Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Чингэлтэйн ******* тоотод оршин байх “К*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,  13 дугаар хороо, ******* тоотод оршин суух Г*******гийн М*******д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.900.000 төгрөг, алданги 817.000 төгрөг, нийт 2.717.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбилэг, хариуцагч Г.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“К*******” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр М*******д 3.440.000 төгрөгийн үнэ бүхий гал тогоо, стенк, шкаф, өлгүүр хийж өгөхөөр бослон. Урьдчилгаа 1.540.000 төгрөгийг авч гүйцэтгэл бүрэн дууссаны дараа үлдэгдэл 1.900.000 төгрөгийг авахаар тохиролцсон. Гүйцэтгэл бүрэн дуусаж үлдэгдэл 1.900.000 төгрөгөө авах гэтэл одоогоор байхгүй гэж хэлээд өгөөгүй. 2017 оны 2 дугаар сарын 09-ны өдөр хүртэл хугацаа олгож үүнээс хэтэрвэл өдрийн алданги 0.5 хувиар тооцохоор гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүнээс хойш маргааш өгнө гэж хэлсэн удаа бүрт гэрт нь олон очсон боловч хаалгаа тайлахгүй, утсаа авахгүй, завгүй байна гэж үл ойшоосон байдал үзүүлж одоог хүрлээ. Иймээс үлдэгдэл болох 1.900.000 төгрөг түүний алданги болох 817.000 төгрөг нийт 2.717.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хүүгийн байрандаа тавилга авахаар судалж явж байгаад мишээл экспогоос “К*******” лизингээр хувь тохиролцон тавилга хийж өгдөг гэсэн утсаар холбогдож 100 айл дээр ирж уулзсан. Ингээд тавилгаа хийлгэхээр тохиролцож дизайнер залуу ирж гал тогоо, ханын стенк, үүдний шкапны хэмжээг авч, урьдчилгаа болох 1.540.000 төгрөгийг урьдчилан өгч үлдэгдэл төлбөрөө 2017 оны 2 дугаар сарын 20-25ны хооронд өгөхөөр тохиролцсон. Ингээд тавилгаа хийлгэж, ажилтай явсан хойгуур хийгээд дууссан байсан боловч хамаг юмаа дутуу хийсэн байсан. Хийсэн тавилга нь далий мурий, энэ тэнд цоолсон, халцархай байсныг зургаар баталгаажуулсан байгаа. Мөнгийг 2 дугаар сарын 20-25ны хооронд гэж тохирсоор байтал хүүхдээр гарын үсэг зуруулсан байсан. Шинэ байранд сэтгэлд хүртэл хийгээгүй, бид үүд хаалгаа тайлж өгөхгүй байсан юм байхгүй, хааяа өдөрт эзгүйд ирээд ганц нэг өдөр явсан байх, би өөрөө ч очиж уулздаг байсан, гэрт ирэхээрээ олуулаа ирж элдвийн ааш араншин гаргаж байсан. Би та нар тавилгаа эсвэл буцаагаад ав гэсэн боловч аваагүй. Тар байтугай гэрийн орцон дотор олон нийтийн газар, үүд хаалган дээр мөнгөө төл 53 тоот гэж утасны дугаартай бичиж бид заримыг нь арилгаж, заримынх нь зургийг авсан байгаа. Гэрт ирэхээрээ хононо өнжинө гэж нялх хүүхэдтэй айлд орой үдшийн цагаар ирж байсан. Ирэхээрээ мөнгө хэзээ өгнө гэдгээ бич гэж хэлж бичүүлэн уруулын будгаар цаасан дээр хурууны хээ даруулж авсан. 3.400.000 төгрөг бол бага мөнгө биш шүү дээ хийсэн тавилга нь чанарын шаардлага хангахгүй тавилга хийж өгсөн. Чанарын шаардлага хангахгүй тавилгаа засуулах хүсэлтэй байна. Нэгэнт тавилга хийлгэсэн нь үнэн тул тавилгын үлдэгдэл төлбөр 1.900.000 төгрөгөө төлнө, харин алдангийг хүүхдээр гарын үсэг зуруулсан байсан тул зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “К*******” ХХК нь хариуцагч Г.М*******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 1.900.000 төгрөг, үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алданги 817.000 төгрөг нийт 2.717.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 1.900.000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, алданги төлөх үндэслэлгүй гэж маргасан.

            Зохигчдын тайлбараар нэг талаас “К*******” ХХК нь гал тогоо, зочин болон үүдний өрөөний тавилгыг хийж гүйцэтгэн угсарч суурилуулах, нөгөө талаас Г.М******* нь урьдчилгаа 1.540.000 төгрөгийг гэрээ байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр, үлдэгдэл 1.900.000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр харилцан үүрэг хүлээж, амаар тохиролцсон болох нь тогтоогдож байна.

            Зохигчид гэрээний шинж, агуулга, гэрээнд хүсэл сонирхолоо илэрхийлсэн байдал буюу гэрээний урьдчилгаа төлбөрт 1.540.000 төгрөгийг төлсөн болон 1.900.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар маргахгүй байна.

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба хуульд уг гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага байхгүй тул зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, талуудын хооронд үүрэг үүссэн байна.

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн эд зүйлийг хийж гүйцэтгэсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэг хүлээхээр зохицуулжээ.

            Ажил гүйцэтгэгч буюу “К*******” ХХК нь тохиролцсон хугацаанд захиалагч Г.М*******ы захилсан орон сууцанд тавилгыг угсарч суурилуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

            Хариуцагч нь захиалсан тавилга нь чанарын шаардлага хангаагүй, доголдолтой гэж тайлбарлаж байх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй түүнчлэн үлдэгдэл 1.900.000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөн.

            Иймд ажил гүйцэтгэгч “К*******” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан.

            Хэрэгт авагдсан “... үлдэгдэл тооцоо 1.900.000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 09-ны өдөр гүйцээж төлнө. 02.09-нээс зөрчсөн тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги тооцно” гэж тохиролцсон тохиролцоо нь хариуцагч Г.М*******ы хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 817.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. /.х.х-ийн 4 дүгээр тал/

            Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Г.М*******аас 1.900.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К*******” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 817.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

           

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.М*******аас 1.900.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К*******” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 817.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан “К*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.442 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М*******аас 45.350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К*******” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

                                 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ЭНХЖАРГАЛ