Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1045

 

 

 

 

 

 

 

  2021        10         13                                    2021/ШЦТ/1045

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Д.Уянга,

Хохирогч Ш.А, шүүгдэгч Б.Б-, тэдний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

Шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Л.Батаа,

Шүүгдэгч, хохирогч О.Г, шүүгдэгч Ш.О, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Шаравдоржийн Одоожав, Б овогт О-ын Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Еншөөбүү овогт Болдбаатарын Б-, И овогт А-ын А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 01422 0737 дугаартай хэргийг шүүх 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 58 дугаар гудамж, 803 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 00 байр 00 тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ0000000, Б овогт Ш-ын О.

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, эгчийн хамт Төв аймгийн Баянхангай сум, 0 дугаар баг, Хөшөөт, Цавхангай хороо, 00 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо Полирас 00 тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ0000000, Б овогт О-ын Г.

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймагт Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Худалдаа хөгжлийн банк”-ны хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 3, хоёр дүүгийн хамт Дорнод аймаг, Хэрлэн сумын 00 дугаар баг, 00 байр, 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо 00 байрны 00 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ0000000, И овогт А-ын А.

 

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, З5 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Венус” клубт менежер ажилтай, ам бүл 1, Дорнод аймаг, Хэрлэн сумын 00 дүгээр баг, Залуус 00 дугаар байр, 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо Цагдаа хотхон 00 тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ0000000, Е овогт Б-ын Б.

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

          Шүүгдэгч Ш.О, О.Г нар бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Венус” бааранд иргэн Ш.А-тай маргалдан, нүүрэн хэсэгт нь гараараа цохиж, биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

          Шүүгдэгч А.А, Б.Б нар бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Венус” бааранд иргэн О.Г-тай маргалдаж улмаар түүний толгойн зүүн хэсэг, мөр, цээж, баруун гар зэрэгт цохиж зодон, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.О мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч О.Г мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...Хохирогчийн хувьд надад гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.А мэдүүлэхдээ: “....Би 19.325.800 төгрөгийн хохирол нэхэмжилснээс шүүгдэгч О.Г 2.500.000 төгрөг, шүүгдэгч Ш.О 1.000.000 төгрөг төлсөн. Одоо нийт 16.325.800 төгрөгийн хохирлоо шүүгдэгч О.Г, Ш.О нараас нэхэмжилж байна... Би эмчилгээ, хагалгаа, хоол, бензиний баримтыг гаргаж өгсөн. Би одоо хөдөлмөрийн чадвараа алдсан учир хагалгаанд орох гэж байна гэж хэлэхэд О.Г намайг тоохгүй янзтай ярьж байсан. Шүүгдэгч О.Г нь миний биеийн байдлыг нэг ч удаа асуугаагүй. Тэгээд одоо ингээд санаа зовсон ч юмгүй байж болохгүй. Би одоо хиймэл хамартай би нусаа ч нийж чадахгүй хоолой руугаа залгиад явж байна. Би шүүгдэгч О.Г-ыг бодоод хааяа хоол ч идэхгүй. Заримдаа ах, эгчээрээ эмнэлэг хүргүүлээд явж байсан. Би зүрхний хагалгаанд хоёр удаа орсон. Сэтгэл санааны үнэхээр хямралтай байсан. Би яаралтай үед хэрэглэсэн хохирлоо л авсан. Би О.Г-тай адилхан дүүтэй дүүгээ алдсан учир зөөлөн хандаж байсан. Тэгтэл миний биеийн байдлыг нэг ч асуугаагүй. Би хагалгаанд орохдоо хүнээс маш их мөнгө зээлсэн яаралтай төлөх ёстой. Хохирлын баримтыг бүгдийг нь хавтаст хэрэгт өгсөн. Иймд хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-3/, хохирогч Ш.А-ын өгсөн мэдүүлэг /1хх-10-11/, гэрч Б.Есөнтөмөрийн өгсөн мэдүүлэг /1хх-55-56/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 3030 дугаартай дүгнэлт/1хх-23-24/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-6-7/, хохирогч О.Г-ын өгсөн мэдүүлэг /1хх-16-17/, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 3042 дугаартай дүгнэлт /1хх-43-44/, шүүгдэгч Ш.О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-219-220/, шүүгдэгч О.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-216-217/, шүүгдэгч А.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-121-122, 223-224/, шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-221-222/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-59, 65, 67, 78/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

          Шүүгдэгч Ш.О, О.Г нар бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Венус” бааранд иргэн Ш.А-тай маргалдан, нүүрэн хэсэгт нь гараараа цохиж, биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

          Шүүгдэгч А.А, Б.Б нар бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Венус” бааранд иргэн О.Г-тай маргалдаж улмаар түүний толгойн зүүн хэсэг, мөр, цээж, баруун гар зэрэгт цохиж зодон, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.А-ын өгсөн: “...Би 2020 оны 2 дугаар сарын 25-ны орой 22:00 цагийн орчим найз Ш.О-ын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Венус” бааранд орж үйлчлүүлсэн. “Венус” бааранд бид хоёроос гадна хоёр эрэгтэй сууж байсан. Ажиллуулж байгаа эмэгтэй нэг эрэгтэйн хамт байсан. Бид хоёр тооцоогоо хийсэн байсан бөгөөд бид хоёр бүжиглэж байхад тэнд байсан хоёр залуу элдэв зүйл яриад байсан бөгөөд бид хоёр тэр хүмүүстэй маргалдаад байж байсан. Бид хоёр ширээндээ суугаад цагдаад дуудлага егөх гэхэд тус газрыг ажиллуулдаг эмэгтэй бид нарт хандаж “та нараас болж би 2.500.000 төгрөгөөр торгуулж чадахгүй” гээд миний гар утсыг булааж авсан. Үүнээс болж маргалдсан бөгөөд тус эмэгтэйн нөхөр гэх хүнтэй харилцан зодолдсон. Энэ үед тэнд байсан хоёр залуу хажуу талаас ирж хамт цохиж зодоод байсан. Би тэр гуравт зодуулж байгаад гадаа гарахаар гүйсэн чинь гарах хаалга нь цоожтой байхаар нь би эргээд гүйгээд ороход Ш.О-ыг тус баарны ажилтан эмэгтэй доороо хийгээд цохиж зодож байсан. Би очиж тэр эмэгтэйг цохиж унагасан. Энэ үед нөхөр нь гэх эрэгтэй ирж миний нүүрэн хэсэгт цохиод газарт унасан байхад дээрээс дэвсээд байсан. Энэ үед цагдаа нар ирсэн байсан бөгөөд Ш.О бид хоёрыг болон тэнд байсан нэг залуугийн хамт эрүүлжүүлсэн...Би тухайн үед тэнд байсан хоёр залуутай маргалдаж энэ асуудал үүссэн. Миний биед учирсан гэмтлүүдийн тэнд үйлчлүүлж байсан хоёр залуугийн намхан буюу А.Атой зодолдсон. Тэгээд хэн хэн нь намайг цохиж зодсоныг мэдэх байна. Би тэнд байсан ажилтан эмэгтэй болох Ш.А нь найз Ш.О-ын дээр нь гараад дарсан байхаар нь нүүрэн хэсэгт нь гараараа нэг л удаа цохисон. Энэ үед хамт байсан ажилтан залуу болох Б.Б нь намайг цохиж зодоод байсан.” /1хх-10-11/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Г-ын өгсөн: “...Би 2020 оны 2 дугаар сарын 25-ны орой 22:00 цагийн орчим найз Ш.О-ын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Венус” бааранд орж үйлчлүүлсэн. “Венус” бааранд бид хоёроос гадна хоёр эрэгтэй сууж байсан. Ажиллуулж байгаа эмэгтэй нэг эрэгтэйн хамт байсан. Бид хоёр тооцоогоо хийсэн байсан бөгөөд бид хоёр бүжиглэж байхад тэнд байсан хоёр залуу элдэв зүйл яриад байсан бөгөөд бид хоёр тэр хүмүүстэй маргалдаад байж байсан. Бид хоёр ширээндээ суугаад цагдаад дуудлага егөх гэхэд тус газрыг ажиллуулдаг эмэгтэй бид нарт хандаж “та нараас болж би 2.500.000 төгрөгөөр торгуулж чадахгүй” гээд миний гар утсыг булааж авсан. Үүнээс болж маргалдсан бөгөөд тус эмэгтэйн нөхөр гэх хүнтэй харилцан зодолдсон. Энэ үед тэнд байсан хоёр залуу хажуу талаас ирж хамт цохиж зодоод байсан. Би тэр гуравт зодуулж байгаад гадаа гарахаар гүйсэн чинь гарах хаалга нь цоожтой байхаар нь би эргээд гүйгээд ороход Ш.О-ыг тус баарны ажилтан эмэгтэй доороо хийгээд цохиж зодож байсан. Би очиж тэр эмэгтэйг цохиж унагасан. Энэ үед нөхөр нь гэх эрэгтэй ирж миний нүүрэн хэсэгт цохиод газарт унасан байхад дээрээс дэвсээд байсан. Энэ үед цагдаа нар ирсэн байсан бөгөөд Ш.О бид хоёрыг болон тэнд байсан нэг залуугийн хамт эрүүлжүүлсэн...Би тухайн үед тэнд байсан хоёр залуутай маргалдаж энэ асуудал үүссэн. Миний биед учирсан гэмтлүүдийн тэнд үйлчлүүлж байсан хоёр залуугийн намхан буюу А.Атой зодолдсон. Тэгээд хэн хэн нь намайг цохиж зодсоныг мэдэх байна. Би тэнд байсан ажилтан эмэгтэй болох Ш.А нь найз Ш.О-ын дээр нь гараад дарсан байхаар нь нүүрэн хэсэгт нь гараараа нэг л удаа цохисон. Энэ үед хамт байсан ажилтан залуу болох Б.Б нь намайг цохиж зодоод байсан.” /1хх-16-17/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Есөнтөмөрийн өгсөн: “...Би өөрийн найз А.Аын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Венус” бааранд орж үйлчлүүлсэн бөгөөд бидний араас тус бааранд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирж бидний хажуугийн ширээнд суусан. Өөр хүн байхгүй байсан. Тус баар хаах болоод ажилчдаас бидэнд “гар” гэсэн шаардлага тавьсан. Бидний ард сууж байсан эрэгтэй /О.Г-/ орилж, хашхираад байсан бөгөөд А.Атой маргалдаад байсан А.А О.Г гэх хүнтэй маргалдаад заамдалцаад байсан. Мөн баарны ажилчид тэр хоёрыг салгаад бид хоёрыг “гар” гэж хэлсэн. А.А О.Г залуутай ямар нэгэн байдлаар зодоон цохион хийгээгүй. А.А мөнгөө төлөөд гарсан бөгөөд гараад нойлын өрөө ороод буцаад гарч байхад эмэгтэй хүн маш чанга орилсон. А.А миний урд яваад баар ороход баарны ажилтан эрэгтэй болох /Б.Б-/ О.Г гэх хүний дээр гарсан байдалтай зодолдож байсан. Би очоод салгаад эхнэр нь болох Ш.А нь хамарнаас нь маш их цус гарсан байдалтай байхаар нь очиж тусалсан. Энэ үед А.А нь цагдаад дуудлага мэдээлэл өгсөн бөгөөд удалгүй цагдаа нар ирсэн.” /1хх-55-56/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 3030 дугаартай дүгнэлтэд:

1. Ш.А-ын биед гайморын хөндийн урд ханын хугарал, баруун нүдний ухархайн дээд доод ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, хамрын нуруу, хоёр нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /1хх-23-24/ гэх дүгнэлт,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1876 дугаартай дүгнэлтэд:

1. О.Г-ын биед зүүн чамархайн хуйх, зүүн шанаа зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүү зүүн мөрөнд зулгаралт, зүүн мөр, цээж, зүүн бугалга, баруун дал, баруун тохой, бугуйнд цус хуралт, баруун тохой, шуунд зулгаралт, хэлэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /1хх-43-44/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1350 дугаартай дүгнэлтэд:

1. Ш.А-ын биед баруун хоншоорын хөндийн урд ханын хугарал, баруун ухархайн дотор ханын хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дух хамрын нуруу, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд нь байна. Хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Ш.А-ын биед учирсан баруун хоншоорын хөндийн урд ханын хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун ухархайн дотор ханын хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дух хамрын нуруу, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /2хх-151/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.О-ын яллагдагчаар өгсөн “...2020 оны 2 дугаар сарын 25-ны шөнийн 23 цаг өнгөрч байхад найз О.Г-ын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Венус бааранд орсон юм. Бааранд ороод О.Г бид хоёр ширээнд эхэлж суусан ба бид хоёрын сууж байсан ширээний хажуу талын ширээнд одоо хэрэгт яваа А.А, Б.Есөнтөмөр нар сууж харагдсан. Тэгээд О.Г бид хоёр дээр Ш.А ирж 4 пивоны захиалга аваад, авчирч өгсөн. О.Г бид хоёр пиво уугаад сууж байхад нөгөө талын ширээ нь дээр байсан А.А Б.Есөнтөмөр хоёр дээр Ш.А, Б.Б нар нь ирж хамт сууж харагдсан. Ингээд О.Г бид хоёр хамт бүжгийн талбай руу гарч хэсэг бүжиглэж байгаад ширээнд суусан. А.А, Б.Есөнтөмөр нар нь хоорондоо бид хоёрын явалддаг ухааны юм яриад байсан бөгөөд үүнийг сонссон О.Г нь уурлаад А.Атой маргаан үүсгэж эхэлсэн. А.А нь О.Г дээр хүрч ирээд О.Г-ын нүүрэн тус газарт нэг удаа баруун гараараа хүчтэй цохисон. О.Г нь нүүрээ дарсан ба О.Г, А.А хоёр салгах гэж дундуур орсон боловч дийлээгүй. Тэгээд би “цагдаа дуудья” гэж хэлэхэд О.Г гар утсаа гаргаад дуудах гэсэн боловч гар утсыг нь Ш.А нь булаагаад авчихсан. Би гар утсаа гаргаад дуудах гэсэн чинь мөн миний гар утсыг авчихаад ардаа нуугаад байсан. Би Ш.А-аас гар утсаа авах гээд зууралдаж эхэлсэн. Энэ хооронд О.Г баарнаас гараад цагдаа дуудахаар явсан боловч эргээд ороод ирсэн. Намайг Ш.А нь боогоод бид хоёр зууралдаад, намайг буйдан дээр дараад хоолой боггод хэл амаар доромжлоод байсан ба О.Г хүрч ирээд нөгөө эмэгтэйгийн нүүр рүү нь цохиод надаас салгасан. Тэгтэл О.Г руу А.А, Б.Б нар нь дайрч зодож эхэлсэн. Би О.Г-ыг тэд нараас салгах гэхэд Ш.А нь надтай зууралдаж, харилцан хоёр удаа бие биенийгээ цохисон. Б.Есөнтөмөр гэх залуу нь А.А, Б.Б хоёрыг салгасан. Салгахдаа Б.Б нь хүчтэй татаад намайг газарт унагаачихсан. Б.Б намайг зодох байдалтай байж байхад нь Б.Есөнтөмөр дундуур нь ороод салгасан. О.Г-ыг А.А нь зодож байхад би А.Ариуболдын араас нь “хүүхдийг зодохоо боль” гэж хэлээд холдуулсан. Тэгтэл Ш.А-ын хамарнаас нь цус гарчихсан чинь А.А утсаа аваад цагдаа дуудсан. Ингээд энэ зодоон салаад цагдаа ирэхийг хүлээсэн.” гэх мэдүүлэг /1хх-219-220/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Г-ын яллагдагчаар өгсөн “...2020 оны 2 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчимд би хамт ажилладаг Ш.О-ын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явжжлдаг “Венус” бааранд орж үйлчлүүлсэн...Ш.О бид хоёр пиво уугаад бүжгийн талбай руу гарч хэсэг бүжиглэж байгаад ширээндээ суусан. Ш.О бид хоёрын сууж байсан ширээ нь А.А, Б.Есөнтөмөр хоёр сууж байсан ширээтэй ойрхон болохооор А.А, Б.Есөнтөмөр хоёын ярьж байгаа нь сонсогдохоор нь би А.Атой нь ширээний цаад талаас нь маргалдаж эхэлсэн. Ингээд А.Атой маргалдаж байхад А.А нь над руу ирээд миний зүүн талын шанаа руу баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон. Би босоод ирэхэд зодоон эхэлсэн. Тухайн үед А.Атой харилцан зодолдсон ба хамт байсан Б.Есөнтөмөр гэгч нь дундуур орж ирээд салгах гээд гүйгээд байсан ба мөн Б.Б-, Ш.А нар нь ирж мөн зодооныг салгасан. Ш.О бид хоёр цагдаа дуудья гээд зогсож байхад Ш.А бид хоёрын гар утсыг булааж аваад “би та хоёроор цагдаа дуудуулж, торгуулахгүй” гэж яриад байсан. Ш.А-аас гар утсаа авья гэхэд гөхгүй байгаад байсан ба Ш.О, Ш.А хоёр нь хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэр хойгуур нь би баарнаас гарч “цагдаа дуудна” гээд гарах гэхэд үүдний хаалга нь цоожтой байсан. Би эргээд баарны заал руу ороход Ш.А, Ш.О нар нь зодолдсон бололтой Ш.А нь Ш.О-ыг сандал дээр дараад дээр нь гараад суучихсан байдалтай байхад би Ш.А-ын нүүрэн тус газарт нь баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон. Ингэтэл А.А, Б.Б хоёр над руу дайраад бүлэглэн зодож эхэлсэн. Миний хувьд зодуулснаасаа болоод ухаан балартаж эхэлсэн. Тэр үед Б.Есөнтөмөр гэх залуу нь салгах гээд дундуур гүйгээд, хоёр хүн байсан болохооор дийлэхгүй байх шиг харагдсан.” /1хх-216-217/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Аын яллагдагчаар өгсөн “...Би О.Г гэх залуутай харилцан зодолдсон. Бид тэр залууг чанга чанга дуугараад байхаар нь “чимээгүй бай” гэсэн шаардлага тавьснаас болж маргаан үүсч зодолдсон...Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож гэмшиж байгаа болохоор надад ярих зүйл байхгүй. Анх О.Г-тай харилцан зодолдоод салсаны дараа Б.Есөнтөмөр бид хоёр явахаар 00-ын өрөө ороод байж байхад эмэгтэй хүн орилох чимээ гарахаар нь буцаад Б.Есөнтөмөр бид хоёр орсон чинь Ш.А-ын хамарнаас цус гарсан байдалтай, харин Б.Б болохоор О.Г-тай зодолдоод байж байхад нь би хажуугаар нь очоод О.Г-ыг өшиглөж дээрээс нь дэвссэн.” /1хх-121-122, 223-224/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Баараар хүн үйлчлүүлэхгүй байсан болохооор 23 цаг 30 минутын үеэс эхэлж гарах талаар шаардлага тавьж эхэлсэн. Шаардлага тавиад байхад О.Г, Ш.О гарахгүй суугаад Ш.О нь надтай маргалдаад байсан. Харин О.Г нь гарлаа гээд наайг тэвэрч аваад хувцсаа өмсөх гээд суугаад А.А-той маргалдаад эхэлсэн. Тэр хоёрыг юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй байна. Б.Есөнтөмөрийн хувьд явахаар хувцсаа өмсөөд суучихсан. А.А нь сууж байсан газраасаа босож ирээд О.Г-ыг цохиж аваад хоорондоо харилцан зодоон болоод бүжгийн талбайн гол хэсэгт очихоор нь Б.Есөнтөмөр, Ш.А бид гурав салгасан. О.Г, А.А нарыг сууж байсан суудал дээр нь суулгаад байж байхад дахиад нөгөө хоёр маргалдаж байгаад А.А нь босож ирээд мөн О.Г-ын нүүрэн хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон. Тэр үед цааш Б.Есөнтөмөр гараараа татсан чинь Ш.О, А.А-ыг цохих гэж байгаад өрөө газар хальтраад уначихсан. Босож ирээд эхнэртэй маргалдаад байсан. Гэтэл О.Г нь “цагдаа дуудна” гэж хэлээд баарнаас гараад явсан. Баар хаах гэж байсан болохоор би баарны хаалгыг түгжсэн байсан. Энэ хооронд А.А, Б.Есөнтөмөр нарыг баарснаас гаргасан ба 00-ын өрөө рүү орсон. Ш.О болохоор А.А, Б.Есөнтөмөр нарын араас гарч хэрүүл хийх гээд байхад нь эхнэр Ш.А нь Ш.О-ыг бариад цааш түлхсэн чинь Одоожав өөдөөс нь гараа сарвалзаж байгаад сахиусыг нь тасдчихсан. Ш.А- Одоожавыг цааш түлхээд буйдан дээр суулгасан болоьч Одоожав нь босоод байхаар нь үйл хөдлөлийг нь хорих зорилготой дээрээс нь дараад зогсож байсан. Би 00-ын үүдэнд А.А, Есөнтөмөр нарыг О.Г-тай дахиад зодоон болох вий гэж бодоод урьдчилан сэргийлээд зогсож байхад О.Г урдуур гүйгээд шууд баар руу орсон... О.Г нь шууд очоод эхнэр Ш.А-ын нүүрэн тус газарт нэг удаа баруун гараараа хүчтэй цохиод авсан. Тэр үед эхнэрийн хамарнаас цус гараад явсан ба Одоожав нь зууралдаад байсан. Миний хувьд уг үйл явдлыг хараад уур хүрээд шууд О.Г руу очоод харилцан зодолдож эхэлсэн. О.Г-ын хувьд доош тонгойчихоод цохиод байсан ба баарны гол хэсэгт байрлах цагаан өнгийн ширээний хэсэг хүртэл явж зууралдаж явж байхад О.Г нь миний зүүн хөлнөөс бариад авсан. Энэ үед хажуугаар А.А-  нь орж ирээд өшиглөж, дэвсэж эхэлсэн. О.Г миний хөлийг тавьчихаар нь би эхнэр рүү очиж Одоожав, Ш.А хоёрыг салгаж холдуулсан.” гэх мэдүүлэг /1хх-221-222/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх-5/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-6-7/,

Хохирлын тухай баримтууд /1хх-62-64, 147-160, 2хх-38-45/,

Өвчний түүх /2хх-76-146/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-59, 65, 67, 78/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч А.А, Б.Б нар бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Венус” бааранд иргэн О.Г-тай маргалдаж улмаар түүний толгойн зүүн хэсэг, мөр, цээж, баруун гар зэрэгт цохиж зодон, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн бүрэн агуулж байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Мөн шүүгдэгч Ш.О, О.Г нар бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Венус” бааранд иргэн Ш.А-тай маргалдан, нүүрэн хэсэгт нь гараараа цохиж, биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Бүлэглэж гэж хүний эрүүл мэндэд гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсоныг ойлгоно.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.О, О.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Б-, А.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Ш.О, О.Г, А.А, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.А-ын зүгээс эмчилгээний болон гэм хорын хохирол төлбөртэй холбоотой нийт 16.325.800 төгрөгийн нэхэмжилснээс нотлох баримтаас нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн 5.225.800 төгрөгийг хувь тэнцүүлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.О, О.Г нараас тус бүрээс 2.612.900 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.А-т олгох, үлдсэн хохирол болох 11.100.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

 

Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4, 11.6 дугаар зүйлд тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна. 

 

Иймд шүүгдэгч Ш.О, О.Г, А.А, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаарх маргаагүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн тул тэдэнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ажилладаггүй 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ш.О, О.Г, А.А, Б.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, А.А, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          

1. Шүүгдэгч Б овогт Ш-ийн О, Б овогт О-ын Г нарыг тус бүрийг “Бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон” гэм буруутайд,

             шүүгдэгч И овогт А-ын А, Е овогт Б-ын Б нарыг тус бүрийг “Бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Ш.О, О.Г нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг,

шүүгдэгч Б.Б-, А.А нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.О, О.Г нараас 5.225.800 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ш.А-т олгосугай.

 

4. Хохирогч Ш.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ш.О, О.Г, А.А, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.А, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ш.О, О.Г, А.А, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ш.О, О.Г, А.А, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС