| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2021/0104/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/104 |
| Огноо | 2021-08-05 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/104
2021 08 05 2021/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
Хохирогч Г.Э,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил,
Иргэний нэхэмжлэгч Д.Батцацрал,
Шүүгдэгч Б.С,
Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Ю.Нямсүрэн /цахимаар/,
Шүүгдэгч О.Х,
Шүүгдэгч Н.У,
Шүүгдэгч О.Х, Н.У нарын өмгөөлөгч Ж.Чимэг /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Х, Н.У, Б.С нарт холбогдох эрүүгийн 2119000280070 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 09 сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, ээж, аав, 2 дүүгийн хамт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар баг Амар-Өлзийт гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Мөнхзав овогт Оюунтунгалагийн Х /РД:ЕЛ95092731/,
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 06 сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар баг Эхэн цагаан толгой гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Намсрайн У /РД:ЕЛ94062819/,
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 02 сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр баг Бүрэн толгой гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Отгонтэнгэр овогт Батцацралын С /РД:ЕК00220917/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч Б.С, Н.У, О.Х нар нь бүлэглэн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклыг ашиглаж, 2020 оны 10 сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Г.Эрдэнэчимэгийн эзэмшлийн 13 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж түүнд 11.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Энэ 2 над дээр 11 тооны адуутай ирсэн. Би адуу туугаад ир гэж хэлээгүй. Энэ 2 адуу тууж ирснээс хойш бид 2-3 удаа уулзалдсан. Энэ хоёр гүүнүүдийг нь өөр азарганд тавина, өөр тамга дарна гэхээр нь би азаргыг нь махалж зарсан. Азарганы үнийг би дангаараа хариуцна. Хохирлыг үнэлгээний дагуу төлнө. Аав хохирогчид хохирлыг төлсөн. У, Х нар дараа нь аавд мөнгө өгнө гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч Н.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Намайг Х дуудсан. Гэрийг нь нүүлгэж өвөлжөөн дээр нь буулгачихаад хамт Хатанбулаг явсан. Анх 13 тооны адуу байсан. ... Батцацрал гуай бидний өмнөөс төлсөн. Би хохирлыг төлнө. ...Би Оюунтогтох гэдэг хүнд бензиний мөнгө гэж 100.000 төгрөг өгсөн. С азарга махлаад надад мөнгө өгөөгүй. Гэм буруугаа ойлгож байна. Гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч О.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Анх 13 адуу байсан. 2 адуу нь хоцорсон. Холдоогүй. Тэр хавьд нь үлдсэн. Бараан голдуу адуунууд байсан. Одоо зүсийг сайн санахгүй байна. Тэр адуунуудыг туугаад Ст 11 адуу өгсөн. Бүх хохирлыг Сын тал төлсөн. Мөнгөтэй болохоороо өгнө гэж тохирсон. С азаргыг нь махлаад мөнгө өгөөгүй. Унаж явсан мотоциклыг аав цэргээс ирэхэд авч өгсөн. Гэм буруу дээр маргахгүй. Миний буруу гэсэн мэдүүлэг.
-Хохирогч Г.Эрдэнэчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манайх анх 13 адууг цуурай гэх газраас хулгайд алдсан. Нэлээн эрж хайсан. Хээр халзан, хүрэн гүү 2 усандаа ирсэн. Тэгээд Улаанбадрахад сураг дуулдаад нөхөр яваад 8 адуугаа олж авсан. С болсон асуудлаа ярьсан гэсэн. 1 хээр азарга, шар хээр гүү 9 настай, 5 настай цавьдар байдсыг олоогүй. Азаргыг нь махалж зарсан байсан гэсэн. Нөгөө 2 адууг олоогүй. Засаг даргын өрөөнд уулзалдахад 3 шүүгдэгч, Батцацрал гуай, Энхбаяр дарга нар байсан. Хохирлын талаар ярилцсан. Эд нар эхэндээ тохиролцъё, хохирлоо төлье гэж хэлсэн. 3 адууны хохиролд 17.000.000 төгрөг авсан. Манай нөхөр хурдны удамтай гээд тохирсон юм билээ. Ер нь бол азаргаа 10.000.000 төгрөгөөр авч байсан. Хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хурдны удам, удамшилтай гэж 10.000.000 төгрөгөөр Баясгалан гэдэг хүнээс худалдаж авсан. Азаргаа нэг удаа уях гэсэн боловч хөл нь эвгүйцээд больсон. Азаргаа 10.000.000 төгрөгөөр, 1 гүүгээ 3.000.000 төгрөгөөр тооцож, нийт 16.000.000 төгрөгөөр, эрж хайсан бензинд 1.000.000 төгрөг гээд нийт 17.000.000 төгрөг болсон. 10.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн баримт алга. Хурдны удамтай гэсэн нотлох баримт алга. Хохирол төлөгдсөн гэсэн мэдүүлэг,
-Иргэний нэхэмжлэгч Д.Батцацралын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 11 сарын 26-нд Оюунтогтох гэдэг хүн ирж, адуу малаа алдсан талаар хэлж, танай хүүхэд холбогдож азаргыг махалсан байна гэж хэлсэн. Тэгээд анх засаг даргын өрөөнд бид бүгд сууж ярилцсан. 5 адууг нь ачиж аваачиж өгсөн. Энэ үед хохирлоо 17.000.000 төгрөгт тохирсон. Ингээд хохиролд 17.000.000 төгрөг төлсөн байсан. Одоо үнэлгээний дагуу хохирлыг тооцож суутгуулаад, үлдэгдэл мөнгөө хохирогчоос нэхэмжилнэ. У, Х хоёртой ярилцаж тохирсон. Энэ хоёр надад төлнө гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,
-Гэрч Ц.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2020 оны 10 сарын 20-нд гарсан юм болов уу Б.С гэх залуу ирээд уулзаад та надад Хөвсгөл сумын төв дээр адууны мах зараад өгөөч эхнэрийн бие өвдөөд эмчилгээний зардал, мөн найз эмчилгээнд явах гээд мөнгө өгөх шаардлага гарсан гэж хэлсэн. С хөдөө гэрээс очиж адууны мах аваадхаач гэхээр нь өөрийнхөө машинаар очиж 1 тооны адууны янзалж тараасан мах өгсөн. Тэгээд би эргээд Хөвсгөл суман дээр ачиж ирээд жижиглэнгээр хүмүүст худалдсан. Тухайн үед адууны 1 кг махыг 5.500 төгрөгөөр зарж борлуулсан. Тухайн үед хүмүүс адууны мах авахгүй байсан болохоор талыг нь зараад Б.Сын өөрийн 5372018418 дугаарыг дансаар 350.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Би Сын өөрийнх нь л адуу юм байх гэж бодож байсан гэсэн мэдүүлэг /1 хх 13-14 ху/,
