Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/126

 

 

 

 

 

                                     

  2021        10            06                                    2021/ШЦТ/126

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                          

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Б.Батхуяг, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,

         Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 2119000000167 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Цэсэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын дотор засалчин, оператор мэргэжилтэй, “Чандмань цагаан хад” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуутын 103 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т

         Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг, Ханги хилийн боомтод үйл ажиллагаа явуулдаг “Чандмань цагаан хад” ХХК-ийн ажилчдын амрах 9 дүгээр байранд тус компанийн жолооч, хохирогч Д.Хишигсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар толгой хэсэгт нь индүүгээр цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогч Д.Хишигсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хамт ажилладаг жолооч Батбаярын төрсөн өдөр болж, Батбаяр, Цогтбаяр, бид 3 хамтдаа 0,5 литрийн 2 шил архийг хувааж уусан. Тэгээд кемпийн 09 дугаартай өрөөнд унтаж байхад гаднаас Б ах орж ирээд намайг сэрээгээд “өрөөндөө орж унт л даа, пизда минь” гэхээр нь би “танай өрөөнд хэвтэж болохгүй юу” гээд маргалдсан. Тэгээд миний баруун шанаа тус газарт цохиход би босоод бариад авсан. Миний толгой руу нэг юмаар цохих шиг болоход толгойноос цус гарсан ... Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6, 36 дугаар хуудас/,

         Гэрч Д.Гомбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гаднаас манай өрөөний жолооч дүү Б 23 цагийн үед орж ирээд Хишигсүрэнд “миний дүү өрөөндөө ор, чи архи уусан байж болно, өрөөндөө орж амар” гэхэд Хишигсүрэн “би энд хэвтэж болохгүй юу, өдөөд байгаарай” гэж маргалдаж эхэлсэн. Тэгээд Быг 2 давхарын ор руу гарч байхад Хишигсүрэн “ална шүү” гээд бариад авсан. Тэр хоёр ноцолдож байгаад Б Хишигсүрэнгийн толгой руу индүүгээр цохиод авсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

         Гэрч Х.Гэрэлтболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гаднаас Б орж ирээд Хишигсүрэнд “миний дүү өрөөндөө орж амар” гэхэд Хишигсүрэн “би энд хэвтэж болохгүй юу” гэсэн. Б “миний дүү ууж идсэн байж болно, өрөөндөө орж амар” гэсэн чинь Хишигсүрэн “хуц пизда минь” гээд маргалдаж байгаад зууралдаж орны урд булан руу явсан. Тэгээд Б индүү барьж аваад Хишигсүрэнг цохиод авсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

         Шүүгдэгч Т.Бын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... гал тогооны өрөөнд мах янзалж байгаад өөрийнхөө байрладаг амрах өрөөнд орж ирэхэд манай өрөөнд Хишигсүрэн согтуу Гэрэлтболд ахын хажууд хэвтэж байсан. Тэгээд би Хишигсүрэнп “чи өрөөндөө орж амар” гэхэд миний урдаас “хуц пизда минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи ууж идсэн байж болно, бусдадаа битгий гай болоод бай” гээд өөрийн 2 давхарын ор руу гарч байхад “ална шүү” гэхээр нь би бууж очоод “чи яаж байгаа юм” гээд заамдаад авсан. Тэгэхэд Хишигсүрэн намайг бас заамдаад хана руу түлхэж буланд шахахаар нь би хажууд байсан индүүгээр толгой хэсэгт нь цохисон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10, 35 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 02/0270 дугаартай “... Д.Хишигсүрэнгийн духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлийн үүссэн цаг, хугацааг эмнэлгийн бичиг, баримтыг үндэслэн тогтоох боломжгүй. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг, Ханги хилийн боомтод үйл ажиллагаа явуулдаг “Чандмань цагаан хад” ХХК-ийн ажилчдын амрах 9 дүгээр байранд тус компанийн жолооч, хохирогч Д.Хишигсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар толгой хэсэгт нь индүүгээр цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч Т.Бын үйлдлийн улмаас хохирогч Д.Хишигсүрэнгийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 02/0270 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогчид танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч Т.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн духанд шарх бүхий гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Т.Бын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

           Шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжэний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

           Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний цалин хөлс, орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгчийн хүсэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

           Хэрэгт хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1.Шүүгдэгч ТБ-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжэний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Шүүгдэгч Т.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

         5.Хэрэгт хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА