Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2165

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******,******* тоотод оршин суух Боржигон овогт Б*******ын А*******гийн нэхэмжлэлтэй,    

  Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******, эрдэнэтолгой *******,*******  тоотод оршин суух Чонос овогт Лхгийн У*******д холбогдох,

  Зээлийн гэрээний үүрэгт 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад, хариуцагч Л.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.У******* нь нэхэмжлэгч Б.А*******д 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 20 хувийн хүүтэй зээлсэн боловч зээл, хүүгийн төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Иймд зээлийн үндсэн төлбөр 1.000.000 төгрөг, зээлийн хүү 200.000 төгрөг нийт 1.200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр дүү Л.Б найз Ч.Г нар нь А******* болон ээж болох Маас 1.000.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай 20 хувийн хүүтэй зээлсэн. Л.Б нь 400.000 төгрөгийг 480.000 болгон өгч найз болох Ч.Г нь 600.000 төгрөгийг 720.000 төгрөг болгож өгөхөөс Ч.Гийн охин н.Чаминцэцэгээс 160.000 төгрөгийг миний дансаар ирүүлж н.Мад тухайн үед ээж нь халуун ус ажилуулж байсан болохоор 2 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед нийт 560.000 төгрөгийг би өөрөө өгсөн. Л.Бгийн үлдэгдэл 80.000 төгрөгийг би өгөөгүй. Н.М, Б.Амарзаяа хоёр нь надаас 3.000.000 төгрөгийн зээлийг хамтарч аваад төлөөгүй байсан тул 2 сарын хүү болгож авсан. Найз Ч.Г үлдэгдэл 560.000 төгрөгийг яаж өгснийг мэдэхгүй, энэ үеээс эхлэн олон жил найзалсан найзтайгаа тангараг тасарсан. Тухайн үед энэ хоёрт мөнгийг зээлэхэд Хаан банкны виза байхгүй улмаас миний дансаар шилжүүлсэн. 2017 оны 2 дугаар сарын 21-ны өдөр иргэний шүүхээр ороод н.М, Б.А******* нараас Вишн Фондоос хамтарч авсан 1 сая төгрөг төлөх шийдвэр гарсан, гэхдээ бүтэн жилийн хүү ч аваагүй. Б.А******* нь зөвхөн миний дансаар шилжүүлсэн болохоор намайг авсан гэж гүтгэж байгаа тул гомдолтой байна. Иймд сэтгэл санаагаар тайван байлгахгүй, ямар ч хамааралгүй зүйлд тайван байлгахгүй байгаад сэтгэл санаагаар хохирч байна гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                               ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.А******* нь хариуцагч Л.У*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.200.000  төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч Б.А******* нь  2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөгийг хариуцагч Л.У*******гийн Хаан банкны дугаартай дансанд “Ундаа эгчид з” нэрээр шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны хуулга зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 3 дугаар тал/

Хариуцагч нь татгалзалын үндэслэлээ “... дүү Л.Б, найз Ч.Г нар уг зээлсэн мөнгийг авсан, тухайн үед тэд нарт банкны карт байгаагүй улмаас уг зээлийн мөнгийг миний дансанд шилжүүлсэн” гэж тайлбарласан.

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “... дансаар хүлээн авсан 1.000.000 төгрөгийг зээлийн зориулалтаар хүлээн авсан, түүнчлэн 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 560.000 төгрөгийг нэхэмжлэгчийн ээжид буцаан төлсөн гэх зэрэг тайлбараас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг харьцуулан дүгнэж, Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байх ба хуульд уг гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага байхгүй тул зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсч, үүрэг үүссэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзалаа үндэслэж байгаа ... бодит нөхцлийг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, мөн зүйлийн 37.2-д “хэргийн нотлох баримт нь зохигч, ... тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг ... болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгсэлээр тогтоогдоно” гэж заасан.

Хэрэгт авагдсан 2017 оны 6 дугаар сарын 20, 21-ны өдрийн Л.Б, Ч.Г нарын шүүхэд гаргасан тайлбарт дурдсан үйл баримт нь хуульд заасан нотолгооны хэрэгсэлээр тогтоогдохгүй байх тул шүүх уг тайлбарыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй, уг баримтаар хариуцагч Л.У*******г 1.000.000 төгрөгийг зээлийн зориулалтаар хүлээн авсан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 1.000.000 төгрөг, зээлийн хүү 200.000 төгрөг нийт 1.200.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар зохигчдын хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү шаардах эрхгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Л.У*******гаас 1.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн   115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                   ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.У*******гаас 1.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.У*******гаас 28.550 төгрөгийг  гаргуулж  нэхэмжлэгч Б.А*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 09389 дугаар захирамж хэвээр байхыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг  тайлбарласугай.

             

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.ЭНХЖАРГАЛ