-Гэрч Э.Эрдэнэбүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2020 оны 11 сарын эхээр шиг санаж байна. Улаанбадрах сумын 1 дүгээр багийн нутаг хөдөө гэх газар байх Хандсүрэн гэх айлын гадаа очиход С хээр зүсмийн азаргыг алсан байсан. Тэгээд би адуу алсан байсан болохоор нь хамт эвдэж тарааж өгсөн. Тэгээд би энэ юун адуу алсан юм бэ гэхэд С Хаш-Эрдэнэ гэдэг ахад өгөх байсан боловч авахгүй гэхээр нь алж зарахаар болсон гэж ярьж байсан. Тэр өдөр алсан адууны махыг Хөвсгөл сумын иргэн Хаш-Эрдэнэ буюу Манги гэж дууддаг ах амьжиргаа цагаан гэдэг машинаар ирж ачаад Хөвсгөл сум руу орно л гэж ярьж байсан. ...Би Саас алсан гэх хээр азаргыг авах талаар тохирсон зүйл байгаагүй гэсэн мэдүүлэг /1 хх 17-18 ху/,
-Гэрч Н.Оюунтогтохын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2020 оны 10 сарын 16-ны өдөр өвөлжөөнийхөө усанд 13 адуугаа усалчхаад гаргасан. Тэгээд маргааш өдөр нь усандаа ирэхгүй байхаар нь баахан эрж хайгаад олдоогүй. Тэгээд гэртээ байж байсан чинь манай алга болсон 13 адууны 2 адуу эргэж ирсэн. Тэгээд үлдсэн 11 адуугаа хайгаад сураг гаргахгүй удаж байсан чинь 2020 оны 10 сарын 21-ний өдөр Улаанбадрах суманд хөлстэйгөө хутгалдсан 11 азарга адуу орж ирсэн гэж манай нутгийн нэг хүн хэлсэн. ...Улаанбадрах сум руу өөрөө явсан. ...Баатараа гэх залууд хандан адуугаа асуусан чинь “Би азаргыг чинь махалчихсан. Адуунуудыг чинь айл айлын хашаанд тавьчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө алдсан 11 адуунаас 8 адуугаа олж авсан. 1 азарга, 2 гүү одоо болтол яасан нь мэдэгдэхгүй байгаа болохоор цагдаагийн байгууллагад хандаж, хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэсэн мэдүүлэг /1 хх 25-26 ху/,
-Гэрч Э.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Надтай 2020 оны 12 сарын эхээр шиг санагдаж байна Мандах сумын иргэн Оюунтогтох гэх хүн утсаар ярихдаа таны хүү У хүнтэй нийлж миний адууг хөөж туусан байна. Ирж уулзаарай гэсэн. Батцацрал гэх хүнтэй уулзахад миний хүү Сумъяабазар, Хишиг-Од, У нар хүний мал хөөж туусан байна. Тэгээд азаргыг нь манай хүү С Хишигбаатараас өрөө нэхсэн чинь азаргыг нь ав гээд алсан байна. Тэгээд адууны эзэн ирж уулзаад явсан. 2021 оны 01 сарын 05-ны өдрийг өмнө хохирол барагдуулахгүй бол шүүх, цагдаад мэдэгдэнэ гэж хэлсэн, тийм учраас би өөрөө малчны зээл аваад адууны эзэн Оюунтогтоход 20.000.000 төгрөгийг өгч байя, хавар ноолуур гарахаар 7.000.000 төгрөг өгөөрэй гээд бичиг баримт хуулбарлаж авсан гэсэн мэдүүлэг /1 хх 35 ху/,
-Н.Уын нэр дээр 2020 онд тоолуулсан малын А дансны хуулга /хх 152-154 ху/,
-Н.У, О.Х, Б.С нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 140-142 ху/,
-Гэрэл зургийн үзүүлэлт /1хх 164, 2хх 46 ху/
-Хохирлын үнэлгээ /1хх 42, 182-185, 2хх 6 ху/,
-Хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /2хх 42-43 ху/
-Техникийн үнэлгээ /2хх 2 ху/
-Н.У, О.Х, Б.С нарыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 200-224 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.С, Н.У, О.Х нар нь бүлэглэн 2020 оны 10 сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Г.Эрдэнэчимэгийн эзэмшлийн 13 тооны адууг машин механизм ажиглан хулгайлж 11.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Сын “...Энэ 2 над дээр 11 тооны адуутай ирсэн. Би адуу туугаад ир гэж хэлээгүй. Энэ 2 адуу тууж ирснээс хойш бид 2-3 удаа уулзалдсан. Энэ хоёр гүүнүүдийг нь өөр азарганд тавина, өөр тамга дарна гэхээр нь би азаргыг нь махалж зарсан. Азарганы үнийг би дангаараа хариуцна” гэсэн, шүүгдэгч Н.Уын “...Намайг Х дуудсан. Гэрийг нь нүүлгэж өвөлжөөн дээр нь буулгачхаад Хатанбулаг явсан. Анх 13 тооны адуу байсан. Би Оюунтогтох гэдэг хүнд бензиний мөнгө гэж 100.000 төгрөг өгсөн. Батцацрал гуайд 100.000 төгрөг өгсөн. Би хохирлыг төлөөгүй байгаа. Батцацрал гуай бидний өмнөөс төлсөн. С азарга махлаад мөнгө өгөөгүй” гэсэн, шүүгдэгч О.Хын “...Анх 13 адуу байсан. 2 адуу нь хоцорсон. Холдоогүй. Тэр хавьд нь үлдсэн. Бараан голдуу адуунууд байсан. Одоо зүсийг сайн санахгүй байна. Тэр адуунуудыг туугаад Ст 11 адуу өгсөн” гэсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Эрдэнэчимэгийн “...Манайх анх 13 адууг Цуурай гэх газраас хулгайд алдсан. Нэлээн эрж хайсан. Хээр халзан, хүрэн гүү 2 усандаа ирсэн. Тэгээд Улаанбадрахад сураг дуулдаад нөхөр яваад 8 адуугаа олж авсан. С болсон асуудлаа ярьсан гэсэн. 1 хээр азарга, шар хээр гүү 9 настай, 5 настай цавьдар байдсыг олоогүй. Азаргыг нь махалж зарсан байсан гэсэн. Нөгөө 2 адууг олоогүй. ...Хохирлын талаар ярилцсан. Эд нар эхэндээ тохиролцъё, хохирлоо төлье гэж хэлсэн. 3 адууны хохиролд 17.000.000 төгрөг авсан. Манай нөхөр хурдны удамтай гээд тохирсон юм билээ. Ер нь бол азаргаа 10.000.000 төгрөгөөр авч байсан. ...Азаргаа нэг удаа уях гэсэн боловч хөл нь эвгүйцээд больсон. Азаргаа 10.000.000 төгрөгөөр, 1 гүүгээ 3.000.000 төгрөгөөр тооцож, нийт 16.000.000 төгрөгөөр, эрж хайсан бензинд 1.000.000 төгрөг гээд нийт 17.000.000 төгрөг болсон. Хохирол төлөгдсөн” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Батцацралын “...2020 оны 11 сарын 26-нд Оюунтогтох гэдэг хүн ирж, адуу малаа алдсан талаар хэлж, танай хүүхэд холбогдож азаргыг махалсан байна гэж хэлсэн. Тэгээд анх засаг даргын өрөөнд бид бүгд сууж ярилцсан. 5 адууг нь ачиж аваачиж өгсөн. Энэ үед хохирлоо 17.000.000 төгрөгт тохирсон. Ингээд хохиролд 17.000.000 төгрөг төлсөн. Одоо үнэлгээний дагуу хохирлыг тооцож суутгуулаад, үлдэгдэл мөнгөө хохирогчоос нэхэмжилнэ” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Алтанцэцэг /1 хх 11-12 ху/, гэрч Э.Эрдэнэбүрэн /1 хх 17-18 ху/, Н.Оюунтогтох /1 хх 25-26 ху/, Э.Эрдэнэцэцэг /1 хх 35 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл авсан тэмдэглэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгө битүүмжилсэн тогтоол болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.С, Н.У, О.Х нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хохирол төлбөрөө төлсөн байдлыг харгалзан үзсэн бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь гэм буруу дээр маргаагүй болохыг дурьдав.
Хавтаст хэрэгт нийт хохирлыг 2020 оны 10 сарын байдлаар Хас-Үнэлгээ ХХК 8.000.000 төгрөгөөр, Хөрөнгө Эстимэйт ХХК 11.050.000 төгрөгөөр, 2021 оны 03 сарын байдлаар Ашид билгүүн ХХК 11.550.000 төгрөгөөр тус тус тооцож үнэлгээ гаргасан байна.
Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээг 2021 оны 03 сарын байдлаар гаргасан тул бодит хохирол гэж үзэх боломжгүй. Харин Хөрөнгө Эстимэйт ХХК, Хас-үнэлгээ ХХК-ийн үнэлгээнүүдийг хууль ёсны дагуу гарсан гэж үзсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн болон бусдын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэсэн нөхцөл байдлуудыг харгалзан шүүх хохирлыг Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 11.050.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээгээр хохирлыг тооцсон болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Г.Эрдэнэчимэгийн 13 тооны адуу алдагдсан бөгөөд нийт 10 адууг биет байдлаар олж авсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул үлдэх 3 тооны адуу буюу азарга 1.800.000 төгрөг, 9 настай бүдүүн гүү 1.200.000 төгрөг, 4 настай байдас 750.000 төгрөг, нийт 3.750.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нар хариуцан төлөх үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Сын аав Д.Батцацрал “хохиролд 17.000.000 төгрөгийг өгсөн. Үүнээс үнэлгээний дагуу хохирлыг тооцоход татгалзахгүй” гэсэн тул шүүгдэгч нарыг хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Д.Батцацрал “2020 оны 11 сарын 26-нд Оюунтогтох гэдэг хүн ирж, адуу малаа алдсан талаар хэлж, танай хүүхэд холбогдож азаргыг махалсан байна гэж хэлсэн. Тэгээд анх Засаг даргын өрөөнд бид бүгд сууж ярилцсан. 5 адууг нь ачиж аваачиж өгсөн. Энэ үед хохирлоо 17.000.000 төгрөгт тохирсон. Ингээд хохиролд 17.000.000 төгрөг төлсөн байсан. Одоо үнэлгээний дагуу хохирлыг тооцож суутгуулаад, үлдэгдэл мөнгөө хохирогчоос нэхэмжилнэ” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч энэ нэхэмжлэлтэй холбогдуулан хохирогчийг мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд иргэний хариуцагчаар тогтоогоогүй, шүүхийн шатанд энэ талаар хүсэлт ирээгүй тул 13.250.000 төгрөгийн /17.000.000-3.750.000/ нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэлэлцэхгүй орхисон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж заасны дагуу иргэний нэхэмжлэгч Д.Батцацрал нь нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд хандах эрхтэй.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 он 07 сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч нарыг өршөөлд хамруулах үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.С, Н.У, О.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүрийг 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, энэ хугацаанд шүүгдэгч Б.Сыг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Н.У, О.Х нарыг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрээс тус тус явахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэсэн, улаан өнгийн, улсын дугааргүй, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Даюун маркийн мотоцикл нь О.Хын эзэмшлийнх болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул уг мотоциклийг /Дорноговь аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд байгаа/ хурааж улсын орлого болгохоор, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох /азарга адууг махалж зарсан үнэ/ 450.000 төгрөгийг шүүгдэгч Б.Саас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Намсрайн У, Мөнхзав овгийн Оюунтунгалагийн Х, Отгонтэнгэр овгийн Батцацралын С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2,2, 2.4 дэх хэсэгт заасан олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.У, О.Х, Б.С нарыг тус бүрийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т тус тус зааснаар шүүгдэгч Н.У, О.Х, Б.С нарт оногдуулсан тус бүрийн 2 жилийн хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, энэ хугацаанд шүүгдэгч Б.С-ыг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрээс явахыг, шүүгдэгч Н.У, О.Х нарыг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Н.У, О.Х, Б.С нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, Н.У, О.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч О.Х-ын эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн, улаан өнгийн, улсын дугааргүй, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Даюун маркийн мотоциклыг /Дорноговь аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд байгаа/ хурааж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох /азарга адууг махалж зарсан үнэ/ 450.000 төгрөгийг шүүгдэгч Б.Саас гаргуулж тус тус улсын орлого болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэгч Д.Батцацралын 13.250.000 /арван гурван сая хоёр зуун тавь/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
8.Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, иргэний нэхэмжлэгч Д.Батцацрал нь нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА