нь шалгагдаад анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Миний өмгөөлөгч давж заалдах гомдол, гаргаад анхан шатны шүүхийн шийтгэвэр хүчингүй болсон. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсэх асуудлын тухайд замын цагдаа, тээврийн цагдаагийн дэд хурандаа Мөнх-Эрдэнэ гэж хүн над руу утсаар яриад, танд холбогдох асуудлыг шалгаж үзэхэд таны согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь тогтоогдсон тул Замын цагдаагийн тасгийн хошууч Мөнхгэрэлээс очиж жолооны үнэмлэхээ аваарай гэж хэлсэн. Би урьд нь жолооны үнэмлэхээ авах талаар хэлэхэд үнэмлэхийг нь хайчилсан, устгасан талаар хэлж байсан. Тийм учраас Дорноговь аймаг дахь Замын цагдаагийн газрын Мөнхгэрэл хошууч тухайн байгууллагаас дахин жолооны үнэмлэх гаргуулах мөнгийг төлж, надад үнэмлэх гаргаж өгсөн. Гэмт хэрэгт холбогдсон байдлын тухайд олон удаа гомдол, санал гаргасан боловч гэмт хэргийн талаар бүрэн шалгаагүй. Тухайлбал, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг би биелүүлсэн. Харин цагдаагийн албан хаагч иргэн миний биед халдсан байдлыг хууль ёсны шаардлага гэж үзэхгүй байна. Тиймээс анхнаасаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар би 3 удаа, миний өмгөөлөгч 3 удаа, нийт 6 удаа гомдол, санал гаргаж Улсын дээд шүүх хүртэл явсан. Өнөөдрийн хувьд ч гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Тухайн үед Ч.Батзаан бид хоёр нэгнээ хэл амаар доромжилсон, хэрэлдсэн, маргалдсан зүйл огт болоогүй. Миний гаргасан үйлдэл гэвэл ухаан алдаж унаад босоод ирэхэд толгой хагарсан байсан болохоор уурласандаа Ч.Батзааныг иргэн хүнийг зодлоо гэдэг харилцаагаар харьцсан нь үнэн. Үүний тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчилж ирүүлснийг хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс хэрэг буцаад прокурорт шилжсэн байхад хохирогчтой 2-3 удаа уулзаж ярилцаад, уучлалт гуйсан. Дараа нь ч бас уулзсан. Гэхдээ хэргийн талаар ярилцсан зүйл байхгүй ...” гэв.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Батзаан шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ... үүрэг гүйцэтгэх явцад 16-17 цагийн орчимд Хамрын хийдээс орох чиглэлийн хөдөлгөөнийг хянах явцад ногоон өнгийн Истима маркийн тээврийн хэрэгсэлтэй зүс таних Б.Д өмгөөлөгч орж ирсэн. Жолоочийг Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу дохиур модоор дохиж зогсоогоод шалгах явцад жолоочийн амнаас этилийн спиртийн агууламжийн үнэр үнэртсэн. Эрүүл мэнд, Спортын сайдын хамтарсан тушаалын хүрээнд тухайн жолоочийг цагаан зураасаар алхуулах, эсвэл үнэрлэх, тухайн жолооч хүлээн зөвшөөрснөөр драгер багаж үлээлгэж шалгадаг. Үүний дагуу Б.Д жолоочийг “Та согтууруулах ундаа зүйл уусан уу?” гэж асуухад “уугаагүй” гэж хариулсан. Тэгээд драгер багажаар үлээлгэхэд согтолтын зэрэг 0,79 хувь гарч байсан байх, согтолтын зэрэг дунджаас дээш түвшинд гарсан болохоор өөрт нь тайлбарлаж, жолоочийн согтуурал шалгасан журмын дагуу таны аман дахь этилийн спиртийн агууламж 0,19 хувь буюу түүнээс дээш гарсан байна. Тиймээс журамд заасны дагуу таныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ. Тэгэхээр үүнээс цааш тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцох боломжгүй талаар тайлбарлаж хэлсэн. Тухайн үед ар араасаа ирж байгаа тээврийн хэрэгслүүдийг зогсоосон байсан учраас Б.Д өмгөөлөгчийн тээврийн хэрэгслийн ард улаан өнгийн Ниссан Жүкэ маркийн тээврийн хэрэгсэл зогссон байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгсэлд эхнэр, нөхөр бололтой эмэгтэй, эрэгтэй хоёр хүн, арын суудалд нь бага насны 2 хүүхэд зорчиж явсан болохоор хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаад суудлын бүсийг зүүлгэх шаардлага тавьж, зогсоосон байсан. Энэ үед Б.Д гэх иргэнд та тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй талаар нь ойлгуулж хэлэхэд “чам шиг муу банди миний машиныг саатуулдаг хүн биш, би өмгөөлөгч хүн” гэж албан тушаалаараа дайрах маягийн хандлага үүссэн. Тэгээд намайг бичиг баримт аваад үлд гээд надад тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өгөөд “би машинаа унаад явлаа, чамд машинаа журамлуулдаг хүн биш” гэж хэлээд машинаа унахаар явсан. Цагдаагийн албаны тухай хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүднээс Б.Д өмгөөлөгчийг дахин зөрчил үйлдэхийг нь таслан зогсоох зорилгоор тээврийн хэрэгслийг нь жолоодуулахгүй гэж шаардлага тавьсны улмаас бид хоёрын хооронд маргаан үүссэн. Би өөрийгөө хууль ёсны шаардлага тавьсан гэж үзэж байна. Харин хуульд нийцээгүй, заагаагүй шаардлага тавьсан бол хууль ёсны бус шаардлага болж хувирах байх. Мөн Б.Д өмгөөлөгчид та машинаа жолоодож болохгүй таны аман дахь этилийн спиртийн агууламж 0,19 хувиас дээш гарсан тул уг тээврийн хэрэгслийг жолоодож болохгүй гэдэг хууль ёсны шаардлага тавьсан. Харин Б.Д өмгөөлөгчийг машин жолоодож болохгүй гэсэн шаардлага тавихад машинаа жолоодно гэж зөрүүдэлсэн. Үүнтэй холбоотойгоор машиныг жолоодуулахгүй гэж би машины түлхүүрийг хурааж авах гэж, харин Б.Д өмгөөлөгч түлхүүрийг өгөхгүй гэснээр маргаан үүсэх явцад тухайн замын хажуу тал руу шахаад зогссон байсан учраас брожуртай ойрхон байсан. Брожур тээглэснээс болсон байх Б.Д өмгөөлөгч арагшаа савж унасан. Унахдаа миний хувцаснаас татсан чигээрээ унасан бөгөөд би хагас дарах маягтай цуг унаад, босоод явахад миний араас ирээд нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон. Тэр үед миний уруул сэтэрсэн бөгөөд амнаас цус гараад байсан учраас үүрэн богино телефоны станцаар жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байсан дэслэгч Идэрмөнхөд болсон үйл явдлын талаар хэлэхэд цагдаа, жолооч Амартүвшингийн хамт ирсэн. Тэгээд Б.Д өмгөөлөгчийн аман дахь этилийн спиртийн агууламжийг драгер багаж үлээлгэж шалгасан, мөн Идэрмөнх гэж жижүүрийн офицер ирээд болсон үйл явдлыг энгэрийн камераар бичсэн. Улмаар Б.Д өмгөөлөгчөөс танаас үнэртэж байна, яагаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар нь асуухад Өмгөөлөгчдийн холбооны найзуудтайгаа хамт Хамрын хийд рүү очиж суух зуураа 1-2 шил архи уусан талаар хариулсан бичлэгийн баримт байдаг. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг журамлахаар явах явцад журмын хашаанд Түр саатуулах журмын дагуу зөрчилд холбогдсон тээврийн хэрэгслийг саатуулах үндэслэлтэй болсон учраас саатуулах явцад Б.Д өмгөөлөгч надад анхан шатны эмнэлгийн тусламж үзүүл, миний толгой хагарсан гэсний дагуу Б.Д өмгөөлөгчийг эмнэлэгт хүргэж өгөөд, машиныг нь журмын хашаанд хийгээгүй. Замын цагдаатай холбоотой зөрчлийг тухайн үеийн Дорноговь аймаг дахь Замын цагдаагийн тасагт ажиллаж байсан дэслэгч Эркен гэх зохицуулагч асуудлыг нь шийдвэрлээд, эрх хасах шийдвэр гаргасан. Зөрчлийн тухай хуульд зааснаар драгер багаж буюу стандарт хэмжил зүйн төвөөр баталгаажсан төхөөрөмжөөр нотлох баримт үйлдэгдсэн, бичлэгтэй тохиолдолд хялбаршуулсан журмаар асуудлыг шийдвэрлэх боломжтой. Б.Д өмгөөлөгч тухайн зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй. Б.Д өмгөөлөгчийн эрхийг хасах шийдвэр гаргаад анхан шатны шүүхээс тухайн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн. Дараа нь давж заалдах шатны шүүхээс Б.Д өмгөөлөгчийн Замын цагдаагийн газрын байцаагч өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх үндэслэлээр эрх хасах шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон ...” гэв.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Батзааны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сайншанд сумын төв хэсэгт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр томилгоот эргүүлийн үүргийг 12 цагаас 20 цагийн хооронд буюу 8 цагаар гүйцэтгэхээр болсон. Би Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Зүүнбаян-Хамарын хийд явах чиглэлийн авто зам дээр үүрэг гүйцэтгэн урдаас буюу Хамарын хийдээс Сайншанд руу чиглэлтэй ирж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарыг шалган ажиллаж байсан. Тухайн өдөр би үүргээ гүйцэтгээд 17 цагийн орчим Хамарын хийдээс Сайншанд руу чиглэлтэй 85-38 УБВ улсын дугаартай, цайвар ногоон өнгийн Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгсэлтэй жолоочийг зогсоон шалгахад эхлээд жолоочийн амнаас илт архи үнэртэж байсан тул жолооч Даас “та архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм уу” гэхэд Д “манай өмгөөлөгчдийн холбооны найзууд урд Хамарын хийдэд гэр буудалд уулзалдаад би уух нь уусан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнийг “машинаасаа бууна уу” гэхэд тэрээр буусан бөгөөд надад машины гэрчилгээгээ үзүүлсэн. Намайг “драгер үлээнэ үү” гэхэд Д ямар нэгэн эсэргүүцэх зүйлгүйгээр үлээсэн. Драгерын заалт 0,79 промилли гарсан тул би түүнд драгерын заалтыг үзүүлж, “таны согтолтын зэрэг ийм байна” гэхэд  Д “за дүү тэгээд ахыгаа яах гэж байна” гэсэн. Би түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үед авах арга хэмжээний талаар танилцуулахад Д “чи наад бичиг баримтаа аваад үлд, машин тэргээ чамд саатуулна гэж хэзээ ч байхгүй, би явлаа” гэж хэлээд машиндаа суугаад явахыг завдсан. Тэгэхээр нь би Дыг машин бариулахгүй гээд түүний урдуур ороод асаалттай байсан 85-38 УБВ улсын дугаартай автомашины кундакторт байсан түлхүүрээр нь машиныг  унтрааж, түлхүүрийг нь сугалж авах гэж байхад Д миний араас буюу хувцаснаас зуурч татсан. Намайг эргээд харахад заамдаж аваад өөрөө замын хажуугийн боржур дээр хазгай гишгэх шиг болоод хойшоо саваад унасан. Д унахдаа намайг зуураад татсан чигээрээ унасан бөгөөд би түүний дээр арай уначилгүй, шороон дээр өвдөглөж, гараараа тулаад буцаад боссон. Намайг буцаад босоход Д ч гэсэн босож ирээд, намайг шууд үгийн зөрүүгүй алгадаад авсан бөгөөд би түүнд “та яаж байна аа, хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцнэ гэдэг бол өөр зүйл шүү” гэхэд Д “би бол өмгөөлөгч, чи бол намайг яаж ч чадахгүй” гээд үргэлжлүүлээд нүүр рүү нилээн хэдэн удаа алгадсан, яг хэд гэдгийг нь санахгүй байна. Тэгээд би түүний машины түлхүүрийг авсан байсан тул холдоод постны зүг алхаж байхад Д нь араас хүрээд ирсэн. Тэгэхээр нь эргэж харахад Д нь миний нүүр рүү гараараа 3 удаа цохиж авсан бөгөөд би амаа дарж үзэхэд миний уруул язраад цус гарсан байсан. Д нь надаас зуураад эхлэх үед нь би Цагдаагийн газар руу мэдэгдсэн байсан тул энэ үед  хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Идэрмөнх, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Амартүвшин нар ирээд Дыг авч явсан ... Би Дд цохиулснаас хойш толгой дүүрч, үе үе манараад байдаг болсон. Надад эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй. Би толгой барьдаг хүмүүст нийт 7 удаа бариулж, 50,000 төгрөг зарцуулсан. Надад Даас нэхэмжлэх зүйл байхгүй. Асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 9-15 дугаар хуудас/,

         Гэрч М.Эрдэнэсувдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, одоо санахад 9 дүгээр сар хавьцаа байх, 17 цагийн орчим би өөрийн нөхөр О.Мөнхнасангийн хамт Хамарын хийдээс Сайншанд руу орж ирж байхад Сайншанд руу орох постны хажууд ногоон саарал өнгийн альфардтай адилхан машин зогсож байсан. Сайншандын постон дээр замын цагдаа үлээлгээд зогсож байсан. Тэгэхэд саарал машины жолооч согтуу байсан. Тэр жолооч өөрийгөө согтуу гээд үнэртүүлэхгүй байсан. Тэгэхэд замын цагдаа тэр жолоочийн бичиг баримтыг нь хураагаад авчихсан байсан. Ногоон саарал машины жолооч бичиг баримтаа авах гээд замын цагдааг гуйгаад зогсоод байсан. Тэгж байгаад ногоон саарал машины жолооч бичиг баримтаа орхиод машинаа унах гээд машины жолооч талын хаалгыг онгойлгочихсон. Тэгэхэд замын цагдаа жолоочийг машиныг нь жолоодуулахгүй гээд машиныг нь таглаад зогсчихсон. Тэгээд тэр жолооч машин руугаа суух гээд цагдаатай ноцолдож байгаад унаад толгойгоо цохисон. Тэр жолооч босч ирэхдээ толгойгоо барьж үзээд “миний толгойг хагалчихлаа” гэж орилоод цагдаа руу дайраад, цагдааг алгадаад бас гараараа нүүрийг нь түлхээд байсан. Тэгж байгаад тэр жолооч цагдаагийн уруулийг сэтэлчихсэн байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаагийн алаг машин ирээд жолоочийг машинтай нь хамт аваад явсан ... нэлээн олон цохих шиг болсон. Цохих болгонд нь цагдаагийн малгай нь унаад байсан. Тэр үед цагдаа нээх хариу үйлдэл үзүүлээгүй “та яагаад байгаа юм бэ, би танд хууль ёсны шаардлага тавьж байна” гээд байх шиг байсан ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 16-17 дугаар хуудас/,

           Гэрч А.Идэрмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цаг 50 минутад дэд ахлагч Батзаан богино долгионы станцаар мэдэгдэхдээ “Зүүнбаян гарах постон дээр хүн намайг зодоод байна, хурдан ирээрэй” гэсэн ... намайг очиход иргэн Дын подволк нь урагдсан, толгойн ар дагзны хэсгээс цус гарсан, амнаас нь согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Цагдаагийн дэд ахлагч Батзааны уруулаас нь цус гарсан, дотроо сэтэрсэн, салфеткаар цусаа арчаад байж байсан ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 18-20 дугаар хуудас/,

          Гэрч Б.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... жижүүрийн шуурхай удирдлагын богино долгионы станцаар дэд ахлагч Батзаан “цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй цохиж зодоод байна” гэсэн мэдээллээр Зүүнбаян гарах замд байдаг пост дээр очсон ба биднийг очиход маргалдсан байдалтай байсан. Тухайн үйл явдал болоод өнгөрсөн байсан. Цагдаагийн алба хаагчтай маргалдсан хүний подволк нь урагдсан, толгойн ар дагз хэсгээс нь цус гарсан байсан  ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 21-22 дугаар хуудас/,

          Гэрч О.Мөнхнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... постон дээр зогсоод бичиг баримтаа өгсөн чинь зохицуулагч цагдаа нь “за наанаа зогсож байгаарай, энэ автобусыг гаргаж өгье” гэсэн. Тэгээд би урд зогсож байсан Тоёота Эстима маркийн машины араас зогссон. Цаанаас нь Д машинаа унах гээд цагдаа унуулахгүй гээд маргалдаад, Д жолоочийн талын хаалгыг онгойлгоход цагдаагийн алба хаагч араас нь татаад зууралдаад байсан. Цагдаагийн алба хаагч нь хууль ёсны шаардлага тавьж байсан. Таны согтолтын зэрэг 0,79-тэй байна, та одоо машин барьж явахгүй гээд л байсан. Тэгээд зууралдаж байгаад Д нь боржуранд тээглээд газар унасан. Босож ирэхэд Дын толгойн ар дагзны хэсгээс цус гарч байсан. Цусаа гараараа арчаад цагдаагийн алба хаагчийн нүүр рүү цустай гараараа нүүрэн хэсэг рүү нь алгадаад цусаа арчаад байсан. 2-3 удаа алгадаж, цусаа нүүрэнд нь арчаад байсан. Цагаагийн алба хаагч нь Дд гар хүрээгүй ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 23-24, 34-36 дугаар хуудас/,

          Гэрч Ө.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... цагдаагийн алба хаагч иргэн хоёрыг маргалдаж байхыг харсан. Урт тэрэгний араар ороод гараад ирэхдээ иргэний толгойноос цус гарсан байсан. Би үйл явдлыг бүрэн харж чадаагүй ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 26-27 дугаар хуудас/,

          Гэрч С.Туяацэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би эрэмбийн эмчээр ажилласан ... цагдаагийн алба хаагч Батзаан гэх залуу ирж үзүүлсэн бөгөөд тухайн залуугийн уруул, хацар орчим эмзэглэлтэй, чимчигнэж өвдөнө гэсэн зориуртай байсан. Хэсэг газрын үзлэгээр баруун завжны дотор хэсэг, дээд шүдний харалдаа язарсан шархтай, уруул орчим хавдсан байсан. Тухайн хүний амин үзүүлэлтүүдийг шалгахад хэвийн байсан, гэмтэл нь харьцангуй хөнгөн байсан тул зөвлөгөө өгөөд буцаасан ... ” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 12 дугаар хуудас/,

          Шинжээч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ч.Батзааны биед учирсан дээд уруулын дотор салстын шарх гэмтэл нь 1,5х0,3 см хэмжээтэй байсан. хэдий оёдол тавиулаагүй байсан ч гэсэн хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн арьсны бүх давхаргыг хамарсан шарх байсан. Энэ нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсанд тусгагдсан байсан. Ийм амны хөндийн дотор шарх нь халуун хоол унд идэж, уухад хорсох, юм ярих зэрэгт эмзэглэл ихтэй байдаг тул энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна гэсэн үг юм. Тархи доргилт гэмтэл нь толгой өвдөх, дотор муухайрах, шилэн хүзүүгээр хөших зэрэг зовиур илэрч, ажил хөдөлмөр эрхлэхэд зовиуртай байх тул тодорхой хэмжээгээр эрүүл мэндийг сарниулдаг юм. Тархи доргилт гэмтлийн үед заавал ухаан алдаж унасан, ухаан балартах, мартаж санах зэрэг шинж тэмдэг илрэхгүй. Хүний биеийн онцлог болон тухайн гэмтлийг үүсгэж байгаа цохилтын хүчээс хамаараад шинж тэмдэг өөр өөр байна. Маш хүчтэй юманд цохигдох, авто осолд орох зэрэг үед тархи доргивол ухаан алдах, ухаан балартах шинж тэмдэг илэрч болно. Харин бусад өөр хэлбэрээр толгойн хэсэгт хатуу, мохоо зүйлээр цохих үед толгой өвдөх, дотор муухайрах зэрэг тархи доргилтын шинж тэмдэг илэрч болно. Ч.Батзааны биед учирсан дээд уруулын дотор салстын шарх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр, харин тархи доргилт гэмтэл нь нэг удаагийн болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

         Шүүгдэгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн найз Бадрахтай өөрийн 04-70 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслээ засаад өдрийн 16 цагийн үед дууссан. Тэгсэн Зүүнбаян руу миний танил Бүргэдбаатар нь “хотоос гараад Сайншандын гарам өнгөрөөд явж байна, уулзах яриа байна” гэсэн. Тэгээд араас нь гарам гараад утсаар ярьсан юм. тэгсэн чинь би Зээгийн хөтөл өнгөрч байна гэсэн. Тэгээд би буцаад Хамарын хийдийн постоор орж ирсэн. Зөөлөн явж байхад замын зохицуулагч цагдаа зогсох дохио өгсөн. Би замын хажуу руу зогссон чинь цагдаа бичиг баримт үзэхгүй ээ гэсэн. Тэгээд цаана хүмүүстэй байж байхаар нь би буугаад очсон чинь үлээнэ гэсэн, архи уусан юм уу гэсэн. Тэгэхээр нь “үгүй ээ, тэгвэл үлээе” гэсэн чинь “тэг” гэсэн. Тэгээд очоод үлээгээд тэр багаж руу нь харахад түр хүлээ гэсэн бичиг гараад 0.0 тоо харагдсан ... Батзаан жижүүр рүү “2 машин барьчихлаа, яаралтай хүн ир” гэсэн. Миний бодлоор машин барих хүн дуудсан. Тэгээд би замын цагдаа руу “чи архи уугаагүй байхад яагаад машин авч явах гээд байгаа юм бэ” гэхэд замын цагдаа “та өөрөө мэдэж байгаа биз дээ” гэсэн. Тэгээд би “чи машиныг авч явбал яв, би эрүүлжүүлэхэд орохгүй” гэсэн. би машин руугаа алхсан. Тэгэхэд цагдаагийн алба хаагч араас татаад өмсөж байсан цамцны араас татсан. Тэгэхэд миний хоолой боогдоод байсан. Би жоохон манарсан байх, тэгээд газар ойчоод унаад босоод ирэхэд толгойн ар дагзны хэсэгт нойтон оргиод байсан. Гараараа тэмтэрч үзэхэд цус байсан. Би гараараа цусаа арчаад, “чи миний толгойг хагалчихлаа, бас цамц ураад хаясан байна” гээд маргалдаад эхэлсэн. Тэгээд замын зохицуулагч цагдаа гар утсаа улаан машинтай хүнд өгөөд бичлэг хийлгэсэн ...” гэсэн мэдүүлэг /1-р х-ийн 28-30, 56-58 дугаар хуудас/,

           Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02/0285 дугаартай “... Ч.Батзааны биед дээд уруул дотор салстын шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ч.Батзааны биед учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Ч.Батзааны биед учирсан гэмтлүүд нь нийлээд болон тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинээр илэрсэн зүйлгүй ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 42 дугаар хуудас/,

           Хохирогч Ч.Батзааны эмнэлэгт үзүүлсэн Яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

           Шүүгдэгч Б.Дд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар торгуулийн шийтгэл оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0001247 дугаартай шийтгэлийн хуудас /1-р хх-ийн 76 дугаар хуудас/,

          Эд зүйлд үзлэг хийсэн “... Үзлэгээр цагаан саарал өнгийн нүүртэй, нүүрэндээ 3 товчлууртай, “Drager Alcotest 7510” гэсэн бичиг бүхий, мөн Стандарт хэмжил зүйн газар, Гэрчилгээний №00119 дугаартай хар өнгийн согтуурал шалгах багаж байв. Уг багажийг асааж үзэхэд дэлгэцний баруун дээд буланд 2019.06.08, 13:39:24 гэж он, сар, өдөр, цаг, минут, секунтны заалт гарах бөгөөд тухайн он, сар, өдөр, цаг, минут нь автомат тохируулгатай гар утасны огноо, цаг, минуттай тохирч байв. Үзлэгийг үргэлжлүүлэн явуулахад согтуурал шалгах багажны нүүрэнд “Бэлэн”, “Тест-1734” гэсэн бичигнүүд байх бөгөөд тухайн багажинд “Эцсийн тест шлагах” гэсэн цэс рүү орж үзэхэд 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хойшхи согтуурал шалгасан 1734 тестүүд он, сар, өдөр, цаг, минутаар бүртгэлтэй байв. “Drager Alcotest 7510” загварын согтуурал шалгах багажийг 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр буюу хэрэг болсон гэх өдөрт тохируулахад уг өдөр 964-969 хүртэлх 6 удаа тухайн багажинд тест хийсэн буюу согтуурал шалгасан байх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд 968 дугаартай тест, 16 цаг 51 минут 12 секунтэд “0,79%” заалт байна. Уг заалтаас өмнө нь 4 удаагийн тестийг 15 цаг, 14 цаг, 00 цаг 31 минут цагуудад хийсэн, харин 1 тестыг 16 цаг 51 минутаас хойш буюу 22 цагт тус тус хийж багаж ашигласан тухай бүртгэгдсэн байлаа ...“ тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 13-15 дугаар хуудас/,

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20190380000009 дугаартай албаны шалгалтын илтгэх хуудсанд “... Шуурхай удирдлагын тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Батзаан нь иргэн Б.Дын үйлдлийг ЦБҮАЖурамд заасны дагуу илрүүлж ажилласан нь сайн гэж дүгнэхээр байна. Шуурхай удирдлагын тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Батзаан нь иргэн Б.Дын эрх чөлөөнд халдаж зодсон гэх үйлдэл нь тогтоогдохгүй байх тул арга хэмжээ авах үндэслэлгүй байна” гэжээ. /2-р хх-ийн 47-49 дугаартай хуудас/,

Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3а/1547 дугаартай “... Иргэн Б.Дын гомдлын дагуу Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам” /код-112/-д заасны дагуу Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Батзаанд холбогдуулан албаны шалгалт явуулсан байдлыг хянан үзэхэд цагдаагийн алба хаагчаас сахилга, ёс зүй зөрчсөн байдал тогтоогдоогүй байна ...” гэсэн албан бичиг /2-р хх-ийн 35 дугаартай хуудас/,

           Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 28-30 дугаар хуудас/,

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 59 дүгээр хуудас/

           Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/126 тоот тушаал, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/72 тоот тушаал, 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ёс журмын эргүүл, жижүүр эргүүл, харуулын бүрэлдэхүүний томилгоо зэргийг шинжлэн судлав.

           1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

     Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Зүүнбаян-Хамарын хийд явах замын пост дээр 85-38 УБВ улсын дугаартай Тоёота Истима маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад албан үүргээ гүйцэтгэж байсан Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Ч.Батзаан зөрчлийг таслан зогсоох, тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодуулахгүй гэсэн шаардлага тавихад түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн үндсэн шинж нь үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүрэг бүхий албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.

     “Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно.

     Хохирогч Ч.Батзаан нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт мэдээлэл хүлээн авагч-жижүүрийн цагдаагийн ажлын байранд томилогдож, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан ба хэрэг болсон өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус Цагдаагийн газрын Ёс журмын эргүүл, жижүүр, эргүүл, харуулын томилгоонд багтан ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/126 тоот тушаал, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/72 тоот тушаал, 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ёс журмын эргүүл, жижүүр эргүүл, харуулын бүрэлдэхүүний томилгоо зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

           Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн хууль бус үйлдлийг таслан зогсоох үүрэг бүхий хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “... чи наад бичиг баримтаа аваад үлд, машин тэргээ чамд саатуулна гэж хэзээ ч байхгүй, би явлаа...” гэж хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж түүний эрх члөөнд хүч хэрэглэн халдсан үйлдэл нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Батзааны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхээр нь би Дыг машин бариулахгүй гээд түүний урдуур ороод асаалттай байсан 85-38 УБВ улсын дугаартай автомашины кундакторт байсан түлхүүрээр нь машиныг  унтрааж, түлхүүрийг нь сугалж авах үед Д миний араас буюу хувцаснаас зуурч татсан. Намайг эргээд харахад заамдаж аваад өөрөө замын хажуугийн боржур дээр хазгай гишгэх шиг болоод хойшоо саваад унасан. Д унахдаа намайг зуураад татсан чигээрээ унасан бөгөөд би түүний дээр арай уначилгүй, шороон дээр өвдөглөж, гараараа тулаад буцаад боссон. Намайг буцаад босоход Д ч гэсэн босож ирээд, намайг шууд үгийн зөрүүгүй алгадаад авсан бөгөөд би түүнд “та яаж байна аа, хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцнэ гэдэг бол өөр зүйл шүү” гэхэд Д “би бол өмгөөлөгч, чи бол намайг яаж ч чадахгүй” гээд үргэлжлүүлээд нүүр рүү нилээн хэдэн удаа алгадсан, яг хэд гэдгийг нь санахгүй байна. Тэгээд би түүний машины түлхүүрийг авсан байсан тул холдоод постны зүг алхаж байхад Д нь араас хүрээд ирсэн. Тэгэхээр нь эргэж харахад Д нь миний нүүр рүү гараараа 3 удаа цохиж авсан бөгөөд би амаа дарж үзэхэд миний уруул язраад цус гарсан байсан. Д нь надаас зуураад эхлэх үед нь би Цагдаагийн газар руу мэдэгдсэн байсан тул энэ үед  хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Идэрмөнх, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Амартүвшин нар ирээд Дыг авч явсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Эрдэнэсувдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өөрийн нөхөр О.Мөнхнасангийн хамт Хамарын хийдээс Сайншанд руу орж ирж байхад Сайншанд руу орох постны хажууд ногоон саарал өнгийн альфардтай адилхан машин зогсож байсан. Сайншандын постон дээр замын цагдаа үлээлгээд зогсож байсан. Тэгэхэд саарал машины жолооч согтуу байсан. Тэр жолооч өөрийгөө согтуу гээд үнэртүүлэхгүй байсан. Тэгэхэд замын цагдаа тэр жолоочийн бичиг баримтыг нь хураагаад авчихсан байсан. Ногоон саарал машины жолооч бичиг баримтаа авах гээд замын цагдааг гуйгаад зогсоод байсан. Тэгж байгаад ногоон саарал машины жолооч бичиг баримтаа орхиод машинаа унах гээд машины жолооч талын хаалгыг онгойлгочихсон. Тэгэхэд замын цагдаа жолоочийг машиныг нь жолоодуулахгүй гээд машиныг нь таглаад зогсчихсон. Тэгээд тэр жолооч машин руугаа суух гээд цагдаатай ноцолдож байгаад унаад толгойгоо цохисон. Тэр жолооч босч ирэхдээ толгойгоо барьж үзээд “миний толгойг хагалчихлаа” гэж орилоод цагдаа руу дайраад, цагдааг алгадаад бас гараараа нүүрийг нь түлхээд байсан. Тэгж байгаад тэр жолооч цагдаагийн уруулийг сэтэлчихсэн байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаагийн алаг машин ирээд жолоочийг машинтай нь хамт аваад явсан ... нэлээн олон цохих шиг болсон. Цохих болгонд нь цагдаагийн малгай нь унаад байсан. Тэр үед цагдаа нээх хариу үйлдэл үзүүлээгүй “та яагаад байгаа юм бэ, би танд хууль ёсны шаардлага тавьж байна” гээд байх шиг байсан ... ” гэсэн мэдүүлэг, гэрч А.Идэрмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цаг 50 минутад дэд ахлагч Батзаан богино долгионы станцаар мэдэгдэхдээ “Зүүнбаян гарах постон дээр хүн намайг зодоод байна, хурдан ирээрэй” гэсэн ... намайг очиход иргэн Дын подволк нь урагдсан, толгойн ар дагзны хэсгээс цус гарсан, амнаас нь согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Цагдаагийн дэд ахлагч Батзааны уруулаас нь цус гарсан, дотроо сэтэрсэн, салфеткаар цусаа арчаад байж байсан ... ” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Амартүвшиний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... жижүүрийн шуурхай удирдлагын богино долгионы станцаар дэд ахлагч Батзаан “цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй цохиж зодоод байна” гэсэн мэдээллээр Зүүнбаян гарах замд байдаг пост дээр очсон ба биднийг очиход маргалдсан байдалтай байсан. Тухайн үйл явдал болоод өнгөрсөн байсан. Цагдаагийн алба хаагчтай маргалдсан хүний подволк нь урагдсан, толгойн ар дагз хэсгээс нь цус гарсан байсан  ... ” гэсэн мэдүүлэг, гэрч О.Мөнхнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... постон дээр зогсоод бичиг баримтаа өгсөн чинь зохицуулагч цагдаа нь “за наанаа зогсож байгаарай, энэ автобусыг гаргаж өгье” гэсэн. Тэгээд би урд зогсож байсан Тоёота Эстима маркийн машины араас зогссон. Цаанаас нь Д машинаа унах гээд цагдаа унуулахгүй гээд маргалдаад, Д жолоочийн талын хаалгыг онгойлгоход цагдаагийн алба хаагч араас нь татаад зууралдаад байсан. Цагдаагийн алба хаагч нь хууль ёсны шаардлага тавьж байсан. Таны согтолтын зэрэг 0,79-тэй байна, та одоо машин барьж явахгүй гээд л байсан. Тэгээд зууралдаж байгаад Д нь боржуранд тээглээд газар унасан. Босож ирэхэд Дын толгойн ар дагзны хэсгээс цус гарч байсан. Цусаа гараараа арчаад цагдаагийн алба хаагчийн нүүр рүү цустай гараараа нүүрэн хэсэг рүү нь алгадаад цусаа арчаад байсан. 2-3 удаа алгадаж, цусаа нүүрэнд нь арчаад байсан. Цагдаагийн алба хаагч нь Дд гар хүрээгүй ... ” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх ба хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

 Шүүгдэгч Б.Д нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Батзааны “...Д “би бол өмгөөлөгч, чи бол намайг яаж ч чадахгүй” гээд үргэлжлүүлээд нүүр рүү нилээн хэдэн удаа алгадсан, яг хэд гэдгийг нь санахгүй байна. Тэгээд би түүний машины түлхүүрийг авсан байсан тул холдоод постны зүг алхаж байхад Д нь араас хүрээд ирсэн. Тэгэхээр нь эргэж харахад Д нь миний нүүр рүү гараараа 3 удаа цохиж авсан бөгөөд би амаа дарж үзэхэд миний уруул язраад цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг,  гэрч М.Эрдэнэсувдын “...тэр жолооч машин руугаа суух гээд цагдаатай ноцолдож байгаад унаад толгойгоо цохисон. Тэр жолооч босч ирэхдээ толгойгоо барьж үзээд “миний толгойг хагалчихлаа” гэж орилоод цагдаа руу дайраад, цагдааг алгадаад бас гараараа нүүрийг нь түлхээд байсан. Тэгж байгаад тэр жолооч цагдаагийн уруулийг сэтэлчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч А.Идэрмөнхийн “...Цагдаагийн дэд ахлагч Батзааны уруулаас нь цус гарсан, дотроо сэтэрсэн, салфеткаар цусаа арчаад байж байсан ... ” гэсэн мэдүүлэг, гэрч О.Мөнхнасангийн “...Тэгээд зууралдаж байгаад Д нь боржуранд тээглээд газар унасан. Босож ирэхэд Дын толгойн ар дагзны хэсгээс цус гарч байсан. Цусаа гараараа арчаад цагдаагийн алба хаагчийн нүүр рүү цустай гараараа нүүрэн хэсэг рүү нь алгадаад цусаа арчаад байсан. 2-3 удаа алгадаж, цусаа нүүрэнд нь арчаад байсан. Цагдаагийн алба хаагч нь Дд гар хүрээгүй ... ” гэсэн мэдүүлэг, гэрч С.Туяацэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би эрэмбийн эмчээр ажилласан ... цагдаагийн алба хаагч Батзаан гэх залуу ирж үзүүлсэн бөгөөд тухайн залуугийн уруул, хацар орчим эмзэглэлтэй, чимчигнэж өвдөнө гэсэн зориуртай байсан. Хэсэг газрын үзлэгээр баруун завжны дотор хэсэг, дээд шүдний харалдаа язарсан шархтай, уруул орчим хавдсан байсан. Тухайн хүний амин үзүүлэлтүүдийг шалгахад хэвийн байсан, гэмтэл нь харьцангуй хөнгөн байсан тул зөвлөгөө өгөөд буцаасан ... ” гэсэн мэдүүлэг, шинжээч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ч.Батзааны биед учирсан дээд уруулын дотор салстын шарх гэмтэл нь 1,5х0,3 см хэмжээтэй байсан. хэдий оёдол тавиулаагүй байсан ч гэсэн хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн арьсны бүх давхаргыг хамарсан шарх байсан. Энэ нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсанд тусгагдсан байсан. Ийм амны хөндийн дотор шарх нь халуун хоол унд идэж, уухад хорсох, юм ярих зэрэгт эмзэглэл ихтэй байдаг тул энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна гэсэн үг юм. Тархи доргилт гэмтэл нь толгой өвдөх, дотор муухайрах, шилэн хүзүүгээр хөших зэрэг зовиур илэрч, ажил хөдөлмөр эрхлэхэд зовиуртай байх тул тодорхой хэмжээгээр эрүүл мэндийг сарниулдаг юм. Тархи доргилт гэмтлийн үед заавал ухаан алдаж унасан, ухаан балартах, мартаж санах зэрэг шинж тэмдэг илрэхгүй. Хүний биеийн онцлог болон тухайн гэмтлийг үүсгэж байгаа цохилтын хүчээс хамаараад шинж тэмдэг өөр өөр байна. Маш хүчтэй юманд цохигдох, авто осолд орох зэрэг үед тархи доргивол ухаан алдах, ухаан балартах шинж тэмдэг илэрч болно. Харин бусад өөр хэлбэрээр толгойн хэсэгт хатуу, мохоо зүйлээр цохих үед толгой өвдөх, дотор муухайрах зэрэг тархи доргилтын шинж тэмдэг илэрч болно. Ч.Батзааны биед учирсан дээд уруулын дотор салстын шарх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр, харин тархи доргилт гэмтэл нь нэг удаагийн болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ... ” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02/0285 дугаартай “... Ч.Батзааны биед дээд уруул дотор салстын шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ч.Батзааны биед учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Ч.Батзааны биед учирсан гэмтлүүд нь нийлээд болон тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинээр илэрсэн зүйлгүй ...” гэсэн шинжээчийн дүгнэлт, хохирогч Ч.Батзааны аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас зэргээр давхар нотлогдсон болно.

          Шинжээчийн дүгнэлтийг хохирогч, шүүгдэгч нарт танилцуулсан ба шүүгдэгч Б.Д түүний өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэн бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, прокурорт гомдол гаргасныг хяналтын прокурор Ө.Мөнхнавч 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 5/04 дүгээрт прокурорын тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж, энэ тухай Б.Дд хариу мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн, мөн Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5/494 дүгээр тогтоолоор  гомдлыг үндэслэлгүй гэж үзэн хангахаас татгалзсан байна.

        Шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02/0285 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хохирогч Ч.Батзаан нь тухайн цаг хугацаанд аймгийн Нэгдсэн эмнэлэгт өөрт учирсан гэмтлийн талаар үзүүлсэн нь яаралтай тусламжийн хуудаст бичигдсэн, шинжээч гаргасан дүгнэлтийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд тайлбарлан мэдүүлэг өгсөн зэргээс үзэхэд эргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдсонгүй.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

           Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д нь “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар би 3 удаа, миний өмгөөлөгч 3 удаа, нийт 6 удаа гомдол, санал гаргаж Улсын дээд шүүх хүртэл явсан. Өнөөдрийн хувьд ч гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Тухайн үед Ч.Батзаан бид хоёр нэг нэгнээ хэл амаар доромжилсон, хэрэлдсэн, маргалдсан зүйл огт болоогүй. Миний гаргасан үйлдэл гэвэл ухаан алдаж унаад босоод ирэхэд толгой хагарсан байсан болохоор уурласандаа Ч.Батзааныг иргэн хүнийг зодлоо гэдэг харилцаагаар харьцсан нь үнэн. Үүний тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчилж ирүүлснийг хүлээн зөвшөөрч байна...” гэж, түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун шүүх хуралдаанд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг аль алиныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн дээр эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан гэмтэл учруулсан гэж зүйлчилсэн байж, давхар нэг үйлдэл дээр хоёр гэмт хэрэг үйлдсэн буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэж зүйлчилж байгаа нь тохирохгүй байна... хууль сариулагчийг үүргээ биелүүлэхтэй нь холбоотойгоор хүч хэрэглэсэн асуудал тогтоогдож байгаа юм биш, эсэргүүцээгүй. Харин хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн байхыг үгүйсгэхгүй...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт санаатайгаар гэмтэл учруулахыг шаардана. Ч.Батзаанд учирсан гэмтэл нь үндэслэлтэй эсэхийг шат шатанд нь шалгах нь зүйтэй байсан. Мөн шүүгдэгч үүнийг өөрийнх нь үйлдлээс болсон гэж хандаж байгаа. Өмгөөлөгчийн хувьд үүн дээр зөв дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэж байна...” гэсэн агуулга бүхий маргасан болно.

         Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан, нотлох баримтын үнэн бодитой байх үнэлэмжийг шалгахад шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт байсан, согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон хуулийн заалтыг санаатайгаар хэрэгжүүлэхгүй гэсэн түүнийг таслан зогсоох гэсэн хууль сахиулагчийг алгадах, толгой хэсэгт гараараа 3-4 удаа цохих зэргээр хүч хэрэглэн эрх чөлөөнд халдсан нь гэрч М.Эрдэнэсувд, О.Мөнхнасан, А.Идэрмөнх нарын мэдүүлгээр тогтоогдож, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэрч С.Туяацэцэг, шинжээч Э.Анхбаяр нарын мэдүүлэг, шинжээчийн 02/0285 дугаартай дугаартай дүгнэлтээр давхар нотлогдож өмгөөлөгч болон шүүгдэгчийн мэтгэлцээн няцаагдаж байна.

     Шүүгдэгч Б.Д согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь гэрч М.Эрдэнэсувдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгэхэд саарал машины жолооч согтуу байсан. Тэр жолооч өөрийгөө согтуу гээд үнэртүүлэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Мөнхнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Цагдаагийн алба хаагч нь хууль ёсны шаардлага тавьж байсан. Таны согтолтын зэрэг 0,79-тэй байна, та одоо машин барьж явахгүй гээд л байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч А.Идэрмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цаг 50 минутад ...намайг очиход иргэн Дын ... амнаас нь согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан... ” гэсэн мэдүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан CD-ийн бичлэгээс харахад Б.Дд үлээлгэсэн драгейр багажны заалт 0,79 зааж байгаа  бичлэг болон эд зүйлд үзлэг хийсэн “... Үзлэгээр цагаан саарал өнгийн нүүртэй, нүүрэндээ 3 товчлууртай, “Drager Alcotest 7510” гэсэн бичиг бүхий, мөн Стандарт хэмжил зүйн газар, Гэрчилгээний №00119 дугаартай хар өнгийн согтуурал шалгах багаж байв. Уг багажийг асааж үзэхэд дэлгэцний баруун дээд буланд 2019.06.08, 13:39:24 гэж он, сар, өдөр, цаг, минут, секунтны заалт гарах бөгөөд тухайн он, сар, өдөр, цаг, минут нь автомат тохируулгатай гар утасны огноо, цаг, минуттай тохирч байв. Үзлэгийг үргэлжлүүлэн явуулахад согтуурал шалгах багажны нүүрэнд “Бэлэн”, “Тест-1734” гэсэн бичигнүүд байх бөгөөд тухайн багажинд “Эцсийн тест шлагах” гэсэн цэс рүү орж үзэхэд 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хойшхи согтуурал шалгасан 1734 тестүүд он, сар, өдөр, цаг, минутаар бүртгэлтэй байв. “Drager Alcotest 7510” загварын согтуурал шалгах багажийг 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр буюу хэрэг болсон гэх өдөрт тохируулахад уг өдөр 964-969 хүртэлх 6 удаа тухайн багажинд тест хийсэн буюу согтуурал шалгасан байх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд 968 дугаартай тест, 16 цаг 51 минут 12 секунтэд “0,79%” заалт байна. Уг заалтаас өмнө нь 4 удаагийн тестийг 15 цаг, 14 цаг, 00 цаг 31 минут цагуудад хийсэн, харин 1 тестыг 16 цаг 51 минутаас хойш буюу 22 цагт тус тус хийж багаж ашигласан тухай бүртгэгдсэн байлаа ...“ гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр давхар нотлогдож, “...би согтууруулах ундаа уугаагүй, драгейр 00 зааж байсан...” гэсэн Б.Дийн мэдүүлэг няцаагдаж байна.

    Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машинаа авч явна хэмээн хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар хувцаснаас нь зуурч ноцолдож байхдаа боржуранд тээглэн унаж, толгой нь хагарсныг хууль сахиулагчийн буруу болгон хохирогчийг алгадах, гараараа 3-4 удаа цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна гэж үзлээ.

          Гэрч М.Эрдэнэсувдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цохих болгонд нь цагдаагийн малгай нь унаад байсан. Тэр үед цагдаа нээх хариу үйлдэл үзүүлээгүй “та яагаад байгаа юм бэ, би танд хууль ёсны шаардлага тавьж байна” гээд байх шиг байсан ... ” гэсэн мэдүүлэг, гэрч О.Мөнхнасангийн “...Цагдаагийн алба хаагч нь хууль ёсны шаардлага тавьж байсан. Таны согтолтын зэрэг 0,79-тэй байна, та одоо машин барьж явахгүй гээд л байсан...Цагдаагийн алба хаагч нь Дд гар хүрээгүй ... ” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20190380000009 дугаартай албаны шалгалтын илтгэх хуудсанд “... Шуурхай удирдлагын тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Батзаан нь иргэн Б.Дын үйлдлийг ЦБҮАЖурамд заасны дагуу илрүүлж ажилласан нь сайн гэж дүгнэхээр байна. Шуурхай удирдлагын тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Батзаан нь иргэн Б.Дын эрх чөлөөнд халдаж зодсон гэх үйлдэл нь тогтоогдохгүй байх тул арга хэмжээ авах үндэслэлгүй байна” гэсэн илтгэх хуудас,

Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3а/1547 дугаартай “... Иргэн Б.Дын гомдлын дагуу Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам” /код-112/-д заасны дагуу Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Батзаанд холбогдуулан албаны шалгалт явуулсан байдлыг хянан үзэхэд цагдаагийн алба хаагчаас сахилга, ёс зүй зөрчсөн байдал тогтоогдоогүй байна ...” гэсэн албан тоот зэргээс үзэхэд гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Ч.Батзааны буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

 Иймд шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн  2.9 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Д нь “хохирогч Ч.Батзаанаас 2 ч удаа уучлалт гуйсан” гэж шүүх хуралдаанд мэдүүлснийг хохирогч Ч.Батзаан “худлаа ярьж байна, одоо хүртэл уучлалт гуйгаагүй, харин ч заналхийлдэг гэж үгүйсгэснийг шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд уучлалт гуйж байгаагаа илэрхийлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Дд холбогдох хэргийг прокурорын яллах дүгнэлтэд бичигдэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх үнэлсэн болно.

Хохирогч Ч.Батзаан нь шүүгдэгч Б.Даас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар хуульчилжээ.

         Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа түүнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.5 дахь хэсэгт зааснаар дээрх гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

           Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ба 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд түүний үйлдсэн гэмт хэргийн аль аль нь хамрагдахаар байна.

          Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Дын үйлдэлд эрүүгийн хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, мөн 2021 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой юм.

         Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь шүүгдэгчид ашигтай гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг хүлээн авах нь зүйтэй.

          “ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заасныг нэр бүхий иргэдээс Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Дөчин долдугаар зүйлийн 1,2, Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтуудад нийцсэн эсэхийг шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдээлэл ирүүлснийг  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ.

            Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/124 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан: тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол хэргийг түдгэлзүүлнэ гэсэн хуулийн заалтыг үндэслэн Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг түдгэлзүүлсэн.

        Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосон шийдвэр гарсан тул шүүх Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр 2021/ШЗ/408 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн болно.

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэгт авагдсан 2 ширхэг СD-г хавтаст хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Б.Дд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3.Хэрэгт авагдсан 2 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэххэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                      

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА