| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2021/0127/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/125 |
| Огноо | 2021-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/125
2021 09 27 2021/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй,
Шүүгддэгч Р.Ж,
Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Ж, Д.Н нарт холбогдох эрүүгийн 2119000980127 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, Зүүнбаян багт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “Доншен” ХХК-д олборлолтын оператор ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаян, Хүнсний үйлдвэрийн хашаанд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Р.Ж
Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Элсэн цагаан овоо” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаян, Манханы 8-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д.Н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 05 сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Манханы 08-05 тоотод хохирогч Р.Жтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Р.Ж нь 2021 оны 05 сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Манханы 08-05 тоотод хохирогч Д.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Шүүгдэгч, хохирогч Р.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч болон яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын 13-ны орой Нтэй утсаар ярьж, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 08 цагт хүүхдийн үсний найранд хэрэглэх бялуу захиалсан ... Тэгээд өглөө нь 08:30 цагийн үед залгахад “одоо кремээ зуураад чимэх гэж байна” гэхэд манай эгч Цэнд-Аюуш “хурдан бөгөөд аятайхан хийгээд өгөөрэй, өмнөх бялууны крем нь их байсан, тэрэндээ анхаараад аятайхан юм хийгээд өгөөрэй” гэсэн. Тэгсэн чинь Н уурлаад “тэгвэл захиалгаа цуцаллаа” гээд утсаа тасалчихсан ... Тэгээд би гэрт нь очиход Н намайг түлхээд гаргасан. Н араас гарч ирээд өөдөөс уурлаад байсан. Тэр үед би баруун гараас нь татаад өөдөөсөө харуулаад “чи бялуу хийж чадахгүй байсан юм бол яагаад намайг хохироочихов” гэхэд “чи яагаад надад гар хүрээд байгаа юм бэ, чи өөрөө эхэлсэн шүү” гээд баруун гараараа миний зүүн хацар руу алгадсан. Энэ үед ээмэгний түгжээ мултраад, маскны бүч нь тасраад унасан. Намайг дахиад үсдэж доош нь даран чирээд байсан. Тэр үед ах, ээж 2 намайг салгасан ...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 5, 31-32, 86 дугаар хуудас/,
Шүүгдэгч, хохирогч Д.Нандин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09 цагийн орчим надад тортны захиалга өгсөн эгч Ж, ах, ээж хоёртойгоо манай эмээгийнд ирээд “бялуу яасан бэ” гэхээр нь “гаргахгүй гэж хэлсэн биз дээ, яах гэж ирсэн юм, тэгээд ч та нар маскгүй байна, гар” гэсэн чинь “би чамд 2 хоногийн өмнө захиалга өгсөн биз дээ, чи юу яриад байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би “та бид 2 авах цагаа тохироогүй байсан, та тулгамдуу хэлсэн, би амжиж хийж чадахгүй, та шөнийн 22:40 цагийн орчим хэлээд өглөө 08 цагт бялуу авна гэж хэлсэн, бялууг дор хаяж 3 цаг хийдэг” гэж хэлсэн. Тэр үед Ж надад хэлэхдээ маргааш бялууг 09 цагт авна гэж хэлсэн. Тэгээд Ж манай эмээгийн баруун орны хөлд суугаад ээжтэйгээ чанга чанга бахираад, эмээ Дашмаагийн зүрх нь өвдөөд сандраад “та хэд гар” гэж хэлсэн чинь “үгүй би учраа олж байж гарна” гээд гарахгүй хэрүүл хийгээд байгаад байсан. Тэр үед хамт орж ирсэн Очироо гээд ах хамт ирсэн ба Ж, Рэгжидмаа хоёрыг “боль, явъя” гээд байсан. Ж нь явахгүй миний гараас татаад ”чи яагаад намайг хохироодог юм бэ” гээд хувцаснаас зулгаагаад байсан. Рэгжидмаа эгч хажуунаас барьж аваад татаад байсан. Тэгээд гэрээс гараад Ж миний эрх чөлөөнд халдаад хувцаснаас татаад цохиж зулгаагаад болохгүй болохоор нь “чи боль л доо, намайг нудраад зулгаагаад байх юм” гээд тэвчихээ болиод би нэг удаа алгадсан. Тэр үед Ж агсраад миний толгой цээж рүү гараараа цохисон ба хөлөөрөө доогуур өшиглөөд зодоод байсан. Энэ үед би мөр болон үснээс нь зуураад доош нь дараад суулгасан. Тэгээд эргэж босож ирээд миний шилбэ рүү аймаар чанга өшиглөөд “чи арчаагүй хүүхэн байна, гологдох нь аргагүй юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та голох байсан юм бол яах гэж бялуу хийлгэсэн юм” гэхэд Очироо ах Ж эгч бид хоёрыг салгасан. Би гэртээ ороод сандал дээр сууж байтал Ж эргэж орж ирээд “чи яахаараа миний араас шороо цацдаг юм” гэж хэлээд шороо атгаж орж ирээд, миний нүүр рүү цацахаар нь би уурлаад гэрээсээ түлхээд гаргахад Ж эргэж хараад гэрийн тотгоноос барьж, миний хэвлий рүү өшиглөж жийсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28, 84 дүгээр хуудас/,
Гэрч Б.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... өглөө 08:30 цагийн үед Н рүү залгаад “юу болж байна” гэж асуухад “кексээ хийж байна, гаргаж хөргөөд 20 минут болно, тэгээд чимэглээд өгнө” гэхээр нь би “4 мөртөө гайгүй гоё бичээрэй, тэгээд кремээ бага хийгээрэй, өмнө нь авсан бялууны крем нь их байсан” гэсэн. Тэгэхэд “бялууг чинь цуцаллаа, ингэж доромжлуулж чадахгүй” гээд утсаа тасалчихсан ... Тэр үед манай дүү Ж “би гэрт нь очоод уулзаад ирье” гээд явсан ба ирэхдээ зодуулаад ирсэн ...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
Гэрч М.Мөнх-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ж, Рэгжидмаа нар машинаас буугаад айл руу ороод ойролцоогоор 5 минут орчим болоод хоорондоо маргалдаад гараад ирсэн. Тэгтэл Ж Нд хандаж “би чамд аль өчигдөр хэлсэн, чи яагаад намайг ингэж хохироож байгаа юм, би хүүхдийнхээ үсийг авах гээд олон хүн уриад байхад чинь” гэж хэлээд уйлж байсан. Тэгэхэд Н “чи битгий гэрт ирээд хэрүүл хийгээд бай, манай хашаанаас гар” гэж хэлэхээр нь гарнаас нь татахад Н “чи хүний биед хүрдэг хэн бэ” гэж хэлээд Жгийн нүүрэнд нь баруун гараараа 1 удаа алгадсан. Тэгтэл Ж Нд хандан, “чи муу яасан даварсан бацаан бэ” гээд хоорондоо зууралдаад авахад Н Жгийн толгойноос үсдэж байгаад шууд доош нь сөхрүүлсэн ... Ж миний машинд суухад зүүн талын шанаа нь алгадуулаад улайсан, толгойных нь баруун дээд хэсгийн үс нь хэсэг газар халзарсан байсан ...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Гэрч Т.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Н залгаад “цагдаа дуудаад өг, цагдаагийн утас хэд вэ” гэж асуухаар нь “яасан бэ, юу болсон бэ” гэж асуухад “хүмүүс ирээд намайг зодоод байна” гэж хэлсэн. Тэгээд би Нандиагийн гэр рүү очиход Нандиа уйлчихсан, хөлийн шилбэнийх нь ойролцоо улайчихсан сууж байсан ...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02/0158 дугаартай “... Д.Нандин-Эрдэнийн биед тархи доргилт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02/0156 дугаартай “... Р.Жгийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, үсний халцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан үсний халцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Нандин-Эрдэнийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89-90 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч Д.Н, шүүгдэгч Р.Ж нар нь 2021 оны 05 сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Манханы 08-05 тоотод захиалгаар бялуу хийлгэх асуудлаас болж маргалдан зодолдож, бие биенийхээ эрх чөлөөнд халдаж, хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Р.Жгийн үйлдлийн улмаас хохирогч Д.Нандин-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Д.Нандин-Эрдэнийн үйлдлийн улмаас хохирогч Р.Жгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02/0158, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02/0156 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Р.Ж, Д.Н нар нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, үсний халцрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул хэн хэн нь гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Р.Ж, Д.Н нар нь гэм буруугийн талаар маргаагүй, хэн хэнээсээ хохирол нэхэмжлээгүй тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Р.Ж, Д.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Р.Ж, Д.Н нар нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бие биенийхээ эсрэг үйлдэж бие биендээ хохирогч болж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Н, Р.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ж, Д.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, Р.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА