Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2230

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, ******* тоотод оршин суух С*******гийн Ц*******ийн хүсэлттэй,

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.О*******ыг эрэн сурвалжлуулах, оршин суугаа хаягыг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 49 дүгээр байрны 12 тоот 1 өрөө байраа аж ахуй нэгжид түрээслэхээр зар сонинд зар өгсөн ба зарын дагуу “Үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдэл” гэсэн аж ахуй нэгж, захирал Ж.О******* уг байрыг үзэж 2017 оны 4 дүгээр сарын 15-нд тохиролцож 1 жилийн хугацаатай гэрээ хийсэн. Гэтэл Ж.О******* ганцхан сар үйл ажиллагаа явуулчихаад гэнэт 2017 оны 5 дугаар сарын 06-нд гарна гэж утсаар мэдэгдсэн. Ингээд энэ хүний хүсэлтээр байраа хүлээж авсан, хүлээж авсан энэ өдөр Ж.О*******д дулааны төлбөр 165.000 төгрөг гарсан гэсэн нэхэмжлэл өгөхөд их гарсан байна байцаагчтай нь уулзана утсыг нь өгчих гээд би мессэжээр явуулсан. Ингээд хэсэг таг болоод 5 дугаар сарын 15-нд утасдахад та байцаагчийн суудаг газрыг хэлээд өг гэхээр нь тэр даруй хаягыг өгсөн боловч дахиад таг алга болсон. Би цаашид байраа аж ахуй нэгжээр биш айл өрхөөр түрээслүүлэх болсон тухай өргөдлөө бичиж Дулааны газар очиход 4 дүгээр сарын 165.000 төгрөг төлсөн бичигээ аваад ирэхээр гэрээнд өөрчлөлт оруулна гэсэн. Ж.О*******аар энэ мөнгийг төлүүлж яаралтай ажлаа эхлүүлмээр байгаа тул түүнээс175.400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 37б байрны 47 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй байх тул эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Цэзэнгээ нь хариуцагч Ж.О*******аас түрээсийн гэрээний үүрэгт 175.400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.О*******ы нарын оршин суугаа хаягыг олж тогтоолгох, эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах” хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

            Хүсэлт гаргагч нь түрээсийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах зорилгоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 37б байрны 47 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь шуудан хүргэгчийн магадлагаагаар тогтоогдсон байна.

Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.О*******ыг  эрэн сурвалжилж, оршин суух хаягыг тогтоолгох тухай хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ж.О******* нь “Үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдэл”-ийн захирал ажилтай, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 37б байрны 47 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, 99764749, 94586368 дугаарын утастай болохыг дурдаж байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Монгол улсын иргэн Ж.О*******ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ж.О*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч С.Цэзэнгээ /99124398/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6100 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 64.100 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ЭНХЖАРГАЛ