| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2020/0066/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/124 |
| Огноо | 2021-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 13.9.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/124
2021 09 16 2021/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 1919002280193 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Яллагдагчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин, цагдаа мэргэжилтэй, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Даланжаргалан сумын Цагдаагийн хэсгийн баг, хороо хариуцсан цагдаа ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр баг, Цагдаагийн хэсгийн байранд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Н.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Б нь Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/60 дугаартай тушаалаар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цагдаагийн хэсгийн баг, хороо хариуцсан цагдаагаар томилогдон ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 25-ны өглөөний 10 цагийн орчимд иргэн Г.Өнөржаргалаас ирүүлсэн “Ш.Цогбадрахыг 11 настай охин Ө.Баяржаргалыг гэртээ хүчиндэхийг завдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн дагуу иргэн Ш.Цогбадрахыг Даланжаргалан сумын “Олон-Овоо” багийн нутаг дэвсгэрээс албадан авчирч, тус сумын Цагдаагийн хэсгийн байранд эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр өглөөний 10 цагаас шөнийн 23 цаг хүртэлх хугацаанд байлгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж баривчилсан, улмаар түүнийг эсэргүүцэл үзүүлсэн үндэслэлээр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий Прокурорын хамтарсан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А-224/А/102 дугаартай тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх шийдвэрийг тухайн нөхцөл байдалд тохируулан бие даан гаргана” гэснийг, мөн журмын 3.13 дугаар зүйлийн а-д заасан “Бороохойг..., бусад эд зүйлд цохиж, дуу чимээ гаргах, зэвсгийн чанартай зүйлээр довтолсон тохиолдолд хамгаалах зэргээр хэрэглэх”гэснийг, в-д заасан “бороохойг нэг газарт олон удаа цохихгүй байх, аль болох гэмтэл учруулахгүй байхыг эрмэлзэх” гэснийг тус тус зөрчиж түүний өгзөг тус газар нь бороохойдон эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Хохирогч Ш.Цогбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Намайг Даланжаргалан сумын Олон-Овоо багийн төмөр замын дэлгүүрийн хойно явж байхад тээврийн хэрэгсэлтэй 2 цагдаагийн алба хаагч ирж, намайг дуудсан ба би дуудахаар нь яваад очиход машинд суу гэсэн. Тэр 2 цагдаагийн алба хаагчтай хамт Даланжаргалан сумын Ука гэх залуу явж байсан бөгөөд тэр Ука гэх залуу намайг машинд суухад тэндээ буугаад үлдсэн. Тэгээд тэр хоёр цагдаагийн алба хаагч миний гарыг төмөр гаваар урд хэсэгт гавлаад Даланжаргалан сумын цагдаагийн хэсэг дээр очсон. Цагдаагийн хэсэг дээр очоод тэр хоёр цагдаагийн алба хаагч намайг машинаас буу гээд буулгасан ба Цагдаагийн хэсэг дотор ороод зүүн гар талын өрөөнд оруулаад хаалганы хажуу талын буланд зогсоогоод цагдаагийн дэд ахлагч цолтой, бор царайтай, жижиг биетэй залуу нь намайг цахилгаан бороохойгоор биеийн энд тэндгүй нилээд цохисон. Түүний дараа мөрдөс дээрээ 2 зураастай өндөр биетэй, шар царайтай залуу ширээгээр гар тулуулж зогсоож байгаад хаймран хар өнгийн бороохойгоор миний өгзөг хэсэгт эхлээд 5 удаа, түүний дараа нөгөө цагдаагийн дэд ахлагч цолтой залуу нь намайг ширээ тулгаж зогсоож байгаад дахиад зөөлхөн бороохойгоор өгзөг хэсэгт хүргэж байгаад хүчтэй цохисон. Тус өрөөнд байсан 2 ширхэг никель гантель байсан. Түүний нэг нь 7-9 кг жинтэй гантелийг дээш нь өргөж зогсоосон. Тэгж байгаад намайг ухаан алдаад унасны дараа Цагдаагийн хэсгийн байрны гадна баганыг түшүүлээд суулгаж байсан. Тэгээд нүд бүрэлзэж байж байгаад нөгөө 2 цагдаагийн алба хаагч руу харахад тэр 2 намайг “гайгүй юу” гэхэд нь би тэр хоёрт “ах нь эмнэлгийн хяналтад байдаг хүн байгаа юм” гэхэд мөрдөс дээрээ 2 зураастай цагдаа нь “эмнэлгээс асуулаа, наад пизда чинь эмнэлгийн хяналтад байдаг гэж байна, дахиж битгий зодоорой” гэж хэлж байсан. Мөн “наад пизда чинь ямар азаар гантелийг шалан дээр юм уу, комьпютер дээр унагаагүй юм” гэж байсан. Удалгүй нөгөө цагдаагийн дэд ахлагч цолтой залуу ажилтай гээд яваад өгсөн ... мөрдөс дээрээ 2 зураастай залуу намайг ширээ түшүүлж байгаад хаймран бороохойгоор 11-12 удаа хүчтэй цохисон ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 48-56 дугаар хуудас/,
Гэрч Г.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын 25-ны өглөө замын хуудсаа бөглөх, шатахуун зарцуулалтын тайлан бичихээр 08 цаг 15 минутын орчим Даланжаргалан сумын Цагдаагийн хэсэг дээр очсон. Тэгээд байж байхад 09 цаг 30 минутын орчимд сумын төвөөс 9 км зайд байдаг Олон-Овоо багийн төвөөс иргэн Өнөржаргал миний гар утас руу залгаж “манай нөхөр Цогбадрах нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна, мөн бага насны буюу 5 дугаар ангийн охиноо хүчирхийлээд байна” гэсэн дуудлагыг өгсөн. Үүний дагуу ахлагч Б бид хоёр Олон-Овоо баг руу хөдөлсөн ба ойролцоогоор 10 цаг өнгөрөөгөөд Өнөржаргалын гэрт очиход Цогбадрах нь зугтаасан байсан. Тэгээд Цогбадрахыг хайсан ба эрэн сурвалжлаад явж байхад Цогбадрах нь 505 дугаар байрны хойд талын цэцэрлэгийн хажууд алхаж байхад нь барьж авсан. Барьж авах үед эсэргүүцэл үзүүлсэн, машинд суухгүй байсан учир Б бид хоёр гарт нь өчих мэх хэрэглэж, машинд суулгаад авч явсан. Тэгээд шууд Даланжаргалан орсон ба сумын төв дээр очоод Цагдаагийн кубон руу Цогбадрахыг ахлагч Б нь авч орох гэхэд үгэнд орохгүй, өөдөөс нь эсэргүүцэл үзүүлээд савхин куртикнээс нь зууралдаад тавихгүй байсан. Тэгээд кубон руу авч орох гээд орохгүй зууралдаад эсэргүүцэл үзүүлээд байх үед Б нь Цогбадрахын өгзөг тус газарт резинэн бороохойгоор 1 удаа бороохойдсон. Тэрнээс өөрөөр гар хүрсэн нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэсэн үйлдэл намайг байж байхад лав гаргаагүй ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 19-20, 57-59, 189-190 дүгээр хуудас/,
Гэрч Д.Гандаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би тухайн үед байгаагүй, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байсан. Тэр өдөр 13 цагийн орчим ахлагч Б утсаар холбогдоод “хэргийн холбогдогч Цогбадрах гэдэг хүнийг цагдаагийн кубон дээр авчирсан байна, энэ хүнийг одоо яах вэ” гэж надаас асуусан. Тэгэхээр нь “наад хүн чинь эрүүл байна уу, согтуу байна уу” гэхэд “согтуу байна” гэхээр нь “за чи наад хүнийхээ согтуурлын зэргийг драгер багажаар үлээлгээд тогтоочих, би одоо Замын-үүд сумаас гарлаа, намайг очтол харж бай” гэж хэлсэн. Би Замын-Үүд сумаас гараад Эрдэнэ сумын ойролцоо явж байхад Айраг сум дахь Сум дундын Цагдаагийн тасгийн дарга, хошууч Ганзориг надтай холбогдоод “Даланжаргалан сумын Улаантолгой гэх газар жоншны нүхэнд хүн дарагдаж нас барсан байна, чи аймгаар дайраад жижүүрийн бүрэлдэхүүн аваад ирээч” гэж хэлсэний дагуу аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнийг аваад хэрэг учрал болсон гэх газар руу явсан. Тэр өдөртөө тэнд байж байгаад орой 00 цаг өнгөрөөгөөд сумандаа ирсэн. Сумын төв руу орж явах үед цагдаа Б над руу залгаад “төлөөлөгч өө орой болчихлоо, Цогбадрахыг яах уу” гэхээр нь “наад нөхрөөсөө асуу даа, сумын төвөөр таньж мэддэг хүн бий юу гээд хэрэв байгаа бол тэр хүмүүсийг нь дуудаж уулзаад, сайн захиж хариуцуулж өгөөд явуулчих, өглөө 09 цагт ирээрэй гэж хэлээрэй” гэхэд “сумын төв дээр таних айл байхгүй гэнээ, харин цэргийн ангид ажилладаг Ганзориг гэдэг залуу байна, Цогбадрах ч өөрөө таньж мэддэг юм байна” гэхээр нь “тэр хүнд нь өгөөд явуулчих” гэсний дагуу Цогбадрахыг өгөөд явуулсан байсан. Өглөө нь Цогбадрах 09 цаг гээд өөрөө хүрээд ирсэн ... Б надад хэлэхдээ “Цогбадрах эсэргүүцэл үзүүлсэн учраас хуульд заасан үндэслэлийн дагуу нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хаана нь яаж хэрэглэсэн юм” гэхэд Б нь “Цогбадрахын өгзөг тус газарт нь 1 удаа бороохойдсон” гэж хэлж байсан ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 21-23, 66-68 дугаар хуудас/,
Гэрч Ч.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд ерөнхий жижүүрээр ажиллаж байхад Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.Санжийпэрэнлэй шөнийн 22 цаг өнгөрч байхад хэргийн холбогдогч Ш.Цогбадрах гэх хүнийг цагдан хорих байранд цагдан хорихоор авчирсан. ... Тухайн үед Цогбадрахын өгзөг хэсэг хөхөрсөн, баруун гарын шуу болон булчин хэсэгт жижиг хэмжээтэй хөхөрсөн, зүүн гарын шуу хэсэгт 2 хэсэг, булчин хэсэгт 2 хэсэг нийтдээ 4 хэсэг жижиг хөхрөлттэй байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
Гэрч Г.Ганжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 28-ны орой 22 цагийн орчим миний утас руу ерөнхий жижүүр, ахмад Ч.Энхбаяр залгаж “шинээр ирсэн Цогбадрах гэх хоригдогч зодуулсан байдалтай ирлээ” гэж танилцуулсан. Тэгэхээр нь би очиж харахад түүний өгзөг хэсэг нь хөхөрсөн байдалтай байсан ба тэрээр хэлэхдээ цагдаагийн алба хаагч нар резинэн бороохойгоор цохисон гэж байсан ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 дугаар хуудас/,
Гэрч Ш.Мөнгөнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би цагдаагийн алба хаагчтай уулзаж, өөрийгөө Цогбадрахын дүү гэж танилцуулахад тэрээр надад “Цогбадрах өөрийн охиныг хүчирхийлэхийг завдсан дуудлага мэдээлэл ирсэн учир саатуулж байна” гэж байсан. Тэгж байтал цагдаагийн алба хаагч нар дуудлага гараад явсан ба энэ үед нь би ахтайгаа уулзахад хувцас нь шороо болсон байхаар нь юу болсон талаар асуухад “энэ цагдаа нар сая намайг зодсон” гэхээр нь би “яахаараа таныг зоддог билээ, ирэхээр нь би энэ талаар хэлнээ” гэхэд манай ах “за хэрэггүй, тэгэх юм бол дахиад бөөн юм болох байх” гэхээр нь би цагдаагийн алба хаагчийг ирэхэд ямар нэгэн зүйл хэлээгүй ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 77-79 дүгээр хуудас/,
Гэрч Г.Өлзий-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа буугаад гэртээ амарч байхад тухайн өдрийн ээлжийн дарга, ахмад Энхбаяр над руу залгаад “шинээр хоригдол ирлээ, бие нь энд тэндээ хөхрөлттэй байна, архаг хууч өвчтэй юм шиг байна, чи хүрээд ир” гэхээр нь би Цагдан хорих байранд очсон. Тэгээд би хоригдогч Ш.Цогбадрахын биеийг үзэж эхлэхдээ түүний зовиурыг асуухад тэрээр “нуруу өвдөж байна” гэх зовиур хэлсэн. Би түүнээс “архаг хууч өвчин байгаа юу” гэхэд “элэгний хатуурал өвчтэй, 2014 онд оношлогдож, түүнээс хойш үзүүлээгүй, эмээ тогтмол уугаад байвал унаж татдаггүй юм” гэж хэлж байсан. Түүний биед эмчийн үзлэг хийхэд 2 өгзөг нь нэлэнхүйдээ хөхөрсөн, зүүн гарын бугалга хэсэгт 2 тооны, зүүн гарын шуу хэсэгт 2 тооны, баруун гарын шуу, бугалганы дотор талд 2 тооны хөхөрсөн шархтай байсан. Түүнээс би 2 гарын шарх ямар учиртай талаар асуухад тэрээр яагаад хөхрөлт гарсныг мэдэхгүй байна гэсэн ба өгзөгний хөхрөлтийг асуухад надад ямар нэгэн юм хэлээгүй ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 80-82 дугаар хуудас/,
Гэрч Х.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан ба тухайн үед тус цагдан хорих байрны ерөнхий жижүүрээр ахмад Энхбаяр ажиллаж байсан. Шөнийн 22 цаг 30 минутад Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.Санжийпэрэнлэй хэргийн холбогдогч Ш.Цогбадрах гэх хүнийг цагдан хорих байранд авчирсан. Тухайн үед Ш.Цогбадрахын биед мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.Санжийпэрэнлэй болон ээлжийн дарга, ахмад Энхбаяр нарын хамт миний бие баривчлах, цагдан хорих шийдвэрт заасан этгээд мөн эсэхийг магадласан тэмдэглэл үйлдэн, нүцгэн биеийн үзлэг хийхэд Ш.Цогбадрахын өгзөг хэсэг нэлэнхүйдээ хөхөрсөн, баруун гарын шуу болон булчин хэсэгт жижиг хэмжээтэй 2 хэсэг хөхрөлт, мөн зүүн гарын шуу хэсэгт 2 хэсэг, булчин хэсэгт 2 хэсэг, нийтдээ 2 гарт 6 хэсэг жижиг хөхрөлттэй байсан. Өөр ямар нэгэн ил харагдах шарх, сорви байгаагүй. Тухайн үед Цогбадрахад нүцгэн биеийн үзлэг хийж байхад ямар учраас биедээ гэмтэл авсан талаар асуухад тэрээр “Намайг цагдаа нар бороохойгоор зодсон” гэж хэлж байсан ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 83-85 дугаар хуудас/,
Гэрч Ц.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эхнэр Алтангинжтэй маргалдаж манай эхнэр уурандаа цагдаад өгсөн. Тэгэхэд оройн 18 цагийн орчим сумын цагдаа Б ирээд намайг Даланжаргалан сумын Цагдаагийн хэсэг дээр авчирахад Цогбадрах цагдаагийн хэсэг дээр байж байсан. Тухайн үед би бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба тэр үед надаас цагдаа Б согтуурал хэмжигч багажаар үлээлгэхэд миний согтуурал 1 бүхэл хүрэхгүй байсан. Одоо яг хэр зэрэг согтолттой байснаа санахгүй байна. Тэгээд тухайн орой Цогбадрахыг би гэртээ хонуулахаар болоод Б цагдаа Цогбадрахыг алдах юм бол хуулийн хариуцлага хүлээлгэх талаар бичиг бичиж өгсөн. Цогбадрахыг би гэртээ хонуулаад маргааш өглөө нь 09 цаг өнгөрөөж, Цагдаагийн хэсэгт хүргэж өгөөд би явсан ... Миний хажууд Цогбадрахыг цагдаагийн алба хаагч нар зодож цохисон асуудал байхгүй ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 86-88, 228-230 дугаар хуудас/,
Гэрч Г.Өнөржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөр Цогбадрах нь миний охин Баяржаргалыг хүчиндэхийг завдсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба уг хэрэгт Цогбадрах нь шалгагдаж, шүүхээр ял шийтгүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 9-10 цагийн орчим цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд түүний орой би Даланжаргалан сумын Цагдаагийн хэсэг дээр очиж өргөдлөө Б цагдаад өгсөн. Тухайн үед Цогбадрах Б цагдаагийн өрөөнд зогсож байсан ба би өргөдлөө өгөөд явсан. Цогбадрах нь нилээд хэд хоног архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад, 2019 оны 05 дугаар сарын 24-ний орой хувцас нь нил шороо болсон, нилээд архи үнэртүүлсэн байдалтай ирэхээр нь би түүний толгой, хүзүүг нь угааж унтуулсан. Тухайн үед манай охин Баяржаргал унтаж байсан. Би Цогбадрахын архийг гаргах гээд толгой, нурууг нь угааж, өмдийг нь тайлж, оронд нь оруулахад түүний биед ил харагдах шарх, гэмтэл байгаагүй ... Би Цогбадрахыг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Цагдан хорих байранд хоригдож байхад нь эргэж очиход цагдаагийн алба хаагч нарт зоуулсан талаар хэлж байсан ... Би сумын цагдаа Бтой 2019 оны 06 дугаар сард сумандаа уулзахад тэрээр надад “баларсан аниа, Цогбадрахыг ганц, хоёр бороохойдсон чинь асуудал болоод би шалгагдаж байгаа” гэж байсан ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 180-182 дугаар хуудас/,
Гэрч У.Намхайбудын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн дагуу Б нь сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийг таслан зогсоох, гэмт хэрэг, зөрчил гаргасан этгээдийг саатуулж, гэмт этгээдийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгөх үүрэгтэй. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 202.6.1-д зааснаар “Цагдаагийн байгууллага, алба хаагч нь гомдол гаргагч буюу албаны даргаас хүлээн авсан гомдол, мэдээллийг 24 цагийн дотор байгууллагын гомдол, мэдээллийн нэгдсэн тоо бүртгэлд оруулж, дугаар авна” гэж заасан байдаг. Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий Прокурорын хамтарсан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны А-224/А/102 дугаартай тушаалыг баримталж үйл ажиллагаа явуулна. Албаны шалгалтаар би иргэн Ш.Цогбадрахаас тайлбар аваагүй ба Цогбадрахын биед гэмтэл учирсан талаар би мэдээгүй. Цагдаагийн алба хаагч Н.Б нь 1 удаа бороохойгоор өгзөг хэсэгт нь хууль ёсны шаардлага эсэргүүцсэн учраас цохисон талаар тайлбар өгсөн ... ” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 133-134 дүгээр хуудас/,
Шинжээч Ц.Бадралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1039 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Дорноговь аймгийн Прокурорын газрын дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоолыг үндэслэн, тэргүүлэх зэргийн шинжээч эмч Т.Амартүвшин, шинжээч эмч М.Золжаргал нарын хамт дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоолын хамт ирүүлсэн. 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02/0328 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 22 цаг 30 минутад Баривчлах, цагдан хорих шийдвэрт заасан этгээд мөн эсэхийг хоригдогчийг хүргэж ирсэн албан тушаалтныг байлцуулан хамтран магадласан тэмдэглэл, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Эрүүл мэнд, эмчийн үзлэгийн тэмдэглэл, Цагдан хорих байранд хүргэгдэж ирсэн үеийн гэх 7 кадр гэрэл зургийн үзүүлэлт зэргийг үндэслэн шинжээчийн дүгнэлтийг санал нэгтэйгээр гаргасан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан Ш.Цогбадрахын биед учирсан хоёр өгзөг цус хуралт гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь хөндлөн чиглэлээр хоёр өгзөгийг хамарч цохисон тохиолдолд нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба мөн хэд хэдэн удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн гэмтэл нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Ш.Цогбадрахын биед учирсан зүүн бугалга, хоёр шуунд цус хуралт, хоёр гарт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба цахилгаан бороохойгоор цохиулах үед үүсгэгдэх боломжгүй. Яагаад гэвэл цахилгаан бороохойн үйлчлэл нь тухайн хэсэг газрыг өндөр хэмийн үйлчлэлээр биеийн хэсэг газрыг түлдэг. Дээрх гэмтлийг 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр юм уу, аль эсвэл ойролцоо цаг хугацаанд үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 192-194 дүгээр хуудас/,
Шинжээч Ц.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... .Цогбдарахын биед хоёр өгзөгт цус хуралт гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үүсгэгдэх боломжтой. Ш.Цогбдарахын биед учирсан зүүн бугалга, хоёр шуунд цус хуралт, хоёр гарт зулгаралт гэмтэл нь бага хэмжээтэй учир Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн гэмтэл нь цахилгаан бороохойгоор үүсгэгдэх боломжгүй ... ” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 168-169 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... Би цагдаа, цагдаагийн дэд ахлагч Отгонбаатарын хамтаар Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад тус сумын иргэн Г.Өнөржаргал нь “манай нөхөр Цогбадрах нь бага насны охиноо хүчирхийлэхийг завдсан” гэсэн дуудлага өгсөн. Дуудлагын дагуу цагдаа, цагдаагийн дэд ахлагч Отгонбаатарын хамтаар хэрэг учрал болсон газарт буюу гэрт нь очсон. Бид хоёрыг очиход Цогбадрах зугтсан байсан тул Цогбадрахыг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсны үндсэн дээр 505 дугаар байрны гадна талын цэцэрлэгийн орчим явж байхад нь олж барьсан. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стандартын дагуу Цогбадрахад өөрийн нэр, цол, албан тушаалыг хэлж, “тантай холбоотой гэмт хэргийн шинжтэй дуудлага ирсэн тул таныг цагдаагийн байр руу авч явах шаардлагатай байна, одоогоор хэсгийн төлөөлөгч байхгүй учраас та бидэнтэй цуг явж, хэсгийн төлөөлөгчийг иртэл цагдаа дээр сууж байх шаардлагатай, хэсгийн төлөөлөгч ирээд таны асуудлыг шийдвэрлэнэ” гэдгийг хэлэхэд Цогбадрах нь урдаас эсэргүүцэл үзүүлж “би лам хүн учраас тийм зүйл хийх хүн биш” гэх зэргээр урдаас эсэргүүцэл үзүүлж зугтахыг завдсан. Дэд ахлагч Отгонбаатар бид хоёр Цогбадрахын гарт өчих мэх хэрэглэж, цагдаагийн машинд суулгаад, цагдаагийн кубон руу авч явсан. Тэр үед Цогбадрахын согтолтын зэрэг өндөр байсан. Ажлын байран дээр ирээд буулгах гэхэд Цогбадрах би орохгүй гээд өмнө нь хэлж байсан үгнүүдээ хэлсэн. Мөн миний хувцаснаас зуураад болохгүй байсан болохоор би нэг бүрийн хэрэгсэл болох гавыг хэрэглэх шаардлага гарсан боловч гавлуулахгүй эсэргүүцэл үзүүлж, мөн л зугтахыг оролдсон. Тэр үед би Цогбадрахад ямар нэгэн байдлаар гар хүрвэл гэмтээчих эрсдэл байсан тул өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс бороохойгоор Цогбадрахын өгзөг тус газарт нэг удаа бороохойдсон. Тэгэхэд Цогбадрах нь арай зөөлөрч, эсэргүүцэл үзүүлэхээ больсон тул дараа нь гавыг нь хэрэглэсэн. Гав хэрэглэх болсон шалтгаан нь тухайн хэрэгт холбогдогч нь согтуу, архи нь гараагүй байсан тул өөрийн сэтгэл хөдлөл эсхүл гутралын байдлаас болж, өөрийн амь насыг егүүтгэх, бусдын амь насанд халдах үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэх үүднээс нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гавыг Цогбадрахад хэрэглэсэн асуудал байгаа ... Харин баруун гар хэсэгт 2 тооны хөхөрсөн, зүүн гар хэсэгт үүссэн 4 тооны хөхөрсөн шархыг би мэдэхгүй байна. Цагдаагийн дэд ахлагч Отгонбаатар бид хоёр Цогбадрахыг цахилгаан бороохой ашиглаж 6-7 удаа цохиж, гантель өргүүлж зогсоосон асуудал байхгүй. Бид хоёрт хангалтаар цахилгаан бороохой өгөөгүй. Цогбадрах гэдэг хүн “би бие муутай хүн, танай цагдаагийн хэсгийн байранд бүгчимдээд байна, унаж татдаг хүн, гадаа сууя” гэхээр нь түүнийг цагдаагийн хэсгийн байрнаас гаргаж, энэ хүн үнэхээр унаж татдаг хүн үү, аль эсвэл зугтах гээд ийм арга хэрэглээд байгааг нь мэдэх зорилгоор сумын эмнэлэг рүү залгаж асуухад эмнэлгээс Цогбадрахыг унаж татдаг, манай эмнэлэгт ирдэг гэж хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг /1-р х-ийн 17-18, 61-64, 185-187, 215-226 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1039 дугаартай “... 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаар 02/0328 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Ш.Цогбдарахын биед хоёр өгзөгт цус хуралт, зүүн бугалга, хоёр шуунд цус хуралт, хоёр гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 93-94 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 493 дугаартай “... 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаар 02/0328 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1039 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Ш.Цогбадрахын биед хоёр өгзөгт цус хуралт, зүүн бугалга, хоёр шуунд цус хуралт, хоёр гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ш.Цогбадрахын биед хоёр өгзөгт цус хуралт нь мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ ...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 155-164 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 36-39 дүгээр хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 41-46 дугаар хуудас/,
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/60 дугаартай “Н.Бийг цагдаагаар томилох тухай” тушаал /1-р хх-ийн 158 дугаар хуудас/,
Албан тушаалын тодорхойлолт /1-р хх-ийн 159-166 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 204 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч Н.Б нь Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/60 дугаартай тушаалаар тус аймгийн Даланжаргалан сумын Цагдаагийн хэсгийн баг, хороо хариуцсан цагдаагаар томилогдон ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 25-ны өглөөний 10 цагийн орчимд иргэн Г.Өнөржаргалаас ирүүлсэн “Ш.Цогбадрахыг 11 настай охин Ө.Баяржаргалыг гэртээ хүчиндэхийг завдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн дагуу иргэн Ш.Цогбадрахыг Даланжаргалан сумын “Олон-Овоо” багийн нутаг дэвсгэрээс албадан авчирч, тус сумын Цагдаагийн хэсгийн байранд эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр өглөөний 10 цагаас шөнийн 23 цаг хүртэлх хугацаанд байлгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж баривчилсан, улмаар түүнийг эсэргүүцэл үзүүлсэн үндэслэлээр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий Прокурорын хамтарсан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А-224/А/102 дугаартай тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх шийдвэрийг тухайн нөхцөл байдалд тохируулан бие даан гаргана” гэснийг, мөн журмын 3.13 дугаар зүйлийн а-д заасан “Бороохойг..., бусад эд зүйлд цохиж, дуу чимээ гаргах,зэвсгийн чанартай зүйлээр довтолсон тохиолдолд хамгаалах зэргээр хэрэглэх” гэснийг, в-д заасан “бороохойг нэг газарт олон удаа цохихгүй байх, аль болох гэмтэл учруулахгүй байхыг эрмэлзэх” гэснийг тус тус зөрчиж түүний өгзөг тус газар нь бороохойдон эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар баривчлах, саатуулах” гэмт хэргийн үндсэн шинж нь эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж, хүний эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй. Хэнийг ч дур мэдэн баривчлах буюу цагдан хорьж болохгүй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасч болохгүй ...” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ ...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч баривчлах, хорих ... эрх чөлөөг нь хязгаарлах ...”-ийг хориглоно гэж заасныг зөрчиж, гэмт хэргийн шинжтэй гомдлын дагуу хохирогч Ш.Цогбадрахыг хууль бусаар баривчилж, Цагдаагийн байгууллагад авчиран 10 цагаас 23 цаг хүртэл эрх чөлөөг нь хязгаарлан саатуулсан, улмаар эсэргүүцэл үзүүлсэн үндэслэлээр эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар баривчлах, саатуулах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байхаар хуульчилжээ.
“ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заасныг нэр бүхий иргэдээс Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Дөчин долдугаар зүйлийн 1,2, Дөчин ес дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтуудад нийцсэн эсэхийг шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдээлэл ирүүлснийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/176 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол хэргийг түдгэлзүүлнэ” гэсэн хуулийн заалтыг үндэслэн Н.Бид холбогдох эрүүгийн хэргийг түдгэлзүүлсэн.
Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосон шийдвэр гарсан тул шүүх Н.Бид холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр 2021/ШЗ/409 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн болно.
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ш.Цогбадрахыг хууль бусаар баривчлах, саатуулах явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан, талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч Н.Б болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар дээрх гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, мөн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд хамрагдахаар байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар дээрх гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь шүүгдэгчийн хувьд ашигтай” гэсэн санал, улсын яллагчаас “Н.Бид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн талуудын саналыг харгалзан үзсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бид холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн резинэн, суран оосортой 1 ширхэг бороохойг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д холбогдох эрүүгийн 1919002280193 дугаартай хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн резинэн, суран оосортой 1 ширхэг бороохойг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА