Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 93

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-өндөр сумын 2 дугаар баг, 48 дугаар байрны 64 тоотод оршин суух Хариад овогт Гэлэнгийн Ёндонгийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: “Монголросцветмет” ХХК-ий харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдох, “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 880к тоот тушаалыг хууль бусд тооцуулан, тус үйлдвэрийн Баргилт цехийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 49.949.965 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож, зохих журмын дагуу дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Ёндон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасан, хариуцагч “Монголросцветмет” ХХК-ий харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирал С.Ичинноров, хариуцагчийн өмгөөлөгч Р.Түвшинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Г.Ёндон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2016 оны 08 сарын 25-ны өдөр тус үйлдвэрийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Ган-Очир 880к тушаал гарган намайг Баргилт цехийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, үйлдвэрлэл техникийн хэлтсийн уулын ажлын хяналтын ахлах инженерээр ажиллуулах шийдвэр гаргасан. Энэ тушаалаар миний ажлын байрны нөхцөл, цалин зэрэг Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлд заасан нөхцөл бүрмөсөн өөрчлөгдсөн. Үндсэн цалин 440.000 төгрөгөөр, ур чадварын нэмэлт цалин 775 ам.доллараар буураад байна. Иймд Уулын баяжуулах Бор-Өндөр үйлвэрийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 880к тушаалыг хууль бусд тооцуулан, Хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлүүд болох цалин болон нийгмийн хамгааллын заалтуудыг өмнөхөөс дордуулахгүй авч үлдэх. 2016 оны 08 дугаар сарын 25-наас хойш шүүхээр асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалингийн зөрүүг хариуцагчаас гаргуулах зэрэг болно” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Ёндон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж, өөрчилжээ.”Магадлалын заалтыг биелүүлэх үндсэн дээр нэхэмжлэлийн хариуцагчаар Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж буй Монголросцветмет ХХК-ий харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийг ИХШХШ тухай хуулийн 26-р зүйлд зааснаар хариуцагчаар татан оролцуулах. Нэхэмжлэлийн хариуцагчийг тодотгосонтой холбоотойгоор 2016 оны 9-р сард гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодотгон нэмэгдүүлж байна. Үүнд Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2016 оны 8-р сарын 25-ны өдрийн 880к тоот тушаалыг хууль бусд тооцуулан, тус үйлдвэрийн Баргилт цехийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох. 2016 оны 8-р сарын 25-ны өдрөөс шүүхээр хянан шийдвэрлэх хүртэлх хугацааны дундаж цалин урамшууллыг энэхүү нэхэмжлэлд хавсаргасан тооцоог үндэслэн хариуцагчаас гаргуулах. 2016 оны 8-р сарын 25-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож, зохих журмын дагуу бичилт хийлгэх зэрэг болно” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Ёндон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...энэ 880к тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн дараах заалтыг зөрчиж байна. Үүнд Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдаагүй үндэслэлээр ажлаас халсан. Энэ 880к тушаал болохоор надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Монголросцветмет ХХК-ний Ерөнхий захирлын 23к тушаал зэргээс гадуурх, ажлаас халах үндэслэлээс хамааралгүй хэм хэмжээг үндэслэсэн байдаг. Монголросцветмет ХХК-ний Ерөнхий захирлын 5 сарын 26-ны өдрийн 23к тушаалаар 5 сарын 19-ний өдөр гарсан үйлдвэрийн ослоор буруутгадаг. Уг ослын мөрөөр гарсан хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагч Цэцэгдэлгэрийн баталгаажуулсан албан ёсны акт байгаа. Энэ актанд ажилтан Эрдэнэчулууны буруутай үйлдлээс осол болсон гэж тогтоосон байдаг. Би осол гарсан өдөр Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн конторт үйлдвэрийн захирал Ичинноров, компаний үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Югав бид нар Хятадын компанитай хэлэлцээр хийж сууж байхад осол гарсан байдаг. Тэгтэл намайг ослын гол буруутан болгосон. Танай цехэд гарсан чи буруутай гэсэн. Миний буруугийн хэм хэмжээг тогтоосон акт шийдвэр байхгүй байхад цөөхөн хэдэн хүний үзэмжээр хандаад хөдөлмөрийн гол нөхцлийг бууруулаад өөр ажилд шилжүүлсэн ...Ерөнхий захирал Бор-Өндөр үйлдвэрийн захиралд 2016 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 1-ний хооронд зөвхөн нэг хоногийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ цуцлах болон сунгах итгэмжлэл өгсөн байдаг. Тэгэхэд 2 сарын дараа эрхийг олгосон захирал Ичинноров биш түүний үүргийг түр хавсаран гүйцэтгэж байсан Ган-Очир 880к тушаалыг гаргасан. Надтай зөвшилцөхгүй ахлах инженерийн ажилд томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил хийхийг шаардаж болохгүй гэсэн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байгаа” гэв.

Хариуцагч “Монголросцветмет” ХХК-ий харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талаас нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч байна” гэжээ.

Хариуцагч “Монголросцветмет” ХХК-ий харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирал С.Ичинноров шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баргилт цехэд 5 сарын 19-ний өдөр осол гарсан. Тэр өдөр Ёндон бид хоёр нэг өрөөнд сууж байсан нь үнэн. Ослын акт бол осол гарахад шууд нөлөөлсөн шалтгааныг тогтоодог. Инженер техникийн мастер Эрдэнэчулуун өөрийн буруугаар осолд орсон, ажил үүргийн зааврыг биелүүлээгүй. Тэрнээс Ичинноров ямар буруутай юм, Ёндон ямар буруутай юм гэдэг талаар байдаггүй. ...ерөнхий захиралтай уулзахад танай дээр сахилга бат, хөдөлмөр хамгааллын үйл ажиллагаа сул байна, үүнийг хэн удирдаг юм гэхээр цехийн дарга удирддаг. Цехийн даргын ажил үүргийн зааварчилгаа дээр тодорхой бичээстэй байгаа. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зөрчлийг цехийн дарга хариуцна. Тэр хүн зөвөлгөөн дээр байна уу, гэртээ байна уу, гадаадад томилолтой байна уу, ажил дээрээ байна уу хамаагүй. Тэрний төлөө цалин авч байгаа гэсэн. Баргилт цехийн удирдлагын ажлыг өөрчилнө. Дотоод журам дээр байгаа. Тэгээд техникийн зөвлөлийн хурал болоод Баргилтын цехийн дарга Ёндон, цахилгаан хариуцсан инженжер Намжилням нарын ажлыг өөрчилнө гэсэн. Тэрнээс халаад хаяж байгаа юм биш юм. Манайх Оростой хамтарсан үйлдвэр. Манайхаар халах, чөлөөлөх хоёр адилхан утгатай гэдэг ...би эвлэрч болно. Би 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл цалингийн зөрүү өгч болно. Инженерийн ажил дээр акттай байсан. Тэр акт байгаа бол санхүүгийн талаасаа ярьж байгаад баримтыг нь бүрдүүлээд нийгмийн даатгалаас өвчтэй байсан хүнийхээ мөнгийг авч болно. Ёндонг цомхотголд орох хүртэл цалингийн зөрүүг уламжилж хэлж болно. Түүнээс огт ажлаагүй учраас надад мэдэл хүрэхгүй. Би компаний захирал биш цехийн дарга хүн...” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х нь:

 

            Нэхэмжлэгч Г.Ёндон нь хариуцагч “Монголросцветмет” ХХК-ий харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдуулан тус үйлдвэрийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 880к тоот тушаалыг хууль бусд тооцуулах, урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 49.949.965 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ган-Очир нь “Монголросцветмет” ХХК-ийн Ерөнхий захирлын дэргэдэх Техникийн зөвлөлийн 34 дүгээр хурлын тэмдэглэлийн 2 дахь хэсэг, “Монголросцветмет” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 23к тоот тушаалын 3 дахь заалт, Г.Ёндонгийн хөдөлмөрийн гэрээний 2 дахь заалт, мөн 8 дахь заалтын “а” болон “в” хэсэг, “Бор-Өндөр”-ийн Уулын баяжуулах үйлдвэрийн “Баргилт” цехийн даргын ажлын байрны тодорхойлолтын 9 дүгээр заалтын 2 дахь хэсэг, 10 дугаар заалт, 12 дугаар заалт, “Бор-Өндөр”-ийн Уулын баяжуулах үйлдвэрийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Ажлын санал тавих тухай 871 тоот болон Г.Ёндогийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хувийн зөвшөөрлийг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 880к тоот тушаалаар Г.Ёндонг “Баргилт” цехийн даргын үүрэгт албан тушаалаас чөлөөлж, Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн уулын ажлын хяналтын ахлах инженерээр шилжүүлэн ажиллуулж, мөн өдрөөс Г.Ёндонтой байгуулсан MR-15-05-077 тоот хөдөлмөрийн гэрээг хүчингүйд тооцсон болох зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан уг тушаалын хувиар тогтоогдож байна.

            Үүрэгт ажлаас чөлөөлж, шилжүүлэн томилох тухай 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 880к тоот тушаалыг нэхэмжлэгч тухайн өдрөө гардан авч 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

            “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 880к тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн ямар хэм хэмжээг үндэслэн гаргасан нь тодорхойгүй, шилжүүлэн ажиллуулахад огт хамааралгүй ерөнхий захирлын тушаал, техникийн зөвлөлийн тэмдэглэл, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэн гаргасан нь уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болгожээ. Дээрх тушаалыг уншиж дүгнэхэд Г.Ёндонд сахилгын шийтгэл ногдуулж албан тушаал бууруулсан, эсхүл өөрийнх нь хүсэлтээр өөр ажил, албан тушаалд шилжүүлсэн аль нь болох нь ойлгомжгүй болжээ.

Хөдөлмөрийн тухай хуульд Ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх, Сул зогсолтын үед өөр ажилд түр шилжүүлэх, Ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлэн гэсэн гурван шилжүүлэн ажиллуулах тохиолдлыг дурдсан бөгөөд эдгээрийн чухам аль заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг “Баргилт” цехийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн уулын ажлын ахлах инженерээр шилжүүлэн ажиллуулсан болох нь тодорхойгүй, дээрх гурван тохиолдлын ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлэхээс бусад тохиолдолд тодорхой хугацаатай ажиллуулах бөгөөд чухам ямар хугацаагаар нэхэмжлэгчийг Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн уулын ажлын ахлах инженерээр ажиллуулсан болохыг тушаалд дурдаагүй байна.

Хариуцагч талаас дээрх тушаал хууль зүйн хувьд алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч маргасангүй. Харин нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусч дахин сунгагдахгүй талаар ажил олгогчоос мэдэгдсэн тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж мэтгэлцэж байх боловч нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баргилт цехийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан болох нь зохигчдын тайлбар, үүрэгт ажлаас чөлөөлж, шилжүүлэн томилох тухай тушаалаас тодорхой харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэжээ. Хэдийгээр ажил олгогчоос нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй талаар мэдэгдсэн боловч энэ талаар ажил олгогчоос эрх зүйн акт гараагүй, нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байсан зэрэг нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ анх байгуулсан хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнийг нотлох баримт нь “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 880к тоот тушаалд “...Баргилт цехийн даргын үүрэгт албан тушаалаас чөлөөлж...” гэснийг дурдах нь зүйтэй юм. Үүгээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй анх байгуулсан хугацаагаар сунгагдсан болох нь нотлогдож байна.

Ажил олгогчоос үндэслэлгүйгээр ажилтны /нэхэмжлэгч/ албан тушаалыг бууруулж өөр албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргаж байгаа нь тухайн ажилтныг ажлаас халсан гэх ойлголтод хамааруулан авч үзэх нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Г.Ёндонг “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн “Баргилт” цехийн даргын ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв. Харин “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 25-ны 880к тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан боловч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож байгаа, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагвар үүсгэхгүй тул хуульд бусд тооцсон талаар шийдвэрт дурдах шаардлагагүй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалинг бодоход тэрээр 2016 оны 9 дүгээр сард 913.308 төгрөг, 2016 оны 8 дугаар сард 154.348 төгрөг, 2016 оны 7 дугаар сард 0 төгрөгний цалин авсан байх ба энэхүү цалин түүний хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалин хөлснөөс илт зөрүүтэй байх тул түүний цалинг 2016 оны 6 дугаар сараас бодох нь бодит байдалд нийцэх юм. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацаагаа 2016 оны 09 дүгээр сарын 26-наас эхлэн тооцож шүүх хуралдаан болох өдөр хүртэл /2017.06.08/ буюу ажлын 174 хоногоор боджээ. Нийтээр тэмдэглэх баярын өдрүүд болон амралтын өдрүүдийг хасаж ажлын хоногоор бодоход 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт ажлын 177 хоног байна. Нэхэмжлэгч 2016 оны 6 дугаар сард 761.259 төгрөг, 2016 оны 5 дугаар сард 13.535.154 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард 5.403.680 төгрөгний цалин тус тус авсан байна. (761.259+13.535.154+5.403.680=19.700.093):3=6.566.698, 6.68.571:21.5=305.428 нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин 6.566.698 төгрөг, нэг өдрийн цалин 305.428 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 26-аас 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажлын 177 хоног (305.428*177=54.060.756) нийт 54.060.756 төгрөгийн нөхөн олговор авах боломжтой боловч нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 49.949.965 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэсэн болно.      

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

                                                                                 Т О Г Т О О Х нь:                                                                                             

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хариад овогт Гэлэнгийн Ёндонг “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Баргилт цехийн даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 49.949.965 төгрөгийг “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс гаргуулан нэхэмжлэгч Г.Ёндонд олгосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Г.Ёндонгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт даалгасугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын   тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс   49.044.564 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 407.700 төгрөгийг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэг зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                                    ДАРГАЛАГЧ                                    Р.БАТБАЯР