Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1043

 

               

 

 

 

 

 

  2021        10         13                                        2021/ШЦТ/1043

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Б.Оюунцэцэг,

Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт М-ын Э-д холбогдох эрүүгийн 1806 07698 1220 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хуванцар цонхны операторч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Налайх” төмрийн үйлдвэрт галчаар ажилладаг, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, Бага дарь эх 0 дүгээр гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар гудамж, 00 тоотод түр оршин суудаг гэх,

Баянзүрх дүүргийн 1992 оны 8 дугаар сарын 28-ний өдрийн 1 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Улаанбаатар хотын Баянзүрх, Гачуурт дүүргийн эрүүгийн шүүхийн 1994 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 236 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 он 1 дүгээр сарын 28-ны өдрийн 51 дугаартай захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 619 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 221 дүгээр захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Xэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 7 дугаартай захирамжаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ0000000 Б овогт М-ын Э.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч М.Э 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 89-23 УБЗ улсын дугаартай приус-20 маркийн автомашинаар такси үйлчилгээ үзүүлж байхдаа Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулия” дэлгүүрийн гадна иргэн Д.Т-ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг нь ашиглаж, “Жулия” дэлгүүрээс 2 лааз пиво авахуулахаар “Хаан” банкны 5517180660 дугаарын данстай виза картаа өгөхөд нь уг картнаас нь 7.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,

2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг “Транс Эйшн Роуд”-ийн кемпэд “чи яагаад надтай дуугарахгүй байгаа юм” гэх шалтгаанаар Г.А-гийн утсыг булаан авч нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хувийн байдлыг харгалзан тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Т-ийн өгсөн мэдүүлэг /1хх-32-34/, гэрч О.Сувд-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /1хх-41-42/, гэрч С.Лхагвасүрэнгийн өгсөн мэдүүлэг /1хх-37-38/, Дагвадоржийн Төмөрчөдөрийн “Хаан” банкинд эзэмшиж буй 5517180660 дугаартай дансны хуулга /1хх-51/, хохирогч Г.А-гийн өгсөн мэдүүлэг /1хх-156-157, 203-204/, гэрч Б.Баярмаагийн өгсөн мэдүүлэг /1хх-152/, гэрч З.Алтанзулын өгсөн мэдүүлэг /хх-153/, гэрч Б.Нармандахын өгсөн мэдүүлэг /хх-154/,  Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 02/031 дугаартай дүгнэлт /1хх-159-160/, шүүгдэгч М.Э-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх-102-127/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

1. Шүүгдэгч М.Э 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 89-23 УБЗ улсын дугаартай приус-20 маркийн автомашинаар такси үйлчилгээ үзүүлж байхдаа Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулия” дэлгүүрийн гадна иргэн Д.Т-ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг нь ашиглаж, “Жулия” дэлгүүрээс 2 лааз пиво авахуулахаар “Хаан” банкны 5517180660 дугаарын данстай виза картаа өгөхөд нь уг картнаас нь 7.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Т-ийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө 02 цагийн орчимд найз болох Төрболдын хамт “Хөдөө аж ахуй”-н “Шөлөндөө” гэх газраас таксинд суугаад замын урд талын “Жулия” гэх газар зогсоод таксины жолоочийн хажууд байж байсан эмэгтэйд нь картаа өгөөд 1 архи 2 пиво аваад ир гээд өгсөн. Тэгээд 5 минутын дараа аваад гараад ирсэн. Тэгээд тэр таксинаас буугаад тэр хүнд мөнгөнд нэг пиво өгсөн. Тэгээд надад карт өгөхөөр нь хараагүй авсан юм. Тэгээд маргааш 17 цагийн орчим миний картнаас нийт 7 сая төгрөг гарсан байсан юм...Эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан 30 нас орчимтой байсан сайн харж чадаагүй.” гэх мэдүүлэг /1хх-32-34/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Сувд-Эрдэнийн өгсөн: “..2018 оны 9 дүгээр сарын эхээр эмнэлгээс гараад утсаар М.Э-тай яриад холбогдож байсан. Би 89977146 гэх өөрийн дугаараас М.Э-ы 99205863 дугаар руу залган уулзаад дахиад хамт явж эхэлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр М.Э-ы хамт халтуур хийгээд явж байсан. “Жулия” дэлгүүр рүү эргэдэг уулзвараас нэг залуу машинд суусан юм. Тухайн үед 00:00 цаг өнгөрчихсөн дэлгүүрүүд хаалттай байсан. Тэр машинд суусан залуу би насанд хүрээгүй энэ картаар архи аваад өг гэж хэлээд дансны дугаараа надад хэлсэн. Тэгээд би картыг нь аваад “Жулия” пабаас 1 шил соёрхол архи, 2 ширхэг лаазтай Сэнгүр пиво авч өгсөн. Дэлгүүрээс гарч ирээд картыг нь М.Э-д өгсөн. Тэр залууд архи пивыг нь өгсөн. Тэгээд аваад буугаад яваад өгсөн. Би дэлгүүрээс юмыг нь аваад гараад ирсэн чинь М.Э “картыг нь надад өгчих” гэж хэлсэн. Тэр үед гартаа “Хаан” банкны ногоон өнгөтэй адилхан карт барчихсан байсан...Надад дэлгүүрээс юм захиад картны нууц дугаараа хэлсэн юм. Тэр үед М.Э сонсчихсон байх.” гэх мэдүүлэг /1хх-41-42/,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд М.Э-ы яллагдагчаар өгсөн: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Миний хэлсэн бүгд үнэн зөв. Надад хохирогчид төлсөн мөнгө төгрөг байхгүй бөгөөд цаашид хохирол барагдуулна.” гэх мэдүүлэг /1хх-67/,          

           

Дагвадоржийн Төмөрчөдөрийн “Хаан” банкинд эзэмшиж буй 5517180660 дугаартай дансны хуулга /1хх-51/ зэрэг болно.

 

2. Шүүгдэгч М.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг “Транс Эйшн Роуд”-ийн кемпэд “чи яагаад надтай дуугарахгүй байгаа юм” гэх шалтгаанаар Г.А-гийн утсыг булаан авч нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.А-гийн өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр манай кемпин мотор эвдэрч тог тасарсан тэгээд хойно байрлах “Транс Эйшн Роуд”-ын кемп рүү явж утас цэнэглэх зорилгоор очиход Алтанзул, Мандах ах нарын эхнэр байсан. Тэгээд би тэдний кемп орж утсаа цэнэглээд сууж байхад удалгүй Бадрал, Гантулга хоёр цугтаа 1 шил архи, 1 ундаа бариад орж ирсэн. Тэгэхэд нилээн архи үнэртүүлсэн байдалтай орж ирээд Гантулга миний хажууд суусан...Би гар утсаа оролдоод сууж байхад Гантулга чи яагаад надтай дуугарахгүй байгаа юм гээд утас булаагаад авахаар нь би чи яагаад миний утсыг булааж байгаа юм чамд тийм эрх байхгүй шүү утас өг гэхэд шууд миний нүүр тус газар цохиод авсан. Би чи яагаад намайг цохиж байгаа юм гэхэд дахиад цохисон. Тэгэхэд миний хамраас цус гарсан. Мандах ах Гантулгьт барьж аваад түлхээд кемпээс гаргасан. Би айгаад “Транс Эйшн Роуд”-ын кемпийк араар орж нуугдаад Мон-Лаа уурхайн дарга Бибиш дарга руу залгаад хэлсэн. Намайг харуул Гантулга зодоод байна гэхэд ойлголоо гээд утсаа салгасан. Би тэгээд буцаад “Транс Эйшн Роуд”-ын кемпэд ороод цусаа арилгаад сууж байхад Гантулга дахиад гаднаас орж ирээд миний үснээс зулгаасан Мандах ах Гантулгыг салгаад тэврээд авсан. Тэгэхээр нь би гарч гүйгээд өөрийн кемп дээр ирэхэд Гантулга хойноос гүйгээд ирсэн. Би цаашаагаа харуулын байр луу гүйгээд ороход Баярмаа гэрч Ганхуяг ах хоёр сууж байсан. Тэгээд би харуул Долгион байна уу гэхэд Баярмаа эгч ойрхон гарсан гэж хэлэхээр нь би буцаж гараад машин пүүлдэг пүүний өрөө рүү Долгионыг хайгаад ороход хүн байхгүй байсан араас Гантулга орж ирээд чи яагаад надаас зугтаад байгаа юм гэхэд би чамаас айгаад байна гэж хэлсэн чинь ингээд ай гээд толгой руу цохиод байсан. Би орилоод Баярмаа эгчээ гээд дуудсан чинь дуугүй бай гээд цохиод байсан. Баярмаа эгч Ганхуяг ах орж ирээд салгасан.” /1хх-156-157/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баярмаагийн өгсөн: “...Алтаннаран, Гантулга нар хамт орж ирсэн. Алтаннаран уйлаад хамар нь цохиулсан бололтой улаасан, дух нь бондойгоод булд руу үүссэн байсан. Тэгээд би “яасан юу болсон бэ” гэж асуухад Алтаннаран “Гантулга намайг утас булаацалдаж байгаад цохисон” гэж гэж хэлсэн. Би Гантулгад “яаж байгаа юм чи эмэгтэй хүнд rap хүрээд болохгүй шүү” гэж хэлээд сууж байхад эхлээд Алтаннаран гараад явсан удалгүй эмэгтэй хүн хашгирсан би гараад пүүний өрөө рүү яваад ороход Гантулга, Нарааг цохиж үснээс нь зулгааж байсан би салгах гээд байж байтал харуул Долгион орж ирээд Гантулгыг аваад явсан. Би Нарааг аваад салгаад явсан. Гантулга их согтуу өөрийгөө хянах чадваргүй байсан.” /1хх-152/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Алтанзулын өгсөн: “...Гантулгатай тааран цааш кемпийн өрөөнд ороход Алтаннаран утсаа цэнэглээд сууж байсан би хоолоо халаах хооронд утас дуугараад би гараад өрөөндөө орж утсаар ярьж буцаад ороход хоорондоо муудалцаж зодолдсон байж байсан. Тэгээд би та хоёр одоо болиоч гэсэн. Тэгэхэд тоохгүй зодолдоод байсан. Тэгээд та хоёр байдаг газраа очиж учраа ол гээд явуулсан... Гантулга Алтаннаран цамцнаас чирж байхыг харсан. Цохисон байхыг хараагүй. Гантулга Алтаннаран нар “Транс Эйшн Роуд” ХХК-ийн кемпийн хашаан дотор маргалдаж муудалцсан.” /1хх-153/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нармандахын өгсөн: “...Би “Транс Эйшн Роуд” ХХК-ийн харуул хийдэг. 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цаг 30 минутанд Мон-Лаагийн тогооч Алтаннаран утсаа цэнэглэх гээд манай кемп дээр ирэхээр нь би та хоёр цуг ирсэн юм уу гэхэд Алтанзул зүүн хаалган дээр таараад ирлээ гэсэн...Удалгүй Гантулга, Алтаннаран нар утсаа булаацалдаж эхэлсэн ноцолдоод орон дээр унасан. Би салгаад Гантулгыг салгаад Гантулгад “чи боль тайвшир” гэсэн чинь “за ахаа” гээд суусан. Би “та хоёр битгий маргалдаад бай хэл амаараа учраа ол, ууж идчихээд битгий хэрүүл уруул хийж бай залуу улсууд муудах юм байлгүй яахав эрүүл саруул болоод учраа ол” гэсэн “за ахаа” гээд сууж байгаад Алтаннаран гарсан. Жоохон сууж байгаад Гантулга “би дахиж ингэхгүй” гээд хойноос нь гарсан. Гараад удалгүй дахиад зууралдаад газар уначихсан ноцолдож байсан би салгах гээд очиход Алтаннарангийн хамарнаас нь цус гарчихсан Ганааг салгаж аваад “чи эмэгтэй хүнд гар хүрдэг ямар арчаагүй амьтан бэ” гээд зогсож байхад Алтаннаран манай кемп рүү буцаад гүйгээд орсон...Зууралдаж байхыг харсан цохиж байхыг хараагүй Алтаннарангийн хамарнаас цус гарчихсан байсан.” /1хх-154/ гэх мэдүүлэг,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 02/031 дугаартай дүгнэлтэд:

1. Г.А-гийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор салстын шарх, дээд уруулын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” /1хх-159-160/ гэх дүгнэлт,

         Мөрдөн шалгах ажиллагаанд М.Э-ы яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед би хамт нэг өрөөнд амьдарч байсан Г.А-тай шалихгүй зүйлээс болж маргалдан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд кемпийн хашаан дотор явж байхад Г.А кемпийн хашаанаас зөвшөөрөлгүй гараад явахаар нь араас нь очиж кемп рүү буцааж оруулах гэж байгаад Г.А-гийн биед нь халдсан. Тухайн би аррхи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор  хаана нь хэдэн удаа цохисноо сайн санахгүй байна.” /1хх-225-226/ гэх мэдүүлэг,         

 

Шүүгдэгч М.Э-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх-102-127/ болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч М.Э 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 89-23 УБЗ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинаар такси үйлчилгээ үзүүлж байхдаа Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулия” дэлгүүрийн гадна иргэн Д.Т-ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг нь ашиглаж, “Жулия” дэлгүүрээс 2 лааз пиво авахуулахаар Хаан банкны 5517180660 дугаарын данстай виза картаа өгөхөд нь уг картнаас нь 7.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Мөн шүүгдэгч М.Э-ы 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг “Транс Эйшн Роуд”-ийн кемпэд чи яагаад надтай дуугарахгүй байгаа юм гэх шалтгаанаар Г.А-гийн утсыг булаан авч нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч М.Эрдэнчулууны гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Г.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Э-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Э-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 7.000.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Т-т олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүх шүүгдэгч М.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэлийг оногдуулахаар тогтов.

 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан бол оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр хуульчилсан байна. 

 

Шүүгдэгч М.Э-ы үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс 5 жилээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх учир түүнд оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлан хорих байгууллагад биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг хугацаанд хуульд заасан тодорхой үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, илүү ашигтай гэж шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгчид дүйцүүлэн оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд зааснаар хариуцах ёстой.

 

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна. 

 

Шүүхээс шүүгдэгч М.Э-ы 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг “Транс Эйшн Роуд”-ийн кемпэд чи яагаад надтай дуугарахгүй байгаа юм гэх шалтгаанаар Г.А-гийн утсыг булаан авч нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаарх маргаагүй хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.А-д учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн байх учир түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирогч Г.А нь цаашид гарах гэм хорын зардалтай холбоотой баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Э-ы 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдсон 126 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хуурагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэв.

                       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Б овогтой М-ын Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

             мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч М.Э-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э-д 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож дүйцүүлэн сольсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар М.Э-ы цагдан хоригдсон 126 хоногийг ял эдлэх ялд оруулан тооцож түүний эдлэх ялыг 969 хоног буюу 2 жил 7 сар 29 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

6. Шүүгдэгч М.Э-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Э-аас 7.000.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Т-т олгосугай.

 

9. Хохирогч Г.А нь баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

11. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

13. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Э-д авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС